| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00092/И |
| Дугаар | 318/ШШ2025/00184 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 318/ШШ2025/00184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Н,
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Лн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие … оны .... дүгээр сарын ..........-ны өдөр Ө суманд төрсөн. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Э овогтой Б гэр бүл болсон. Бидний дундаас төрсөн охин Б.Э 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн аав болох Л овогтой Б, ээж Г овогтой Д нарт өөрийн хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй тул үрчлүүлсэн болно. Одоо бид хамтын амьдралаа эхлүүлэн охинтойгоо хамт амьдарч байгаа ба 2025 онд гэр бүлийн хамтаар гадаад оронд суурьшин амьдрах хүсэлтэй байгаа тул Л.Бд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үүгэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Б.Н нь 2016 онд оюутан байхдаа охин Э төрүүлж өөрийнхөө аав ээжид үрчлүүлсэн. Одоо Б.Н нь Э.Б гэр бүл болж охиноо буцааж өөрийн нэр дээр авах гэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Н аав нь байгаа юм. Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үрчлэлтийн гэрчилгээ, Б.Э төрсний гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн хуудас, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Э.Б гадаад пасспортын хуулбар, С.Х, Х.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, итгэмжлэл, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 523 дугаартай захирамжаар Л.Бг гуравдагч этгээдээр татсан, мөн гэрч С.Х, Х. нараас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Нгийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ мөн хуулийн 133.1.4-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох-оор тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Нгийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Увс аймгийн Өмнөговь хүүхэд үрчилсний бүртгэлд Үрчлэхийн өмнө эх З овогт Бгийн Н, хүүхэд З овогт Н Э, үрчлэн авсан эцэг З овогт Л Б, үрчилж авсан эх З овогт Г Д нарт 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн №6-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэжээ,
Б.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Э.Б гэр болж бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Мөн гэрч С.Х-н Б.Нгийн аав Б нь манай төрсөн эгч Он залуу буюу миний зээ юм. Б.Н нь 10 дугаар ангид байхдаа охин хүүхэд төрүүлж өөрийн аав Л.Б, ээж Г.Д нарт үрчлүүлсэн юм. Улмаар Б.Н нь 2023 онд сургуульд байхдаа үерхэж байсан гэх залуутай сууж гэр бүл болоод өөрийн төрүүлсэн охиноо авахаар шүүхэд хандсан гэсэн гэх, Х.Ц-н Б.Н нь 10 дугаар ангид байхдаа буюу 2016 онд охин хүүхэд Увс аймгийн Улаангом сумын төрөх тасагт төрсөн. Тэгээд Б.Н нь сургуулиа төгсөөд их сургуульд орох байсан учраас төрсөн охиноо өөрийн аав Л.Б, ээж Г.Д нарт үрчлүүлсэн билээ. Улмаар Б.Н нь их сургуулиа төгсөөд хүнтэй сууж Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа билээ. Б.Н нь өөрийн аав, ээждээ үрчлүүлсэн охиноо авах хүсэлттэй учраас шүүхэд хандсан байх гэх мэдүүлгүүдээр өгчээ.
4. Дээрх нэхэмжлэгчийн тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд иргэн Б.Нгаас 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрж, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн төрсөн эцэг Л.Б, эх Г.Д нарт үрчлүүлсэн байх ба одоо охин Б.Э нь өөрийн аав, ээжийн хамт амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Б.Э нь хэдийгээр Л.Б, Г.Д нарт үрчлэгдсэн байх боловч тэдгээр хүмүүстэй хамт амьдраагүй өөрийн эцэг Э.Б, эх Б.Н нарын асран хамгаалалтад өсөн бойжиж байгаа ба хүүхдийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг илэрхийлсэн байна.
5. Иймд нэхэмжлэгч Б.Нгийн хүсэлтийг хангаж, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ….... регистрийн дугаартай, З овогт Н Э 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Л-н Б, Г-н Д нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсгүүдэд зааснаар …...... оны … дугаар сарын ….-ны өдөр төрсөн,…......... регистрийн дугаартай, З овогт Н Э 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Л.Б, Г.Д нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР