| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0289/Э |
| Дугаар | 339 |
| Огноо | 2018-03-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Сд холбогдох 1706 02534 0295 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын зүтгүүрийн засварчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мөнх” кафед зөөгч ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, Э.С
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.С нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 38/1 дүгээр байрны 05 тоотод оршин суух иргэн Т.Ариунзаяагийн гэрт хамт байх үедээ түүний "Самсунг Жи-7" маркийн гар утсыг хулгайлж 514.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Ариунзаяагийн өгсөн: “… 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад facebook-ийн найз Анар-Эрдэнэ манай гэрт хаалга тогшоод хүрээд ирэхээр нь бид 2 хамт чат бичиж байгаад намайг тэр залуу зүрхний эмээ уу гэхээр нь би эмээ уугаад байж байтал Анар-Эрдэнэ манай гэрээс 23 цаг 15 минутын орчим гарахдаа миний цүнхнээс түрийвч, бичиг баримт, бэлэн мөнгө, гар утас зэргийг авч гарсан байсан. Би түүнийг гарсанаас хойш утсаа байхгүйг мэдээд өөрийн гэрт байх суурин компьютераас facebook-рүү ороод Анар-Эрдэнэ гэсэн хаягаар ороход намайг блоколсон байхаар нь чатаар утас аваад ир гэж бичсэн. Миний facebook-ийн пропайл зургийг Анар-Эрдэнэ гэх залуу сольсон байхаар нь би яаж байгаа юм бэ, утас авчраад өгөөч гэж бичсэн. Тэгээд би эмээ уугаад гэртээ хэвтэж байгаад одоо цагдаа дээр ирж байгаа юм… Би Анар-Эрдэнэ гэсэн хаягаар түүнтэй facebook-ээр 1 сарын өмнө танилцаад
чат бичсэн чатаар хоорондоо ярьж байсан. Би түүний жинхэнэ нэрийг, гэрийн хаяг зэргийг мэдэхгүй юм. Өмнө нь манай гэрт нэг удаа ирж байсан юм, тэгээд намайг гэртээ байлгахгүй гээд гэртээ оруулаагүй буцаахад дараа нь над руу чатаар “би эр хүн шүү та надад муухай зан гаргасан” гэж бичсэн юм… миний түрийвч жижиг гар цүнх шиг хэлбэртэй, дотор нь утсаа хийх боломжтой битүү шигтгээтэй тод ягаан өнгийн түрийвч байсан. Түрийвчин дотор ойролцоогоор 150.000 төгрөг байсан. Миний алдсан гар утас Самсунг Глакси Жи 7 маркийн гар утас байсан. Би гар утсаа 290.000 төгрөг урьдчилгаа мөнгө тушаагаад нийт 830.000 төгрөгийн лизингээр авсан юм. Утасны эмэй код 356389082459915 гэсэн кодтой, хар өнгийн гар утас байгаа. Гар утсан дотороо Е баримт зэрэг праграмм байгаа. Түрийвчин дотор иргэний цахим үнэмлэх, Капитал банкны карт байсан… би алдагдсан гар утсаа нийт 830.000 төгрөгөөр үнэлнэ. Түрийвчээ 30.000 төгрөгөөр үнэлнэ. Би интернэт худалдааны дэлгүүрээс 2015 онд худалдан авсан” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.26-27/,
Мөрдөн байцаалтад Э.С яллагдагчаар өгсөн: “… Би Т.Ариунзаяа гэж эмэгтэйтэй facebook-р 2017 оны 09 дүгээр сард танилцсан юм. Ингээд тэрнээс хойш бид 2 нийт 2 удаа уулзсан бөгөөд 2 дахь уулзалт нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр уулзсан бөгөөд би тэдний гэрт орой 23 цаг болж байхад очсон. Өөрөө намайг гэртээ хүрээд ирээч гэхээр нь би гэрийнх нь хаягийг заалгаж байгаад очсон юм. Улмаар гэрт нь хамт хоночихоод өглөө 07 цагт гарч явахдаа орон дээр байсан хар өнгийн Самсунг галакси маркийн гар утсыг нь аваад явчихсан юм. Тухайн үед Т.Ариунзаяа унтаж байсан. Би уг гар утсыг хэдэн хоногийн дараа монтел дээр аваачаад ченжид 400.000 төгрөгөөр зарчихсан. Би одоо тэр хүнийхээ нэр усыг мэдэхгүй байна. Хараад танихгүй. Тэрнээс хойш Т.Ариунзаяатай уулзаагүй. Би facebook хаяган дээрээ Т.Ариунзаяаг блок хийсэн юм. Ингээд хэсэг хугацааны дараа цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх.48-49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.С нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 38/1 дүгээр байрны 05 тоотод оршин суух иргэн Т.Ариунзаяагийн гэрт хамт байх үедээ түүний "Самсунг Жи-7" маркийн гар утсыг хулгайлж 514.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Т.А өгсөн: “… 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад facebook-ийн найз Анар-Эрдэнэ манай гэрт хаалга тогшоод хүрээд ирэхээр нь бид 2 хамт чат бичиж байгаад намайг тэр залуу зүрхний эмээ уу гэхээр нь би эмээ уугаад байж байтал Анар-Эрдэнэ манай гэрээс 23 цаг 15 минутын орчим гарахдаа миний цүнхнээс түрийвч, бичиг баримт, бэлэн мөнгө, гар утас зэргийг авч гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн байцаалтад Э.С яллагдагчаар өгсөн: “… Би Т.Ариунзаяа гэж эмэгтэйтэй facebook-р 2017 оны 9 сард танилцсан юм. Улмаар гэрт нь хамт хончихоод өглөө 07 цагт гарч явахдаа орон дээр байсан хар өнгийн Самсунг галакси маркийн гар утсыг нь аваад явчихсан юм. Тухайн үед Т.Ариунзаяа унтаж байсан. Би уг гар утсыг хэдэн хоногийн дараа монтел дээр аваачаад ченжид 400.000 төгрөгөөр зарчихсан…” гэх мэдүүлэг /хх.48-49/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.26-27/,
Шүүгдэгч Э.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт Э.Сод-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Э.С гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Э.Сод-Эрдэнийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Э.С нь гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Т.Ариунзаяад учруулсан хохиролд 830.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.С нь “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.С үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Сд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Э.Сд оногдуулсан 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.С “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд 245 /хоёр зуун дөчин тав/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Сд мэдэгдсүгэй.
4. Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР