Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 27

 

Б.Оын нэхэмжлэлтэй,

хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т

                                     холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01444 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох,

“Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгох” тухай  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Оын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.О 2004 оны 10 дугаар сард ЭҮ ТӨҮГ-т гагнуурчны ажлын байрны сонгон шалгаруулалтаар ажилд орсон. Энэ үеэс хойш 16 жил ЭҮ ТӨҮГ-ын авто тээврийн байгууллагад гагнуурчнаар тогтвор суурьшилтай ажилласан. Миний бие нь арьс харшил, хордлоготой бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ээлжинд гарах байсан боловч харшил хөдөлж, амь тэмцээд эм давхарлаж уугаад нойрмог байдалтай болсон. Энэ тухайгаа ээлжийн мастер З.Гочоосүрэнд 99355604 дугаарын утсаар мэдэгдсэн боловч энэ ээлжинд ганцхан гагнуурчинтай, ир гэсэн боловч би биеийн байдлаас болж очиж чадаагүй. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажилдаа ирэхэд надаар тайлбар бичүүлж авсан ба мастер удирдах хүмүүстэй ая эвийг нь олж уучлах байх гэж итгээд шалтгаангүйгээр ирээгүй гэж бичиж өгсөн. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цехийн дарга санал гаргаж, халагдах тушаал 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр гарсныг 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээж авлаа. Миний биеийн байдал ямархуу байдгийг хамт ажиллагсад мэднэ. Тэдэнтэй хамт усанд ороход ч хэцүү байдаг.. Би ажлаас халагдсан асуудлаа өөрийн ажлын газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон холбоогоор танилцуулж, хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр энэ гомдлыг шүүхэд гаргаж байна. Би үнэхээр биеийн байдлын улмаас ээлжийн доторх 12 цагийн ажилд очиж чадаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 6.3.1-д заасан 3 хоногийн ажил таслаагүй, хуульч намайг ажлаас халж Хөдөлмөрийн гэрээ цуцалсан Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1670 дугаартай тушаалыг хууль зүйн хувьд зөрчилтэй, шүүхээр дүгнэлт өгүүлэх боломжтой гэж зөвлөсөн. Миний эрүүл мэндийн байдал, ар гэрийн амьдралын байдлаа үндэслэл болгож, олон жил ажилласан, ажлаа зохих ёсоор хийдэг зэргийг үндэслэл болгож байна. Иймд намайг ЭҮ ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд буцаан тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 ...Нэхэмжлэгч Б.Оаас ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгчийн гаргасан давтан зөрчлийн талаар: Нэхэмжлэгч Б.О нь ЭҮ Т^ӨҮГ-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж, Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэгт цахилгаан хийн гагнуурчнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул ЭҮ ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Нэхэмжлэгч Б.О нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бичгээр тайлбар гаргасан бөгөөд энэхүү тушаалд гомдол гаргаагүй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шөнийн ээлжинд гарах үүрэгтэй байсан боловч дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1670 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.”ЭҮ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-т Ажилтан Өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд тухайн ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан г.м/-ээр дамжуулан ажил эхлэхээс 1 цагаас багагүй хугацаанд шууд удирдлагадаа урьдчилан /утас, мессеж, факс, өргөдөл г.м/ мэдэгдэх /үүнээс богино хугацаанд мэдэгдсэн тохиолдолд тухайн үеийн үүссэн нөхцөл байдлыг нотлох/, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заасан. Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... харшил хөдөлж, амь тэмцээд эм давхарлаж уусан. ... биеийн байдлаасаа болж очиж чадаагүй гэх боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх баримтаа огт ирүүлээгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ... хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь үнэн болно гэх тайлбарыг өөрийн гараар бичиж өгч, давтан гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс нэхэмжлэгч Б.Оын гаргасан биеийн эрүүл мэндийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх тайлбар холбогдох баримтуудаар нотлогдоогүй учраас ажил олгогч түүнийг ажил тасалсан зөрчил давтан гаргасан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, ЭҮ ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс хэтрээгүй байхыг ойлгодог. Нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж Авто тээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... биеийн байдлын улмаас 12 цагийн ажилд очиж чадаагүй гэх боловч энэ нь холбогдох баримтуудаар нотлогдоогүй бөгөөд мөн ... 3 хоногийн ажил таслаагүй гэх хэрэгт хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгчийн гаргасан өмнөх сахилгын зөрчлүүдийн талаар: Нэхэмжлэгч Б.О нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажлаас зөвшөөрөлгүй эрт буусан тул ЭҮ ХХК-ийн Авто тээврийн байгууллагын даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/202 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул ЭҮ ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/183 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслахад цехийн даргаас дахин анхааруулга өгч байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлж, үнэнчээр хөдөлмөрлөх нь ажилтны гол үүрэг юм. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас зөвшөөрөлгүй эрт буух, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах зэргээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргадаг мөртлөө үнэхээр биеийн байдлын улмаас ажилд очиж чадаагүй, ... 3 хоногийн ажил таслаагүй, ... Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны Б/1670 тоот тушаал хууль зүйн хувьд зөрчилтэй, ... олон жил ажилласан, ажлаа зохих ёсоор хийдэг гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01414 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оын “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О давж заалдсан  гомдолдоо:  

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01414 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1670 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлд нь бодит дүгнэлт хийсэнгүй. Учир дээрх тушаалын хууль зүйн үндэслэлүүдийг харах юм бол:А/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.10-т:” эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах” гэжээ. Хуулийн заалтаас харахад тушаал шийдвэрийг хульд нийцүүлэн гаргах зохицуулалт байна. Б/Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2-т”ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай байна. В/Мөн хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т”ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...”гэжээ. Г.Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.3-т:”ажлаас халах”гэжээ.Гэтэл Б.О надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийн энэхүү заалтыг үндэслэх учиртай байхад хуулийн энэхүү заалтыг үндэслээгүй. Д/Б.О надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа юм бол надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг яаж зөрчсөн тухай тушаалд огт байхгүй байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Иймд:Дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Оын нэхэмжлэлтэй, “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01414 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 1. Нэхэмжлэгч “... шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Ерөнхий захирлын 2020.10.06-ны өдрийн Б/1670 тоот тушаалын хууль зүйн үндэслэлд бодит дүгнэлт хийсэнгүй” гэжээ. Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг болон талуудын хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль юм.Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ... эрхтэй”, 130 дугаар зүйлийн 130.2-т “Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана” гэж зааснаар тус үйлдвэрийн газрын ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг нь “ЭҮ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам юм.“ЭҮ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-т “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Нэхэмжлэгч Б.О нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь Б.Оын бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар, ажлын цаг бүртгэл зэрэг баримтуудаар тус тус нотлогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохиогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа гарах боломжгүй байсан гэх тайлбараа холбогдох баримтуудаар нотлоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй болно.Тиймээс Б.О сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байна.... 2020 оны 09 дүгээр сарын 20-ноос хойш түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажилд ирж чадахгүйд хүргэсэн шалтгаан нөхцөлийг нотолсон баримтыг бүрдүүлж өгөөгүй. ... тэрээр нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Ерөнхий захирлын тушаалын хууль зүйн үндэслэлд бодит дүгнэлт хийгээгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 2. Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслээгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж зааж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлүүдийг 40.1.1-40.1.7-т нэрлэн заасан байна. Улсын Дээд Шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолд “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Оын гаргасан зөрчилд Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч Б.О нь 2020 оны 06, 09 дүгээр саруудад давтан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд ирэх боломжгүй байсан гэх тайлбар нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан “Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний заалтыг хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд тусгаагүй” гэх тайлбар нь түүний гаргасан зөрчлийг зөвтгөх үндэслэлгүй болохгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 Нэхэмжлэгч  Д.Отгонбаяр шүүхэд “...ЭҮ ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа “...нэхэмжлэгч удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул ажил олгогч хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлаас нь халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбар болон түүнтэй холбогдох нотлох баримтуудыг шүүхэд  гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэгч Д.Отгонбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч Д.Отгонбаярт хуульд заасан эрх, үүрэг болон  нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, 25.1.3-д гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”,          6 дугаар зүйлийн 6.4-д заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж  үзэхээр байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 67 дугаар зүйлийн 67.1.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх” гэж заасны  дагуу шүүх нэхэмжлэгчид   хариуцагчийн  шүүхэд гаргасан тайлбар, татгалзал болон түүнтэй холбоотой нотлох баримтыг танилцуулах ажиллагааг хэрэгжүүлээгүй байна.

3. Шүүх нэхэмжлэгч Д.Отгонбаярт нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон баримт шүүхэд ирүүлэх, хуульд заасан бусад үүргээ хэрэгжүүлэх эсэхийг тодруулаагүй  атлаа  “...хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдсэн” гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн № 05946 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн, шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Д.Отгонбаярын тус шүүхэд гаргасан “... ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан заалтыг үндэслээгүй, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг яаж зөрчсөн талаар тушаалд огт байхгүй байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг  шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01414 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5. 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                         Б.ОЮУНЦЭЦЭГ