| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0296/Э |
| Дугаар | 346 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Хохирогч З.Чингис, түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Орхон /ҮД:1317/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Бд холбогдох 1806 00393 0234 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1993 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо, Эрдэнэтолгойн дугаар гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, Эмнэлгийн дугаар гудамжны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Н.Б
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Н.Б нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван охин” хүнсний дэлгүүрийн гадна иргэн З.Чингисийг архины мөнгө өгсөнгүй гэх шалгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бгийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би 5 найзтайгаа хамт нэг найзындаа уусан юм. Тэгээд гэрээс нь гараад дэлгүүр орох гээд би түрүүлээд явсан. Чингис найзтайгаа хамт доороос ирж байсан. Тэгээд бацаанууд л байна шүү дээ гэж хэлсэн. Би Чингисээс 2000 төгрөг нэхээгүй. Манай найз гуйж авсан гэсэн. Дэлгүүрээс гараад чи яахаараа тэгж хэлдэг юм гэж бид 2 маргалдсан. Манай Алтансүх гээд найз бид хоёрыг салгасан. Би нүүр лүү нь нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Чингисийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би хүүхдийнхээ пампарсыг авах гээд “Гурван охин” дэлгүүр рүү нэг найзтайгаа хамт орсон. Тэгсэн Бат-Амгалантай таарсан. Амартүвшин надаас архи авах гэсэн юм 2000 төгрөг өгчих гэхээр нь өгсөн. Тэгсэн Бат-Амгалан яасан их мөнгөтэй хөгшин банди вэ гэж гаргаж ирээд зодсон. Би эмчилгээ хийлгэж байгаа. Иймд эмчилгээний зардал 282.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 880.000 төгрөг, өмгөөлөгчийн 350.000 төгрөг нийт 1.630.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Би зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсон” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч З.Чингисийн өгсөн: “... Гурван охин дэлгүүрийн гадна дүү Баярсайханы найз Отгоо болон түүний найз залуустай таарсан... Надаас архины мөнгө гуйхаар нь 2000 төгрөг гаргаж өгсөн чинь архины мөнгө хүрэхгүй байна гээд тэнд байсан нэг залуу намайг ална гээд маргалдаж, чи ямар их мөнгөтэй хүн бэ гээд тэр залуус бүгд дайрч бүлэглэн зодсон... миний нүүр лүү цохиж, нэг залуу барьж аваад бусад нь хэдэн талаас өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх.3/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Ган-Эрдэнийн өгсөн “Би яг хэн цохихыг нь хараагүй намайг очоод салгахад гурван залуу зууралдчихсан байсан яг хэн нь цохьсон гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.7/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Отгонбатын өгсөн: “... Алтансүх, Бат-Амгалан, Амартүвшин нарын хамт гурван охин нэртэй дэлгүүр орж явахад үүдэн дээр нь Нэргүй /Чингис/ нэг найзтайгаа явж байхад нь таараад манай найз Бат-Амгаланг Нэргүй нь /Чингис/ муухай хараад байна уу пизда минь гэсэн, тэгээд тэрнээс болж дэлгүүр дотор орж маргалдаад учраа олоод гарцгаасан. Тэгээд гараад дахиж маргалдаад Нэргүйгийн найз нь намайг түрүүлээд цохьсон тэгэхээр нь хариу цохилт хийсэн, тэгсэн хажуунаас манай найз Алтансүх орж ирээд салгасан. Тэгсэн хажууд Нэргүй Бат-Амгалан хоёр хоорондоо зодолдож байхад нь салгасан, тэгээд явцгаасан... Нэргүй /Чингис/-г ганц Бат-Амгалан л цохьсон. Өөр хүн цохиогүй...” гэх мэдүүлэг /хх.9/,
Мөрдөн байцаалтад гэрч П.Алтансүхийн өгсөн: “... Бат-Амгалан Чингис хоёр л бие биенийгээ боочихсон зогсож байсан. Чингис, Бат-Амгалан хоёрын дундуур ороод салгахад Чингисийн нүд нь хөхөрчихсөн байсан... Бат-Амгалангаас өөр хүн Чингист ойртоогүй...” гэх мэдүүлэг /хх.10, 37-38/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1170 дугаартай дүгнэлтэд: “З.Чингис-н биед хамрын ясны баруун хажуу хананы далд хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.13/,
Мөрдөн байцаалтад Н.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Гурван охин хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байтал гудамжны өнцгөөс хоёр хүн ирж яваа харагдсан ба Чингис гэдэг залуу нь хажуугаар гарахдаа бацаанууд байна гэж хэлэхээр нь сонирхоод эргэж харахад чи үхсэнээ хараад байгаа юм бэ гэж хэлэхээр нь юм хэлэлгүй дэлгүүрт орсон. Найз Алтансүх орж ирээд дэлгүүрийн үүдний хаалганы орчимд бид хоёр зогсож байтал Чингис гэдэг залуугийн найз Эрдэнэ нь Алтансүхэд хандаж, ард зогсчихоод ардаас шаах гээд байна уу гэж хэлээд бид бөөнөөрөө дэлгүүрээс гарсан. Манай найз Амартүвшин, Энххүслэн хоёр өөр дэлгүүр лүү явсан. Отгонбат, Алтансүх бид гурав дэлгүүрийн гадаа зогсож байхад Алтансүх, Эрдэнэтэй маргалдаж барьцалдаж авсан бөгөөд би Чингисийг чи түрүүн юу гээд байсан бэ гэж хэлээд бид барьцалдаж, заамдалцаад хэсэг хугацаанд тэндээ зогссон чинь Алтансүх хүрч ирээд боль гээд салгах явцад Чингис миний нүүр лүү хальт цохихоор нь эргүүлээд нүүр луу нэг удаа цохисон чинь Алтансүх боль гээд дундуур орж салгасан. Бид нар Чингисийг бүлэглэж, зодсон зүйл байхгүй. Би Чингистэй зууралдаад намайг цохихоор нь эргүүлж нэг удаа цохисон. Алтансүх бид хоёрыг салгасан. Түүнээс зодож, цохисон зүйл байхгүй. Би баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Надаас өөр хүн Чингисийг зодож цохиогүй. Алтансүх бид хоёрын дундуур орж салгасан. Чингисийг өшиглөж цохиж байгаа харагдаагүй... би Чингисийн нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон аль талд нь цохисоныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.33-35/,
“Такаги” ХХК-ний тодорхойлолт /хх.16/,
Эмнэлгийн магадлагаа /хх.17/,
Хохирогч З.Чингисийн хүсэлт /хх.18/,
Хохирлын баримт /хх.19/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.Б нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван охин” хүнсний дэлгүүрийн гадна талд иргэн З.Чингисийг архины мөнгө өгсөнгүй гэх шалгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч З.Чингисийн өгсөн: “... Гурван охин дэлгүүрийн гадна дүү Баярсайханы найз Отгоо болон түүний найз залуустай таарсан... Надаас архины мөнгө гуйхаар нь 2000 төгрөг гаргаж өгсөн чинь архины мөнгө хүрэхгүй байна гээд тэнд байсан нэг залуу намайг ална гээд маргалдаж, чи ямар их мөнгөтэй хүн бэ гээд тэр залуус бүгд дайрч бүлэглэн зодсон... миний нүүр лүү цохиж, нэг залуу барьж аваад бусад нь хэдэн талаас өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх.3/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Ган-Эрдэнийн өгсөн “Би яг хэн цохихыг нь хараагүй намайг очоод салгахад гурван залуу зууралдчихсан байсан яг хэн нь цохьсон гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.7/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Отгонбатын өгсөн: “... Алтансүх, Бат-Амгалан, Амартүвшин нарын хамт гурван охин нэртэй дэлгүүр орж явахад үүдэн дээр нь Нэргүй /Чингис/ нэг найзтайгаа явж байхад нь таараад манай найз Бат-Амгаланг Нэргүй нь /Чингис/ муухай хараад байна уу пизда минь гэсэн, тэгээд тэрнээс болж дэлгүүр дотор орж маргалдаад учраа олоод гарцгаасан. Тэгээд гараад дахиж маргалдаад Нэргүйгийн найз нь намайг түрүүлээд цохьсон тэгэхээр нь хариу цохилт хийсэн, тэгсэн хажуунаас манай найз Алтансүх орж ирээд салгасан. Тэгсэн хажууд Нэргүй Бат-Амгалан хоёр хоорондоо зодолдож байхад нь салгасан, тэгээд явцгаасан... Нэргүй /Чингис/-г ганц Бат-Амгалан л цохьсон. Өөр хүн цохиогүй...” гэх мэдүүлэг /хх.9/,
Мөрдөн байцаалтад гэрч П.Алтансүхийн өгсөн: “... Бат-Амгалан Чингис хоёр л бие биенийгээ боочихсон зогсож байсан. Чингис, Бат-Амгалан хоёрын дундуур ороод салгахад Чингисийн нүд нь хөхөрчихсөн байсан... Бат-Амгалангаас өөр хүн Чингист ойртоогүй...” гэх мэдүүлэг /хх.10, 37-38/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1170 дугаартай дүгнэлтэд: “З.Чингис-н биед хамрын ясны баруун хажуу хананы далд хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.13/,
Мөрдөн байцаалтад Н.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Бид нар Чингисийг бүлэглэж, зодсон зүйл байхгүй. Би Чингистэй зууралдаад намайг цохихоор нь эргүүлж нэг удаа цохисон. Алтансүх бид хоёрыг салгасан. Түүнээс зодож, цохисон зүйл байхгүй. Би баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Надаас өөр хүн Чингисийг зодож цохиогүй... би Чингисийн нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон аль талд нь цохисоныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.33-35/,
Шүүгдэгч Н.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэг авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Н.Б нь Г.Отгонбат, П.Алтансүх нартай бүлэглэн хохирогчийг зодож гэмтэл учруулсан гэх хохирогч, түүний өмгөөлөгчийн тайлбарууд нь мөрдөн байцаалтад гэрч Э.Ган-Эрдэнэ /хх.7/, Г.Отгонбат /хх.9/, П.Алтансүх /хх.10, 37-38/ нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.Бгийн яллагдагч /хх.33-35/ болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдана.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Бг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Н.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч З.Чингис нь эмчилгээний зардал 389.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны олох байсан цалин орлого 900.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 350.000 төгрөг, нийт 1.639.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнээс эмчилгээний 279.160 төгрөгийн зардалыг нотлох баримттай, харин цалин орлого 900.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 350.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтууд нь шаардлага хангахгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхив.
Мөн хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэмт этгээд болох Н.Бгаас жич нэхэмжлэх эрхтэй, хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн зэргийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Н.Бгийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Н.Бд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Н.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.
Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Н.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Бд мэдэгдсүгэй.
5. Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч З.Чингисийн 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэмт этгээд болох Н.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР