| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0140/З |
| Дугаар | 128/ШШ2025/0216 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0216
2025 03 27 128/ШШ2025/0216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Т**************”[1] ХХК /РД:5/;
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.О*******;
Хариуцагч: Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн, хяналтын улсын байцаагч Б.М*******;
Гуравдагч этгээд: Л.Х******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, хариуцагч Б.М*******, гуравдагч этгээд Л.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гомдлын шаардлага:
1.1. Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн, хяналтын улсын байцаагч Б.М*******ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
Хоёр.Хэргийн үйл баримтын тухай:
2.1.Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газарт 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн удирдах албан тушаалтны тогтоол болон Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 440 дугаартай албан бичгээр Х-05 дугаартай гомдол ирүүлснийг хариуцагч хяналтын улсын байцаагч Б.М*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Г******* нарт хуваарилагдсаны дагуу 2******* дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.2.Хариуцагч хяналтын улсын ахлах байцаагч хийж, “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан гэж үзэж” 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар “Т**************” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4,000,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.
2.3.“Т**************” ХХК-иас Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн, хяналтын улсын байцаагч Б.М*******ад холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын сарын 27-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан.
Гурав.Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо:
3.1.“Манай “Т**************” ХХК-д холбогдуулан Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн, хяналтын улсын ахлах байцаагч Б.М******* 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар "... “Т**************” ХХК-ийн цахилгаанчин ажилтай Л.Х*******аас гаргасан 2024 оны 07-р сарын 27-ны өдөр ажлын байр дээрээ гараа гэмтээсэн гэх асуудлыг шалгаад “Т**************” ХХК-ийг үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан" гэж үзэж, 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг эс хүлээн зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Л.Х******* нь “Т**************” ХХК-ийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 012 дугаар тушаалаар цахилгаанчин албан тушаалд томилогдон тус компанид ажиллаж эхэлсэн.
2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Л.Х******* нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, цагийн бүртгэлийн дагуу бүгэн ажилласан байдаг бөгөөд Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн, хяналтын улсын ахлах байцаагч Б.М*******ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудаст дурдсан ажлын байр дээр байхдаа гараа гэмтээж, гэмтэл бэртэл авсан зүйл байхгүй бөгөөд байгууллагын зүгээс үйлдвэрлэлийн осол нуун дарагдуулсан зүйл огт байхгүй болно.
Мөн ажилтан Л.Х*******ын зүгээс компанид хандан үйлдвэрлэлийн ослын талаар ямарваа мэдээлэл, хүсэлт, баримт амаар болон бичгээр өгч байгаагүй.
Гэтэл “Т**************” ХХК-ийг ямар үндэслэлээр, ямар баримтаар үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Мөн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн, хяналтын улсын ахлах байцаагч Б.М*******ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудас нь “Т**************” ХХК-д холбогдуулан шийтгэл хүлээлгэсэн гэж ойлгож байгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ" гэж тодорхойлсны дагуу хуулийн этгээд холбогдогчоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд зөвхөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр дамжуулан эрхээ эдэлж, үүргээ хүлээдэг. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу зөвхөн компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг.
Өөрөөр хэлбэл аливаа шийдвэр, албан тоотыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар холбогдогчид л буюу Гүйцэтгэх захиралд гардуулах ёстой байтал хуулийг зөрчиж, энэ үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн, хяналтын улсын ахлах байцаагч Б.М*******ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “Т******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.М*******ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудас гарсан. Энэ шийтгэлийн хуудсаар “Т**************” ХХК-д холбогдуулаад тус компанийн цахилгаанчин Л.Х*******аас гаргасан 2024 оны “ажлын байран дээрээ гэмтсэн” гэх хүсэлтийг хянаж шалгаад “Т**************” ХХК-г үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэж үзсэн.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 4 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Үүнийг компанийн зүгээс хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнд, Л.Х******* нь 2024 оны 01 дүгээр сараас эхлэн тус компанид цахилгаанчнаар ажиллаж байгаа. Цахилгаанчин, галч, сангийн ажилтнаар ажилд орж байгаа хүмүүст ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны зааварчилгаа, мөн компани өөрийн мөрддөг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зэргийг танилцуулан гарын үсэг зуруулан ажил үүргийг эхлүүлдэг. Үүнээс гадна тухайн ажилтнууд тухайн өдрийн ажил эхлэхээс өмнө ахлах ажилтнаас холбогдох зааварчилгааг аван өөрийн ажил үүргийн тодорхойлолтод байх ажил үүргийг хийгээд явдаг. Л.Х*******ын хувьд тухайн осол болсон гээд байгаа 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр /гэрчийн мэдүүлгүүд болон өөрийнх нь гомдлоос харахад/ анх гэрлийн абажур солих ажлыг хийж байгаад анхны гэмтлийг авсан гэдэг. Уг шарх нь маш бага буюу чигчий хурууны өнгөн хэсэг дээр авсан гэх тайлбартай байгаа. Зөрчлийн хэргийн материалаас харвал тухайн гэмтлийн гол шалтгаалах нөхцөл нь бохир оруулсан асуудал харагдаж байгаа. Гэтэл Л.Х******* нь уг бохир соруулах ажлыг хийхдээ өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу өөр ажилтны ажил үүргийн хуваарийн дагуу хийх ёстой байсан ажлыг хийсэн байгаа юм. Түүнчлэн компанийн ахлах ажилтны зүгээс ийм зааварчилгаа өгөөгүй гэж хэлсэн байдаг. Мөн А.Б******* гэрчийн мэдүүлэг дээр ч Б.М нь А.Б бохир соруулах ажилд туслаарай, машин ирсэн байна гэсэн ч Л.Х*******т хэлээгүй буюу бохир соруулах үүрэг өгөөгүй гэсэн байдаг. Л.Х*******ын хамгийн гол эрүүл мэндийг хүндрүүлсэн буюу өнөөдрийн хүнд байдал хүрсэн шалтгаан нь бохир соруулснаас болсон байна гэж харж байгаа. Мөн хамгийн анх гэмтэл авсан буюу анхдагч ослыг харсан хүн байдаггүй. Өөрөөр хэлбэл тухайн абажурт гараа зүссэн гэдэг өдөр Л.Х*******тай хамт байсан ганц гэрч болох А.Б хүртэл яг зүссэн, цус гоожсон, хаана нь яаж шархадсан гэдгийг нь шууд харсан байдлаар мэдүүлгээ өгөөгүй байдаг. Мөн тухайн гэмтсэн гээд байгаа өрөөнд камерын бичлэг байсан боловч Л.Х*******ын зүгээс ажил олгогчдоо зохих журмын дагуу мэдүүлээгүйгээс болоод хугацаа алдаж, камерын бичлэг устсан байдаг. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд хэрвээ үйлдвэрлэлийн осол болсон тохиолдолд өөрөө, эсхүл түүнийг харсан хүн нь ажил олгогчид мэдээлнэ гэж заасан байдаг. Гэтэл уг ажилтан болон тухайн ослыг харсан гээд байгаа А.Б нарын хэн нь ч ажил олгогчид албан ёсоор мэдэгдээгүй байдаг. Харин холбогдох ажилтнуудад мэдэгдсэн гэдэг боловч тухайн ажилтнууд цааш нь ажил олгогчид мэдэгдсэн эсэх нь эргэлзээтэй.
Өөрөөр хэлбэл өөрөө болоод тухайн ослыг харсан хүн нь мэдэгдээгүй. Дор хаяж өөрөө ажил олгогчтой албан ёсоор утсаар холбогдоод мэдүүлсэн зүйл байдаггүй. Гэр бүлийнх нь хүн ирж хэлсэн гэх мэт дамжсан асуудал байдаг. Үүнээс шалтгаалаад компанийн зүгээс үйлдвэрлэлийн осол байна гэж шууд тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Харин компанийн зүгээс Л.Х*******ын өнөөдрийн эрүүл мэндийн байдлыг үгүйсгээгүй. Гол нь хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам, мөн эдгээр хуудас дээр эрүүл ахуйн аюулгүй байдлаа хангаж ажиллана гэж заасан байгаа. Мөн тухайн хуудсууд дээр Л.Х******* нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Мөн Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх дүрэм дээр ч мэдээлэх үүрэг нь байдаг. Энэ бүх нөхцөл байдал байгаа учраас үйлдвэрлэлийн осол гэдгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Мөн үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах гэдэг нь тухайн үйлдвэрлэлийн осол болсон гэдгийг мэдсээр байж санаатайгаар нуух нөхцөл байдлыг ойлгоно. Гэтэл Л.Х*******ын зүгээс “Т**************” ХХК-д үйлдвэрлэлийн ослын талаар мэдэгдээгүй учир түүний гэмтлийн талаар мэдээгүй. Иймд үйлдвэрлэлийн ослын талаар бүртгэх боломжгүй байсан. Тийм учраас нуун дарагдуулсан санаатай үйлдэл байхгүй.
Хамгийн анхны Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирдэг эмнэлгийн үзүүлэлтийн мэдээлэл дээр ахуйн осол гэж бүртгэгдсэн байдаг. Өөрөө чигчий хурууг зүссэн гэж яриад байгаа боловч бүх эмнэлгийн бичгүүд дээр чигчий хуруу гэдэг зүйл байхгүй, баруун гарын сарвуу эсвэл баруун гарын шуу гэдэг байдлаар явагддаг. Мөн чигчий хуруу гэмтэл авсан гэсэн боловч долоовор хуруугаа тайруулсан гэдэг үйл баримт эмнэлгийн бичгүүд дээр байдаг.
Ийм учраас Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэх зөрчлийг компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
3.3.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газарт 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн удирдах албан тушаалтны тогтоол болон Налайх Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 440 дугаартай албан бичгээр Х-05 дугаартай гомдол мэдээллийг ирүүлсэн.
Уг албан бичгийг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Г*******, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Б.М******* нарт шилжүүлсний дагуу 2******* дугаартай зөрчлийн хэргийг нээн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын хяналтан дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Л.Х******* нь “Т**************” ХХК-ийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 012 дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 077 дугаартай ажилд томилох тухай тушаалууд, “Т**************” ХХК-тай хохирогч Л.Х*******ын байгуулсан 2024 оны 01 дүгээр 27-ний өдрийн, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-24-014 дугаартай Хөдөлмөрийн гэрээнүүд, “Т**************” ХХК-аас гаргаж өгсөн 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны Л.Х*******ын ажлын цагийн бүртгэл, урьдчилсан зааварчилгааны маягт, аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар, ажлын байрын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар “Т**************” ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Хохирогч Л.Х******* нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөгдөөгүй ажил үүрэг гүйцэтгэсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сургалтад хамрагдаагүй байх үедээ ажлын байрандаа буюу “Т**************” ХХК-ийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Т*******ийн эцэст байрлах Т******* зочид буудлын 2 давхарт Воллрүүм буюу хүлээн авалтын танхимд гэрлийн бүрхүүл тогтоох явцдаа болгоомжгүйгээр гэрлийн бүрхүүлийн төмөр хийцлэлд баруун гарын чигчий хурууг зүсэж гэмтээсэн, үүний дараа ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй сантехникийн ажил үүрэг болох бохир соруулах ажлыг 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд гүйцэтгэх явцад гарын зүсэгдсэн хэсгээр бохир орж халдварласны улмаас баруун гарын долоовор хурууг тайруулж үйлдвэрлэлийн осолд өртсөн болох нь 2024 оны 07 дугаар сарын Л.Х*******ын ажлын цагийн бүртгэлийн хуудас, хохирогч Л.Х*******ын мэдүүлэг, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст гаргасан өргөдөл, гэрч, аж ахуйн туслах ажилтан А.Б******* мэдүүлэг, гэрч, нярав, хохирогчийн эхнэр А.Гийн мэдүүлэг, гэрч, хүний нөөцийн менежер Ц.Ц мэдүүлэг, бичгээр гаргасан ярилцлагын тэмдэглэл, гэрч, хүний нөөцийн ажилтныг орлон ажиллаж байсан Б.Цгийн мэдүүлэг зэрэг холбогдох албан тушаалтан, хамт ажиллагчдын мэдүүлгүүд, 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд ажилд дээрээ байрлан ажиллаж байгаад, ажил дээрээсээ өөрийн унаагаар 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн кабинетаас амбулаторийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, тухайн өдөр нь өвчний түүх нээн Мэс засал, гэмтлийн тасагт хэвтүүлэн, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр 3 удаа мэс засалд орж эмчлүүлсэн тухай баримтууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд хэвтэн эмчлүүлж, 3 удаагийн мэс засалд орсон баримтууд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт, Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
“Т**************” ХХК-иас Л.Х*******ын гаргасан гомдолтой холбогдох ажиллагаанд Х.О*******т итгэмжлэл олгох тухай 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 145 дугаартай албан бичиг ирүүлснийг үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу оролцогч “Т**************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Х.О*******ыг тогтоосон тухай Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоол үйлдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Хууль ёсны төлөөлөгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ" гэж заасныг баримтлан зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд Х.О******* нь “Т**************” ХХК-ийн итгэмжлэлийн дагуу төлөөлөн оролцсон болно.
Нийслэлийн Прокурорын газрын прокурорын хяналтын дор Зөрчлийн 2******* дугаартай хэргийг шийдвэрлэж дуусган, тус газарт хүргүүлсэн.
Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/265 дугаартай албан бичгээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.
Үүний дагуу Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс "Т**************" ХХК-д холбогдох хэрэг бүртгэлийн 2 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтад заасны дагуу түдгэлзүүлэх хүсэлтэй байна” гэв.
3.4.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч “Т**************” ХХК нь ажилтан Л.Х*******ыг анх ажилд ороход нь дүрэм журам танилцуулаад, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. Тухайн өдөр ажил үүрэг гүйцэтгэхэд өдөр тутмын зааварчилгааг өгөх ёстой байдаг. Гэтэл тэр өдөр зааварчилгаа өгөх ёстой хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан ажлаас гарсан гэх шалтгаанаар ямар нэгэн зааварчилгаа өгөгдөөгүй байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа А.Б нь үйлдвэрлэлийн осол болсон талаар ямар нэгэн хүнд мэдэгдээгүй гэж байна. “Т**************” ХХК нь ажилтанд Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн талаарх сургалтыг хангалттай зохион байгуулаагүйн улмаас ажилтанд энэ талын мэдээлэл хангалтгүй байсан гэж үзэж байгаа. Л.Х*******ын мэдүүлэгт хүний нөөц хариуцсан ажилтныг орлон гүйцэтгэж байсан н.Ц гэх хүнд хамгийн анх абажур өлгөж байгаад гараа төмөрт зүсчихлээ гэж мэдэгдээд хурууны лент авч хуруундаа наасан байдаг. 2 дахь өдөр нь тогоочоос хурууны лент авч хуруугаа боосон байдаг. Үүний дараагаар менежер Б.Мтай тааралдаад гараа абажурт зүсэж гэмтээсэн талаараа мэдэгдсэн байдаг. Иймд хариуцлагатай хүмүүст тухай бүрд нь мэдэгдсэн гэж үзэж байгаа. Мөн А.Б мэдүүлэгтээ Л.Х******* ах бид хоёр абажураа өлгөж байхад би доороос нь өргөж өгсөн бөгөөд барьж авлаа гэж бодоод тавьтал барьж аваагүй байж таараад огцом барьж аваад хуруугаа зүсчихсэнийг сүүлд бохир соруулах гэж гарахдаа тамхины цэг дээр мэдсэн гэж мэдүүлсэн байдаг. Тийм учир Л.Х*******ыг хариуцлагатай хүмүүст тухай бүрд нь мэдэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд тухайн ажилтнуудын энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг байснаас өөрийн хурууг ялимгүй зүссэн гээд /Монгол хүний хэнэггүй зангаар/ анхаарахгүй, тоолгүй өнгөрсөн байгаа юм. Тэгэхээр мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгааг няцааж Л.Х*******ыг гараа гэмтээсэн гэдгийг бүх хүн мэдэж байсан гэж үзэж байгаа. Л.Х******* нь 07 дугаар сарын 27-ны өдөр хуруугаа гэмтээчхээд орой нь бохир соруулсан. Мөн сарын 28, 29-ны өдрүүдэд эмнэлэг явж үзүүлэх хэрэгтэй талаар эхнэр нь зөвлөхөд Л.Х******* нь өөр орлох цахилгаанчин байхгүй, мөн бохир соруулахад хамт байлцахгүй бол болохгүй, бохир хальчихвал бөөн юм болох учраас би байж байя гээд тухайн байгууллагынхаа өмнөөс өөрийн эрүүл мэндийг золиослон байж 3 хонож өөрийн өвчнийг хүндрүүлсэн байдаг. 07 дугаар сарын 29-ний орой үзүүлэх гээд тухайн хорооны эмнэлэгтэй холбоо барихад нарийн мэргэжлийн эмч байхгүй, өнөөдөр ажил тарсан учраас маргааш өглөө шууд Налайх дүүргийн эмнэлэгт үзүүл гэсний дагуу 30-ны өглөө өөрийн машинаар Налайх дүүргийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм дээр тухайн ажилтан, тухайн ослыг харсан хүн мэдээлэх гэх заалт бий. Л.Х*******ын хувьд албан ёсоор мэдэгдээгүй хэдий ч тухайн үед абажурт гараа зүссэн гэдгийг 07 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн эмнэлэгт очоод өвчний түүхийн эмч юу болсон талаар тодруулахад 07 дугаар сарын 27-ны өдөр абажур өлгөж байгаад гараа зүссэн гэсэн тайлбар өгсөн байгаа нь 1-р хавтаст хэргийн 22, 172, 149-р хуудаснуудад буй нотлох баримтаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл эмнэлэгт анх очоод үзүүлэхдээ гэрлийн абажурт гараа зүссэн бөгөөд үүнээс улбаалан бохир орж гэмтсэн гэж мэдэгдсэн байгаа юм. Мөн н.Г, н.Ц зэрэг гэрчүүдийн мэдүүлгээр хүний нөөцийн ажилтан н.Ц чөлөө авчихсан байсан бөгөөд түүнийг н.Ц орлож байсан. 08 дугаар сарын 02-ны өдөр н.Ц Улаанбаатар хот руу явах ажилтай байсан тул Л.Х*******ыг гараа гэмтээгээд эмнэлэг явсан тухай цаасан дээр бичээд үлдээсэн байдаг бөгөөд түүнийг н.Ц харсан хэдий ч ажил ихтэй байсан учир түүнийг анхаарч асуудал болгоогүй талаараа гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэгэхээр Л.Х*******ыг гараа гэмтээсэн талаар н.Ц, н.Ц, Б.М буюу тухайн газрыг хариуцаж байсан ажилтнууд бүгдээрээ мэдэж байсан. Гэхдээ хариуцлагагүй байдлын улмаас дээд албан тушаалтнууддаа мэдэгдээгүй асуудал болсон” гэв.
3.5.Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Гуравдагч этгээд Л.Х******* миний бие “Т**************” ХХК-ийн Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч Б.М*******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэх зөрчлийн хэрэгт холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Иргэн Л.Х*******аас сар өдөр нь тодорхойгүй боловч бичгээр гаргасан “... хүлээн авалтын танхимд гэрлийн бүрхүүл /абажур/ солих үедээ хуруугаа зүсэж гэмтээсэн, орой болон маргааш нь ажил үүрэгт хамааралгүй бохир соруулах үед бохир орж судас бөглөрөн, олон удаа мэс засалд орж, нэг хуруугаа тайруулсан боловч үйлдвэрлэлийн осол биш, ажил дээрээ гэмтээгүй, бидэнд мэдэгдээгүй гэж байгааг зөвшөөрөхгүй, тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан зааварчилгаа өгөөгүй тул шалган шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасны /ХХ-1-ийн 34 дэх тал/ дагуу Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын Улсын ахлах байцаагч Б.М, хяналтын Улсын байцаагч Г.Г******* нар /цаашид “Улсын байцаагч нар” гэх/ нь зөрчлийн хэрэг нээж, хянан шалгах ажиллагаа явуулсан байна. /ХХ-1-ийн 22 дахь тал/
2.2.Зөрчлийн хэрэгт авагдсан Л.Х*******ын амбулаторийн картад тэрээр 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ гараа зүсэж гэмтээсэн, 30-ны өдрөөс хавдаж улайж, үрэвссэн, Налайх дүүргийн эмнэлэгт 3 удаа мэс засалд орсон, 08 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтсэн, 08 дугаар сарын 30-ны өдөр үхэжсэн эдийг авах мэс засал, 09 дүгээр сарын 05-ны өдөр баруун гарын шуу, сарвууны арьсны дутмагшилтай хэсгийг арьсаар нөхөх, I хурууны I үеийн мултралыг ган шөргөөр бэхлэх мэс заслыг хийлгэсэн гэж тэмдэглэснээр тэрээр өвчлөлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэдэг нь тогтоогджээ. /ХХ-1-ийн 43 дахь тал/
2.3.Эмнэлгийн өвчний түүх нэртэй баримт бичгээр Л.Х******* нь Налайх дүүргийн эрүүл мэндийн төв эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасагт хэвтүүлэн, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр 3 удаа мэс засалд орж эмчлүүлсэн, улмаар засал аваагүй учраас Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжин хэвтэж 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд 3 удаагийн мэс засалд орж, долоовор хуруугаа тайруулсан, эрхий хуруундаа төмөр суулгуулсан үйл баримт нотлогдож байна.
2.4.Мөн зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Х*******аас тайлбар, мэдүүлэг авснаас гадна зохих гэрчүүдээс мэдүүлэг авчээ.
2.5.Тухайлбал, гэрч А.Гийн /Л.Х*******ын эхнэр/ “... дарга М Х*******ыг В1 давхарт байсан том абажурыг өлгө гэсний дагуу өлгөөд ирлээ гэсэн”, “... 16 цагийн үед Х******* гараа төмөрт зүссэн гээд хүрээд ирсэн”, “... дарга Маас өгсөн үүргийн дагуу Х******* шөнө болгон гарч бохир соруулдаг, тухайн шөнө ч гэсэн гарч бохир соруулсан” , “... ерөнхий менежер Урээс хурууны наалт авч наасан” гэж;
- гэрч Б.Ц /хүний нөөцийн ажилтны буюу хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэж байсан гэх/ “... эхнэр Г 07 дугаар сарын 30-ны өдөр залгаж Х*******ын гарыг боох бинт хэрэгтэй байна гэж ярьсан. Тэр үед бинт байгаагүй” гэж;
-гэрч Ц.Ц /Хүний нөөцийн менежер/ “... Ц намайг явахын урьд өдөр явсан байсан. Надад мэдэгдэх зүйлсийг цаасан дээр бичиж үлдээгээд явсан байсан. “... Х*******ын талаар бичсэн байсан. Х******* 2024 оны 07 сарын 27-ны өдөр гараа зүсээд 07 сарын 29-ний өдөр эмнэлэг явсан гэсэн нэг өгүүлбэр байсан”, “... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан байхгүй. Өдөр тутмын зааварчилгааг хэлтсийн менежерүүд өгөөд гаргадаг” гэж;
- гэрч А.Б /аж ахуйн туслах ажилтан/ “... Х******* бид 2 Боолрүүмийн абажур гэрлийг авсан байсныг буцааж угсрахаар шатаар гарахдаа шатны нугасны завсар гараа хавчуулсан”, “... би дороос абажур гэрлийг авч өгсөн Х******* бариагүй байж байгаад абажурыг алдлаа гэж бодоод огцом шүүрч авах гээд абажурт гараа зүссэн. Гараа эсгэснийг нь тэр үед мэдээгүй абажур өлгөж дуусаад гадаа бохирын машин ирсэн гэхээр нь гарахдаа бохирын машины шаланкыг хийж өгөхдөө мэдсэн. ... шланкыг Х******* хийж, би хураасан, “... орой соруулах үед Х******* ганцаараа соруулсан байх” гэж /гэрчийн энэ мэдүүлэг шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг агуулгын хувьд зөрөөгүй/;
-гэрч Б.М /аж ахуйн туслах менежер/ 07 дугаар сарын 27-ны өдөр абажур өлгөх барих ажил өрнөсөн. 07 дугаар сарын 29-ний орой таарахад гараа бинтээр ороосон байсан”, “... зааварчилгаа өгч амжаагүй” гэж мэдүүлсэн /гэрчийн энэ мэдүүлэг шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрөөгүй/ байна. /ХХ-1-ийн 64-80 дахь тал/
2.6.Мөн зөрчлийн хэргийг хянан шалгах явцдаа Улсын байцаагч нар нь Л.Х*******ын сольсон гэх гэрлийн бүрхүүлийн зураг /ХХ-1-ийн 52-54 дэх тал/, гомдол гаргагчийн мэс заслын дараахь байдлын зургууд /ХХ-1-ийн 55-56 дахь тал/, “Т**************” ХХК-ийн бохирын худгийг фото зураг /ХХ-1-ийн 57-58 дахь тал/ зэргийг авч, хэргийн материалдаа хавсаргасан байна.
2.7.Нэхэмжлэгч “Т**************” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан:
-“Л.Х******* нь ажлын байранд гэмтээгүй, орой Х******* архи уусан, тэгээд хоорондоо маргасан, юм хагараад байсан” гэж сонссон, ажлын байрны гэмтэл биш гэх;
-гэрлийн бүрхүүл сольж байхдаа гараа зүссэн гэдэг нь нотлогдоогүй гэх;
-халдвар хаанаас авсан нь тодорхойгүй;
-Х*******ын ажил үүргийг хуваарьт бохир соруулах хамаарахгүй байхад соруулсан гэх;
-Чигчий хуруугаа зүссэн гэж байгаа атлаа долоовор хуруугаа тайруулсан байна гэх агуулгаар;
-Х******* гараа зүссэн гэдгээ компанийн удирдлагуудад мэдэгдээгүй буруутай, Аж ахуйн туслах менежер менежер Б.М, ерөнхий нягтлан болон хүний нөөцийн ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Ц мэдсэн, Б.Цгоос ерөнхий менежер Навайд энэ талаар мэдэгдсэн зэрэг нь компанийн удирдлагад хамаарахгүй;
-компани үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулаагүй гэх үндэслэлүүдээр маргасан.
2.8.Улсын байцаагчаас зөрлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж Л.Х*******ын гар өвчилсөн, хуруугаа тайруулсан шалтгаан, гэмтлийн зэрэг, хөдөлмөрийн чадвар алдалт эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, хойшид гэмтлийн зэрэг өөрчлөгдөх эсэх зэргийг тогтоолгосон байна.
2.9.Мөн ажиллагааныхаа хүрээнд Налайх дүүргийн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн үйлдсэн Л.Х*******ын өвчний түүхүүд зэргийг нотлох баримтаар цуглуулж, дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт гаргажээ.
2.10.”Т**************” ХХК-ийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 012 дугаар тушаалаар Л.Х******* нь тус компанийн цахилгаанчнаар ажилласан эхэлсэн бөгөөд нь түүнд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдлын урьдчилсан зааварчилгааг танилцуулж гарын үсгийг зуруулсан байгаа боловч гэмтэл авсан 7 дугаар сарын 27-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулаагүй болох нь тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг танилцуулж хөтөлсөн тэмдэглэл, аж ахуйн туслах менежер Б.Мийн “... зааварчилгаа өгч амжаагүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдлоо. /ХХ-1-ийн 114-120 дахь тал/
2.11.Гуравдагч этгээд Л.Х******* нь “Т**************” ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулдаг “Т*******” нэртэй амралтын газар буюу ажлын байрандаа 24 цагаар буюу зохих ээлжийн цахилгаанчингүйгээр 2024 оны 07 дугаар сарын 27-30-ны өдрийн туршид /энд зөвхөн маргаан бүхий үйл баримт эхэлсэн хугацаанаас эмнэлэгт хэвтэх хүртэлх хугацааг бичсэн болно/ ажиллаж, амардаг байсан болох нь Л.Х*******ын өөрийн мэдүүлэг болон гэрч Б.Мийн “тэнд байрлаж ажиллаж байсан” гэх агуулга бүхий мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримттай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.
2.12.Мөн гуравдагч этгээд Л.Х******* нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “ажлын байран дээрээ баруун гарын чигчий хурууг зүсч гэмтсэн”, мөн “уг ажлын байрнаасаа гараагүй тэнд байрлан ажилладаг тул ажлын байрнаасаа гараагүй байхдаа гэмтсэн хэсгээр нь бохир орж өрөвссөн, халуурсан, халуурсны улмаас 07 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт үзүүлэхээр явсан, эмнэлэгт хэвтсэн зэрэг үйл баримтууд нь түүний эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ гаргасан тайлбарыг өвчний түүхэнд тэмдэглэсэн байдал, Л.Х*******аас Улсын байцаагчид гаргасан тайлбар, гэрч А.Г, Б.Ц, Ц.Ц, А.Б, Б.М нарын мэдүүлгээр тус тус шүүхэд давхар нотлогдож байна.
2.13.“Т**************” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Ц нь “... би удирдлага болох ерөнхий менежер н.Навайд Л.Х*******ыг 30-ны үдээс хойш эмнэлэг явсан тухай, 31-ний үдээс хойш хагалгаанд орсон тухай мэдэгдсэн. Тэгэхэд н.Навайд юу болсон талаар рапорт бичээд үлдээгээрэй гэж байсан, би 08 дугаар сарын 01-ний өдөр явах байсан болохоор цаасан дээр бичээд хүний нөөцийн менежерийн ширээн дээр үлдээсэн. Энэ талаар хүний нөөцийн менежер н.Ц утсаар над руу 08 дугаар сарын 1, 2-ны хавьцаа яриад ... асуусан” гэх, гэрч Ц.Ц “... надад мэдэгдэх зүйлсийг цаасан дээр бичээд үлдээсэн байсан, Л.Х*******ын талаар бичсэн байсан” гэх мэдүүлгээр Л.Х******* нь ажлын байран дээрээ гараа зүсч, уг шархнаас үүдсэн халдварын улмаас халуурч, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хагалгаанд орсон гэдэг нь, энэ үйл баримтыг “Т**************” ХХК-ийн ерөнхий менежерийн албан тушаалтай этгээд мэдсэн зэрэг нь давхар нотлогдож байна.
2.14.Иймд нэхэмжлэгч “Т**************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “Л.Х******* гэмтсэн талаараа удирдлагад мэдэгдээгүй, компани буруугүй” гэх тайлбар нь шүүхийн өмнө гаргасан илт худал тайлбар гэж үзлээ.
2.15.Учир нь компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцан ажиллаж байсан ажилтан Б.Ц, Л.Х*******ыг шууд хариуцсан менежер Б.М зэрэг албан тушаалтнууд түүний нөхцөл байдлыг биечлэн харсан, гараа зүссэн учраас бинт хэрэгтэй байгаа талаар сонссон, ерөнхий менежертээ зохих ажилтнаас бичгээр мэдэгдсэн зэрэг нь “Л.Х******* гэмтлийнхээ талаар өөрийн биеэр мэдэгдэх үйлдлийг хийгээгүй байсан ч компанийн удирдлага ажлын байран дээр болсон уг гэмтэл ослын талаар мэдсэн, мэдэх ёстой” гэж шүүхээс үзэх үндэслэл болно.
2.16.Мөн Шинжээчийн дүгнэлтээр Л.Х******* нь Налайх дүүргийн эмнэлэгт 3 удаа, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 3 удаа, нийт 6 удаа хагалгаанд орж, баруун гарын эрхий хуруу хатаж нарийссан, долоовор хуруу 3 дугаар шивнүүрийн дундуур тайрагдсан, дунд, ядам, чигчий хуруу бүрэн атгагдахгүй, баруун гартаа 8 зүслэг хийгдсэн сорвитой зэргээр эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орсон болох шүүхэд давхар нотлогдлоо.
2.17.Ингээд Улсын байцаагчаас зөрчлийн хэргийг хянан шалгаад 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 0******* дугаартай Шийтгэлийн хуудсаар “Т**************” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан” зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнээд, 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдрөөр огноолсон Эрх бүхий албан тушаалтны даалгавар үйлдэн, уг эрх зүйн баримт бичгээрээ “Т**************” ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгуулах 5 арга хэмжээ авахыг даалгасны дотор Л.Х*******ын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг үйлдэж, харьяа дүүргийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулан холбогдох байгууллагад хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчээс энэ даалгаврыг биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ийм баримт үйлдээгүй” гэх агуулгатай тайлбараар нотлогдсон.
2.18.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дээр нотлох баримтаар Гэмтэл согог судлалын үндсэн төв эмнэлгийн үйлдсэн Л.Х*******ын Эмнэлгээс гарсан хуудсан дээрх “ахуйн осол” гэсэн тэмдэглэгээг нэрлэж, үүгээрээ “үйлдвэрлэлийн осол биш” гэх агуулгаар мэтгэлцсэн боловч гуравдагч этгээд Л.Х*******аас үүнийг “Т**************” ХХК нь надад үйлдвэрлэлийн ослын акт үйлдэж өгөөгүйн улмаас эмнэлгээс гаргахад “үйлдвэрлэлийн осол” гэж бичих боломжгүй гэж тайлбарлаад, “ахуйн осол” гэж бичсэн гэж няцаасан тул уг тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
2.19.Хариуцагчаас Л.Х*******ын энэхүү осолд “Т**************” ХХК нь үйлдвэрлэлийн ослын акт үйлдэж өгөхгүй бол Л,Х******* нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээгээ тогтоолгож чадахгүйд хүрэх хохиролтой гэж тайлбарласан зэрэг үйл баримт анхан шатны шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "хөдөлмөрийн аюулгүй байдал" гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл байна” гэж заасан нь хүнийг хөдөлмөр эрхлэхэд аюулгүй байдлыг хангах төрийн бодлогын үзэл баримтлал байна
3.2.Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж, мөн зүйлийн 27.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заажээ.
3.3.Хуулийн дээр заалтын дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байх үүргийг хүлээсэн атлаа нэхэмжлэгч “Т**************” ХХК нь уг чиг үүргийг хэрэгжүүлэх ажилтангүй, Л.Х*******ын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ аваагүй, үйлдвэрлэлийн осол байхад зохих этгээдэд мэдэгдээгүй зэрэг хууль зүйн зөрчил гаргасан талаар Улсын байцаагч үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
3.4.Хариуцагч Улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг бүрэн хийж, хууль зүйн зөрчил гаргаагүй байна.
3.5.Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна” гээд мөн зүйлийн 28.1.11-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна” гэж, мөн зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэж, мөн зүйлийн 29.8-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно” гэж тус тус хуульчлан тогтоосон.
3.6.Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдөнө” гэж, 1.5-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтан, иргэн (цаашид "осолдогч" гэх)-д анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлэгт хүргэх, эрүүл мэндийн яаралтай шинжилгээ хийлгэх болон осол, хордлогын улмаас бий болсон аюултай нөхцөл байдлыг шуурхай арилган, судлан бүртгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч бүрэн хариуцна” гэжээ.
3.7.Мөн дүрмийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гээд 2.1.1д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж, 2.1.4-т “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед” гэж журамласан байна.
3.8.Улмаар уг дүрмийн 3.8-д “Комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарсан байна” гэж, 3.9-д “Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ” гэжээ.
3.9.Хууль болон энэхүү журмын зохицуулалт нь хэн ч ойлгохоор энгийн тодорхой байдлаар ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах үед осолд өртсөн бол ослын акт тогтоохоор журамласан байхад нэхэмжлэгч нь “ажлын байранд осол болсон нь нотлогдоогүй” гэж тайлбарлаж байгааг илт хууль бус гэж шүүх үзсэн.
3.10.Нэхэмжлэгчээс компанийн удирдлага нь Л.Х*******ын ослыг нуун дарагдуулаагүй гэж шүүхэд тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй
3.11.Дээр нотлогдсоноор Л.Х******* нь “Т**************” ХХК-ийн амралтын газарт буюу цахилгаанчны ажил үүргийг гүйцэтгэдэг ажлын байран дээрээ гэмтсэн гэдэг нь нотлогдлоо.
3.12.Иймд Л.Х******* нь бохир соруулсан эсэхээс үл хамаарч ажлын байрны орчноос халдвар авсан, гэмтэл нь ажил үргээ гүйцэтгэх явцад үүссэн болох нь нотлогдож байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээр “үйлдвэрлэлийн осол биш” гэж, “хэзээ гараа зүссэн нь нотлогдоогүй” гэж, “архи ууж хоорондоо зодолдсон байх гэж таамаглаж байгаа” гэх, “удирдлагад өөрөө мэдэгдээгүй, өөрөө биш эхнэр нь хэл ам хийж явдаг учраас шийдвэрлээгүй” гэх, “эмнэлгээс гарах хуудсанд ахуйн осол гэж бичсэн байгаа учраас үйлдвэрлэлийн осол биш” гэх, “үйлдвэрлэлийн осол биш урчаас ослын акт үйлдээгүй” гэх тайлбаруудаас үзвэл “ажлын байранд дахь ослыг” илэрхий нуун дарагдуулсан гэж шүүх үзлээ.
3.13.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т**************” ХХК нь үйлдвэрлэлийн осол гэж үзэх үйлдэл, газар, орон зайг дээрх “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-д тодорхой заасан байхад илэрхийгээр болсон үйл баримтыг үйлдвэрлэлийн осол биш гэж, мөн Л.Х*******ын гэмтэл авсан, халдвар авсан зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүх хуралдаан дээр маргаж байгаа үйлдлээс нь үзвэл тус компанийг “үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах” үйлдлийг одоо ч гаргасаар байна гэж үзэх үндэслэл болсон.
3.14.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан мэтгэлцээндээ “чигчий хуруу гэмтэл авсан гэсэн боловч долоовор хуруугаа тайруулсан гэдэг үйл баримт эмнэлгийн бичгүүд дээр байдаг” гэх тайлбар нь тус компанийг ажилтныхаа хувьд ёс зүйтэй хандаагүй, хүний эрх, эрүүл мэндийг хүндэтгэж, дээдлээгүй хууль бус ажиллагаа явуулсан гэж шүүхийг дүгнэхэд хүргэв.
3.15.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дахин “Л.Х******* архи уугаад маргалдсан гэж сонссон, гэмтэл хаанаас авсан нь тодорхойгүй” гэх агуулгаар маргасан ба Улсын байцаагчаас зөрчлийг шалган шийдвэрлэх явцад Л.Х*******ыг архи уусан, хэн нэгэнтэй зодолдсон талаар хэн ч гэрчлээгүй, ийм нотлох баримтыг тус компаниас гаргаж өгөөгүй, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргаж өгөөгүй атлаа “компани дээр тэгж ярихыг сонссон”, “муудалцсан /зодолдсон гэх агуулгатай/ байж магадгүй” ийм үндэслэл гаргаж байгаа нь нэгдүгээрт, нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримт байхгүйгээр тул үндэслэлгүй тайлбар гаргасан гэж үзэх, хоёрдугаарт, шүүх нэхэмжлэгчийн гаргасан таамгаар үйл баримтыг тогтоохгүй тул уг тайлбар нотолгоог хүлээн аваагүй.
3.16.Ийнхүү Л.Х******* нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэл авсан байхад ажил олгогчоос хөдөлмөр хамгааллын аюулгүйн дүрмийг сахиагүй, ажилтандаа эрүүл мэндийн туслалцаа үзүүлээгүйн улмаас ажилтан ажлын байрны орчинд халдвар авч, хүндрэн, улмаас эд эрхтнээсээ салах ноцтой үр дагавар учирсан байхад нэхэмжлэгч “Т**************” ХХК нь Л.Х*******ын гэмтэлд ослын акт үлдэж, учирсан хохирлыг яаралтай арилгах арга хэмжээ авахын оронд уг ослын актыг үйлдэх хугацааг дуусах 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үндэслэлгүйгээр татгалзаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
3.17.Нэгэнт Л.Х******* нь өөрт тохиолдсон гэмтэлдээ ослын акт үйлдэхгүй байгаа талаарх гомдлоо дүрэмд заасан хугацаанаас өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө гаргасан болох нь Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилүүлэхээр шийдвэрлэсэн саналын хуудсаар нотлогдож байна. /ХХ-1-ийн 32 дахь тал/
3.18.Захиргааны ерөнхий хууль нь захиргааны байгууллагаас акт гаргах харилцаа буюу үйл ажиллагааг нэг бүрчлэн тогтоон журамласан хэм хэмжээний акт бөгөөд уг хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн зүйлийн 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан байгаа.
3.19.Хуулийн энэ зохицуулалт нь Л.Х*******ын өртсөн үйлдвэрлэлийн ослын дагуу “Т**************” ХХК нь үйлдвэрлэлийн ослын актыг үлдэж, төрийн захиргааны байгууллагаас түүний хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэглэл, бусад шаардлагатай акт тогтоохтой холбоотой шийдвэр гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг тоолоход мөрдөх зохицуулалт тул “Т******* *******” ХХК-ийн үйлдсэн ослын актыг үндэслэн аливаа байдлаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахаас татгалзах эрхгүй гэдгийг тэмдэглэж байна.
3.20.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд мөн хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасан байна.
3.21.Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан байна.
3.22.Эндээс үзвэл хариуцагч Улсын байцаагч нар нь Л.Х*******ын гомдлоор “Т**************” ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс шалгаж, тогтоох шаардлагатай үйл баримтуудыг бүрэн шалгаж, нотлох баримтад үндэслэн тогтоосон байгаа ба зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй, түүний гаргасан шийдвэр нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тохирсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй гэдэг нь нотлогдсон гэж үзэв.
3.23.Дээрх хууль зүйн үндэслэл болон үйл баримтуудаар нэхэмжлэгч “Т**************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий захиргааны акт болох Улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 0******* дугаартай Шийтгэлийн хуудас нь хууль зөрчөөгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг огт хөндөөгүй болох нь нотлогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.11, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.8, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, нэхэмжлэгч “Т**************” ХХК-ийн “Улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 0******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Т**************” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай журмаар шийдвэрлэсэн бол 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ