Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/81

 

                                       *******т холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Ганбаатар /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2022 оны дугаар сарын -ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн дугаартай, 149/2022/01/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* Эрдэнэбилэг, Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 19******* оны дугаар сарын -ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, ахын хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:**************/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн *******гийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд өлөнтөд байрлах Дөт нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд гээгдүүлсэн хохирогч *******гийн эзэмшлийн Самсунг А-12 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 380000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг гар утасны хамт гээгдүүлсэн хохирогч *******гийн худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дээрх гээгдүүлсэн *******гийн гар утасны мобайл банкыг ашиглаж 440000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар *******ийг 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар *******т оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор  Н.Ганбаатар 2022 оны сарын 19-ний өдрийн дугаартай эсэргүүцэлдээ:

... Шийтгэх тогтоолыг 2022 оны дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг хугацаанд зөвхөн санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлыг арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэсэн боловч, Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн /уг хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл/ тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар тусгасан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх заалтанд заасан уг албадлагын арга хэмжээний улмаас үүсэх үр дагаврын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт огт дурдаагүй шийдвэрлэсЭн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалт хуульчлагдсан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд... “ гэж бичсэн нь утга, найруулгын хувьд алдаатай, ойлгомжгүй бичигджээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн зөрчилд хамаарч байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “......Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж..” гэж,

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 /6.8, 6.9/ дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг анхааруулсугай” гэсэн агуулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт тус тус оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2            дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн нас, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан зохих ял шийтгэлийг оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.  

2.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй, прокуророос ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх ба хэргийн оролцогчдын зүгээс шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

3.Харин шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр прокурор эсэргүүцэл бичсэн бөгөөд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Прокурор эсэргүүцэлдээ “...шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хуулийн зохицуулалтыг утга, найруулгын хувьд алдаатай, ойлгомжгүй бичсэн, шүүхээс шүүгдэгчид албадлагын арга хэмжээ авсан атлаа албадлагын арга хэмжээний улмаас үүсэх үр дагаврын талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй” гэжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байхыг шаарддаг, хуулийн шаардлагыг  шүүх хангах үүрэгтэй.

            Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд  хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж байгаа хугацаагаа заахаар зохицуулсан атал шүүх шууд хугацаа зааж тэнсэж байгаа нь шүүх шийдвэр хуулийн шаардлага хангаагүй,  

Мөн шүүгдэгчид албадлагын арга хэмжээ авсан бол Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь заалтад заасан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болон уг албадлагын арга хэмжээг биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт зайлшгүй тусгах зохицуулалтыг хэрэглээгүй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт, 6  дахь заалтад тус тус өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны дугаар сарын -ны өдрийн 2022/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоосугай.” гэж,

6 дахь заалтыг:

“6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй  болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн  бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор  Н.Ганбаатарын 2022 оны сарын 19-ний өдрийн дугаартай эсэргүүцлийг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН