| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00211/и |
| Дугаар | 308/ШШ2025/00167 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 308/ШШ2025/00167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг, Аюуш гудамж, 1112 тоотод оршин суух, Т.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Сайхандулаан сум 1 дүгээр баг, Улааншороот гэх газарт оршин суух, У.А холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Н,
Хариуцагч Т.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Т.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
-Бид 2015 онд танилцан, 2016 оны 06 дугаар сарын 09 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.
-2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин Б төрсөн.
-Бид хоёр удаа маргалдсан хамгийн сүүлд маргалдаад...учир түүнээс хойш хамт амьдраагүй.
-Охиноо нэг настай байхад нь салцгаасан. Түүнээс хойш өгсөн мөнгө эд зүйлийг тооцвол нэг сая төгрөг л болох байх. Төрсөн цагаас нь охиноо би өөрөө болгож яваа. Тус дэм байхгүйд нь гомдолтой байна.
-Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй би хамтран амьдрагчтай болж хүүхэд төрүүлсэн тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү. У.А-ыг өвчтэй зовлонтой гэдгийг мэдээд өдийг хүргэсэн. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар гаргуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч Т.А-д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоохыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Талууд: Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс: гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-3/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх-5/, ЕБС-ийн тодорхойлолт /хх-4/,Багийн ажлын албаны тодорхойлолт/хх-6/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл /хх-8/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-2/,
Хариуцагчаас: тайлбар /хх-18/, мэдрэлийн эмчийн үзлэг /хх-19/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-20/, иргэний үнэмлэх, Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр /хх-21/, нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хх-22-23/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын лавлагаа /хх-24/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Н нь хариуцагч Т.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Гэрлэгчид 2015 онд танилцан, 2016 оны 06 дугаар сарын 09 өдөр гэрлэлтээ бүртгүүлж 4428000003 дугаартай гэрчилгээ олгож, хууль ёсны гэр бүл болсон байна.
Гэр бүл байх хугацаанд 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин А.Б-төрсөн болох нь хэрэгт цугларсан тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн“Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”–ээр талуудын хооронд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэн ирүүлжээ.
Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласан, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А.Б-г эх Т.Н-ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А.Б-г 11 нас хүртэл нь түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг У.А-оор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрх ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдъя.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т.Н, У.А-д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин А.Б-г эх Т.Н-н асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А.Б-г 11 нас хүртэл нь түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар,
40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл нь түүний амьдарч буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг У.А-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг эхийн хэн аль нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.
5.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Б-д даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар баримтлан нэхэмжлэгч Т.Н-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.А-с 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ