Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 308/ШШ2025/00174

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Дорноговь аймаг, Хатанбулаг сум 5 дугаар баг, 5 дугаар хороо, Агаруут гудамж, 8-802 тоотод оршин суух Х.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Сүмбэр айма,г Шивээговь сум, 2 дугаар баг, 6 дугаар байр 3-43 тоотод  оршин суух, Ө.М-д холбогдох

 

         Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:  

Нэхэмжлэгч: Х.

Хариуцагч: Ө.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Л нар оролцов.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ө.М-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.  

Нэхэмжлэгч Х.О   нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

-Бид 2023 оноос хамтран амьдарсан, 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин О.С-г төрүүлсэн.

-2024 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа.

-Охин маань миний асрамжинд байгаа.

-Бид цаашдаа гэр бүл болон амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн эцэг тогтоож,тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.М шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Надад маргаад байх зүйлгүй, миний хүүхэд мөн гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/,  төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/,Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх-7/, Засаг даргын ажлын албаны тодорхойлолт /хх-5/,улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Иргэний үнэмлэхийн хуулбар/хх-6/

Хариуцагчаас: Тайлбар /хх-15/-ыг шүүхэд өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ө.М холбогдуулан хүүхдийн  тэтгэлэг  тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 Нэхэмжлэгч Х.Охариуцагч Ө.Мнар 2023 оноос хамтран амьдарсан, 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин О.С төрсөн, 2024 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа гэх, охин О.С нь эхийн асрамжинд байгаа нь хэрэгт цугларсан тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагч Ө.М нь охин О.Сг өөрийн хүүхэд мөн хүүхдийн тэтгэлэг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1 дэх хэсэгт зааснаар   2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин О.С-г түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл нь сар бүр,

 Мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл нь түүний амьдарч буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ө.М-р  тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхтэй ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар баримтлан нэхэмжлэгч  Х.О-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.М-с 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин О.С-н эцэг Ө.М мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1 дэх хэсэгт  зааснаар   2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин О.Сйг түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл нь сар бүр,

 Гэр бүлийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл нь түүний амьдарч буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ө.М-р  тэжээн тэтгүүлсүгэй.

3.2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин О.С нь эх Х.О-гийн  асрамжинд байгаа болохыг дурьдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг эхийн хэн аль нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар баримтлан нэхэмжлэгч  Х.О-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.М-с 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.НАРАНЦЭЦЭГ