Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 308/ШШ2025/00175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо,50 мянгат гудамж 18 дугаар байрны 32 тоотод оршин суух, Г.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Сакура төвийн 2 давхар 207 тоотод оршин байрлах, “И” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 288,022,500 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.С /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лнар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“И” ХХК-иас хоёр орон сууц авахаар болж тохиролцон 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдөр 39 тоот дугаартай гэрээний байрны үнэ 88,536,000 төгрөг, 40 дугаартай гэрээний дагуу 103,479,000 төгрөг буюу нийт 192,015,000 төгрөгийг анх гэрээ байгуулсан өдөр төлсөн.

1.2.Харин миний батерт тооцож өгсөн автомашины зах зээлийн үнэ 280,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө байсан ба А.Тамир уг автомашиныг 260,000,000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой,А.Т зарж борлуулсан байсан.

1.2.Анх гэрээ байгуулахдаа алданги тооцохоор гэрээ байгуулсан ба тухайн гэрээний дагуу 2023 оны 1 дүгээр улиралд байр ашиглалтад орж орон сууцыг хүлээлгэж өгөхөөр байсан. Би энэ хугацаанаас хойш гэрээний дагуу алдангийг тооцсон. Өөрөөр хэлбэл 39 тоот гэрээнд бол алданги 44,268,000 төгрөг, 40 тоот гэрээний алданги 155,218,500 төгрөг болсон. Би нөгөө талын тавьсан гэрээний графикийн дагуу явсан. Гэрээнд хоногийн ашиглалтад ороогүй хугацаанаас гэрээний үүрэг нь хэрвээ зөрчигдвөл зөрчсөн тал хоногийн 0,1 хувийн алданги төлнө гэж заасан учраас дээрх алданги болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 288,022,500 төгрөгийг нэхэмжилж байгаа.

1.3.Ер нь бол миний хувьд Дорноговь аймагт хамаатны хүндээ машинаа зарах сонирхолтой байсан. Бид хоёрын хувьд машин зарах урьдчилгаа мөнгөн дээр тохироогүй байсан.

Тэр үед мөн тухайн үед Улаанбаатар хотод байхдаа Т гэх залуутай утсаар холбогдсон байсан. Тэгэхэд Тамир нь ахаа би байшин барьж байгаа та ирээд машинаа үзүүлээч гэсэн. Үүний ч дагуу би ирж байшинг нь үзсэн. Миний хувьд урьд нь байшин барилга барьж байсан хүний хувьд Тамирыг миний машиныг зараад мөнгийг нь хэрэглээд энэ байшингаа цааш нь үргэлжлүүлэх гэж байгаа юм байна гэдгийг бол ойлгосон.

Тэгээд залуу хүнийх нь хувьд дэмжье гэж бодсон. Хоёрдугаарт миний ажил хөдөө байдаг учраас ажлын шаардлагаар муу машин унах боломжгүй. Өөрөөр хэлбэл машинаа тоноглодог байсан учраас сайн машин байсан. Тэгээд бид уулзаж машинаа үзэж хараад Тамир надад 2 байр байгаа хоёулаа үнэ ханшийг нь тохиролцъё гэсэн.

Тухайн үед Тамир байшингаа бусад хүмүүст худалдаалахдаа мкв 1,200,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгөөр захиалга авсан юм шиг байсан. Гэхдээ би залуу хүний хувьд, машинаа өгч байгаагийн хувьд мкв 1,700,000 төгрөгөөр тохиролцъё гэж хэлээд тохиролцсон. “...би хамаатны хүндээ урьдчилгаа өгөөд зарах боломжтой байсан.

2. Хариуцагч тал нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл тайлбараа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр үед өмгөөлөгч аваагүй, нарийн зүйл мэдэхгүй байх үедээ хариу тайлбараа гаргасан байдаг. Одоо бол өөрөө биечлэн шүүх хуралдаанд оролцож буюу хууль зүйн туслалцаа авч байгаагийн хувьд энэ үнийн дүн хэт өндрөөр үнэлэгдсэн, нийцээгүй байна гэдэг байр суурьтай байгаа гэжээ.

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв алданги тооцох байсан бол Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж байгаа. Тэгэхээр би 85 хувьтай гүйцэтгэсэн барилгад гүйцэтгээгүй 15 хувьд яагаад алданги тооцож болохгүй байгаа юм бэ. Ковид цар тахал гарсан байх үед манай барилгын ажил эхлээд захиалагч нартай гэрээ байгуулж явсан. “... ажлын хөлс болон бусад зардлууд нэмэгдэнэ гэж тооцоолоогүйгээр байрны мкв үнийг гаргаж байрнуудад захиалга авсан барилгын материалын үнэ өссөнөөс болж ажил гүйцэтгэх компани барилгыг ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдалд орсон. “...Монголын барилгачдын холбоо”...барилгад оролцох нийт 84 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ анх тооцоолсон үнээс дараа жил гэхэд 1,5-2,5 хүртэлх хэмжээгээр нэмэгдсэн гэдэг тодорхойлолт гаргасан.”...Худалдаа аж үйлдвэрийн танхим...давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөл байдал бий болсон гэж тодорхойлолт гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт  хэрэв ажил гүйцэтгэгч талын буруутай шалтгаан бус хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон бол алдангийг тооцохгүй гэж заасан. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн машиныг өгөөд 2 байр худалдаж авах гэрээ хийсэн байдаг. Дээрх гэрээг байгуулсан хариуцагч компанийн захирлын хувьд үнийн дүнгийн судалгаа хийлгүйгээр машиныг унах гэж нэхэмжлэгчээс аваад тэгээд унах явцад эвдрэлтэй буюу хэвийн хэмжээнд ашиглах боломжгүй байсан учраас цааш нь Ц-д зарсан... машины үнэ 140,000,000 төгрөгийн үнэтэй буюу 2 өрөө байрыг авах хэмжээнд хүрэхээргүй. Хэрэв нэхэмжлэгч тал энэ гэрээг цуцалъя энэ 2 өрөө байрыг авахгүй гэдэг шаардлага гаргавал бид нар 140,000,000 төгрөгийн машиныг буцаагаад өгөхөд татгалзахгүй буюу 140,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэгч Г.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/,Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-4/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5-6/, Итгэмжлэл  /хх-7/, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 39 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-8-13/,  2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-8-13/, нэхэмжлэгчийн хүсэлт /хх-57/, /, Г.Э батерт өгсөн автомашины зураг /хх-60/, Худалдах худалдан авах гэрээ /63-64/, тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмлөгчөөр /хх-66-72/, нэхэмжлэгчийн хүсэлт /хх-74,99,106, 122/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас: Итгэмжлэл /хх-23/,хариу тайлбар/хх-27/,УБ-ын гэрчилгээ ИХХК-ны/хх-34-36/, Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/316 дугаартай захирамж /хх-37/, Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/323 дугаартай захирамж /хх-38-39/ Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/336 дугаартай захирамж /хх-40/, Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/349 дугаартай захирамж /хх-41/, Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/469 дугаартай захирамж/хх-42/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-43/, хариуцагчийн хүсэлт /хх-48-49, 76, 82-83/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхээс: “А” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ДГА:1001890 дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-77-80/, гэрч Т.Ц-гийн мэдүүлэг /хх-118-120/, гэрч Б.О-н мэдүүлэг /хх-131-133/, гэрч Ц.Б-н мэдүүлэг /хх-134-137/ зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр бүрдүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

-2023 оны 6 дугаар сарын 19-ны өдөр 39 тоот дугаартай гэрээний байрны үнэ 88,536,000 төгрөг, 40 дугаартай гэрээний дагуу 103,479,000 төгрөг буюу нийт 192,015,000 төгрөгийг анх гэрээ байгуулсан өдөр төлсөн.

-Батерт тооцож өгсөн мерсседэс бенз жи-350 маркийн автомашины зах зээлийн үнэ 280,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө байсан ба А.Т уг автомашиныг 260,000,000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой,А.Тзарж борлуулсан байсан.

-Гэрээний дагуу 2023 оны 1 дүгээр улиралд байр ашиглалтад орж орон сууцыг хүлээлгэж өгөхөөр байсан. Би энэ хугацаанаас хойш гэрээний дагуу алдангийг тооцсон. Өөрөөр хэлбэл 39 тоот гэрээнд бол алданги 44,268,000 төгрөг, 40 тоот гэрээний алданги 155,218,500 төгрөг болсон. Би нөгөө талын тавьсан гэрээний графикийн дагуу явсан. Гэрээнд хоногийн ашиглалтад ороогүй хугацаанаас гэрээний үүрэг нь хэрвээ зөрчигдвөл зөрчсөн тал хоногийн 0,1 хувийн алданги төлнө гэж заасан учраас дээрх алданги болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 288,022,500 төгрөгийг нэхэмжилж байгаа.

-Авто машины доголдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С,түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гээд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

- Алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв алданги тооцох байсан бол Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж байгаа. Тэгэхээр би 85 хувьтай гүйцэтгэсэн барилгад гүйцэтгээгүй 15 хувьд яагаад алданги тооцож болохгүй байгаа юм бэ, би үүнийг ойлгохгүй байна гэв.

- Тухайн орон сууц захиалах гэрээ бол Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу явагдсан ба хүнд  нөхцөл байдал бий болсон байсан. Ковид цар тахал гарсан байх үед манай барилгын ажил эхлээд захиалагч нартай гэрээ байгуулж явсан. “... ажлын хөлс болон бусад зардлууд нэмэгдэнэ гэж тооцоолоогүйгээр байрны мкв үнийг гаргаж байрнуудад захиалга авсан барилгын материалын үнэ өссөнөөс болж ажил гүйцэтгэх компани барилгыг ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдалд орсон. “...Монголын барилгачдын холбоо”...барилгад оролцох нийт 84 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ анх тооцоолсон үнээс дараа жил гэхэд 1,5-2,5 хүртэлх хэмжээгээр нэмэгдсэн гэдэг тодорхойлолт гаргасан.”...Худалдаа аж үйлдвэрийн танхим...давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөл байдал бий болсон гэж тодорхойлолт гаргасан.

Энэ нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт  хэрэв ажил гүйцэтгэгч талын буруутай шалтгаан бус хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон бол алдангийг тооцохгүй гэж заасан. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн машиныг өгөөд 2 байр худалдаж авах гэрээ хийсэн байдаг. Дээрх гэрээг байгуулсан хариуцагч компанийн захирлын хувьд үнийн дүнгийн судалгаа хийлгүйгээр машиныг унах гэж нэхэмжлэгчээс аваад тэгээд унах явцад эвдрэлтэй буюу хэвийн хэмжээнд ашиглах боломжгүй байсан учраас цааш нь Цд зарсан... машины үнэ 140,000,000 төгрөгийн үнэтэй буюу 2 өрөө байрыг авах хэмжээнд хүрэхээргүй.Хэрэв нэхэмжлэгч тал энэ гэрээг цуцалъя энэ 2 өрөө байрыг авахгүй гэдэг шаардлага гаргавал бид нар 140,000,000 төгрөгийн машиныг буцаагаад өгөхөд татгалзахгүй буюу 140,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна...гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь орон сууц захиалан бариулах гэрээ хийж 39, 40 дугаартай гэрээгээр хоёр өрөө бүхий хоёр орон сууц худалдан авахаар, гэрээний үнэд Мерсседэс бенз жи-350 маркийн автомашиныг бартердахаар тохиролцсон. Орон сууцны ашиглалтад орох хугацааг 2023 оны 3 дугаар улирал гэжээ.

Нэхэмжлэгч тал: “...бартерт тооцож өгсөн Мерсседэс бенз жи-350 маркийн автомашины зах зээлийн үнэ 280,000,000 төгрөгийн үнэтэй,

Гэрээний дагуу 2023 оны 1 дүгээр улиралд байр ашиглалтад орж орон сууцыг хүлээлгэж өгөхөөр байсан.”... гэрээний дагуу алдангийг тооцсон ба 39 тоот гэрээгээр алданги 44,268,000 төгрөг, 40 тоот гэрээгээр алданги нь 155,218,500 төгрөг болсон. Би гэрээний үүрэг нь хэрвээ зөрчигдвөл зөрчсөн тал хоногийн 0,1 хувийн алданги төлнө гэж заасан учраас дээрх алданги болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 288,022,500 төгрөгийг нэхэмжилнэ гэж,

Хариуцагч тал:”...бартерт тооцож өгсөн Мерсседэс бенз жи-350 маркийн автомашины зах зээлийн үнэ 280,000,000 төгрөгийн үнэтэй нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий өндөр,доголдолтой эд хөрөнгө байсан,шинжээчийн дүгнэлтээр 140,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Алданги төлөхгүй харин нь  140,000,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх,захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан, хууль зөрчөөгүй гэрээ байх ба талууд гэрээг цуцалсан, түүнээс учрах хохирлыг захиалагч тал шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Э, .“И” ХХК-ны захирал А.Т нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдөр 39 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээгээр “40-Апартмент” орон сууцны 5 давхрын 508 тоот бүхий 52,08 мкв 2 өрөө орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх /хх8-12-р тал/, орон сууцны нийт үнэ 88,536,000 төгрөг, 2023 оны 3 дугаар улиралд Гэрээний 2.4-т захиалагч орон сууцны нийт үнийн дүнд 2015 оны Мерсседэс бенз жи-350 маркийн автомашин оролцуулан 100% төлбөр төлсөн.

Мөн өдрийн 40 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээгээр “40-Апартмент” орон сууцны 4 давхрын 401 тоот бүхий 60,87 мкв 2 өрөө орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх,/хх14-18-р тал/,орон сууцны нийт үнэ 103,479,000 төгрөг,

Гэрээний 2.4-т захиалагч орон сууцны нийт үнийн дүнд 2015 оны Мерсседэс бенз жи-350 маркийн автомашин оролцуулан 100% төлбөр төлсөн гэжээ.

Талуудын хооронд хийсэн дээрх 39,40 дугаартай гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Барилга буюу захиалгат орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй байсан ба түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд ашиглалтад ороогүй байгаа нь ажил гүйцэтгэгч талыг гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэлтэй .

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”,

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж,учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Автомашины техникийн үнэлгээний тайлангаар 2015 оны Мерсседэс бенз жи-350 маркийн автомашины үнэлгээ /хх-77-79-р тал/ 140,000,000 төгрөг гэж гарсан боловч энэ нь нэхэмжлэгч Г.Э, .“И” ХХК-ны захирал А.Тнарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хийсэн орон сууц захиалан бариулах гэрээний үеийн үнэ ханш биш байх ба талуудын хооронд хийсэн гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн тул хариуцагч талаас гаргасан авто машин доголдолтой,зах зээлийн үнэ ханшаас хэтэрхий өндөр гэсэн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6,232.8 дахь хэсэгт тус тус зааснаар “И” ХХК-аас  237,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд  олгосугай.

Нэхэмжлэгч тал: ”...гэрээний дагуу алдангийг тооцсон ба 39 тоот гэрээгээр алданги 44,268,000 төгрөг, 40 тоот гэрээгээр алданги нь 155,218,500 төгрөг болсон. Би гэрээний үүрэг нь хэрвээ зөрчигдвөл зөрчсөн тал хоногийн 0,1 хувийн алданги төлнө гэж заасан учраас дээрх алданги болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 288,022,500 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Талууд гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхээр гэрээний 5.10-т Гэрээний 2.1-т заасан хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлнө гэснээр 39 дүгээр гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжилсэн алданги 44,268,000 төгрөг, 40 тоот гэрээгээр алданги нь 155,218,500 төгрөг гэж нэхэмжилнэ гэжээ.

39 дүгээр  гэрээний үнэ 88,536,000 төгрөг, 40 дүгээр гэрээний үнэ 103,479,000 төгрөг нийт 192,033,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн хэдий ч Тээврийн хэрэгсэл худалдаж худалдан авах 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдөр гэрээний үнийг 190,000,000 гэж заажээ. Иймд гэрээний үнийг баттердсан үнийн дүн буюу 190,000,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж дүгнээд 2,033,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан ”Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар нэхэмжилсэн нийт алданги 155,218,000 төгрөгөөс 47,500,000 нэхэмжлэлийн шаардлыг гаргуулж үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь гэрээнд зааснаар үүргээ гүйцэтгэх явцад Ковид цар тахал гарсан байх үед манай барилгын ажил эхлээд захиалагч нартай гэрээ байгуулж явсан. Захиалагч болон ажил гүйцэтгэгч компанийн хэн аль нь барилгын материалын үнэ нэмэгдэнэ. Хүмүүс ажиллуулахад хөлс болон бусад зардлууд нэмэгдэнэ гэж тооцоолоогүйгээр байрны мкв үнийг гаргаж байрнуудад захиалга авсан байдаг. Гэтэл барилгын материалын үнэ өссөнөөс болж ажил гүйцэтгэх компани барилгыг ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдалд орсон. Энэ нь ажил гүйцэтгэгч компанийн өөрийн 100 хувь буруутай үйл ажиллагаанаас болоогүй учраас үүнийгээ тодруулахын тулд мэргэжлийн байгууллага буюу Монголын барилгачдын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо гэдэг байгууллага руу тухайн үед байсан барилгын материалын үнэ буюу энэ барилгыг барихад төсөвлөгдөж байсан 2021 оны төсөв гааль дээрээс орж ирэхдээ ямар байдлаар нэмэгдсэн талаар мэргэжлийн байгууллагаар тодорхойлолт гаргуулахаар холбогдох материалуудыг бүрдүүлсэн.”...барилгад оролцох нийт 84 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ анх тооцоолсон үнээс дараа жил гэхэд 1,5-2,5 хүртэлх хэмжээгээр нэмэгдсэн гэдэг тодорхойлолт гаргасан.Тодорхойлолтыг дараагийн шатны байгууллага болох Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандан дахин тодорхойлолт гаргуулахад тухайн зүйл нь давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөл байдал бий болсон гэж гарсан гэх хариуцагч талын өмгөөлөгчийн тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг харгалзан үзлээ./хх-37-42,83-84-р тал/

 

Нэхэмжлэгч хэдийгээр алданги гэж нэхэмжилсэн байх боловч үүнийг гэрээний үүрэг зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж талууд ойлговол зохино.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Г.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1,598,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-аас 1,345,450  төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6,232.8  дахь хэсэгт тус тус зааснаар “И” ХХК-аас 237,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,522,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1,598,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-аас 1,345,450 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.НАРАНЦЭЦЭГ