| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2232001050115 |
| Дугаар | 2022/ДШМ/82 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганбаатар |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/82
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Н.Ганбаатар /цахим/
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж шийдвэрлэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.Отгонсүхэд холбогдох эрүүгийн 2232001050115 дугаартай, 149/2022/0100/Э индекстэй 1 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Баяраагийн Отгонсүх, Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, **** настай, ***эгтэй, **** боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **** хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Ардчилсан намын хашаан дотор оршин суух хаягтай, урьд нь
-2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дүүргийн анхан шатны шүүхийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 28.800 нэгж буюу 28.800.000 төгрөгөөр торгох ялаар,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МБ88081513/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.Отгонсүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Отгонсүхийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонсүхийг 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хориглох" хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Отгонсүх нь торгох ялыг 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулан,
Энэ хэрэгт Б.Отгонсүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Отгонсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №05 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:
...Шийтгэх тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Отгонсүхэд торгох ял оногдуулж, торгуулийг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна... гэж тодорхойлох хэсэгт дурдсан атлаа, тогтоох хэсгийн 3 дахь заалтаар торгуулийг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох тогтоох хэсэгт хийсэн дүгнэлт, шийдвэр зөрүүтэй болжээ.
Мөн Б.Отгонсүхэд холбогдох хэргийг прокуророос ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг баримтлахдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.1” ... гэж хамааралгүй хуулийн зүйл заалт бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан... шүүх...”хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” байна.
2.Шүүгдэгчид оногдуулсан торгох ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан хязгаарлалтыг “6 /зургаа/ сарын хугацаагаар” тогтоож шийдвэрлэхдээ тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор хуульчилсны дагуу шүүхийн практикт энэ үндэслэлээр хорихоос өөр төрлийн ял дээр нэмж албадлагын арга хэмжээг оногдуулж байгаа боловч, үүнээс үүдэх үр дагаврыг шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд практикт хүндрэл учирч байна.
Тухайлбал: Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд үндсэн ялыг /торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх/ биелүүлэхийн зэрэгцээ, тогтоосон хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол /согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 06 сарын хугацаагаар хориглох/ хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрт прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай” гэж зааж өгсөн нь шүүхээс тогтоосон торгуулийн /үндсэн/ ялыг 4 сарын хугацаанд төлж дуусахад, нэмж оногдуулсан хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ хугацаа үргэлжилж, түүнийг зөрчсөн тохиолдолд дахин үндсэн ял оногдуулах болж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан нөхцөл байдалд хүрч байгааг анхаарч үзэн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.3-д зааснаар нэмж оногдуулсан хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээний хугацаа болох 06 /зургаа/ сарын хугацааг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох /үндсэн ял/ ялын төлөх хугацаатай адил тогтоож шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.
Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолд агуулгын болон хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Отгонсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр хохирогч Г.Энхбаатарын нүүрэн тус газарт мөргөж, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Энхбаатарын /хх-ийн 11-13/, гэрч Б.Өлзийсайханы /хх-ийн 16-17/, Б.Батхүлэгийн /хх-ийн 19/, Б.Ариунзул /хх-ийн 21/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б.Отгонсүхийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Отгонсүхэд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон атлаа түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан “06 сарын хугацаагаар согтууруулах ундаа мансуурах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан шаардлагыг хангахгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхүйц байдлыг бий болгож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж, 4-д “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж тус тус заасан.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж хуулинд заасан боловч зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсөн, торгох ял оногдуулсан нөхцөлд дээрх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохимжгүй, түүнийг биелүүлэхэд бэрхшээлтэй болох бөгөөд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүгдэгч, ялтан зөрчсөн нөхцөлд авах хөшүүрэг арга хэмжээ байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмууд алдагдах, шүүхийн шийдвэр үнэгүйдэх сөрөг талтай юм.
Иймд дээрх хуулийн заалтыг шууд үгчилж ойлгохгүйгээр албадлагын арга хэмжээг хэрэглэх тохиолдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1-д “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан хорих ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж тайлбарлан ойлгож, цаашид албадлагын арга хэмжээг зөвхөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулсан тохиолдолд нэмж хэрэглэвэл зохино.
Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, шүүгдэгчид авсан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонсүхийг 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Отгонсүх нь торгох ялыг 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №05 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ