Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Сд холбогдох 1706 00475 0287 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт  оны  дугаар сарын   -ний өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, хүү, зээ хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, Жамсран уулын өвөр  дугаар гудамжны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, С.С

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.С нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 656 тоот гэрт нь иргэн Д.Должинсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С өгсөн: “… гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Должинсүрэнгийн өгсөн: “... Солонго нилээн согтоод дахин нэмж нэг шил архи авна гээд байхаар нь би яах юм бэ гэж болиулахад над руу Солонго уурлаад чи яагаад байгаа юм бэ? гээд миний үснээс зулгаагаад газар унагаагаад, Оюунтуул хамгаалах гээд миний дээрээс хэвтсэн, тэгтэл Солонго толгой руу цүнхээр цохиод, дахин сандалаар миний толгой руу цохисон. Нэргүй, Пунцаг хоёр салгаад миний толгойноос цус гараад байхаар нь Оюунтуул миний толгой дээр ус хийж өгч би цусаа угаасан. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Нэргүйн өгсөн: “... би бие засахаар гадагшаа гараад буцаад орж иртэл Должинсүрэн, Солонго нар хоорондоо зодолдчихсон байдалтай зууралдсан, Должинсүрэнгийн толгойноос цус гарчихсан, Солонго гартаа үнсний сав барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 8930 дугаартай дүгнэлтэд:

“1. Л.Должинсүрэнгийн биед тархи доргилт, духны зүүн дээд хэсэгт шарх, цус хуралт, баруун зулайн урд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Л.Должинсүрэнгийн биед учирсан тархи доргилт, духны зүүн дээд хэсэгт шарх, цус хуралт, баруун зулайн урд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь бусдын хүчний үйлчлэлээр өөрөө юм мөргөж унах, юманд цохигдох үед үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.16/,

С.С иргэний үнэмлэх, ял шийтгэгдсэн эсэх лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх.18-20/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Оюунтуулын өгсөн: “... Солонго буцаж орж ирээд надаас 500 төгрөг авсан... Солонго, Должинсүрэн нар барьцалдаад, үсдэлцээд зодолдсон... Солонго гартаа үнсний сав бариад Должинсүрэнгийн толгойн тус газарт 2-3 удаа цохиод авсан. Тэгээд арай гэж салгаад харахад Должинсүрэнгийн толгойноос цус гарч байсан ...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Мөрдөн байцаалтад С.С яллагдагчаар өгсөн: “... буцаад гэрт нь ортол Должинсүрэн намайг янхан, банзал, гичий гээд доромжлоод нөхөртэйгөө хардаад агсарч эхэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Должинсүрэнгийн үснээс нь зулгааж аваад гарт баригдсан үнсний саваар толгой руу нь цохьчихсон юм... уураа барьж чадалгүй үнсний саваар цохьчихсон... Должинсүрэн, Нэргүй нар адилхан ууцгаасан учраас халамцуу, согтуу байсан байх...” гэх мэдүүлэг /хх.33-34/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.С нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 656 тоот гэрт нь иргэн Д.Должинсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Должинсүрэнгийн өгсөн: “... тэгтэл Солонго толгой руу цүнхээр цохиод, дахин сандалаар миний толгой руу цохисон...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Нэргүйн өгсөн: “... Должинсүрэн, Солонго нар хоорондоо зодолдчихсон байдалтай зууралдсан, Должинсүрэнгийн толгойноос цус гарчихсан, Солонго гартаа үнсний сав барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 8930 дугаартай дүгнэлт /хх.16/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Оюунтуулын өгсөн: “... Солонго, Должинсүрэн нар барьцалдаад, үсдэлцээд зодолдсон... Солонго гартаа үнсний сав бариад Должинсүрэнгийн толгойн тус газарт 2-3 удаа цохиод авсан. Тэгээд арай гэж салгаад харахад Должинсүрэнгийн толгойноос цус гарч байсан ...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Мөрдөн байцаалтад С.С яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь миний уур хүрээд Должинсүрэнгийн үснээс нь зулгааж аваад гарт баригдсан үнсний саваар толгой руу нь цохьчихсон юм...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

Шүүгдэгч С.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус   оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар С.С гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд С.С “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Д.Должинсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.С “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа С.С үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

С.С үйлдсэн гэмт хэрэгт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

С.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.С “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Сд мэдэгдсүгэй.

5. С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Должинсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР