| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2025/0106/З |
| Дугаар | 128/ШШ2025/0099 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2025/0099
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******ийн дүгнэлттэй Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******т холбогдох захиргааны хэргийн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т******* шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтдээ: 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******ийн гаргасан Шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай дүгнэлттэй танилцлаа.
Б.Т******* нь тухайн тарвагыг тээвэрлэж авчраагүй боловч тухайн тарвагыг хот хоорондоо зорчигч тээврийн автобусаар дайвар болгож тээвэрлүүлэхдээ агнуурын амьтны гаралтай түүхий эд, мах гэж мэдэгдээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдэгдэх нөхцөл шалтгаан болсон гэж үзээд өөрийн хүсэлтээр торгууль, шийтгэлийг хариуцах тухай мэдүүлсний дагуу торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэснийг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн Хяналтын прокурор А.Т*******ийн гаргасан дүгнэлтийн дагуу ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******ээс Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******т холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 12 дугаартай дүгнэлт гаргасныг хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэе.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******ээс Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******т холбогдуулан гаргасан : 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ: Д.ЧАНЦАЛНЯМ