Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Бд холбогдох 1706 02960 0279 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар  сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн удирдаач, зохиолч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь эхийн 6 дугаар гудамжны 236 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Э.Б

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Б нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хас” худалдааны төвийн гадна талд байрлуулсан иргэн Ц.Балжиннямын эзэмшлийн 04-02 ӨВА дугаартай, Приус-10 маркийн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Бын шүүгдэгч өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Балжиннямын “... 2017 оны 10 дугаар сарын 26-ны 20-21 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас захын үүдэнд өөрийн эзэмшлийн 04-02 ӨВА улсын дугаартай Тоёота приус-10 маркийн машинаа байрлуулан орхиод дотогш орж гурил болон ойр зуурын эд зүйл аваад ойролцоогоор 5 минут болоод гараад иртэл машин хөдөлсөн. Тэгээд араас нь хөөгөөд гүйцээгүй... камерыг нь шүүхэд нэг согтуу нөхөр миний машинд суугаад хөдөлж чадахгүй замын ховил руу нэг ороод хойшоогоо ухраад урагш угзраад яваад өгсөн... миний машинаас өөр ямар нэг эд зүйл алдагдаагүй. Би машины эвдрэлийн хохирлын мөнгө 380.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.16-17, 34/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Одбаярын өгсөн: “... Би тухайн өдөр өөрийн нөхөр Батжаргалын хамтаар караокед орж үйлчлүүлсэн юм. Бид хоёр 19:00 цагийн орчимд ороод 1 цагаас хэтрэлгүй дуулж сууж байгаад би түрүүлж гарч гэртээ очиж хүүхдээ хөхүүлчихээд буцаад очиход Батжаргал алга болсон байсан. Тэр өдрийн шөнө нь Батжаргал нь гэртээ ирж хоноогүй... Батжаргал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Эд зүйл түр хураан авч буцаан өгсөн тэмдэглэл /хх.7-8/,

Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх.11/,

Э.Бын оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, ял шийтгэлтэй эсэх лавлагаа /хх.23/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх.44-45/,

Мөрдөн байцаалтад Э.Бын яллагдагчаар өгсөн: “... яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Нэлээн согтсон байсан. Тэр машиныг өөрийнхөө машин гэж бодоод аваад явчихсан байна лээ. Надад өөр ямар нэгэн зорилго байгаагүй. 500 граммын 1 шил архи, 2 пивыг ганцаараа уусан байсан. Балжиннямд учруулсан хохиролыг төлнө” гэх мэдүүлэг /хх.41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Б нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хас” худалдааны төвийн гадна талд байрлуулсан иргэн Ц.Балжиннямын эзэмшлийн 04-02 ӨВА дугаартай, Приус-10 маркийн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Балжиннямын “... камерыг нь шүүхэд нэг согтуу нөхөр миний машинд суугаад хөдөлж чадахгүй замын ховил руу нэг ороод хойшоогоо ухраад урагш угзраад яваад өгсөн... миний машинаас өөр ямар нэг эд зүйл алдагдаагүй. Би машины эвдрэлийн хохирлын мөнгө 380.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.16-17, 34/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Одбаярын өгсөн: “... Батжаргал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Эд зүйл түр хураан авч буцаан өгсөн тэмдэглэл /хх.7-8/,

Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх.11/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх.44-45/,

Мөрдөн байцаалтад Э.Бын яллагдагчаар өгсөн: “... Нэлээн согтсон байсан. Тэр машиныг өөрийнхөө машин гэж бодоод аваад явчихсан байна лээ. Надад өөр ямар нэгэн зорилго байгаагүй. 500 граммын 1 шил архи, 2 пивыг ганцаараа уусан байсан. Балжиннямд учруулсан хохиролыг төлнө” гэх мэдүүлэг /хх.41/,

Шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт Э.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Э.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж  хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Э.Быг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршигт хохирогч Ц.Балжиннямын нэхэмжилсэн 380.000 төгрөгийг шүүгдэгч Э.Баас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Б нь “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.Бд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Э.Бд оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Э.Быг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Э.Бд оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Бд мэдэгдсүгэй.

4. Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Баас 380.000 /гурван зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Балжиннямд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР