Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө.Б-д холбогдох эрүүгийн 1820000480024 тоот хэргийг 2018 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Архангай аймгийн Батцэнгэл сумын Д багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Б овогт Ө.Б    

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 02 сарын 26-ны шөнө 22-23 цагийн хооронд Хилийн цэргийн 0108 дугаар ангийн Хилийн заставын хариуцсан хэсэг болох Хилийн дугаар тэмдэгтээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 03 сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Авга хошуунд М болон Л гэх Өвөрмонгол хүмүүсийн малыг маллахаар болж өдрийн 80 юанаар ажлын хөлс авахаар тохирч очсон. БНХАУ-д очоод тэр хүмүүсийн малыг маллаж байхад эгч Ө.Б-н хүүхэд өөд болсон гэдгийг мэдсэн. Тэгээд БНХАУ-ын Эрээн хотод очоод С гэдэг Өвөрмонгол хүнд өөрийн гадаад паспортыг өдрийн 50 юанаар барьцаалж 2000 юаныг түүнээс бэлнээр зээлж аваад Б эгч рүү Эрээнээс хүнээр мөнгөө дамжуулан өгсөн. Тэгээд 2017 оны 12 сарын 25-нд штамбаа даруулах өдөр болоод Эрээнд С гэх Өвөрмонгол дээр очоод 1000 юань өгөөд гар утсаа үлдээгээд гадаад паспортаа аваад БНХАУ-аас гарч Монгол улсад орж ирэн штамбаа даруулчихаад буцаад БНХАУ-д ороод С-д гадаад паспортаа буцааж өгөөд мал малладаг айл руугаа явсан. Тэгээд 2018 оны 01 сарын 25-нд штамб даруулах өдөр болоод С дээр очоод 2000 юань өгөөд паспортаа аваад штамбаа даруулаад буцаж орж ирээд паспортаа өгье гэсэн чинь “өмнөх сар дээр тэгэж гарсан одоо тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. С надад “чи 2000 юань дээрээ нэмээд ажлынхаа нэг сарын цалинг өгөөд гар утас гадаад паспортаа ав” гэж хэлсэн. Миний сарын цалин 2500 юань байдаг. Тэр үед мөнгийг нь өгч чадалгүй буцаад мал малладаг айлруугаа явсан. Тэгээд 2018 оны 02 сарын 25-ны өдөр мал малладаг айлаас гарч Эрээн рүү автобусанд сууж яваад тэр өдрийнхөө  шөнө нь Эрээнд ирээд мал малладаг айлын эзэн Л гэдэг өвөрмонголынд очиж хоол унд идээд хоносон. Маргааш нь буюу 2018 оны 02 сарын 26-ны өглөө босоод хоол цай уучихаад зээл рүү явсан чинь М-тай таарсан. Тэгээд М-т гадаад паспортаа мөнгөний барьцаанд тавиад авч чадахгүй байгаа талаараа ярьсан чинь машинд суучих гэж хэлсэн. Тэгээд М-тай хамт явж байгаад Эрээнээс жаахан зайтай газар байдаг Динозаврын музейн зүг яваад музейн ойролцоо очсон чинь 3 овоо байсан. Тэрний урд зогсоод машинаас бууцгаасан. Тэгсэн чинь Мөнхбаатар “энэ хонхорыг дагаад гүйчих, гүйсээр байхад урд чинь 2 тор гарч ирнэ тэрний цаана Монгол байгаа” гэж хэлээд Мөнхбаатар машиндаа суугаад буцаад явсан. Тухайн үед гадаа нартай байсан, цаг хэд болж байсныг мэдээгүй. Тэгээд би орой болохыг хүлээж 3 овооны ойролцоо кабелын нүхэнд хэвтээд унтчихсан. Сэрсэн чинь гадаа харахуй болсон байхаар нь М-н хэлснээр хонхорын зүг гүйгээд урд таарсан 4 торыг даваад гүйж байсан чинь машины гэрэл гараад ирсэн. Тэгээд би машины гэрлээс нуугдаад бутны араар орж нуугдсан чинь машины гэрэл намайг чиглэн, миний байсан газар ирээд намайг бариад авсан гэжээ. /хх-ийн 51-52/

- Шүүгдэгч Ө.Б шүүхийн шатанд өгсөн тайлбартаа: Өвөрмонгол хүний малыг маллахаар болсон. Хятадад байх хугацаанд манай эгчийн хүүхэд өөд болоод гадаад паспортоо хүнд барьцаанд тавьж эгчдээ мөнгө явуулсан. Тэгээд паспортаа авч чадахгүй болсон. Мал маллуулж байсан хүмүүс миний цалинг заримдаа өгөөд, заримдаа өгдөггүй байсан. Тэгээд би гэртээ харьмаар санагдаад М гэх Өвөрмонгол эзнийхээ хэлсэн замаар Монгол руу явсан. 4 тор даваад явж байтал машины гэрэл гараад намайг барьж авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

- Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2018 оны 02 сарын 26-27-ны өдөр хүртэлх Хилийн 0108 дугаар ангид тенхикээр хянах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр би 21-23 цагийн хооронд хяналтанд сууж байсан чинь 22 цаг 28 минутанд дугаар тэмдэгтийн 2 дугаар заагын торон дээр хүн торноос гараад гүйж буй дүрс харагдсан. Тэгээд дахин нягталж харсан чинь хүн явж байсан. Тэгээд шуурхай жижүүр хошууч Н.Л-т мэдэгдсэн. Тэгээд ангийн шуурхай бүлэг гарч хяналтын үзэгдсэн хүнийг байгаа газраас нь олж саатуулсан гэжээ. /хх-ийн 34/        

-Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2018 оны 02 сарын 26-наас 27-ны хооронд Хилийн 0108 дугаар ангид шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 22 цаг 30 минутын техникээр хянах манааны ахлагч С камер дээр гадаадаас дотоод рүү хүн гүйж байна гэж надад мэдэгдсэний  дагуу Анги, Хилийн застав, Шалган хамгаалалтын заставаас шаардлагатай бүлгүүдийг томилон үүрэг гүйцэтгүүлсэн. Би болон ахлагч С бид нар хил зөрчигчийг байнгын хяналтанд байлгаж хил зөрчигчийн явж буй чигийг шуурхай бүлэгт мэдэгдэж, замыг чиглүүлж тус иргэнийг саатуулсан гэжээ. /хх-ийн 35-36/

-Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 02 сарын 26-ны өдөр ажлын байрандаа үүрэг гүйцэтгэж дуусаад, гэртээ амарч байсан. Тухайн өдрийн 22 цаг өнгөрч байхад ангийн шуурхай жижүүр Б.Л хошууч надруу залгаад “хил хамгаалалтын 2 дугаар заагаас 3 дугаар зааг руу нэг хүн гүйж байна”  гэж мэдээлэлсэний дагуу  ангийн шуурхай бүлгийг гаргуулан хил зөрчигчийн явж буй газар орон руу явсан. Тухайн иргэнийг 1-2 дугаар заагын дунд саатуулсан. Монгол улсын иргэн байсан, эрэгтэй хүн байсан гэжээ. /хх-ийн 40/

-Зөрчлийн хэрэг /хх-ийн 1-13/

-Шүүгдэгч Ө.Б-н улсын хил нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 22-23/

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-30/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай  /хх-ийн 31/

-Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт: 1.Ө.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно. 2.Ө.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. /хх-ийн 43-44/

-Иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 55/

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлт /хх-ийн 58/

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын 5/01 дугаартай тогтоол /хх-ийн 59/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 63/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 02 сарын 26-ны шөнө 22-23 цагийн хооронд Хилийн цэргийн 0108 дугаар ангийн Хилийн заставын харицсан хэсэг болох Хилийн дугаар тэмдэгтээр хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.С-н “2018 оны 02 сарын 26-27-ны өдөр хүртэлх Хилийн 0108 дугаар ангид тенхикээр хянах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр би 21-23 цагийн хооронд хяналтанд сууж байсан чинь 22 цаг 28 минутанд 817 дугаар тэмдэгтийн 2 дугаар заагын торон дээр хүн торноос гараад гүйж буй дүрс харагдсан. Тэгээд дахин нягталж харсан чинь хүн явж байсан.” гэх мэдүүлэг, гэрч М.Д-н “Тухайн өдрийн 22 цаг өнгөрч байхад ангийн шуурхай жижүүр Б.Л хошууч надруу залгаад “хил хамгаалалтын 2 дугаар заагаас 3 дугаар зааг руу нэг хүн гүйж байна”  гэж мэдээлэлсэний дагуу  ангийн шуурхай бүлгийг гаргуулан хил зөрчигчийн явж буй газар орон руу явсан. Тухайн иргэнийг 1-2 дугаар заагын дунд саатуулсан. Монгол улсын иргэн байсан, эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг болон зөрчлийн хэрэг /хх-ийн 1-13/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-30/ зэргээр гэм буруутай болох нь тогтоогдсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ө.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг DVD-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Э.Б