| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/04658/И |
| Дугаар | 191/ШШ2025/01418 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/01418
| 2025 02 14 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** дугаар хороо, **** дугаар хороолол, ****а байр, **** тоот хаягт оршин суух, Ц овогт Ц-ийн Д /РД:ДР********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **** дүгээр хороо, ***** гудамж 31, Далай тауэр, ***** давхарт оршин байрлах, М.к ХХК /РД:******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт төлсөн 116,611,488 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Билгүүн нар оролцож, нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнасан нь хариуцагч М.к ХХК-д холбогдуулан 116,611,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага:
1.Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт төлсөн 102,832,000 төгрөг гаргуулах,
2.Гэрээний алдангид 13,779,488 төгрөг гаргуулах,
Нэхэмжлэлийн үндэслэл: Ц.Д миний бие М.к ХХК-тай 2022.10.18-ны өдөр №ПЗ-Д-01/26-189 дугаар Орон сууц захилан бариулах гэрээ-г байгуулсан билээ.
Тус гэрээгээр гүйцэтгэгч М.к ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт П*****с А****т-3 хотхоны Д блок, **** дүгээр орц, *** дугаар давхар, **** тоот хаягт 64.27 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Ц.Д нь гэрээгээр тохирсон төлбөрийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
Үүний дагуу захиалагч би Орон сууц захилан бариулах гэрээ-ний 2.2-т заасны дагуу орон сууцны төлбөрт 2022.02.21-ний өдөр 64,304,000 төгрөг, 2022.10.18-ны өдөр 38,528,000 төгрөг нийт 102,832,000 төгрөгийг Голомт банкан дахь гүйцэтгэгчийн эзэмшлийн ************* тоот төгрөгийн дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн захиалагчийн үүргээ тогтоосон хугацаанд бүрэн биелүүлсэн.
Гэтэл гүйцэтгэгчийн зүгээс гэрээний 3.1-т Гэрээний ерөнхий хугацаа 2022.10.18-ны өдрөөс 2023.12.30-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж, мөн 3.2-т Гүйцэтгэгч тал нь ...орон сууцны барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна гэж тус тус заасныг ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ үл ухамсардаж, орон сууцны барилгыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулалгүй, захиалагч намайг эдийн засаг, цаг хугацаа, сэтгэл санааны хувьд маш ихээр хохироосоор байгаад туйлын ихээр гомдолтой байна.
Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиалагч нь гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй байх бөгөөд миний захиалсан орон сууцны барилга нь 2023 онд бүү хэл 2024 онд ч багтан ашиглалтад орох боломжгүй, ямар нэгэн үр дүн гаргахгүй болох нь илт тодорхой байна.
Ийм ч учраас миний бие гэрээний 6.2.1, 6.2.3-т тус тус заасны дагуу гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, энэ тухайгаа гүйцэтгэгчийн гэрээнд заасан буюу одоогийн оршин байгаа газрын хаягаар нь шуудангаар хүргүүлж, бичгээр мэдэгдсэн. Гүйцэтгэгчийн зүгээс уг шуудангаар хүргүүлсэн гэрээ цуцлах тухай албан бичгийг гардаж авсан мөртөө хариу өгөхгүй, төлбөр мөнгийг шилжүүлэхгүй байсаар байна.
Иймээс гүйцэтгэгч нь захиалагч миний гэрээний дагуу төлсөн 102,832,000 төгрөг, гэрээний 2.2.4-т заасны дагуу 268 хоног /2024.01.01-ний өдрөөс 2024.08.30-ны өдрийг дуустал/-т ногдох алданги /хоног тутамд 51,416 төгрөг/ 13,779,488 төгрөг, нийт 116,611,488 төгрөгийг надад буцаан гаргаж өгөх үүрэгтэй болж байна.
Хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 180 хоногийн дараагаас алданги тооцож эхлэх заалт нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11.2, 12.9-д зааснаар мөн Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөлд тавигдах шаардлагыг хангаагүй, хууль бус заалт юм. Тиймээс энэ заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх тул бидний алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гүйцэтгэгч М.к ХХК-иас 116,611,488 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.к ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тухайд: Нэхэмжлэгч Ц.Д нь М.к ХХК-тай Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу гэрээг харилцан тохиролцож 2022.10.18-ны өдрийн ******** дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан.
Нэхэмжлэгч Ц.Д нь нэхэмжлэлийн үндэслэлдээ 2024.01.01-ний өдрөөс 2024.08.30-ны өдөр хүртэл өдрийн 0.05 хувийн алданги /54,416/ төгрөг ба нийт 268 хоногийн алданги 13,779,488 төгрөгийн алданги болно хэмээн шаардсан байна.
Гэтэл Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 3.1-т Орон сууц захиалан бариулах гэрээний Ерөнхий хугацаа 2023.12.31-ний өдөр хүртэл үргэлжилнэ хэмээн заасан ба дээрх гэрээний 5.9 дахь хэсэгт Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн гэрээний 2.2.4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алданги тооцно хэмээн тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч Ц.Д нь 268 хоногийн буюу 13,779,488 төгрөгийн алданги шаардах эрхгүй байна.
Учир нь 2024.01.01-2024.08.30 буюу нэхэмжлэл гаргах хүртэл нийт 245 өдөр байх ба үүнээс талуудын байгуулсан гэрээний 5.9-т заасан 180 хоног мөн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 өдрүүд нийт 6 өдөр,
4.1.3-т Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-3 өдөр,
4.1.5-д Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 08-1 өдөр,
4.1.6-д Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 01-1 өдөр,
4.1.10-т Бурхан багшийн Их дүйчин өдөр: Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-1 өдөр гэж тус тус зааснаар бүх нийтээр амрах амралтын 12 өдөр таарч байгаа бөгөөд хүлээлгийн 180 хоногоо тооцохоор нийт 192 хоногийг хасахаар үлдсэн нь 53 өдөр байна. Үүнийг нийт үнийн дүнгийн 0.05 хувиар бодохоор нэг өдрийн 51,416 төгрөг байх ба үүнийг 53 хоногт бодохоор 2,725,048 төгрөгийн алданги байна. Иймд нэхэмжлэгч Ц.Д нь алданги шаардахдаа алдаатай буюу үндэслэлгүй шаардсан байна. Мөн талуудын 2022.10.18-ны өдрийн ************** дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчингүй болгож өгнө үү.
Иймд дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 13,779,488 төгрөгөөс 11,054,440 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: нэхэмжлэл /Хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамжид 741,007 төгрөг төлсөн баримт /Хх-3-4/, Ч.Батнасанд олгосон итгэмжлэл /Хх-5/, Ц.Д, М.к ХХК нарын 2022.10.18-ны өдөр байгуулсан **************дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хуулбар /Хх-6-8/, нэхэмжлэх /Хх-9/, Худалдаа хөгжлийн банкны мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа /Хх-10-12/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх-38-40/, нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсан хүсэлт /Хх-47/ зэрэг баримтуудыг өгсөн.
Хариуцагч тал нотлох баримтаар: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх-25/, Б.О-д олгосон итгэмжлэл /Хх-23-24/, хариу тайлбар /Хх-35-36/-ыг өгсөн болно.
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй. Харин шүүгчийн 2024.10.21-ний өдрийн 181/ШЗ2024/20221 дугаартай захирамжаар хариуцагч компани болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг шүүхэд цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж, нэхэмжлэлийн шаардлага гардуулсан болно.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ц.Д нь М.к ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд байрыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, удаа дараа шаардлага тавьсан боловч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн тул орон сууцны төлбөр болох 102,832,000 төгрөг, мөн тухайн гэрээнд заасан алдангид 13,779,488 төгрөг, нийт 116,611,488 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч М.к ХХК нь дараах байдлаар татгалзсан. Үүнд: Нэхэмжлэгч нь 268 хоногт алданги тооцож, нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд нийт 53 хоногийн адлданги шаардах эрхтэй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Талууд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ********** дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн *****-р хороонд байрлах П-с а-т-3 орон сууцны хотхоны Д блок, ***-р орцны *** давхар, **** тоот 64.27 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч талаас 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж, худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 1 мкв-ын үнийг 1,600,000 төгрөгөөр тооцож, нийт 102,832,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцож тус гэрээг байгуулжээ.
4.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 38,528,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 64,304,000 төгрөг нийт 102,832,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар тогтоогдож байна.
4.3.Мөн талууд 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Д-г нийт 102,832,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан, төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэж тэмдэглэжээ. Эдгээр баримтаар нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг хариуцагч М.к ХХК-д бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
6.Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээгээр талуудын хүлээсэн үүргийн дагуу хариуцагч М.к ХХК нь тухайн орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж, ашиглалтанд оруулан нэхэмжлэгч Ц.Д-д хүлээлгэн өгөх үүрэгтэй бол нөгөө талаас нэхэмжлэгч Ц.Д гэрээнд заасан үнийг хариуцагч талд төлөх үүрэгтэй байжээ.
7.Хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн тайлбараас харахад нэхэмжлэгч Ц.Д нь талуудын байгуулсан гэрээний 2.2-т зааснаар 116,611,488 төгрөгийг төлж, орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэгч Ц.Д-г гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
8.Орон сууц захиалан бариулах гэрээгээр тухайн орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулна гэж талууд харилцан тохиролцсон байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд ашиглалтанд ороогүй байсан болох нь тогтоогдсон. Иймээс хариуцагч М.к ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах асуудлыг зохицуулсан. Хуулийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулжээ. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, мөн хариуцагч тал барилгыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Ц.Д нь дээрх зохицуулалтын хүрээнд хариуцагч байгууллагатай байгуулсан ******* дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нээс татгалзах эрхтэй байна.
10.Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу шилжүүлэн авсан 102,832,000 төгрөгийг буцааж, нэхэмжлэгч Ц.Д-д төлөх үүрэгтэй байна.
11.Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн 2.2.4-т Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги захиалагч төлнө. гэж заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдрийг дуустал нийт 268 хоног, хоног тутамд 51,416 төгрөгөөр тооцож, нийт алдангид 13,779,488 төгрөг нэхэмжилсэн.
12.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 102,832,000 төгрөгөөс 0,05 хувийн алданги бодоход хоног тутам 54,416 төгрөг гэж нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.
13.Талууд гэрээний 5.9-д Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн гэрээний 2.2.4 дэх хэсэгт зааснаар алданги тооцно гэж заасан заалтыг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан.
14.Иргэний хуулийн 202 дугаар зүйлд стандарт нөхцөл хууль бус байх талаар зохицуулж, хуулийн 202.2.12-т үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан заалт нь хууль бус стандарт нөхцөл байхаар зохицуулжээ. Хариуцагч М.к ХХК нь барилгыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд оруулж, нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар гаргах нэхэмжлэгчийн шаардлагыг хязгаарласан нь хуулийн дээрх нөхцөлд хамаарч байх тул талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 5.9-д Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн гэрээний 2.2.4 дэх хэсэгт зааснаар алданги тооцно гэсэн энэ заалт нь хууль бус зохицуулалт болжээ. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул талуудын байгуулсан гэрээний энэ заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
15.Иймээс нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцыг ашиглалтанд оруулах байсан хугацаа болох 2023 оны 4 дүгээр улирлаас хойш 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл алданги шаардах эрхтэй байна.
16.Эдгээр хугацааг тооцоход 241 хоног байх бөгөөд 241*54,416 төгрөгөөр тооцоход нийт 12,391,256 төгрөгийн алдангийн тооцоо гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,388,232 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
17.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.к ХХК-иас 115,223,256 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Д-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 781,882 /741,007+40,875/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.к ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 741,007 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Д-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ