Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Т.М

Улсын яллагч  Э.Т

Шүүгдэгч Г.Б, Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Г.Б, Ж овогт Д.Д нарт холбогдох эрүүгийн 1820000370021 тоот хэргийг 2018 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой,  бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхэдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 21-р хороо тоотод оршин суух,  Ж овогт Д.Д,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмийн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух,  3 удаа ял шийтгэгдэж байсан. 2007 оны 11 сарын 27-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил, 3 сарын хорих ялаар, 2014 оны 02 сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 350 цагийн албадан ажил хийх ялаар, 2016 оны 06 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар зүйлчилж, Г.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, Л овогт Г.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Д нь иргэн Г.Б-тай 2018 оны 02 сарын 06-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын өртөөний авто зогсоол дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Д.Д нь Г.Б-н нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь иргэн Д.Д-тэй 2018 оны 02 сарын 06-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын өртөөний авто зогсоол дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Г.Б нь Д.Д-н зүүн гарлуу отверкаар хатган бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 02 дугаар сарын 06-ний өглөө 10 цагийн үед авто зогсоол дээр найздаа хот хүн олж өгөх санаатай явж байсан чинь зүс танидаг Д-тэй таарсан. Эрээнээс орж ирсэн хар өнгийн жип машиныг авто зогсоол дээр зогсоход би түрүүлж очоод Эрээнээс орж ирсэн 5 хүнийг хот явах уу гэсэн чинь явна гэсэн. Д ирээд би энэ хүмүүсийг авч явна гэснээс болоод хоёулаа маргалдсан. Би тухайн үед Д-д “миний ярьж байсан хүнийг яах гээд байгаа юм бэ? би найздаа өгч явуулах гэсэн юмаа” гэсэн чинь миний өөдөөс “би бас хүн авмаар байна чи ер нь юу юм бэ? гөлөг минь” гэхээр нь би уурлаад “өөрөө хэн бэ?” гээд машины араар тойроод очтол Д миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь “хоёулаа олон хүнтэй газар муудаад яахав хүнгүй газарт очиж учраа ольё машинд суучих” гэхэд “битгий хуц гөлөг минь би яахаараа чиний машинд суудаг юм бэ” гээд бид хоёр бие биенийхээ хувцаснаас зууралдаж авсан. Д миний куртикны захаар намайг бооход боолт орж би ухаан алдаж унах гээд байсан болохоор тавь гэхэд тавихгүй байсан. Би тэгээд куртикны баруун талын гадна кармаанд байсан шар өнгийн отверкийг гаргаж ирээд Д-н зүүн талын гарын гадна талд нь 2 удаа хатгасан тэгээд бид хоёр салцгаасан. Ийм л зүйл болсон. Би Д-д боолгуулаад боолт ороод ухаан алдаж унах гээд байсан болохоор гарыг нь тавиулах гэтэл хувцасаар минь боочихоод тавихгүй байхаар нь отверкаа гаргаж ирээд зүүн талын гарынх нь ар дээр 2 удаа хатгасан. Ухаан алдах гээд байсан болохоор гарыг нь тавиулах гэж л гар луу нь отверкаар хатгасан түүнээс биш өөр ямар нэгэн санаа зорилго надад байгаагүй. Найздаа хот явах хүн олж өгөх санаатай явж байгаад л хоорондоо муудалцаж зодолдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн зөв гэжээ. /хх-ийн 44-46/

-Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 02 сарын 06-ны өглөө 10 цагийн үед орчим Замын-Үүд сумын авто зогсоол дээр хот явах хүн авах гээд зогсож байтал Эрээнээс орж ирж байгаа хар өнгийн жип машиныг талбай дээр зогсоход нь би очиж машины зүүн урд талын хаалгыг нээгээд “хот явах хүн байна уу” гэхэд Б бас жолоочийн баруун талын урд хаалгыг онгойлгож “хот явах хүн байна уу” гэж асуухад зорчигчдоос нэг хүн нь “5 хүн байна хэдээр явдаг юм бэ?” гэхэд Б өөдөөс нь “60,000 төгрөгөөр явна” гэсэн. Нөгөө хүн нь “50,000 төгрөгөөр явах унаа байна уу” гэхээр нь би “явна” гэсэн чинь Б “чи миний авч явах хүнийг авлаа” гээд над руу дайраад миний хувцаснаас зуурахад би зөрүүлээд Б-н хувцаснаас зуурсан чинь намайг “чи миний машинд суучих хүнгүй газар очоод чамайг алаад өгье” гээд машиныхаа баруун талын хойд хаалгыг онгойлгож намайг оруулах гэж түлхэхээр нь би зууралдаад машинд нь орж суугаагүй. Б дахиад намайг “хоёулаа 00-н тийшээ явж уулзъя” гээд хувцаснаас татаад намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан чинь Б кармаанаасаа шар өнгийн отверк гаргаж ирээд миний зүүн гар 2 удаа хатгахад миний гарнаас цус гарсан ба цусаа тогтоох гэж машин дээр очоод нойтон салфетик авч цусаа арчиж цэвэрлээд Б-с салаад цагдаа дээр очиж өргөдөл өгөөд эмнэлэг орж зүүн гарын сарвууны арын хэсэгт 2 оёдол тавиулсан. Ийм л асуудал болсон. Одоо миний биед ямар нэгэн зовиур байхгүй байна. Хот руу явах хүн авахаас болоод л хоорондоо муудалцаж зодолдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ. /хх-ийн 52-54/

-Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед би зүс танидаг Д ахтай авто зогсоол дээр таарсан. Манай найз Э намайг хот явах хүн олоод өгөөрэй гээд өөрөө гэр лүүгээ амарна гээд яваад өгсөн. Эрээнээс машинтай орж ирсэн 5 хүнийг авах гээд би Д ахтай хүн авахаас болоод маргалдсан. 1 машин ирээд авто зогсоол дээр зогсоход би түрүүлж очиж уулзаад Д ахад миний ярьж байсан хүнийг яахын бэ? би найздаа өгөөд явуулчихъя гэхэд миний өөдөөс би бас хүн авмаар байна чи ер нь юу юм бэ? гөлөг минь гэхээр нь би тэр үед уур хөдлөөд чи өөрөө хэн юм бэ? гээд машины араар тойроод очсон чинь Д ах миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь би тухайн үед хоёулаа олон хүнтэй газар муудалцаад яахав  хүнгүй газар очиж учираа ольё машинд суучих гэж хэлэхэд Д ах битгий хуц гөлөг минь би яахаараа чиний машинд суудаг юм бэ гэж хэлсэнээс болоод бид хоёр бие биенийхээ хувцаснаас заамдалцаж зууралдаж авсан. Д ах миний куртикны захаар намайг бооход тухайн үед боолт нь ороод би ухаан алдаж унах гээд байсан учир та тавь гэж хэлэхэд тавихгүй байхаар нь куртикныхаа баруун талын гадна кармаанд хийчихсэн байсан шар өнгийн отверкийг гаргаж ирээд Д ахын зүүн талын гарын гадна талд нь 2 удаа хатгасан тэгээд л бид хоёр салцгаасан. Ийм л зүйл болсон. Би Д ахаар боолгуулаад боолт нь ороод ухаан алдаж унах гээд байсан болохоор гарыг нь тавиулах гэтэл тавихгүй үгэнд орохгүй байхаар нь отверкаа гаргаж ирээд зүүн талын гарынх нь ар дээр 2 удаа хатгасан нь үнэн. Түүнээс биш өөр надад ямар нэгэн санаа зорилго огт байгаагүй санаандгүй ийм зүйл болчихлоо гэжээ. /хх-ийн 24-28/

-Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө би 10 цагийн орчимд ЗамынҮүдийн сумын авто зогсоол дээр хот руу явах Эрээн хотоос ирсэн машиныг тосч хүн авах санаатай асуухад тухайн үед Б гэдэг зүс танидаг залуу жолоочийн урд талын эсрэг хаалгаар хот явах хүн байна уу гэж асуухад машин дотор байсан хүмүүсийн нэг нь надаас 5 хүн байна хэдээр явах юм бэ? гэхэд Б 60,000 төгрөгөөр явна гэж хэлсэн. Тэр хүмүүс 50,000 төгрөгөөр явах унаа байна уу гэхээр нь би явъя гэж хэлэхэд Б над дээр ирээд чи миний авах хүнийг авлаа гэж над руу дайраад миний хувцаснаас зуурахад би ч бас Б-н хувцаснаас зуурсан. Б тухайн үед чи миний машинд суучих хүнгүй газар очоод чамайг алаад өгье гээд машиныхаа баруун талын хойд хаалгыг онгойлгож намайг оруулах гэхээр нь би зууралдаад ороогүй. Б дахиад намайг хоёулаа 00-н тийшээ явж уулзъя гээд миний хувцаснаас татахаар нь би яваагүй. Тэр үед авто зогсоол дээр би Б-н нүүр лүү 1 удаа цохиод бид хоёр бие биенийхээ хувцаснаас заамдалцаад зогсож байхад кармаанаасаа шар өнгийн отверк гаргаж ирээд миний зүүн гарын ар талд 2 удаа хатгахад миний гарнаас цус гарсан. Би цусаа тогтоох гэж өөрийнхөө машин дээр очоод нойтон салфетик авч цусаа арчихад цус тогтохгүй байсан. Б дахиж миний машин дээр ирээд чи машиндаа суучих хоёулаа гадагшаа гарч хоёулаа уулзъя чи бууны нохой миний машиныг хотод цагдаад матаж бариулсан биз дээ гээд над руу дайраад байсан. Би тэгээд Б-с салаад цагдаад хандаж өргөдөл өгөөд эмнэлэг очиж зүүн гарын сарвууны арын хэсэгт 2 оёдол тавиулсан. Ийм л асуудал болсон. Миний хувьд Б-с нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй бид хоёр учраа олж эвлэрсэн гэжээ. /хх-ийн 29-33/

-Гэрч Я.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 02 сарын 05-ны өглөө 05 цагийн орчим би Замын-Үүдээс Эрээн хот руу гарах гэж өөрийн эзэмшлийн 63-44 ДГO улсын дугаартай хар өнгийн “DD-200” жип маркийн машинтай гарч Эрээн хотод хоносон. 2018 оны 02 сарын 06-ны өглөө 08 цагийн орчим Эрээн хотоос хот руу явах 5 зорчигч аваад Замын-Үүд суманд 11 цагийн орчим орж ирээд вокзалын хүн авдаг авто зогсоол дээр орж ирэхэд зүс танидаг Б гэдэг залуу надаас хот явах хүн байна уу гэхээр нь би ямар машинтай хот руу явах юм бэ гэж асуухад алферт маркийн машинтай явна наана зогс гэж хэлэхэд нь би машинтайгаа зогссон. Тэр үед би машиныхаа зүүн урд талын цонхыг онгойлгоход Б зорчигч нартай явах үнээ ярилцаж байсан. Тэр үед Д гэдэг зүс танидаг залуу миний баруун талын урд хаалгыг онгойлгоход нь би энэ хүн авна гээд ярьчихсан юмаа гэж би хэлсэн. Тэгсэн чинь Б хүмүүстэйгээ ярилцаад 60,000 төгрөгөөр явна гэж байсан. Зорчигч нар тухайн үед жижиг машин хот руу 60,000 төгрөгөөр явдаг, том машин 50,000 төгрөгөөр явдаг гэж хэлсэн. Б тухайн үед ярихдаа ачаа ихтэй байна 55,000 төгрөгөөр явъя гэж байсан. Д хажуунаас нь орж ирээд 50,000 төгрөгөөр явъя гэж хэлсэн. Б Д-г чи дуугай байж бай би энэ хүмүүстэй ярьж байна гэж хэлж байсан. Д өөдөөс нь наад хүмүүс чинь 55,000 төгрөгөөр явахгүй гээд байгаа юм биш үү би 50,000 төгрөгөөр наад 5 хүнийг чинь авъя гэж хэлж байсан. Миний машинд сууж явсан танихгүй эмэгтэй зорчигч хэлэхдээ наад хоёр машинд чинь суухгүй болъё өөрсдөө машинаа олъё урагшлаад зогсчих гэхээр нь хот руу явдаг машины харалдаа зогсож байсанаа би машинтайгаа хөдлөөд Эрээн хот руу хүн авч явдаг зогсоол руу ойртож зогсоод арын багажаа онгойлгож хүний ачааг хүлээлгэж өгөөд тооцоогоо хийж дуусаад дахиад Эрээн хот руу явах 3 хятад хүн аваад машиныхаа ард байсан хайрцагтай жимсээ буулгаж хүмүүст нь өгсөн. Би тэр үед машиндаа суухаасаа өмнө буюу “Морс” худалдааны төвийн үүднээс хөдлөх гэж байхад Б, Д хоёр Эрээн хот руу явдаг машины дэргэд хоёулаа зогсож байсан ба Б-н хацраас нь цус гарчихсан байсаныг би харсан. Д хажууд зогсож байсан. Би Эрээн хот руу гарах гээд удалгүй хөдлөөд явчихсан түүнээс хойш ямар асуудал болсоныг мэдэхгүй байна. Өөр надад мэдэх зүйл алга. Ийм л асуудал болсон гэжээ. /хх-ийн 34-36/

-Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Г.Б нь төлөв даруу зантай тамхи татдаг. Архи уудаггүй. Хүнтэй тэр болгон муудаад байдаггүй. Дуу дуулах сонирхолтой. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй гэжээ. /хх-ийн 37-38/

-Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Д.Д-тэй 2013 онд танилцаж түүнээс хойш ойр дотно найзууд болсон. Шударга зарчимч зантай өөрийнхөө санаснаар зөрүүд зантай. Тамхи татдаггүй. Архийг баяр ёслолын үед тохируулаад хэрэглэдэг. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчтэй эсэхийг би мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 39-40/

-2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/044 дугаартай дүгнэлтэнд: 1. Д.Д-н биед зүүн гарын ар талд шархнууд, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтүүдийн зүүн гарын ар талд шархнууд гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдийн зүүн гарын ар талын шархнууд гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын нуруу хэсгийн зулгаралт гэмтэл “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.  Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 12/

-2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/045 дугаартай дүгнэлтэнд: 1. Г.Б-н биед тархи доргилт, нүүр, чихний омог хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт , нүүр, чихний омог хэсэгт зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17/

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23/

-Нийслэлийн Баянгол дүүргийн 21-р хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч Д.Д-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч Г.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч нарын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-63/

- Шийтгэх тогтоолын хуулгууд /хх-ийн 66-67, 70-76, 77-81/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 86-87/

- Хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт гаргасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 90/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

Шүүгдэгч Д.Д, Г.Б нар нь 2018 оны 02 сарын 06-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын өртөөний авто зогсоол дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Д.Д нь Г.Б-н нүүрэн тус газар нь цохиж бие махбодид тархи доргилт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Г.Б нь Д.Д-н зүүн гарлуу отверкаар хатган бие махбодид зүүн гарын ар талд шарх бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Б-н “...Д ахад миний ярьж байсан хүнийг яахын бэ? би найздаа өгөөд явуулчихъя гэхэд миний өөдөөс би бас хун авмаар байна чи ер нь юу юм бэ? гөлөг минь гэхээр нь би тэр үед уур хөдлөөд чи өөрөө хэн юм бэ? гээд машины араар тойроод очсон чинь Д ах миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь би тухайн үед хоёулаа олон хүнтэй газар муудалцаад яахав нь хүнгүй газар очиж учираа ольё машинд суучих гэж хэлэхэд Д ах битгий хуц гөлөг минь би яахаараа чиний машинд суудаг юм бэ гэж хэлсэнээс болоод бид хоёр бие биенийхээ хувцаснаас заамдалцаж зууралдаж авсан” гэх мэдүүлэг, хохирогч Д.Д-н “...Тэр үед авто зогсоол дээр би Б-н нүүр лүү 1 удаа цохиод бид хоёр бие биенийхээ хувцаснаас заамдалцаад зогсож байхад кармаанаасаа шар өнгийн отверк гаргаж ирээд миний зүүн гарын ар талд 2 удаа хатгахад миний гарнаас цус гарсан. Би цусаа тогтоох гэж өөрийнхөө машин дээр очоод нойтон салфетик авч цусаа арчихад цус тогтохгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Я.Н-н “...Б зорчигч нартай явах үнээ ярилцаж байсан. Тэр үед Д гэдэг зүс танидаг залуу миний баруун талын урд хаалгыг онгойлгоход нь би энэ хүн авна гээд ярьчихсан юмаа гэж би хэлсэн. Тэгсэн чинь Б хүмүүстэйгээ ярилцаад 60,000 төгрөгөөр явна гэж байсан. Зорчигч нар тухайн үед жижиг машин хот руу 60,000 төгрөгөөр явдаг, том машин 50,000 төгрөгөөр явдаг гэж хэлсэн. Б тухайн үед ярихдаа ачаа ихтэй байна 55,000 төгрөгөөр явъя гэж байсан. Д хажуунаас нь орж ирээд 50,000 төгрөгөөр явъя гэж хэлсэн. Б Д-г чи дуугай байж бай би энэ хүмүүстэй ярьж байна гэж хэлж байсан. Д өөдөөс нь наад хүмүүс чинь 55,000 төгрөгөөр явахгүй гээд байгаа юм биш үү би 50,000 төгрөгөөр наад 5 хүнийг чинь авъя гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/044, 04/045 дугаартай дүгнэлт /хх-ийн 12, 17/, бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.Б, Д.Д нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Д нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар  учирсан хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болно.  

Шүүгдэгч Г.Б, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан отверкийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Г.Б, Ж овогт Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Д нарт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шар өнгийн отверкийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлжсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Э.Б