| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00052/И |
| Дугаар | 311/ШШ2025/00159 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 311/ШШ2025/00159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, нарийн бичгийн дарга П.Янжмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..., гэрч ..., ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн ... сумын ...-р баг ..., .... хэсэг ... тоотод оршин суух ... овогт ... нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “
Би 1980 оны 06 сарын 10-ны өдрөөс 1982 оны 06 сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн ... сумын .... нэгдэлд ... бригад суурийн ахлагч малчин М. ... туслах малчнаар ажиллаж байгаад,
1982 оны 06 сарын 15-ны өдөр ... армийн ... дугаар ангид ... аймгийн ... суманд хугацаат цэргийн албанд татагдаж, улмаар ... аймгийн ... суманд алба хааж байхдаа шинэ цэрэг зодож танхайрсан хэргээр Ардын армийн тусгай шүүхийн 1984 оны 11 сарын 23-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, халагдсан.
1988 оны 08 сарын 20-ны өдрөөс Завхан аймгийн ... сумын ... Нэгдлийн барилгын бригадад ажилчнаар орж, 1989 оны 04 сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 1989 оны 04 сарын 29-ний өдрөөс Завхан аймгийн ... сумын ... амьдрал нэгдлийн давсны үйлдвэрт ажилчнаар томилогдон 1991 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл буюу нэгдэл татан буугдах хүртэл ажилласан.
Нэгдэл нь ... сумын ... амьдрал хувьцаат компани болж 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс тус компанийн ажилтнаар ажиллаж байгаад 1994 оны 05 сарын 05-нд чөлөөлөгдсөн. Тус нэгдэл, компанид зун, намар, зарим өвөл, хаварт нь дансан дээр ажиллаад давсны ажилгүй үед нь нэгдэл, компанийн малаа маллан ажиллаж байсан.
Өндөр настны тэтгэвэрт гарах дөхөж тэтгэврийн баримтаа бүрдүүлэх гэсэн боловч 1980 онд анх нэгдэлд орж байсан ажилд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал, цалингийн цэсэнд холбогдох баримт архиваас гарч ирэхгүй байгаа, хөдөлмөрийн дэвтэр олон жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. “гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ”Өндөр настны тэтгэвэрт гарах дөхөж тэтгэврийн баримтаа бүрдүүлэх гэсэн боловч 1980 онд анх нэгдэлд орж байсан ажилд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал, цалингийн цэсэнд холбогдох баримт архиваас гарч ирэхгүй байгаа, хөдөлмөрийн дэвтэр олон жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад мал маллаж байснаа тогтоолгох” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б…. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийг В… утсаар ярьж байгаад нэхэмжлэлийг бичсэн бөгөөд 1980 оноос 1982 оны шаардлагыг буруу ойлгож бичсэн байна лээ. Иймд В… 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25 ны өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн барилгын бригад болон давсан цехэд ажилчнаар 1991 оны 12 дугаар сарын 25-наас 1994 оны 05 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... компанид ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар Завхан аймгийн архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай архивын лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн ... сумын ... хувьцаат компаний захирлын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай тушаал, Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн 1992 оны цалингийн цэс Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаартай тушаал, ... сумын ... нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай тушаал ... сумын ... нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай тушаалыг гаргаж өгч, гэрчээр С...., П...., Ц...., Г...., Б..., Б... нарыг асуулгасан байна. Шүүх санаачилгаараа улсын бүртгэлийн хэлтэс, болон Завхан аймгийн нийгмийн даатгалын газар, Батлан хамгаалахын төв архиваас нотлох баримт гаргуулж авсан байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В... нь 1980 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь ... Завхан аймгийн ... сумаас 1982 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчийн анкетын Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хаана ямар ажил хийж байсан гэсэн хэсэгт “ малчин” гэж тэмдэглэсэн байдал, суурийн ахлагч ... нэр дээр 1980, 1981, 1982 онд хөлс тооцсон тухай тэмдэглэсэн Завхан аймгийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай архивын лавлагаа, гэрч ... “.... Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад аав ээжийн хамт мал маллаж байсан. Би 1984 оны Завхан аймгийн ... суманд ... суралцахаар ирсэн. Намайг сургуульд сурч байхад ... аав ээжийн хамт мал маллаж байсан. ... 8-р анги төгсөөд л аав, ээжтэйгээ мал малласан. Тэгээд цэрэгт явах хүртлээ мал малласан. Би 1984 онд сургуульд төгссөн юм. Би хамт ажиллаагүй. Гэхдээ манай дээд ангид байсан болохоор сургуулиас гараад мал маллаж байсныг нь мэдээд байгаа юм...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Г.... “ Би өөрөө 1978 оноос 1992 он хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. ... сумын сургуулийг 8 дугаар анги төгсөөд аав ээжтэйгээ ... сумын ... нэгдлийн малыг малладаг байсан. Тэгээд 1982 онд цэрэгт явах хүртлээ аав ээжийн хамт нэгдлийн мал маллаж байсан..” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч В... нь 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25 ны өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн барилгын бригад болон давсан цехэд ажилчнаар 1991 оны 12 дугаар сарын 25-наас 1994 оны 05 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... компанид ажилтнаар ажиллаж байсан болох нь 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд ажилтнаар авсан тухай Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай “Халагдсан дайчдыг ажилд томилох тухай тушаалын “ 2. Барилгын бригадад ажилд орсон хүмүүсийг 1988 оны 08 дугаар сарын 20-ноос хийснээр хөлс тооцож байхыг нэгдлийн санхүүд зөвшөөрсүгэй. Хавсрал: .. 6.В...” гэсэн хэсгээр,
Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын “Өвөлжөөний бэлчээрийг хамгаалах постод ... нарыг 1988 оны 10 дугаар сарын 01-нээс түр томилсугай.” гэсэн хэсгээр,
Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай “Давсны ажилчид томилох тухай” тушаалын “Давсны үйлдвэрлэл дээр ажиллаж хүмүүсийг томилсугай. Хавсралт-2 Түр ажилчид, 12...” гэсэн хэсгээр,
Завхан аймгийн ... сумын ... Хувьцаат компаний захирлын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай “ 1. Эхний ээлжинд давс гарган ажилласан...12. В.... нарыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсүгэй.” гэсэн хэсгээр,
1992 оны 10 дугаар сард В... цалин олгосон тухай Завхан аймгийн архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай “ 1992 онд 2868,0 төг 5-7, 10-р сар Хуу № үгүй “ гэсэн архивын лавлагаагаар
гэрч П... “ В... цэрэгт яваад ирснийхээ дараа ... сумын ... нэгдлийн ... бригадад ажиллаж байсан. Бас сүүлд нь нэгдлийн давсны үйлдвэрт ажиллаж нэгдэл татан буугдаад компани болоход ажиллаж байсан... татан буугдах хүртэл ажилласан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч С... “ В... цэргээс ирээд ... нэгдэлд давсчин хийж байгаад нэгдэл татан буугдах хүртэл ажилласан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
В... нь 1980 оны 06 дугаар сарын 10 ны өдрөөс Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд ажиллаж эхэлсэн гэж байгаа боловч тэрээр 1980 оны 08 дугаар сарын 08-нд 16 нас хүрсэн нь түүний иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.
БНМАУ-н Ардын их хурлаас 1973 оны 07 сарын 03 өдөр баталсан Хөдөлмөрийн хуулийн 10 дугаар бүлгийн 163 дугаар зүйлд “Залуучуудын нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах зорилгоор 16 нас хүрсэн хүүхдүүдийг улс ардын аж ахуйн соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө…” гэж БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн 1973 оны 07 сарын 27 өдрийн … дугаартай тогтоолоор батлагдсан “Хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2 дугаар бүлгийн 3 дугаар зүйлд “нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд өөрийн биеэр оролцож, ... нэгдлийн дүрмийн шаардлагыг дагаж биелүүлэхээ хүсэж илэрхийлсэн, 16 нас хүрсэн иргэн.... ХАА-н нэгдлийн гишүүн байж болно” гэж заасан байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрх зүйн актуудаар хөдөлмөр эрхлэх нас 16 нас байсан байна. 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч 16 насанд хүрээгүй байх тул В… нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 08-н хүртэл Завхан аймгийн ... сумын ... малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч В... ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч В... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ... овогт ... 1980 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25 ны өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн барилгын бригад болон давсан цехэд ажилчнаар, 1991 оны 12 дугаар сарын 25-наас 1994 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... компанид ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 06 дугаар сарын 10-наас 1980 оны 08 дугаар сарын 08-н хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч В... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч В... нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ