| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0286/З |
| Дугаар | 128/ШШ2025/0165 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0165
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Э даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” СӨХ,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: “*******-Э*******” ХХ К,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамж хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э, М.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлдээ: “С в*******” хотхоны орон сууцны барилгыг “Б и” ХХК 2016 оноос 2017 оны хооронд барьж ашиглалтад оруулсан байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар /газар дээр 330, 331, 332, 333 байруудад/ 500 орчим өрхийн, 2000 гаруй оршин суугчид тус хотхон амьдарч байна. Гэтэл уг хотхоны орц, гарц, автомашины зогсоол буюу нийтийн эзэмшлийн гудамж талбайд Нийслэлийн Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/ тоот захирамжаар "******* э*******" ХХК-д 5-8 давхар нийтийн орон сууц барих зориулалтаар 480 м.кв газрыг олгосон байна. Энэхүү газар нь нийтийн эзэмшлийн буюу тус хотхоны орц, гарц, автомашины зогсоол бөгөөд уг хотхоныг барьсан “Б и” ХХК-н захирал Ш.Э нь 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 01110-А/1 дугаар бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрыг өөрийн нэр дээр 5-8 давхар орон сууц барих зөвшөөрөл гаргуулан авч, түүнийгээ "******* э*******" ХХК-д худалдсан байна. Улмаар "******* э*******" ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр "...орц гарцын хаалтаа буулгаж газар чөлөөлж өгнө үү..." гэх албан бичгийг газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарын хамт “С” СӨХ-д ирүүлснээр хотхоны орц, гарц, автомашины зогсоол бүхий нийтийн эзэмшлийн талбайд орон сууцны зориулалттай газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж гарсныг оршин суугчид болон “С” СӨХ мэдсэн болно. Дээрх захирамж нь Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Хотын төлөвлөлт, барилгажилтын норм дүрэмд заасан хүн амын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон
нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй.” гэж заасныг зорьсон, Нийтийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн “Хүн, амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоох тухай” 64 дүгээр тогтоол, Барилгажихыг хориглосон бүсүүдэд ******* нутаг дэвсгэр хамаарч байгаа бөгөөд түүнчлэн Барилгын тухай хууль болон холбогдох БНбД, норм, стандарт, галын норм ба дүрэм, мөн нарны ээвэрлэлт, барилга хоорондын зай цэвэр бохир усны шугам сүлжээ, түүнийг хангахтай холбоотой бүхий хуулийн хэм хэмжээг илтэд зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл уг газарт 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгосон захирамж нь анхнаасаа Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчиж, улмаар 330, 331, 332, 333 дугаар байр, Олонлог сургууль, шинээр баригдсан 16-в давхар байруудын дунд 50 метр хүрэхгүй зайнд байршиж байгаа нь орчны болон “С хотхон”-ы орон сууцны барилгын нарны тусгалыг бүрэн халхалж, барилга хоорондын зай, галын норм ба дүрмийг зөрчихийн зэрэгцээ барилгын ажлаа явуулж эхэлмэгц зай талбай нь багтахгүй орчныг бүхэлд нь хашаалж барилгын талбай болгох, мөн урд талаараа явж байгаа төв замын хөдөлгөөнд маш их саад учруулах, цаашилбал барилга баригдаж дууслаа газ гаднаа автомашины зогсоолыг төлөвлөх боломжгүй, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах боломжгүйн зэрэгцээ хороолол дунд барилга барих тохиолдолд хөрш зэргэлдээ байрны оршин суугчдаас санал, зөвшөөрөл авахаар хуульд заасныг зөрчсөн зэргээр хууль тогтоомж, норм стандартад хэрхэвч нийцэхгүй газарт нийтийн орон сууц барих зориулалттай газар эзэмших эрх олгосон нь хууль бус гэж үзэж байна. Анх 4 блок 16-н давхар бүхий тухайн хотхоныг улсын комисс хүлээн авахдаа орц, гарц зогсоолыг бүхэлд нь хуульд нийцүүлэн хүлээн авсан байхад нийтийн эзэмшлийн буюу хотхоны 2000 гаруй оршин суугчдын орц, гарцан дээр барилга барих зориулалттай газар олгосон нь холбогдох хууль журам, норм дүрмийг зөрчсөн, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрч байх ба тухайлбал бид уг орон сууцаа анх худалдан авахдаа хүүхдүүдээ эрүүл агаартай, бүх цонх нь зүүн болон чанх урагшаагаа Богдхан уул руу харсан байрлалтай, орц, гарц, автомашины зогсоол болон ногоон байгууламж, тоглоомын талбай бусад зүйлийг харгалзан худалдан авч байсан боловч одоо хотхоны оршин суугчид орох, гарах гарцгүй, давагдашгүй хүчин зүйлийн /гал, ус, үер гэх мэт бусад/ үед мэргэжлийн байгууллагын машин техник орох боломжгүй болж хууль болон норм стандартуудыг ноцтойгоор зөрчиж, дээрх давуу талууд нь байхгүй болж, өдөрт тусах нарын гэрэл авах боломжгүй, нарны гэрэлтүүлэг, ээвэрлэлтийн талаарх норм стандарт алдагдахад хүрэхийн зэрэгцээ барилга хоорондын зай хэмжээ болон галын норм дүрэм зөрчигдсөнөөр хотхоны 2000 гаруй оршин суугчид, тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх улам ихээр зөрчигдөхөөр байна. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д "барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхолд”, “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол” гэж тус тус заасныг харгалзан үзээгүйгээр, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна”. 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”, 14.2-т "Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна” гэж тус тус заасныг зөрчсөн. Мөн “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбд 31-01-10 ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.1-т “Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт барих орон сууцны барилга хоорондын, орон сууцны барилга олон нийтийн барилга хоорондын, орон сууцны барилга авто машины граж, ил зогсоол хоорондын зайн хэмжээг нормчлоно”, 2.2-т “Зай хэмжээний норм нь барилга барих орчны байгаль цаг уурын нөхцөл түүний барилгад нөлөөлөх хүчин зүйл асуудлууд, иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, орчны ахуйн хортой нөлөөлөл, дулааны энергийн эерэг, сөрөг талууд, болон барилга байгууламжид тусах нарны гэрлийн тусгалын үргэлжлэх хугацаа, барилга хоорондын сүүдэрлэлт, барилга хоорондын орон зайн ашиглалт, иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургалт хийх тохитой орчин бүрдүүлэх зэрэг шаардлагуудыг агуулсан байна”, 2.3-т “Орон сууцны барилгын өрөө тасалгаанд тусах нарны гэрлийн үргэлжлэх хугацааг БНбД 23-04-07-ын дагуу дараах байдлаар заавал хангуулахаар тооцно.
Үүнд: 1-т “1-3 ороо айлын сууцны нэгээс цөөнгүй ороонд, 4-6 оров айлын сууцны 2-оос цөөнгүй өрөөнд мөн нийтийн сууцны унтлагын өрөөний 60-аас доошгүй хувьд"; 2-т “Орон сууцны барилгын өрөө тасалгаанд нарны гэрлийн шууд тусгалын Үргэлжлэх хугацааг өргөрөгтэй нь уялдуулан тогтооно. Нутгийн умард бүс буюу хойд бүсийн өргөргийн 480 ба түүнээс хойш гуравдугаар сарын 22-оос дүгээр сарын 22-ны хооронд 2.5 цагаас багагүй. Нутгийн төвийн хэсэг буюу 580-480-0 2 цагаас багагүй, өмнөд бүсийн хойд өргөргийн 480-аас урагш хоёрдугаар сарын 22-ноос дүгээр сарын 22-ны хооронд 1.5 цагаас багагүй байна.”, мөн хавсралтын 12 дугаар хүснэгтийн 1 болон 2-т “барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хоорондын зайг 12 болон 16 давхар барилгад 32-62 метр" гэж тус тус заасныг зөрчиж, өмчлөгч, оршин суугчдын эрх, ашиг сонирхол, эрүүл мэндэд болон орон сууцны ашиглалтад нөлөөлөхөөр байгааг харгалзан үзэхгүйгээр, хууль бусаар зөвшөөрөл олгосон гэж үзэж байна. Уг хууль бус захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байгаа тул тэдгээр захиргааны актыг хүчингүй болгосноор дэрх эрхүүдээ саадгүй хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Иймд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******* элмент” ХХК-д 15-и жилийн хугацаатай, 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай, нэгж талбарын 13316 дугаар бүхий 480 м.кв газрыг олгосон Нийслэлийн Засаг даргын 2023.05.03-ны өдрийн А/ тоот захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү. Жич: Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-т заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно”. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын дээд шатны албан тушаалтан гэж байхгүй буюу гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй байхад заавал Нийслэлийн Засаг даргад хандаж, Нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй, бланк, тамга тэмдэгтэйгээр хариу авч, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлээ гаргасан болно.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“С” СӨХ-ийн зүгээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай нэгж талбарын дугаар бүхий 480 метр квадрат газрыг 15 жилийн хугацаагаар гуравдагч этгээд “ *******-Э*******” ХХК-д эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/ тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. “С в*******” хотхоныг хариуцан “С” СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Тус хотхон болон “Б и” ХХК 2016 оноос 2017 оны хооронд үе шаттайгаар ашиглалтад оруулж өнөөдрийн 330, 331, 332,333 гэсэн байруудад 500 орчим өрхийн 2000 гаруй оршин суугчид тус хотхонд амьдарч байна. Уг хотхоны орц, гарц, автомашины зогсоол буюу нийтийн эзэмшлийн гудамж талбайд Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актаар “*******-Э*******” ХХК-д орон сууцны зориулалтаар 480 метр квадрат газар олгосон нь нийтийн эзэмшлийн буюу тус хотхоны орц, гарц автомашины зогсоол бөгөөд уг хотхоныг барьсан “Б-и” ХХК-ийн захирал Ш.Э нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрыг өөрийн нэр дээр анх авсан байсныг “*******-Э*******” ХХК-д худалдах, худалдан авах замаар шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс ийнхүү газар эзэмших эрх авсны дараа тухайн газрыг чөлөөлөх мэдэгдэл өгснөөр анх орц гарц хязгаарлагдахаар нөхцөл байдал үүссэнийг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Тэгэхээр уг захирамж нь Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа. Тус хууль нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Хотын төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан хүн амын нягтаршлын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Үүний дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр тухайн байршилд хүн амын тооцоо, нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоох тухай тогтоолоор газар нь хуулийн хүрээнд шинээр газар эзэмших, ашиглах эрх барилга байгууламж барихыг хориглохыг энэ газарт олгосон гэж үзэж байна. Захирамжид орон сууцны зориулалтаар гэсэн боловч гэрчилгээ олгохдоо 5-8 давхар орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг олгосон байдаг. Тэгэхээр Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам зөрчиж улмаар 330-334 дүгээр байр, Олонлог сургууль шинээр баригдсан. 16 давхар байруудын дунд 50 метр хүрэхгүй зайнд байршиж байгаа нь орчны болон “С в*******” хотхоны нарны тусгалыг бүрэн халхалж, барилга хоорондын зай галын норм ба дүрэм зөрчихийн зэрэгцээ барилгын ажил явуулж эхэлмэгц зай талбай багтахгүй, орчныг нь бүхэлд нь хашаалж, урд талаараа явж байгаа төд замын хөдөлгөөнд маш их саад учруулах цаашлаад барилга баригдаж дууслаа гэхэд гаднаа автомашины зогсоол төлөвлөх боломжгүй. Мөн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах боломжгүйн зэрэгцээ хороолол дунд барилга барих тохиолдолд хөрш зэргэлдээ байрны оршин суугчдаас зөвшөөрөл авахаар хуульд заасныг зөрчсөн зэргээр хууль тогтоомж, норм стандартын нийцэхгүй газар нийтийн орон сууц барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эдгээртэй холбоотой норм, дүрмүүдийн холбогдох заалтуудыг нэхэмжлэлд дэлгэрэнгүй дурдсан байгаа. Үүнийгээ дэмжиж байгаа. Мөн эдгээртэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэмэгдүүлсэн байгаа. “С в*******” хотхоны орон сууцууд 2016-2017 онд ашиглалтад орсон. Ашиглалтад орчноос хойш одоо хүртэл цэвэр бохир ус, дулааны асуудал нь бүрэн шийдэгдээгүй байдаг. “Б*******” хорооллоос нарийн цагаригаар ус болон дулааны сүлжээ холбогдсон байдалтай байхад хүчин чадал хүрэхгүйгээс болж байнга тасарч, ус хангамж муутай, дулаан нь бүрэн сайн халааж чаддаггүй байдалтай байдаг. Түүнчлэн өөр ойр байрлах төвийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй, ачааллаа дийлэхээ больсон. Хүн амын нягтаршил хэтэрсэн байдалтай байхад дахин шинээр барилга байгууламж барих боломжгүй. Тэр утгаараа гуравдагч этгээдэд ийнхүү орон сууцны зориулалтаар газар олгосон нь цаашдаа орон сууцын зориулалтын дагуу ашиглах боломжгүй газрыг олгосон гэдэг нь эндээс харагдана. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдэд олгосон газар нь автозамын трасст орсон. Орон сууцын зориулалтаар цаашид ашиглах боломжгүй. Газар эзэмших эрхийг 2023 онд шилжүүлж авахаас нь өмнө автозамын трасст орчихсон нөхцөл байдал тогтоогдож байна. Дээр нь 2008 оноос хойш энэ газар дээр орон сууцны зориулалтаар газар эзэмшил үүссэн байсан гэж хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс маргаж холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байсан.
Тэгэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэж зохицуулсныг зөрчиж байна гэж үзэж байна. Үүний дагуу гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон гэж үзэж байна. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 8.9-д “эзэмшил газрын хэмжээ байршлыг дараах тохиолдолд өөрчилнө” гэж байгаа. Үүний 8.9.1-д “байршилтай давхацсан”, 8.9.2-д холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр олон улс, улс,орон нутгийн чанартай томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх болон улсын орон нутгийн төсвийн хөрөнгөөр автозам болон инженер нийгмийн дэд бүтэц байгуулахаар төлөвлөж буй газартай давхацсан бол тухайн газарт газар эзэмшүүлэхгүй байршлыг өөрчлөх зохицуулалтыг зохицуулж өгсөн журмын заалтыг зөрчиж байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу нэхэмжлэлийг үгүйсгэсэн хариу тайлбарыг өгсөн. Уг хариу тайлбараа дэмжиж оролцож байгаа. Тухайн захирамж нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/ дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн захирамж нь хувийн хэргийн жагсаалтаар буюу хувийн хэргийн хуульчилсан, намтарчилсан, дүйцсэн лавлагааг бол гаргаж өгсөн. Үүнд хамгийн анх Нийслэлийн Засаг даргын 2008 он болон 2009 онд үүссэн захирамж байдаг. 2023 онд гэнэт үүссэн захирамж биш. Мөн дээрээс нь хүчингүй болгохын тулд хууль бус акт байх шаарддаг. Хууль зөрчсөн, хууль бус акт байна гэдэг нь өөрөө Барилгын тухай хууль болон барилгын стандартад нийцэхгүй байна гэдэг тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргаж ирж байх шиг байна. Гэвч тухайн газрыг олгосон энэхүү захирамж нь өөрөө барилга барих эрхийг олгосон захирамж биш. Зөвхөн газар эзэмших эрхийг баталгаажуулж олгосон захирамж байгаа. Барилга барих тухай зөвшөөрлийг бол Хотын стандартын газраас тусдаа гаргаж өгдөг. Тусдаа архитектур төлөвлөлтийн даалгавар гээд байдаг. Мөн дээрээс нь хавтаст хэрэгт авагдсан материалд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ш.Э танаа гээд Хот байгуулалт хөгжлийн газраас хариуг өгсөн байдаг. Энэхүү хариу дээр тухайн газарт ямар нэгэн барилга байгууламж төлөвлөгөө нягтралын хэтэрсэн бүсэд орсон байна гэдэг хариуг хүргүүлсэн. Одоогийн байдлаар ямар нэгэн байдлаар “******* э*******” ХХК-д барилгын зөвшөөрөл гараагүй байдаг. Тэгэхээр тухайн нэхэмжлэгчийн яриад байгаа Барилгын стандарт норм, дүрэм хууль зөрчсөн гээд байгаа зүйл өөрөө бүхэлдээ үгүйсгэгдэж байна гэж харж байна. Мөн дээрээс нь хууль бус байхыг шаардахын тулд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар заалтуудад үндэслэж тухайн газрын эзэмших эрх үүссэн байхыг шаарддаг. Тухайн захирамжийг өөрчилсөн лавлагаагаар нь аваад үзэхэд Газрын тухай хуулийн тус зүйл заалтуудыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй. Хууль ёсны дагуу гарсан, бусдын эзэмшил ашигтай газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй. Тийм учраас ямар нэгэн эрхийн зөрчилгүй захирамж гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
1/.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2024/3502 дугаар захирамжаар “*******-Э*******” ХХК-г гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.
2/.Гуравдагч этгээд “*******-Э******* ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай байгууллага нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороонд байрлах 13316 нэгж талбартай, 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай 480 м.кв газрыг эзэмшдэг. Одоогийн байдлаар манай эзэмшлийн газрыг, бидний зөвшөөрөлгүйгээр “С” хотхоны зарим нэг оршин суугчид авто тээврийн хэрэгслийн зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа нь зэргэлдээ орших Олонлог академи сургуулийн сурагчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг тус сургуулийн удирдлага бидэнд удаа дараа мэдэгдсэн болно. Олонлог Академи сургууль нь 2000 гаруй сурагчтай, төдийгүй сурагчдадаа зориулан театр барьж байгуулсан нь түүний орц, гарцанд шууд нөлөөлөх уг талбайд барилга, байшин барихгүй байх саналыг гаргаж байгаа юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн эзэмшлийн 12х40 хэмжээтэй газрыг хүүхэд, багачуудад зориулсан тохижилттой, “С” хотхоны автомашины хөдөлгөөнд бага насны хүүхдүүд өртөхгүй байхаас сэргийлсэн бүхий ногоон байгууламж болгон ашиглахад татгалзах зүйлгүй юм. Энэ талаар “С” хотхоны СӨХ-д нэг бус удаа албан ёсоор хандсан боловч нааштай хариу өгөөгүй өнөөг хүрлээ. Энэ хотхоны оршин суугчид газрын төлбөрийг нь хууль ёсоор төлж, одоог хүртэл тэвчээртэй хүлээн суугаа газар эзэмшигчийн эрхэнд ноцтой халдсаар байгааг энд давхар тэмдэглэе. /Явган зам зайлшгүй хийх шаардлагатайг харуулсан фото зураг/Энэ талаар “С” хотхоны СӨХ-д удаа дараа мэдэгдсэн боловч бидэнд албан хариу ирүүлээгүй байна. Харин өөрсдийн хувийн эрх ашгаа зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчин гүйцэлдүүлж байгаагаа холбогдох төрийн байгууллагуудад буруу, ташаа мэдээлэл хүргэх замаар нуун дарагдуулж байна.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гуравдагч этгээд “******* э*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулахдаа А/ тоот захирамжийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох гэж тайлбарласан. Шүүхэд өгсөн нэхэмжлэл болон 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжид нэхэмжлэл өөрөө А/ дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах гэдэг шаардлагатай нэхэмжлэл байгаа. Тэгэхээр энэ захирамжийн “******* э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, захирамжийг хүчингүй болгуулах гэдэг бол эрх зүйн тусдаа ойлголт байгаа. Захирамжийн хавсралтаар олон газрын асуудлыг шийдвэрлэсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага бол ийм байгаа.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бол нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, өөрчлөх эрхгүй байгаа учраас дараагийн тайлбаруудаа зөв гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Ш.Э бол хавтаст хэрэгт авагдсан 799 метр квадрат газрыг эзэмшиж байгаад 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн А/160 дугаартай захирамжаар уг талбайн хэмжээг багасгаад 480 метр квадрат талбайтай болгосон. 480 метр квадрат болгоод байгаа ач холбогдол нь юу гэхээр цаад талд нь 319 метр квадрат талбай бүхий газрыг “С в*******” хотхоны орц, гарцад үлдээж байгаа.
Зураг дээр болон кадастрын зургааг харагддаг. Маргаан бүхий газрын баруун талд нь ижил хэмжээтэй газар байгаа нь “С” СӨХ-ийн орц, гарцыг үлдээж байгаа. Улмаар энэ газрыг “******* э*******” ХХК руу шилжүүлж явсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан үйл баримтууд болон хуулийн үндэслэлүүд нь үндэслэлгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай, нэгж талбарын 13316 дугаар бүхий 480 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар “*******-Э*******” ХХК-д /РД:522/ олгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/ тоот захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2.Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 182 дугаар захирамжаар Д. А*******, М.Б******* нарт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус тус 400 м.кв газрыг орон сууцны зориулалтаар тус бүр 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 302 дугаар захирамжаар М.Б*******ы Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 400 м.кв газрыг Д.Т*******, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/******* дүгээр захирамжаар Д.Туяагийн газар эзэмших эрхийн хугацааг 10 жилээр сунгаж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/99 дүгээр захирамжаар Д.А*******, Д.Туяа нарын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 м.кв газрыг Орон сууцны зориулалтаар Ш.Эд шилжүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг олгож, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/1604 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш.Эийн эзэмшлийн 800 м.кв газрыг 480 м.кв болгож хэмжээг багасгаж, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/ дүгээр захирамжаар Ш.Эийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 480 м.кв газрыг “******* э*******” ХХК-д тус тус шилжүүлжээ.
3. Харин “Бэс инфрастуктур холдинг” ХХК-аас 2013 онд “С В*******” орон сууцны хотхоныг бариулахаар захиалж, 2016-2017 онуудад ашиглалтад оруулжээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс “орц, гарц хаасан, нэмж барилга барих боломжгүй” гэж, хариуцагчаас “газрыг хуульд заасан үндэслэлээр шилжүүлсэн” гэж, гуравдагч этгээдээс “захирамж хуульд нийцсэн, нэмж барилга барихгүй” гэж тус тус маргажээ.
5. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар”, Барилгажих талбайн схем зургаар “С В*******” хотхоны орц, гарцыг төлөвлөсөн байх бөгөөд уг гарц нь Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/184 тоот албан бичгээр ирүүлсэн схем зургаар гуравдагч этгээдийн газартай зарим хэсгээрээ давхцаж байна.
6. Гэтэл гуравдагч этгээдийн газар эзэмших эрх 2008 оноос эхэлж үүссэн, нэхэмжлэгчийн төлөөлөлж буй “С В*******” хотхон 2016-2017 онд ашиглалтад орсон, ингэхдээ босоо чиглэлийн дагуу 2 газраар орц, гарцыг төлөвлөсөн, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар өөр хоорондоо давхцаагүй байх тул сүүлд үүссэн эрхийг хамгаалж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/ захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгаар зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд хүчингүй болгох үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл дээрх үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх /хотхон баригдсан/ гуравдагч этгээдийнхээс сүүлд үүссэн, орц гарцыг бүхэлд нь хаагаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.
Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/******* тоот албан бичгээр иргэн Ш.Эөөс барилга барих хүсэлт ирүүлснийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу хүргүүлсэн, гуравдагч этгээдээс тус газар барилга барих талаар хүсэлт ирүүлж байгаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.4, 40 дугаар зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан “С” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/ захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ