| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 106/2019/0172/Э |
| Дугаар | 480 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 480
М.Эад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч П.Одбаярын өмгөөлөгч Ш.Маам, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 539 дүгээр магадлалтай, М.Эад холбогдох 1705009100087 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Х.Цэрэнгомбын өмгөөлөгч Д.Очирваань, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт М.Э нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Эад холбогдох хэргээс Х.Цэрэнгомбыг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Баянгол дүүргийн прокурорын газраас М.Эыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт болгон өөрчилж, М.Эыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.Эаас нийт 50.225.150 төгрөг гаргуулж хохирогч Мт 3.850.150 төгрөг, Б.Эд 5.000.000 төгрөг, Б.Эд 5.000.000 төгрөг, Н.Нт 5.000.000 төгрөг, С.От 11.875.000 төгрөг, П.От 17.500.000 төгрөг, Ж.От 7.000.000 төгрөг тус тус олгуулах, иргэн Х.Ц иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 3/24 дүгээр байрны 2-4 тоот, Ү- 2206027354 үл хөдлөх гэрчилгээний дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Х.Ц, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түвшинжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Э гаргасан гомдолдоо: “Миний бие 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа билээ. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хохирлыг бүрэн барагдуулж дуусаагүй учир 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 539 тоот магадлалаар 3 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээсэн. Одоо миний бие нийт хохирлоо бүрэн барагдуулж хохирогч нараас албан ёсоор уучлалт гуйсан. Нийт 94 хоног хоригдох хугацаандаа хүний эрх чөлөө ямар үнэ цэнэтэйг, эх үрийн хагацал гэж ямар аймшигтай зүйл болохыг ухаарсан. Миний ганц охин 13 настай, шилжилтийн насандаа яваа охиндоо үнэхээр үлгэр дуурайлал болж эх хүний үүрэг хариуцлагаа хүлээж чадахгүй байгаадаа маш их санаа зовж харамсаж байна. Өөрөөсөө үнэхээр их ичиж, охиныхоо өмнө маш буруу зүйл хийжээ.
Миний бие уг хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшин гэм буруугаа ухаарч байна. Хууль эрх зүйн мэдлэг дутмаг болон ямарваа зүйлийг амар хялбар бүтэх юм шиг бодит байдлыг дутуу үнэлэн бусдад хохирол учруулж, өөрөө эрүүгийн гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, чин сэтгэлээсээ ухаарч байна. Эрүүгийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон болон гэм буруугаа ухаарч ойлгосныг минь харгалзан үзэж хорихоос өөр ялаар шийтгэж, миний охины ирээдүй болон миний амьдралд гүн туслалцаа үзүүлж, ариун цагаан хөдөлмөрөөрөө чин шударга амьдрах боломж олгож туслаач. Надад ганц удаа боломж олговол ахин ямар нэгэн хууль зөрчсөн буруу зүйл хийхгүй чин шударга амьдарна гэдгээ амлаж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Х.Цэрэнгомбын өмгөөлөгч Д.Очирваань гаргасан гомдолдоо: “...М.Э нь Х.Цыг гэрээгээр халхавчилж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. М.Э нь Х.Цын 10.000.000 төгрөгийг 2 үйлдэл хэрэгжүүлж авсан байдаг ба тухайн үйлдэл тус бүрт нь хууль зүйн дүгнэлт өгөлгүй гэрээ байгуулсан гэх ерөнхий дүгнэлт хийснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Хохирогчийн мөнгийг өөрийн өмчлөлдөө авахын тулд бодит байдлыг нуух замаар гэрээгээр халхавчилж 10 сая төгрөгийн эд хөрөнгө шилжүүлэн аваад цаашид гэрээнд заасны дагуу төлбөр төлөх санаа зорилго огт байгаагүй болох нь хохирогч Оын мэдүүлэг, гэрч Э, О, Э нарын мэдүүлгээр тогтоогдсон. Учир нь гэрээ байгуулаад нэг жил өнгөрөхөд нэг ч төгрөг төлөөгүй байдаг.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн дугаар 539 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нар хамтран гаргасан гомдолдоо:
“Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:
1.Мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ ...Тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно” гэснийг зөрчиж хэрэгт анхнаасаа субъектив байдлаар хандаж гэм бурууг урьдчилан тогтоох замаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол үйлдэж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан. Мөрдөгчийн зүгээс ийм байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн ажиллагаануудыг удаа дараа гаргасан нь дараах байдлуудаас тодорхой харагддаг.
2.Мөрдөгч Н.Амарсанаа нь хохирогч Н.Н, С.О нараас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг авахдаа “2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ...-д холбогдох эрүүгийн 170500910 дугаартай хэрэгт ...” гэж хохирогч нараас мэдүүлэг авсан байдаг. Гэтэл “2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан” зүйл огт байхгүй. Мөрдөгч нь “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй” байхдаа буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол гарахаас өмнө өөрийн үзэмжээр урьдчилан эрүүгийн хэрэг үүссэн, яллагдагчаар татсан хэрэгтэй адилтган үзэж хохирогчоор тогтоож мэдүүлгүүдийг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гэм бурууг урьдчилан тогтоон хэрэг бүртгэлтийн ажиллагааг хувийн субъектив байр сууринаас хандаж явуулсан болох нь дахин харагддаг /2хх-17, 21/.
3.Мөрдөгч Н.Амарсанаа нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.Эын гараар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г бичүүлж авсан. Уг таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөгчийн тогтоол үйлдэж, түүнд мөрдөгч өөрөө болон М.Эаар гарын үсэг зуруулж авсан /1хх-33/, мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уг арга хэмжээг дахин авч гараар бичүүлж авсан /2хх-45/, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “... дуудсан цагт ирэхгүй, утсаа авахгүй байвал хоригдоход бэлэн байна” гэж бичүүлж авсан /1хх-46/ зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон, 31.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус ноцтой зөрчсөн. Учир нь “эрүүгийн хэрэг үүсгэж ийм байдлаар мөрдөгч, прокурор нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гараагүй байхад баривчлагдсан сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, таслан сэргийлэх арга хэмжээ болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг өөрсдийн үзэмжээр авч хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд тодорхой баримттай байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хоёр шатны шүүхээс ямар аргаар гэм бурууг тогтоох нь хамаагүй мэтээр зорилгыг чухалчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж явуулсныг зөвтгөн дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүхээс М.Э нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт У.Маас “Америкийн Нэгдсэн улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 3.850.150 төгрөг авсан гэх үйлдлийг хохирогч У.Мын... “Этай хамт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд байрлах байрны орчимд саарал өнгийн приус машинд 750 ам.доллар гадаад паспортын хамт цээж зурагтай өгсөн. ...би Сд үлдэгдэл мөнгө хэд болсон бэ гэхэд 1.715.150 төгрөг болсон гэсэн, тэгэхээр нь би хаан банкны данс руу шилжүүлсэн. ... Ааас чиний мөнгийг Global help center гэх Америк руу зуучилдаг газар руу шилжүүлсэн гэж надад хэлээд надаас дахиад 275.000 төгрөг сургалтад зориулж авсан /2хх-202/” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан энэ хэрэгт хамааралтай бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэсэн.
Гэтэл уг гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тухайд У.Мын мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад “мэдүүлгүүд болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан энэ хэрэгт хамааралтай бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Мөн шүүх хуралдаанд хохирогч гэх У.М нь ирээгүй бөгөөд хэрэгт хамааралтай бичгийн бусад нотлох баримтууд гэж яг ямар баримтуудыг хэлээд байгаа нь тодорхойгүй бөгөөд ийм дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь энэ үйлдлийн талаар мөрдөгчөөс явуулсан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа нь “У.Маас гэрчийн болон хохирогчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, М.Эаас гэрчийн болон хууль зөрчиж сэжигтнээс мэдүүлэг авсан, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл”-ээс өөр баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн хохирогч гэх У.М, М.Э нарын мэдүүлэг дотор заавал шалган тогтоох шаардлагатай олон нөхцөл байдлууд гарч ирсэн байхад, тэдний хэнийх нь мэдүүлэг “бодит үнэн” болохыг бусад нотлох баримтуудаар давхар тогтоогоогүй, зөвхөн хохирогч гэх хүний мэдүүлэг туйлын үнэн мэтээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс ял оногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчихөд хүргэсэн гэж үзэж байна.
Тухайлбал, тэдний хоёулангийнх нь мэдүүлэгт дурдагдаж байгаа “...Зуучлалын компани мөнгө авсан, гэрээ байгуулсан, А гэх хүнээс мөнгөө болон гадаад паспортоо авсан гэх үйл баримт, ...яллагдагчаар татах тогтоол танилцуулаагүй” байж таслан сэргийлэх арга хэмжээг өөрийн дураар хууль зөрчиж авсан. Мөрдөгч нь сүүлд 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр буюу гурван сарын дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналаа үйлдсэн /2хх-131/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 128 дугаар тогтоол 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр буюу дөрөв орчим сарын дараа гарсан байдаг /1хх-132/. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг ноцтой зөрчиж таслан сэргийлэх арга хэмжээг удаа дараа авах замаар мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрийн дураар хэрэгжүүлж, төсөөтэй хэрэглэж, тус хуулийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний өөрийнх нь үйлдсэн баримт бичиг, хэрэгжүүлсэн ажиллагаануудаар тогтоогдож байна.
4.Мөрдөгч Н.Амарсанаа нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.Эаас сэжигтний мэдүүлэг авсан /1хх-40/. Мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийг удирдлага болгож, тус хуулийн 31.11 дүгээр зүйлд заасан эрхийг тайлбарлан өгсөн байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 128 дугаар тогтоол 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гарахаас өмнө мөрдөгч өөрийн үзэмжээр М.Эыг сэжигтнээр тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг буюу “Яллагдагч”, 7.1 дүгээр зүйл 1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу эрүугийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэснийг ноцтойгоор зөрчиж, түүнчлэн тус хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1-д заасан “Мөрдөгч баривчлагдсан сэжигтнээс мэдүүлэг авахын өмнө түүнд ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар танилцуулж, дараахь эрхийг тайлбарлана”-ыг танилцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Эрүүгийн хавтаст хэргийн материалд М.Эад баривчлах арга хэмжээ авсан баримт огт байхгүй байхад мөрдөгч ийнхүү мэдүүлэг авч байгаа нь М.Эыг айлган, сүрдүүлж, түүнийг аль хэдийн өөрийн субъектив хандлагаар сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлаар хэрэгт оролцуулж, мэдүүлэг авч, үндсэндээ хэргийг урьдчилан хүлээлгэх байдлаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Энэ нь мөрдөгчөөс М.Эад хүнлэг бус хандаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор гуйвуулан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь төсөөтэй хэрэглэхийг хатуу хориглох зарчимтай ба хуулийн зохицуулалт нь нэг мөр ойлгож хэрэглэгдэх ёстой. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулахаас өмнө гомдолд холбогдогч нь баривчлагдах, цагдан хоригдохоос бусад тохиолдолд гэрчийн эрх зүйн байдлаар оролцох хуулийн үзэл баримтлалтай байхад сэжигтэн, яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь хэргийг тулган хүлээлгэх байдлаар явуулсан гэж үзэхээр байна.
5.Мөрдөгч Б.Баярмаа, Мөрдөн байцаах тасгийн дарга Б.Батзориг, прокурор Л.Соёмбо нар нь үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрөл гаргалгүйгээр 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр М.Эын үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай албан бичгийг шууд Оюуны Өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан /2хх-43/. С миний өмнөөс болон Э гэх хүний өмнөөс өргөдөл бичиж өгсөн, уг асуудал нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа гэх үйл баримт, ... new global ХХК-ийг Эрүүгийн цагдаагийн газраас битүүмжилж шалгасан, Г 99035554 гэх хүн хүмүүс гомдол гаргаад бид шалгаж байгаа гэх үйл баримтууд, ... Би Мг дагуулаад Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 10 дугаар сарын үед мөрдөн байцаагч Пүрэв гэх хүнтэй уулзахад өрөө дүүрэн хэрэг үзүүлээд бид энэ хэргийг шалгаж байгаа таныг би дуудна гэж хэлсэн гэх нөхцөл байдал, ... Би 2016 оны 8 дугаар сард визэнд орохоор Ганцоож гэх хүнд түүний гэрийн гадна машин дотор У.Маас авсан 750 доллар болон өөрөө 750 доллар нийт 1500 долларыг өгсөн, энэ үед М бичлэг хийж байсан” зэрэг нөхцөл байдлуудыг тогтоох ажиллагаа хийгээгүй байхад зөвхөн У.Мын мэдүүлэгт үндэслэн яллаж, ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй, мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хүнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хууль бус аргаар өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог. Гэтэл дээрх нөхцлийг бүрэн тогтоолгүй М.Эыг гэм буруутай гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь тус хуулийн зорилтод нийцээгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг визний зуучлалын гэрээнээс үүдэлтэй давхар хохирсон харилцаанаас ялган зааглаж хуулийг зөв хэрэглэх, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бодитой явуулж, хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоох нь нэн чухал асуудал юм. Залилах гэмт хэргийн хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэн шунахай сэдэлтээр, ашиг олох замаар нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг шинжийг бүрэн дүүрэн тогтоогоогүй атлаа ийнхүү хуулийг хэрэглэснийг зөвтгөх боломжгүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатнхы шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 539 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир гаргасан саналдаа: “Шүүгдэгч залилан мэхлэн гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирол төлж барагдуулахаа илэрхийлсэн ба хохирлоос тодорхой хэмжээний төлбөрийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хэд хэдэн ноцтой зөрчил гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхдээ л миний үйлчлүүлэгчид таслан шийдвэрлэх арга хэмжээ авсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолдоо М.Эын нэрийг шууд бичих байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийг зөрчсөн. н.Амарсанаа мөрдөгчөөс өөр мөрдөгчид шилжүүлэх талаар тогтоол үйлдээгүй. 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хийсэн цохолт байгаа боловч яллагдагчаар тогтоосон тогтоол нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр танилцуулагдсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад энэ тогтоол хэзээ гарсан нь ойлгомжгүй. н.Жавхлантөгсөд хэрэг хуваарилагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг уг мөрдөгч дуусгаад шүүхэд шилжүүлсэн. Энэ дунд прокурор мөн солигддог бөгөөд шилжүүлсэн тогтоол байдаггүй. Шүүгдэгч өөрийн хөрөнгөөр хохирол барагдуулах асуудлыг ярихад Улсын бүртгэлийн газар дээр барьцаалбарыг бүртгээгүй. Прокурорт хүсэлт гаргахаар хүсэлтийг хүлээн авахаас татгалздаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй тул хөрөнгийг эргэлтэнд оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийм байдлаар миний үйлчлүүлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэх нь хохирогч нарын эрх ашигт шууд хамааралтай. Иймд гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ш.Маам гаргасан саналдаа: “Шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Хохирлоо бүрэн төлсөн, бүрэн төлөх талаар илэрхийлсэн нөхцөлд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой. Хохирогчид 17.500.000 төгрөг төлөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 500.000 төгрөг төлсөн. Бусад хохирогчийн төлбөрийг төлөөгүй байгаа” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Э нь хохирогч нарыг төөрөгдөлд оруулж, Хятадаас машин оруулж ирнэ, Америкийн нэгдсэн улсын виз гаргана гэх мэтээр 7 хохирогчийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 болгон өөрчилсөн нь үндэслэлтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлөгдөөгүй нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогч Х.Цэрэнгомбын өмгөөлөгч Д.Очирваань, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Эад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч М.Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн, бодит байдлыг нуун 2017 оны 6 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” төвийн орчим иргэн Х.Цд “би том зээл авах гэж байгаа, нэг сарын дараа мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж итгүүлэн 10.000.000 төгрөг,
2016 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим иргэн У.Маас “АНУ-ын виза гаргаж өгнө” хэмээн хуурч нийт 3.850.150 төгрөг,
2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.От “БНХАУ-аас Хово шланз маркийн автомашиныг оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 11.875.000 төгрөг,
2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Нд “БНХАУ-аас Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг,
2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эд “БНХАУ-аас Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 сая төгрөг,
2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эд “БНХАУ-аас Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 10.000.000 төгрөг,
2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.От “БНХАУ-аас Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан нийт 24.000.000 төгрөг,
2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.От “БНХАУ-аас Хово шланз маркийн машин оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 20.000.000 сая төгрөг залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас М.Эыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараахь үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Э нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Х.Ц, Б.О нараас зээлийн гэрээний харилцааг ашиглан 10 сая төгрөг залилан авсан гэх үйлдэлд 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж /хх-160/, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр М.Эыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж /хх-192/, улмаар энэ хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоолоор М.Эад холбогдох бусад эрүүгийн хэрэгт нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Х.Ц, Б.Отгонжаргал нарыг хохирогчоор тогтоогоогүй, харин Б.О, Х.Ц нараас Л.Б, Г.Г нарт олгосон шүүхэд төлөөлөх эрхийн итгэмжлэлийг /хх-164/ үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Г.Гыг М.Эад холбогдох хэргийн хохирогчоор тогтоож /хх-168/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь /хх-169, 171/ буруу байна.
Хэргийн нөхцөл байдлаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан бөгөөд Г.Г нь гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хүн биш байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болон 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, эсхүл хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, түүнчлэн хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж оролцуулах боломжтой бөгөөд Г.Гын хувьд түүнийг хохирогчоор тогтоосон нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэв.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э нь Х.Цос 10 сая төгрөгийг залилан авсан гэх гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байхад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хохирсон гэх Х.Цос нэг ч удаа мэдүүлэг аваагүй, түүний хуульд заасан эрхийг эдлүүлээгүй байхад анхан шатны шүүхээс Х.Цыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогчоор тогтоож, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр “Х.Ц энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй, 10.000.000 төгрөг авсан гэх үйлдлийн тухайд түүнийг ямар нэгэн байдлаар хуурч, залилан мэхэлсэн гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй” гэсэн дүгнэлт хийж, М.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Цд учирсан гэх 10.000.000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 1.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх М.Эын Х.Ц, түүний эхнэр Б.О нараас 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж авсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэхдээ М.Э нь Э.Эаар дамжуулан урьд нь танихгүй Х.Цос 10.000.000 төгрөгийг авахаас өмнө болон дараа нь бусад хохирогч нарыг удаа дараагийн үйлдлээр их хэмжээний мөнгө авсан, улмаар Х.Цос авсан 10.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буцааж төлөхөөс зайлсхийсэн тул М.Э нь Х.Цын удаа дараагийн шаардлагаар түүнд хувиасаа 1.000.000 төгрөг өгсөн гэх ба М.Э өөрийн авсан 10.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй зэрэг хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэв.
Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхийг анхаарах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч М.Эын Х.Цос 10.000.000 төгрөг авсан үйлдлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг дутуу шалгасан бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Эад холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хяналтын шатны шүүх нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул хяналтын шатны шүүх хуралдаанаас Х.Цын зөрчигдсөн эрхийг сэргээж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд өмгөөлөгч Д.Очирвааний “шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах замаар Х.Цын зөрчигдсөн эрхийг сэргээх” талаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солиулах талаар шүүгдэгч М.Эын гаргасан, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдолд тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 539 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.Эад холбогдох хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН