Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0079

 

2017 оны 01 сарын 24 өдөр                 Дугаар 221/МА2017/0079                          Улаанбаатар хот

        

 Ш.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ш.О-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О-ийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот, 29 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000-д бүртгэгдсэн өмчлөх эрхийн 0000000 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа тул энэхүү гомдлыг бичиж байна. Үүнд :

Нэг. 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1 дэх заалтыг анхан шатны шүүх зөрчиж зохигчдын эрхийг ноцтой зөрчсөн юм.

Учир нь, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралд нэхэмжлэгч Ш.О нь хөлөө хугалж өвчтэй байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг шүүх хурал болохоос 7 хоногийн өмнө шүүхэд ирүүлсэн байдаг. Гэтэл шүүх түүний хүсэлтийг хүлээн авч огт шийдвэрлээгүй байтлаа хүндэтгэн үзэх шалтгаантай байсаар байхад шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр хурлыг хуралдуулж байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

2. Өмгөөлөгч миний хувьд 2016 оны 12 дугаар сарын 04-ний шөнө “ээжийн бие муудлаа” гэдэг мэдээг утсаар авч шөнө Улаанбаатар хот явсан бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүхийн цагдаа Мөнхболд нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өглөөний 8 цаг 30 минутад дугтуйтай бичгийг нь авахгүй гэж буцаасан байсан төдийгүй бичиг хүргэж өгсөн хүн 10 цагт шүүхийн 70362274 дугаарын факс руу явуулсныг шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан 16 цагт шүүхийн туслахад өгсөн гэсэн тэмдэглэл хийгдсэн байгаатай танилцаж үзлээ. Би өөрийн биеэр захиргааны хэргийн шүүхийн туслах Байгальмаатай 9 цаг 40 минутад утсаар ярьсан хүсэлт өгүүлсэн гэдгээ хэлсэн байхад энэ тухайгаа шүүгчдээ танилцуулаагүй байна. Шүүх хуралдааныг хуралдуулсан нь өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан болно. Миний ээж 76 настай харвалтын улмаас хэвтэрт хүний асрамжинд байдаг юм.

3. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр анхны шүүх хуралдаан болж дэгийн дагуу явагдаж улмаар шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж гарч ирсний дараагаар нотлох баримт цуглуулах шаардлага байна гэж шүүх хуралдааныг хойшлуулсан юм. Хэдийгээр энэхүү хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх эрхийг хуулиар олгосон байдаг боловч шүүх хуралдаан зохих журмын дагуу явагдсаны эцэст нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байгаа нь хариуцагч талд үйлчиллээ гэсэн гомдлыг нэхэмжлэгч хэлж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байна, биеийн байдлыг харж шүүх хуралдаанд оролцох, шүүгчийг татгалзах, улмаар нотлох баримт гаргаж өгөх хүсэлттэй байсан боловч байхгүйгээр нь шүүх хуралдаан хуралдуулснаар эрхийг нь зөрчсөнд гомдолтой байгаа юм.

4.     Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт “Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдааны өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хүралдааныг 14 хоног хүртэл хойшлуулж болно” гэсэн заалт байсаар байхад Ш.О-ийн шүүх хуралдаан болохоос өмнө 2016 оны 11 дүгээр сарын 28-нд өгсөн хүсэлтийг шийдвэрлэхгүй ямар нэгэн хариу өгөхгүй байтлаа шүүх хуралдаан дээр хэлэлцүүлэн байхгүйгээр хуралдуулсан нь энэ заалтыг зөрчсөн байна.

5.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1 дэх заалтаар захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах өмгөөлөгчийн эрхийг эдлүүлээгүй. Учир нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар ямар нотлох баримт цуглуулах шаардлага гарсан талаар шүүгчийн захирамжийг тайлбарлаагүй. Тэгээд ч ямар нотлох баримт хэрэгт татаж авсан талаар оролцогч нарт огт танилцуулаагүй нь миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн юм. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шинээр цуглуулсан материалтай танилцсан. Илтэд нэг талд үйлчилж байна гэсэн миний үйлчлүүлэгчийн гомдол нэг талаар нотлогдож байна. Учир нь гэрчээр С гэдэг хүнийг асуусан байдаг бөгөөд тэр хүнээс хэн холбогдох хувийн хэргийн талаар, ямар тогтоолыг асуултандаа тавиагүй байхад тэр хүн юу мэдэж хариулсан нь эргэлзээ төрүүлж байна.

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.6-д заасан шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, холбогдох санал хүсэлт бичгээр гаргах эрхийг хязгаарласан болно.

7. Нэхэмжлэгчийн хувьд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3 хэргийн материалтай танилцах, нотлох баримттай танилцах, тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах эрхийг шүүх хязгаарласан болно.

Дээрх заалтуудыг зөрчсөнөөс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүйгээс хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон төдийгүй тэдгээрээс гаргаж байгаа тайлбарт хариу тайлбар гаргах эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

Хоёр. Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаж чадаагүй байна гэж үзэж байна.

Учир нь, 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч талаас өв залгамжлах эрх болон шударгаар эзэмших эрхтэй холбоотой баримтууд нь улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд ач холбогдолгүй байх тул үнэлэх боломжгүй” гэжээ.

Харин ч ач холбогдолтой юм. Учир нь, Эд хөрөнгө өмчлөх эрх ,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтаар буюу эрхийн улсын бүртгэлийн бүртгэл үнэн зөв байх зарчим зөрчигдөж бүрдүүлэх ёстой нотлох баримт бүрдээгүй байхад, мэдүүлэг гаргагч Ш.А өөрөө байхгүй байхад мэдүүлгийг эхнэр А гаргасан, өргөдөл Ш.А бичээгүй зэрэг маш олон зөрчил байсаар байхад үүнийг харуулах үүднээс цуглуулсан баримтыг шаардлагагүй гэж дүгнэж байгаа нь шийдвэр үндэслэлгүй болох нэг дэх нотолгоо юм.

2. Бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтаар энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой байтал мэдүүлэгч буюу өмчлөгч өөрөө байхгүй, зохих газрын шийдвэр байхгүй байхад, А өөрийнхөө өмнөөс А-д Бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргах эрхийг олгосон итгэмжлэл байхгүй зэрэг зөрчил байсаар байхад бүртгэл хийснийг зөв гэж дүгнэж байгаа нь дэндүү өрөөсгөл дүгнэлт болсон. Энэ нь шийдвэр үндэслэлгүй байгаагийн 2 дахь нотолгоо  юм. Энэ л хууль бус үндэслэлгүй хийсэн улсын бүртгэгчийн үйлдлээс болж бүртгэл хийгдсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос өв залгамжлалыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаагүй болно.

Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн төдийгүй хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.О нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд “Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн өмчлөх 010372 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх ба энэхүү орон сууцыг 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ш.А, Д.А, А.Б, А.Ш нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.О нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “2007 онд гэрчилгээг Ш.А өөрийн болон гэр бүлийнхээ нэр дээр бичиг баримтыг шилжүүлэн авсан болохыг миний бие 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэдлээ” гэж дурдсан атлаа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг орон сууцтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаас[1] харагдаж байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч Иргэний хэргийн шүүхэд хэзээ, ямар шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тодруулаагүй, энэ талаар нотлох баримт цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн 133 дугаар захирамжаар “нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, уг захирамжийн дагуу нотлох баримтыг цуглуулсан атлаа хэргийн оролцогчдыг эдгээр баримтуудтай танилцуулалгүй 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан “...нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох...” эрхийг зөрчсөн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ш.О нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ эмнэлгийн магадлагаа, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас зэргийг хавсаргасан байхад шүүх “эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь нотлогдохгүй” гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3-д заасан нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.О-ийн нэхэмжлэлтэй маргаан бүхий орон сууцтай холбоотой иргэний хэрэг хянагдаж байгаа гэж тайлбарласан бөгөөд энэ талаарх баримтыг цуглуулж, уг иргэний хэргийг шийдвэрлэгдэхээс өмнө энэхүү захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой эсэхийг тодруулах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН