Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 176

 

“З м” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Дэлгэрэх

сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид: Л.Атарцэцэг

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115/ШШ2018/0032 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0091 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.Э, өмгөөлөгч  Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Игийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115/ШШ2018/0032 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 1, 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/18 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0091 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115/ШШ2018/0032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З м” ХХК-ийн “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0091 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан үйл баримтад бүрэн дүгнэлт хийсэнгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.4.4, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн үйл баримтыг бүрэн үнэлээгүй, нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн.

5. Тодруулбал, “З м” ХХК нь маргаан бүхий газрыг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 4/08 дугаар тогтоол болон сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/90 дугаар захирамж, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Цагаан хад багийн нутагт 631.78 га газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар Төсөл сонгон шалгаруулалтын журмаар авч эзэмшиж, тухайн газарт уурхайн ажилчдын суурьшлын бүс, 2 ширхэг шатахуун түгээх станц байгуулж, 4 ширхэг гүний худаг, ус татах болон зайлуулах станц, далан, усан сан, цахилгааны дэд өртөө, цахилгааны дэд станцын удирдлагын барилга, цахилгаан дамжуулах агаарын шугам, шилэн кабел, нойтон баяжуулах үйлдвэрийн барилгын суурь тавих зэрэг бодитой их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар мэдүүлэг, шүүхийн хэргийн газрын үзлэгээр тогтоогддог.

6. Энэ хороонд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/92 дугаар тушаалын хавсралт 9 дэх хэсгээр “З м” ХХК-ийн эзэмшлийн 631.78 га газрыг бүхэлд нь хамруулан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт нийт 8269.78 га талбайд давхардуулан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж, мөн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжаар манайд газар эзэмших эрх олгосон 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

7. Уг маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0181 дүгээр магадлалаар “... нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 631.78 га газрыг бүхэлд нь хамруулан, 8269.78 га газарт сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэж үзэж нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 631.78 га газартай давхцуулаагүй дахин шинэ акт гаргах хүртэл ... түдгэлзүүлж шийдвэрлэсэн, Мөн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаар тогтоолоор “... нэхэмжлэгч нь “уурхайн эдэлбэр” газраа түшиглэн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор төсөл хэрэгжүүлэхээр болсон, төслийг хэрэгжүүлэх хүрээнд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан, сумын Засаг даргын шийдвэрээр 631.78 га газар эзэмшиж, тухайн газар дээрээ бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, хөрөнгө зарцуулсан зэргээс үзвэл уг газрыг бүхэлд нь хамруулан хайгуулын талбайгаар зарласан шийдвэр нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

8. Хяналтын шатны шүүхийн 245 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай” гэж техникийн алдаа гаргасныг Ашигт малтмалын газар ашиглан, “З м” ХХК-ийн нэхэмжлэлийг хяналтын шатны шүүх хэрэгсэхгүй болгосон хэмээж, тухайн маргаан бүхий талбай дээр А/92 дугаар тушаалын дагуу сонгон шалгаруулалтаар манай 631.78 га газрыг хамтруулан 8269.78 га газарт “И с” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. “И с” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас ердөө 1 сарын дотор “В м” ХХК-д шилжүүлсэн байдаг. Маргаан бүхий газарт давхардуулан хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг “З м” ХХК мэдсэнээр Ашигт малтмалын газраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0181 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 245 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсан боловч “нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай” гэсэн шүүхийн тогтоолын заалтыг үндэслэсэн хэмээн тайлбарладаг. Ингээд Улсын дээд шүүхийн 2017 оны 10 сарын 04-ны өдрийн “Тогтоолд залруулга хийх тухай” 129 дүгээр тогтоолоор “... 245 дугаар тогтоолын “Тогтоох” хэсгийн 1. дэх заалтын “... нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн ...” гэснийг “хариуцагчийн” гэж залруулсугай” хэмжээн өөрчилсөн байдаг.

9. Маргаан бүхий газар дээр давхардуулан ашигт малтмалын сонгон шалгаруулалт зарласан талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байх хооронд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжаар “Газрын үнэ болох 606.508.800 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүй” гэсэн үндэслэлээр манайд газар эзэмших эрх олгосон 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 дүгээр магадлалаар “... эзэмшиж буй газрыг хамруулан төрийн захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалт зарласан энэхүү бодит факт гэрээгээр төлбөр төлөхөөр тохиролцсон цаг хугацаатай ийнхүү давхцаж байхад нэхэмжлэгчийг төлбөрөө хугацаанд нь төлсөнгүй, ... санаатай зайлсхийсэн гэж буруутгах боломжгүй ...” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн маргаан бүхий актын үндэслэл болсон газрын төлбөрийг төлөхөд бэлэн гэх тайлбар, үүнийг ч нотлох үйл баримтууд, нөгөө талаас төлбөрөө төлөөгүй тохиолдолд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах хариуцагчийн эрхийг тус тус харгалзан үзэж эдгээр нөхцөл байдлыг судлан үзэж, дахин шинээр захиргааны акт гаргатал маргаан бүхий захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

10. Магадлал гарсан өдрийн маргааш 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Дорноговь аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт” 267 тоот албан бичгээр “... төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон газрын гэрчилгээний үнэ гэх 606.508.800 төгрөгийг төлөх орон нутгийн дансны дугаарыг өгч бидний ажилд тусална уу” гэх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтдээ бид уг дансыг удаа дараа шаардаж байгаагаа дурдаж өгсөн байдаг.

11. Давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0091 дүгээр магадлалын Хянавал хэсэгт “... нэхэмжлэгч компани магадлал хүчин төгөлдөр болсноос хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”- өөр заасан газар эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлж, газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй байх бөгөөд ийнхүү газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлээ “удаа дараа албан бичгээр хандахад захиргааны байгууллагаас газрын үнийг төлөх дансны дугаараа өгөөгүй” гэж тайлбарлаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл байдал гэж үзэхээргүй байна” гэжээ.

12. Бид газрын төлбөрийг төлөх дансны дугаар зайлшгүй авах болсон шалтгаан нь төрийн захиргааны байгууллагаас олгосон газар дээр давхардуулан сонгон шалгаруулалт зарладаг, олгосон газраа эргээд хүчингүй болгодог зэрэг хуулийн этгээдийг хохироосон үйлдлийг удаа дараа гаргаж байгаа зэргээс сэргийлэх, эргээд ямар нэгэн үл ойлголцол, маргаан гарсан тохиолдолд нотлох баримтад тулгуурлах үүднээс албан ёсны дагуу бичгээр хандаж, албан ёсоор данс авах шаардлага үүссэн. Нөгөө талаар дээрх төлж байгаа мөнгөн дүн нь 606.508.800 төгрөг буюу их хэмжээний мөнгөн дүн тул бид төлөхөө илэрхийлээд байхад яагаад бидэнд дансны дугаарыг гаргаж өгөхгүй, цуцлах, багасгах шийдвэр гаргахаа урьтал болгож байгаад үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учраас зайлшгүй албан ёсоор төлбөр төлөх зөвшөөрөл, дансны дугаарыг шаардаж байсан. Мөн магадлалд “... нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх дансны дугаарыг авахаар явуулсан албан бичигт хариу өгөөгүй хэдий ч ...” гээд захиргааны байгууллагын эс үйлдэхүйг тогтоосон боловч өөр бусад байдлаар төлбөрийг шилжүүлэх боломжтой байсан хэмээн зөрчилдөөнтэй дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

13. Мөн “... “З м” ХХК-ийн захиралд шийдвэр гаргах талаар утсаар холбогдож хэлж байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартай нэхэмжлэгчээс маргаагүй, захирамжид өөрчлөлт оруулахаар нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газарт хэмжилт хийхдээ тус компанийн нэр бүхий ажилтнуудыг оролцуулсан болох нь баримтаар тогтоогдсон байхад ...” гэх зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмуудыг илтэд зөрчсөн үйлдлүүдийг зөвтгөн дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.3, 27.3.1, 27.3.3, 27.4.4, 27.5-д заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэжээ.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 дүгээр магадлал гарснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгч “З м” ХХК-ийн захиралд маргаан бүхий газрын хэмжээг багасгах, захирамжид өөрчлөлт оруулах шийдвэр гаргах талаар бичгээр болон утсаар, мөн уулзалт хийх замаар мэдэгдэж байгаагүй, тайлбар авч байгаагүй бөгөөд тус компанийн эзэмшлийн газарт хэмжилт хийхдээ маргаан бүхий А/18 дугаар захирамжтай холбоотой, тухайн захирамжийг гаргахад үндэслэл болох зэргийг тайлбарлаагүй Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. 27.5-д заасныг зөрчсөн зэрэгт давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

15. 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийн дагуу

тухайн газар дээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэтэл тухайн газар дээр хариуцагчаас хэмжилт хийж баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн сууриар газрыг 631.78 га газраас 15.8 га газар болгон их хэмжээгээр багасгахдаа барилга байгууламжийн бодит байршил, үл хөдлөх эд хөрөнгийн сууриас зөрүүтэй, өөр байгууллагад газар олгосон байдаг. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө, барилга байгууламжийг ашиглахын тул бид бусдын эзэмшлийн газар дээгүүр дамжин өнгөрөх, зөвшөөрөл авах, мөн тэр бүү хэл баригдсан объект, олгосон газар 2 нь координатын хувьд зөрүүтэй, бусдын газар дээр байхаар газрын солбицол захирамжид тусгагдсан байгаа зэргийг шүүх хуралдаан дээр тайлбарласаар байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь дээрх шийдвэрийг хууль бус болохыг нотолж байна.

16. Уг маргаан 3 жилийн хугацаанд өөр хоорондоо холбоотой 3 хэргээр үргэлжилж байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах, цуцлах, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан мэтээр харагдуулахыг оролдсоор ирсэн. Энэ байдлыг ч урд урдны нийт 3 шүүхийн шийдвэр, 2 магадлал, 1 тогтоолд тодорхой тусгаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашгийг дордуулахгүйгээр дахин шинэ акт гаргахыг даалгасаар ирсэн. Харин хариуцагч нь энэ бүх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхийн оронд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг улам дордуулсан шийдвэр гаргаад зогсохгүй, давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0091 дүгээр магадлалаараа урд урдны магадлал, тогтоолыг үгүйсгэсэн шийдвэр гаргалаа.

17. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0091 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115/ШШ2018/0032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

18. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

19. Нэхэмжлэгч “З м” ХХК нь маргаан бүхий акт болох Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2018 оны А/18 дугаар захирамжтай маргахдаа “сонгон шалгаруулалтын газрын үнийг төлөхгүй гээгүй харин төлөх боломжийг олголгүйгээр газрын хэмжээг багасгасан нь хууль бус” гэсэн байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтаас хэтрүүлэн “хариуцагч газрын үнэ гэх 606,508.8 төгрөгийг тогтоосон нь буруу байтал түүнийг төлөөгүй гэх үндэслэлээр дахин шинэ акт гаргахдаа газрын хэмжээг багасгасан нь хууль зөрчсөн” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

20. Учир нь, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 дүгээр магадлалаар “... нэхэмжлэгчийн маргаан бүхий актын үндэслэл болсон газрын төлбөрийг төлөхөд бэлэн гэх тайлбар, үүнийг ч нотлох үйл баримтууд, нөгөө талаас төлбөрөө төлөөгүй тохиолдолд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах хариуцагчийн эрхийг тус тус харгалзан, эдгээр нөхцөл байдлыг судлан үзэж, дахин шинээр захиргааны акт гаргатал маргаан бүхий захирамжийг түдгэлзүүлэх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш маргаан бүхий акт гарах хүртэл 6 сарын хугацаанд нэхэмжлэгч “З м” ХХК нь магадлалд заасан газрын төлбөр (үнэ)-ийг үнийг төлөх үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байтал биелүүлээгүй учир хариуцагчаас “төлбөрөө төлөөгүй тохиолдолд шийдвэр гаргах” хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд эзэмшил газрын хэмжээг нь багасган шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

21. Хэдийгээр нэхэмжлэгч нь “Магадлал гарсан өдрийн маргааш өдөр Дорноговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 267 тоот албан бичгээр “... төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон газрын гэрчилгээний үнэ гэх 606,508,800 төгрөгийг төлөх орон нутгийн дансны дугаарыг өгч бидний ажилд тусална уу” гэх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтдээ бид уг дансыг удаа дараа шаардаж байгаагаа дурдаж өгсөн байдаг... Бид газрын төлбөрийг төлөх дансны дугаар зайлшгүй авах болсон шалтгаан нь төрийн захиргааны байгууллагаас олгосон газар дээр давхардуулан сонгон шалгаруулалт зарладаг, олгосон газраа эргээд хүчингүй болгодог зэрэг хуулийн этгээдийг хохироосон үйлдлийг удаа дараа гаргаж байгаа зэргээс сэргийлэх, эргээд ямар нэгэн үл ойлголцол, маргаан гарсан тохиолдолд нотлох баримтад тулгуурлах үүднээс албан ёсны дагуу бичгээр хандаж, албан ёсоор данс авах шаардлага үүссэн...” гэсэн гомдол гаргаж байгаа ч газрын төлбөр төлөх данс нь хүссэн хэн бүхэн мэдэх боломжтой нийтэд ил байдгаас гадна “Төлбөр барагдуулах тухай” 2015 оны 1/225 тоот албан бичигт төлбөр төлөх данс нь тодорхой заасан байгаа, мөн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2016 оны 06 сарын 09-ний өдөр газрын төлбөр төлөх хуваарийг баталсан акт гаргаж байсан зэрэг үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэл үгүйсгэгдэж байх бөгөөд төлбөр төлөөгүйг зөвтгөх итгэл үнэмшил төрүүлэхүйц “хүндэтгэн үзэх шалтгаан биш” талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

22. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0181 дүгээр магадлал болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 245 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн тухайн газар дээрээ бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, хөрөнгө зарцуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гарч байсан, мөн энэ үндэслэлээр дээр дурдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0654 дүгээр магадлал гарч нэхэмжлэгчид газар эзэмших эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож байсан ч хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн зүгээс түүний хөрөнгө оруулсан газрыг үлдээж, эзэмшил газрын хэмжээг нь багасган шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-12, 16-д заасан гомдлыг хангах боломжгүй. 

23. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хяналтын шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө болон түүний сууриар олгогдсон гэх газрын байршил координатын хувьд зөрүүтэй тохиолдолд түүнийг арилгах боломжтой талаар тайлбар өгснийг дурдах нь зүйтэй, гэхдээ уг үндэслэл нь магадлал болон маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй /Тодорхойлох хэсгийн 15/.

24. Түүнчлэн, нэхэмжлэгч “З м” ХХК нь анх 2014 онд “уурхайн ажилчдын суурьшлын бүс”-ийн зориулалтаар 631.78 га газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар авахдаа л газрын үнэ болох 606,508.8 төгрөгийг төлөх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан, уг үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэлтэй шүүхийн маргаанууд үүсч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0654 дүгээр магадлалын дагуу ч газрын үнийг төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг мэдэж байсан, мөн хариуцагчийн зүгээс маргаан бүхий актын талаар тус компанийн захирал болон нэр бүхий ажилтнуудад мэдэгдсэн зэргээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны зорилго биелсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг огт мэдээгүй байхад түүнд ямар ч боломж олголгүйгээр захиргаанаас эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэнэтийн шийдвэр гаргасан гэж үзэхгүй. Иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 13, 14-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

25. Нэгэнт нэхэмжлэгч нь анхнаасаа газрын үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төсөл сонгон шалгаруулалтад ганцаараа оролцож газар эзэмших эрхийг олж авсан, газрын үнийг төлөх үүрэгтэй талаар өмнөх шүүхийн шийдвэрт дүгнэгдэж байсан, мөн энэхүү хэргийн тухайд ч “газрын үнийг төлөх ёсгүй” гэж маргаагүй тул маргаан бүхий актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” гэснийг буруу хэрэглэсэн гэх гомдол ач холбогдолгүй буюу энэ нь магадлал болон маргаан бүхий актыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм /Тодорхойлох хэсгийн 4, 17/.

26. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0091 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ