Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 022

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Тагам хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ногооннуур сумын Засаг даргад холбогдох,

Ногооннуур сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 82 тоот захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Тагам хоршооны дарга Х.Өмирбек, түүний өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагч Ногооннуур сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Кеншибай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Миний бие 1996 оноос хойш хүүхэд, гэр бүлийн хамт газар тариалангийн ажил эрхэлж, хувиараа хувьцаат компани байгуулж улмаар аймгийн хэмжээг өвс тэжээлээр ханган ажиллаж байгаа. Дараа нь хадлангийн ажлыг бүрэн гүйцэд эрхэлж компанийг бүрэн ажиллагаатай болгосон. Хар тахар гэх газрыг гэр бүлийн гишүүдтэй хамт усжуулж өвс гаргасан. Өвс гаргасны дараа сумын Засаг дарга А. Авчүкирийн зөвшөөрлөөр уг газрыг хадаж байсан. Мөн улсын байцаагч н.Нуршекерийн зөвшөөрлөөр хадаж байсан. Уг нь 120 га газар байсныг 80 га болгосон. Сүүлд А. Авчүкир Засаг дарга уг 80 га газрын 30 га газрыг Ногооннуур сумын ард иргэдэд өгнө, үлдсэнийг чамд өгнө гэж үлдсэн 50 га газарт захирамж гаргаж, 0173717 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан юм. Тэгээд би хүүхдүүдийн хамт 5,000,000 төгрөг зарцуулж тухайн газарт ажил хийж, өвс байхгүй газарт өвс гаргасан.

Уг газрыг эзэмших хугацаанд миний бие уг хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох зэргээр олон жил өөрийн хүч хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлэн ажиллаж ирсэн юм. Мөн уг талбайгаас Тагам хоршоо нь аймгийн нөөцийн хэрэгцээний өвсийг бэлтгэн нийлүүлж ирсэн юм. Гэтэл Ногооннуур сумын Засаг дарга 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 тоот захирамж гаргаж, надад огт мэдэгдэхгүйгээр 2009 оны 82 дугаар захирамжийг хүчингүй болгосон байсан ба энэ талаар би 2016 оны 02 дугаар сарын 05-нд мэдэж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар аймгийн Засаг даргад гаргасан юм.

Тэд уг шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, 29.3 дахь заалтуудыг баримталж хадлангийн талбай эзэмших гэрчилгээг хууль зөрчиж хүчингүй болгосон байх юм. Иймд Ногооннуур сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын Ногооннуур сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 82 тоот захирамжинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Мөн нэхэмжлэгч Х.Өмирбек миний бие хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга А.Мейрамханы хариу тайлбар болон уг тайлбарын хамт шүүхэд гаргаж өгсөн нотлох баримттай танилцаад дараах үндэслэл бүхий тайлбар болон энэ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлж байна.

Үүнд: Маргаан бүхий Ногооннуур сумын Хар тахар гэх газар нь атаржсан, хадлан авах боломжгүй, усалгаагүй хээр тал газар байсан бөгөөд Х.Өмирбек би Ногооннуур суманд хадлан бэлтгэх өвс тэжээлээр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын өвс тэжээлийн улсын нөөцийн газрын өвсөөр хангах үүднээс Тагам ББХХоршоог 2001 онд үүсгэн байгуулсан юм. Өвс хадлан бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг Тагам ББХХ нь Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг Хар тахар хэмээх газраас Ногооннуур сумын ЗД-ын 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 92 тоот захирамжаар 80 м.кв га газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшиж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч баталгаажуулсан болно. Гэтэл тухайн газрыг 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 82 тоот захирамжаар талбайн хэмжээг багасгаж 50 га болон өөрчлөн эзэмшүүлсэн юм.

Тухайн Хар тахар-ын гэх атаржсан тачир өвстэй газрыг Тагам хоршооны эзэмшил, ашиглалтад авсан мөчөөс эхэлж, хөрөнгө мөнгө гаргаж техник хэрэгсэл, хүн хүчний асар их хөдөлмөрийн үр дүнд Асгатын голоос шуудуу татаж, ус гаргаж, хиймэл гол урсгаж усжуулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн билээ. Үүний үр дүнд Хар тахар-ын атаржсан хээр тал жинхэнэ хадлангийн талбай болон хувирч, жил өнгөрх тусам хөрсний үржил шим дээшилж өвсний гарц нэмэгдсэн болно.

Тагам ББХХ-ны захирал Х.Өмирбек миний бие 2000 оноос эхэлж өвс хадлан бэлтгэж Баян-Өлгий аймгийн ард иргэдийн өвсний хэрэгцээг хангаж ирсэн гэх үндэслэл нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Баян Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2000 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/53 тоот албан бичиг, Өлгий сумын 2 дугаар багийн Засаг дарга асан н.Тарихын тодорхойлолт, 2001 оны малын өвс тэжээл бэлтгэх төслийн материал 11 хуудас, 2001-2003 онуудад Аймгийн ХААГ, Аймгийн мал хамгаалах сан, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЗД-тай байгуулсан өвс тэжээл нийлүүлэх тухай гэрээ өвсний үнийн төлбөрийн даалгаврууд зэрэг 8 хуудас баримт, Ногооннуур сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/46 тоот төсөл сангаас шалгаруулах дэд комиссын даргад хандаж гаргасан тодорхойлолт, Тэргүүний хамт олны дурсамж зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдож байна.

2. Тагам ББХХ-ны Ногооннуур сумын Хар тахар гэх газрын хээрийн талбайд ус суваг татаж усжуулсан хадлангийн талбай болгон ашиглаж байсан нь зураг-1, зураг-2 зэргээр батлагдаж байна.

3. Усалж тордон хөрс боловсруулалт хийсний ачаар Тагам ББХХоршооны эзэмшлийн ХАА-ын машин механизм, техник хэрэгслээр өвс хадлан хадаж, өвсийг хураах, боох, ачиж тээвэрлэж байсан асар их хүч хөдөлмөр зарцуулж байсан зургуудаар батлагдаж байна. Эдгээр нотлох баримтууд нь Тагам ББХХ-ны тогтворгүй үйл ажиллагаа явуулж, аймгийн ОБГ-ын харьяа тэжээлийн улсын нөөцийг жил бүр өвсөөр хангаж ирснийг баталж байсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга тус шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус сумын 6-р багийн иргэн Хажыханы Өмирбекийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Үүнд:

Тагам хоршоо-д 2009 онд 82 тоот захирамжаар 50 га хадлангийн талбай ашиглуулахаар болсон ба 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 54 тоот захирамжаар хүчингүй болгосон байна. Үндэслэл нь, тухайн үед сумын Засаг дарга А.Авчукир Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгосон. Энд хууль зөрчсөн зүйлгүй, Хар тахар гэдэг газрын хадлангийн талбайг сумын аж ахуйн нэгж болон иргэдэд, хуваарилан гэрээгээр ашиглуулж байгаа одоо дахин хуваарилан ашиглуулах хадлангийн талбай үгүй болохыг мэдэгдье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Кеншибай шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Өнөөдрийн асуудал сумын хэмжээнд яригдаж байгаа асуудал. Шүүхийн зүгээс маргаан бүхий газарт үзлэг хийж газрыг үзсэн. Энэ асуудалтай холбоотой зарим хүмүүс надад ирж гомдол хэлж байгаа. Тухайн газарт нэхэмжлэгч олон жилийн турш хөдөлмөрлөж байсан гэдгийг би мэднэ. Тухайн газарт аймгаас хүмүүс очиж хэмжилт хийхэд 29 га газар гэж гарсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтад тийм байна. Шүүхээс энэ асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулкаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байгаа. Үүнд: Ногооннуур сумын Тагам хоршоо бол хадлангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Энэ нь тухайн хоршоог үүсгэн байгуулсан гэрээ, гэрчилгээгээр нотлогдож байгаа. Олон жил үйл ажиллагаа эрхэлж байсан. Үйл ажиллагаа эрхлэхийн тулд газартай харьцаж үр ашигтай ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх зорилгоор ажиллаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Уг нотлох баримтуудаас үзэхэд техникийн хүчин чадал, хүн хүчний нөхцөл байдлын хувьд хэрхэн яаж ажиллаж байсан үр шимийг нь яаж авч байсан зэрэг нь нэхэмжлэгчээс тодорхой ажиллагаа хийж гүйцэтгэж байсан гэдгийг илтгэн харуулж байгаа.

Тагам хоршооны захирал Х.Өмирбек нь үр дүнтэй ажиллаж хүндэт өргөмжлөлөөр сайшаагдаж байсан улсын нөөцөд хүртэл өвс бэлтгэж нийлүүлж байсан, зуд зуурхан болсон үед багагүй хэмжээний тус хүргэж байсан зэрэг үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Энэ нөхцөл байдлуудыг болон он удаан жил хадлангийн үйл ажиллагаа эрхэлсэн явдлыг нь харгалзаж Засаг дарга ИТХ-ын тогтоолыг үндэслээд 2009.06.17-ны өдөр 82 дугаар захирамж гаргаж Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 заасныг үндэслээд захирамж гаргаж Х.Өмирбект хадлан бэлтгэх зориулалтаар 50 га талбай газар эзэмшүүлсэн байна. Үүний дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд 2009 оны 06 дугаар сараас хойших тухайн газрыг Тагам хоршоо эзэмшиж, ашиглаж байгаа нь нотлогдон тогтоогдож байна. Гэтэл үл мэдэгдэх шалтгаанаар 2010.05.20-ны өдөр хууль тогтоомжид нийцээгүй захирамжуудыг хүчингүй болгуулах тухай сумын Засаг даргын 54 дүгээр захирамж гарч Х.Өмирбект 50 га газар олгосон 82 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. Энэ асуудлыг мэдэнгүүтээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан байна. Энэ захирамж ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа тухайгаа тайлбарлах нь зүйтэй. 54 дүгээр захирамж нь хууль хэрэглээний хувьд хууль бус гарсан захирамж гэж үзэж байгаа. Хуульд нийцээгүй гэдэг үндэслэлийг тодорхой гаргаж ирээгүй байна. Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтад зааснаар Тагам хоршоонд эзэмшүүлсэн газар нь хэн нэгэн иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцаагүй байгаа. Эзэмшил газар давхцаагүй. Хэн нэгэн этгээд газрын талаар маргаан гаргаагүй. Х.Өмирбек, Ербол, Маржан нарын газрыг кадастрт буулгасан хэмжээ нь 46 га газар юм байна. 46 га газар эзэмшлийн газрын зурагт Ербол, Маржан нарын газартай давхцаж байгаа мэтээр харагдаж байгаа боловч Маржан, Ербол нарт газар эзэмшүүлэх тухай эрхийн акт гараагүй байсан ба тэд хууль ёсны эзэмшигч биш гэдэг нь нотлогдсон. Хадлан ашиглах тухай зөвшөөрөл гэж орон нутгаас бичиг олгосон боловч зөвшөөрлийн бичгийг зөвхөн нэг жилийн хугацаагаар олгож байсан бөгөөд энэ нь 2011 оноос хойш ерөөсөө сунгагдаагүй бичиг байна. Уг зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болсон гэдгийг Ногооннуур сумын газрын даамал гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой тусгасан байна. Мөн дээрх хүмүүс хадлангийн талбайг ашиглаж байгааг нотолж шүүхэд маргаан үүсгээгүй байна гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Тагам хоршооны газарт ямар нэгэн байдлаар давхацсан байдлаар маргаан үүсгэсэн тохиолдол байхгүй. Тагам хоршоонд 50 га газрыг эзэмшүүлсэн нь хууль бус, хууль зөрчсөн асуудал байсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь, Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар бол хадлангийн талбайн зориулалтаар эзэмших, ашиглах, талбайн хэмжээг хуульчилна заагаагүй. Харин мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т ...Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.... гэж заасан учраас урьд нь Засаг дарга Тагам хоршоонд захирамж гаргаж 50 га газрыг эзэмшүүлсэн явдлыг буруу гэж үзэх боломж байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тагам хоршооноос тус шүүхэд Ногооннуур сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 54 дүгээр захирамжийн 2009 оны 82 дугаар захирамжид[1] холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захирамжийн талаарх гомдлоо дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргад гаргаж, улмаар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлүүлэн[2] урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангасан гэж үзлээ.

Ногооннуур сумын Засаг дарга 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар захирамжаар[3] Тагам хоршоонд 50 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ[4] байгуулж, 0173717 дугаартай эрхийн гэрчилгээ[5] олгожээ.

Уг захирамжийг тухайн албан тушаалтан өөрөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-д заасныг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр захирамжийн хавсралтаар хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ногооннуур сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий захирамж нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ... Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана..., 29.3-д ...Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл ... өөрчлөх буюу хүчингүй болгоно..., Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д ...Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл,/эс үйлдэхүй/-ээрээ газрын хууль тогтоомж, ...зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгоно... гэж тус тус зохицуулжээ.

Тагам хоршоонд хадлангийн зориулалтаар 50 га газрыг эзэмшүүлсэн 2009 оны 82 дугаар захирамж нь дараах үндэслэлээр Газрын тухай хууль тогтоомжид нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

1. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг эзэмшүүлж болно... гэж заажээ.

Гэтэл хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Тагам хоршоонд уг газрыг эзэмшүүлэх талаар шийдвэр гаргаагүй байхад 50 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Тодруулбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан 2009 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоолын[6]хавсралтын 9-д[7] хадлангийн талбайг гэрээгээр эзэмшүүлэх газрын нэр, хадлангийн талбайн хэмжээ, эзэмших аж ахуйн нэгжийн нэр, эзэмшүүлэх хугацааг тус тус нарийвчлан тусгасан, үүнд маргаан бүхий газар болох Хар тахар гэх газрын хадлангийн 190 гаталбайг Ачит алхабы ХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин Тагам хоршоонд хадлангийн талбайг эзэмшүүлэх, ашиглуулах талаар тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэгдээгүй болох нь хуралдааны тэмдэглэлээр[8] тогтоогдож байгаа бөгөөд уг тогтоолын хавсралтын 8-д ашиглуулах талбайн хэмжээг заасан, энэ хэсэгт сүүлд үзгээр Тагам хоршоо гэж нэмж тусгасан нь эргэлзээтэй байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2009 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа Тагам хоршоонд хадлангийн талбайг эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Дээрх байдлаар хариуцагч хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно..., түүнчлэн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан ... хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр заагдсан байна... гэсэн хуульд заасан журмыг тус тус зөрчсөн гэж үзлээ.

2. Сумын Засаг даргын гаргасан 2009 оны 82 дугаар захирамжид хадлангийн талбайг эзэмшүүлэх хугацааг заагаагүй,эзэмших талбайн хил заагийг тогтоож өгөөгүй, кадастрын зураг үйлдээгүй болох нь гэрч Т.Манарбек, Б.Аманбек нарынмэдүүлгээр[9] тус тус тогтоогдож байгаа ба энэ нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасныг мөн зөрчжээ.

Нэхэмжлэгч тал маргаан бүхий газрыг урьд нь олон жил эзэмшиж, хадлан хадаж ирсэн гэх боловч тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшсэн талаар нотлогдохгүй, нэхэмжлэлд болон нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтад дурьдагдсансумын Засаг даргын 1996 оны 47 дугаар захирамж[10] болон 2008 оны 92 дугаар захирамж[11] нь өөр өөр агуулгатай шийдвэрүүд болох нь тогтоогдож байна.

3. Ногооннуур сумын Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа сумын нутаг дэвсгэрт харьяалагдах хадлангийн талбайг нийт иргэд болон аж ахуйн нэгжүүдэд тэнцүү хэмжээгээр дахин хувиарлах зорилгыг үндэслэл болгосон гэж тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан А.Авчүкир[12] тус шүүхэд мэдүүлсэн бөгөөд энэ нь нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр байсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Тагам хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүхээс нэхэмжлэгч Тагам хоршооны дарга Х.Өмирбекийн зааснаар хоршооны хадлангийн зориулалтаар эзэмшиж байгаа гэх газарт хэмжилт[13] хийхэд нийт талбайн хэмжээ бодит байдлаар 29 га газар болох нь тогтоогдсон. Энэхүү 29 га газрыг одоогийн байдлаар хэн нэгний эзэмшил, ашиглалтад олгосон талаар эрх бүхий албан тушаалтнаас хууль ёсны шийдвэр гараагүй тул хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн Тагам хоршоонд хадлангийн зориулалтаар уг газрыг эзэмшүүлэх бүрэн боломжтой болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14,107-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, 53 дугаар зүйлийн 53.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тагам хоршооноос тус шүүхэд Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан гаргасанНогооннуур сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 54 дүгээр захирамжийн 2009 оны 82 дугаар захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 


[1] Хэргийн 19, 20 дугаар хуудас

[2] Хэргийн 4 дүгээр хуудас

[3] Хэргийн 3 дугаар хуудас

[4] Хэргийн 5 дугаар хуудас

[5] Хэргийн 7 дугаар хуудас

[6] Хэргийн 111 дүгээр хуудас

[7] Хэргийн 115 дугаар хуудасны ар тал

[8] Хэргийн 130 дугаар хуудас

[9] Хэргийн 98, 128 дугаар хуудас

[10] Хэргийн 88 дугаар хуудас

[11] Хэргийн 89 дүгээр хуудас

[12] Хэргийн 80-81 дүгээр хуудас

[13] Хэргийн 82-84 дүгээр хуудас