Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01338

 

“Эрээнцав” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 788 дугаар шийдвэр,         

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 201/МА2016/00037 дугаар магадлалтай,

“Эрээнцав” ХК-ийн нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох,

34.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн, Б.Одончимэг, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч “Эрээнцав” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрээнцав” САА нь анх 1956 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр байгуулагдсан. Оргил үедээ 32000 га газар улаан буудай, малын тэжээл тариалдаг томоохон аж ахуй байсан бөгөөд 1996 онд хувьчлагдаж “Эрээнцав” ХК болж шинэчлэгдэн зохион байгуулагдсан юм. Сумын Засаг даргын тавьсан хүсэлтээр, газар эзэмших эрхийг нь сэргээж өгнө, бүх талаар дэмжинэ гэсэн амлалтын дагуу бид орон нутагт ирж ажилласан. “Эрээнцав” ХХК нь 2011 оны 09 сарын 16-ны өдөр Чулуунхороот сумын Засаг даргад А/13 тоот албан бичгээр хандаж, компанийн өмнө нь эзэмшиж байсан үр тарианы чиглэлийн газрыг эзэмших эрхийг сэргээж, газрын тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг сумын Засаг дарга шийдвэрлэхдээ газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах, сэргээх тухай“ захирамж гаргаагүй 2011 оны 11 сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжаар “Эрээнцав” ХК-д газар тариалангийн зориулалтаар 8000 га газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших гэрчилгээ олгож гэрээ хийсэн. Чулуунхороот сумын Засаг даргын 2013.04.03-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар “Асмос” ХХК-ний 8400 га газрыг эзэмших эрхийг манай хамтрагч “Гэгээлэгтрейд” ХХК-ний нэр дээр олгосон байсан. Ингээд 2013 оны 04 сараас манай компани нийтдээ 18400 га газар эзэмшиж эхэлсэн. Чулуунхороот сумын Засаг даргын шаардсанаар манай компани газрын дуудлага худалдааны үнэ гэсэн нэрээр Чулуунхороот хөгжил санд 18000000 төгрөг, ГХБХБ газрын 070028002 тоот дансанд 34400000 төгрөг, нийтдээ 60.4 сая төгрөг тушаасан. Үүнээс гадна “Асмос” ХХК газраа манайд шилжүүлэхээс өмнө тушаасан 18,0 сая төгрөг орвол нийтдээ 78.4 сая төгрөг тушаасан байна.

Сумын Засаг дарга З.Гэрэлт-Од газар олгосон захирамжаа хуульд нийцээгүй болохыг хүлээн зөвшөөрч дуудлага худалдааны үнийн зөрүү төлөөгүй гээд 2014 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн А/35 дугаар захирамжаараа А/92 дугаар захирамж, газар эзэмших эрх, 0200871 тоот гэрчилгээг, А/34 дүгээр захирамжаараа 2011 оны А/93 дугаар захирамж буюу нийтдээ 18400 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож үүнийгээ 2014.05.01-ний өдрийн 1/123 тоотоор албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн.

Дорнод аймгийн ГХБХБ-ын газрын 2016.01.18-ны өдрийн 27 тоотоор 34.4 сая төгрөгийг өөрийн дансанд тушаах үндэслэлгүй тухай, энэхүү төлбөрийг Дорнод аймгийн Тамгын газрын дансанд шилжүүлсэн тухай бичжээ. Дээрх байгууллага нь татвар төлбөрийг зөвхөн цуглуулж өгөхөөс зарлага хийх эрхгүй хэмээсэн тул бид Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016.02.18-ны 5/330 тоот бичигт “...Хууль бус шийдвэр гаргасан сумын Засаг дарга, түүний Тамгын газар хохирлыг барагдуулах нь зүйтэй” гэж “Эрээнцав” ХК-д хохирол учирсныг хүлээн зөвшөөрсөн.

Бид Чулуунхороот сум хөгжүүлэх санд тушаасан 25.6 сая төгрөг, газрын төлбөрт төлсөн 3857200 төгрөгийг авах эрхтэй ч нэхэмжлээгүй. Иймд газрын дуудлага худалдаа явагдаагүй, төлбөр нь ямар нэг дэнчин биш, манайд газар олгосон захирамж, газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болсон, тушаасан мөнгийг Дорнод аймгийн ГХБХБ-ын газрын дансанд тушаасан, Дорнод аймгийн ГХБХБ-ын газар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дансанд дээрх 34.4 сая төгрөгийг дамжуулан шилжүүлсэн, Дорнод аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар уг мөнгийг хэрэглэсэн тул Дорнод аймгийн Тамгын газар бус аймгийн Засаг дарга хариуцах ёстой нь харагдаж байгаа тул манай тушаасан 34.4 сая төгрөгийг хэрэглэсэн хариуцагч болох Дорнод аймгийн Засаг даргаас гаргуулж бидэнд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 онд Чулуунхороот сумын Засаг даргын 92 дугаар захирамжаар “Эрээнцав” ХК-д 8000 га газар эзэмшүүлэхээр болсон. Дуудлага худалдааны анхны үнэ 2012 онд орж ирсэн байгаа. Тухайн үед Аудитын газраас шалгалт хийгээд манай зүгээс 34.4 сая төгрөгийн асуудал гарч ирсэн. 2013 онд тухайн үед Засаг дарга болон “Эрээнцав” ХК нь манайхаас ямар нэгэн заавар зөвлөгөө аваагүй байдаг. Хууль зүйн хувьд газрыг өмчлөн авахдаа дуудлага худалдаа явуулах ёстой байсан боловч дуудлага худалдаа явуулаагүй байсан. “Эрээнцав” ХК-ийн 34.4 сая төгрөгийг бусад байгууллагын газрын дуудлага худалдааны мөнгөтэй нийлүүлээд 80.0 сая төгрөгийг 2012 оны 03 сарын 30-ны өдөр манай нягтлан бодогч аймгийн Төрийн сан дахь орон нутгийн ерөнхий орлогын данс руу шилжүүлсэн байдаг. Иймд манай дансанд энэ байгууллагын тушаасан мөнгө байхгүй учраас уг мөнгийг өгөх боломжгүй юм гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан сумын Засаг даргын 2011 оны 92 дугаартай газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлж буй захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар үүний хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд “газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан байдаг. Дээрх журмын дагуу Сумын Засаг даргын Тамгын газар нь тус газрын дуудлага худалдааг зарлаж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, гэрээний дагуу тогтоосон хугацаанд газрын үнийг төлсний дараа сумын Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргах ёстой. Гэтэл дээрх шат дараалсан ажиллагааг зохион байгуулалгүйгээр сумын Засаг дарга газар эзэмшүүлэх тухай хууль бус  захирамж гаргаж түүнээс үүдэн “Эрээнцав” ХК-д 34400000 төгрөгийн хохирол учирсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасны дагуу хууль бус шийдвэр гаргасан Чулуунхороот сумын Засаг дарга, түүний Тамгын газар энэхүү хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн тушааж буй газрын үнэ 34.400.000 төгрөг нь эхэлж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 070028002 тоот дансанд төвлөрдөг бөгөөд ямар шийдвэрийн улмаас, хэдэн төгрөг тухайн дансанд орж байгааг анх орлого авсан байгууллага Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тогтоох боломжтой байсан. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 070028002 дансанд орсон мөнгөн хөрөнгө нь орон нутгийн ерөнхий орлогын 070000910 дугаар дансанд төвлөрдөг. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.42-т заасны дагуу “төсвийн ерөнхий данс” гэж тухайн шатны төсвийн мөнгөн гүйлгээг нэгтгэн бүртгэх харилцах данс тул дээрх ерөнхий орлогын дансанд төвлөрч байгаа хөрөнгийг хууль бус шийдвэрийн улмаас төвлөрсөн эсэхийг хянах, мэдэх, боломжгүй. Мөн энэхүү ерөнхий орлогын дансанд төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг хуваарилах төлөвлөлтийг батлах эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Мөн аймгийн ерөнхий орлогын данс буюу 070000910 дансанд төвлөрч орон нутгийн орлого болсон мөнгийг тус байгууллагын данснаас гаргах боломжгүй бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй байгууллага байдаг. Иймд нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-д учирсан гэх хохирол нь аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын буруутай үйлдлийн улмаас учраагүй байх тул аймгийн Засаг даргын Тамгын газраас хохирлыг барагдуулах боломжгүй юм гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1-д тус тус зааснаар Дорнод аймгийн Засаг даргаас газрын дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 34.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-д олгож, хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 331600 төгрөгийн 329950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1650 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 329950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-д олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 201/МА2016/00037 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... Дорнод аймгийн Засаг даргаас...” гэснийг “ ... Дорнод аймгийн төсвөөс ...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлд дурдсан сумын Засаг даргын 2011 оны 92 дугаар захирамж газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлж буй захирамж нь Газрын тухай хуульд 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь зааснаар хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан байдаг.

Дээрх журмын дагуу сумын Засаг даргын Тамгын газар нь тус газрын дуудлага худалдааг зарлаж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, гэрээний дагуу тогтоосон хугацаанд газрын үнийг төлсний дараа сумын Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргахаар хуульчилсан.

Гэтэл дээрх шат дараалсан ажиллагааг зохион байгуулаагүйгээр сумын Засаг дарга газар эзэмшүүлэх тухай хууль бус захирамж гарган энэхүү шийдвэрийн улмаас “Эрээн цав” ХК-нд 34.400.000 төгрөгийн хохирол учирсан гэх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэр гаргасан сумын Засаг дарга, түүний Тамгын газар хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгчийн газрын үнэ гэх 34.400.000 төгрөгийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 070028002 дансанд төвлөрдөг бөгөөд ямар шийдвэрийн улмаас, хэдэн төгрөг тухайн дансанд орж байгааг анх орлого авсан байгууллага болох Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар тогтоох боломжтой байсан.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 070028002 дансанд 22200 мөнгөн хөрөнгө нь орон нутгийн ерөнхий орлогын 070000910 дугаар дансанд төвлөрдөг.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.42 дахь заалтад заасны дагуу “төсвийн ерөнхий данс” гэж тухайн шатны төсвийн мөнгөн гүйлгээг нэгтгэн бүртгэх харилцах данс тул дээрх ерөнхий орлогын дансанд төвлөрч байгаа хөрөнгийг аль бус шийдвэрийн улмаас төвлөрсөн эсэхийг хянах, мэдэх боломжгүй. Мөн энэхүү ерөнхий орлогын дансанд төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг хуваарилах төлөвлөлтийг батлах эрх нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг баталдаг бөгөөд аймгийн засаг дарга, түүний Тамгын газар нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5.-д заасны дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон иргэний хэргийн анхан шатны шүүхийн 138/ШШ2016/00788 дугаар шийдвэр, Дорнод аймгийн эрүү иргэний давж заалдах шатны шүүхийн 2016 оны 201/МА2016/00037 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Эрээнцав” ХК нь хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан 34.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлээ “...газрын дуудлага худалдаа явагдаагүй, газар олгосон захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тул хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжаар “Эрээнцав” ХК-д газар тариалангийн зориулалтаар 8000 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцжээ. Тус компани дээрх газрын дуудлага худалдааны үнэд 34.400.000 төгрөг төлснийг 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 070000910 тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, тодруулбал хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх шаардлагатай.

Сумын Засаг дарга нь “Эрээнцав” ХК-д газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс төлсөн газрын дуудлага худалдааны үнийг буцаан шилжүүлээгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1-т заасантай нийцжээ.

Нэхэмжлэгчээс шилжүүлсэн төлбөрийг аймгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн болох нь тогтоогдсон, давж заалдах шатны шүүх төлбөрийг аймгийн төсвөөс гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-г зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 201/МА2016/00037 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ