Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Э.Т,

Хохирогч Г.Э,

Гэрч Л.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Н-т холбогдох эрүүгийн 201610010216 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн,эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, 4-17 насны 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Н нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Э-н нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн 60 жилийн ой 2016 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдөр болсон, сургуулийн ой болохоос өмнө манай нөхөр У.Б, Г.Э, А нарын хамт ирсэн. Тэгээд Г.Э манай гэрт үлдээд А манай нөхөр Г.Б хоёр буцаад Замын-Үүд сумын төв рүү явсан. Манай гэрт Г.Э, Л.О бид гурав манай 3 настай хүүгийн хамт үлдсэн. Тэр өдөртөө бид нар ямар нэгэн архи дарс уулгүй хоносон. Тэгтэл маргааш нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр Б гэртээ хүрээд ирсэн, яасан гэсэн чинь заавал Монгол дээлтэй арга хэмжээнд оролцоно гэж байна дээлээ авна гэж ирсэн, тэгээд буцах үед нь би хамт Замын-Үүд суманд ирсэн, харин манай гэрт Л.О, Г.Э хоёр үлдсэн. Би Замын-Үүд суманд очиж 1 хоночихоод 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ ирсэн. Би гэртээ очсон өдрөө Л.О, Г.Э бид гурав БНХАУлсад үйлдвэрлэсэн улаан бөглөөт нэртэй 5 шил архи уусан, архи уучихаад би хөнжил гудсаа аваад хүүхдээ аваад хойд гэр лүүгээ орж унтсан. Харин урд талын гэрт Л.О, Г.Э хоёр үлдсэн. Архи ууж байхдаа Л.О, Г.Э хоёр ямар нэгэн хэрүүл хийгээгүй, ер нь Г.Э, Л.О хоёрын ярьдаг яриа нь дандаа шорон орон ярьсан хүмүүс байдаг. Гэхдээ намайг гэрт байхад Л.О, Г.Э хоёр хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй, намайг гэрт орсон хойно юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Би Г.Э-г огт цохиж зодоогүй. Надад өөр мэдэх зүйл огт байхгүй, би мэдэж байгаа юмаа л ярьлаа. Манай нөхөр Б-н подволк, Г.Э өмссөн байсан юм. Босоо захтай богино ханцуйтай ногоон өнгийн пудволк байгаа. Би тэрийг яаж мэддэгийн бэ, тэр өмсөж байсан хүн нь л өөрөө мэдэж байгаа юм байгаа биз. Ямар ч байсан манай нөхөр Б-н ногоон подволкыг Г.Э өмссөн байсан. Би Замын-Үүд орчихоод буцаад гэртээ очиход манай нөхөр Б-н хоол цай идэж уудаг улаан эрээн аяга байдаг тэр аяганд тараг хийсэн байхаар нь хэн энэ аяганд тараг хийсэн гэж асуухад Г.Э тараг хийсэн гэж хэлэхээр нь би уурлаж өөр аяга чамд олдохгүй байна уу гэж хэлсэн, тэр үед архи ууж байсан, би тэгж хэлээд өнгөрсөн, харин хэрүүл маргаан болоогүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 50-51/,

- Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 онд өдөр сарыг нь санахгүй байна. Замын-Үүдээс хөдөө гэр лүүгээ очсон. Л.О, Г.Э хоёрт 2 шил архи аваачиж өгсөн. Очоод би мах чанасан. Энэ 2 нэг шил архи хувааж уусан. Тэр үед Г.Э хутга бариад мах идээд сууж байсан. Л.О хониндоо явсан. Тэр хооронд Г.Э намайг оролдсон. Нөхрийн аяганд цай уулаа гэсэн чинь “яадаг юм бэ, нөхрийг чинь орлоно” гэсэн. Тэгээд би ноцолдсон. Хүүхэд хажууд уйлаад байсан. Орон дээр ноцолдож би түлхсэн тэгээд л салсан. Л.О ч ирсэн. Тэгээд дараа нь би хойд гэртээ орж унтлаа гээд уурлаад явсан… Г.Э мах идээд сууж байсан хутгатай гартайгаа дайрсан. Гарыг нь би түлхээд ноцолдсон. Санаатай тэгээгүй. Ноцолдож байхдаа л гэмтээсэн байх. Хохирол төлбөрийг би төлнө…” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаа өгсөн: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суудаг, ам ганцаараа эхнэр хүүхэд байхгүй. Хэргийн талаар гэвэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байхаа Замын-Үүд суманд манай гэрт Б буюу Х ирсэн, манайд Б ирэхээр нь би танайд очье гээд Б-г дагаж Замын-Үүд сумаас хойш 60-аад км газарт Эрдэнэ сумын сумын нутагт байх Б-н Хөдөө гэрт нь очсон. Намайг Б-тэй хамт гэрт нь очих үед эхнэр Н, малчин О нар байсан, тэгээд Б-н гэрт очоод тэр оройдоо Б гэртээ бид нартай хамт хоноод маргааш өглөө нь Б Замын-Үүд сумын 1-р сургуулийн ойн баярт очно, ангийн нийллэгтэй гээд Н-тай хамт явсан. Тэгтэл Н маргааш нь буцаад гэртээ хүргүүлээд ирсэн, тэгэж ирэхдээ Б-н ах нь хамт ирээд хонь мал аваад явцгаасан. Б-н гэрт хүмүүс ирээд хонь мал аваад явсан тэр үед Н гэртээ үлдсэн. Тэр орой Н, О бид 3 архи ууцгаасан, Өглөө үүр цайж байхад унтахаар болсон, бид нар унтаж байгаад өдөр сэрээд дахиад архи ууцгаасан, архи ууж байхдаа О бид хоёр муудаж О алдаг талдаг гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад О миний хамар доор маажсан уу, шилээр урсан уу мэдэхгүй хамар доор шалбарсан бага зэрэг цус гарсан байхаар нь би О-т хандан чи одоо зүгээр бай боль гэж хэлээд бид хоёр хоорондоо сайдаж муудахаа больсон. Тэгээд О хонинд явлаа гээд явсан. Би О-г хонинд явсаны дараа унтахаар хэвтсэн энэ үед бид гурав архи уусан согтуу байсан, намайг хэвтэж байтал гэнэтхэн миний ар нуруу руу нэг юмаар хүн хүчтэй цохих шиг болоод их өвдсөн, би өндийгөө эргээд хартал Н миний ар талд зогсож байсан ба би гарт нь юу байсан гэдгийг сайн анзаараагүй харагдаагүй. Тэгээд маргааш өглөө нь О, Н хоёр намайг дуудаж цай уу гэж хэлсэн, би босож дээш өндийх гэтэл миний цээж нуруу өвдөөд босож чадахгүй би арай гэж дээшээ өндийсөн. Намайг өндийх үед миний өмсөж байсан ногоон өнгийн пудволк цус болсон байсан. Тэр ногоон өнгийн богино ханцуйтай фудволк Б-н фудволк байсан, би өмсөж байсан юм. Би өглөө босоод цай ууж чадаагүй, Н-г архи хийж өгөхөөр нь хийж өгсөн архийг уучихаад, Н-г юу гэж хэлэх бол гэж бодоод “миний цээж яагаад ийм эвгүй болчихвоо” гэж асуутал О яриан дундуур орж “чи нөхрийх нь аяганд цай хоол идэж уугаад гэрийн эзэн шиг байхаар чинь аргагүй биздээ” гэж хэлсэн. Харин Н “би угаасаа тийм юмыг хүлээн зөвшөөрдөггүй, дургүй” гэж хэлэхээр нь би дахиад “би ер нь яасан юм бэ, миний нуруу цээж эвгүй байгаад байна” гэж дахин асуутал “чи шилэн дээр унасан” гэж Н хэлсэн тэгтэл О бас дагаад “тэгсэн чи шилэн дээр унасан” гэж хоёулаа надад худлаа хэлэхээр нь би үг сөрж янз бүрийн зүйл ярилгүй амыг нь дагуулаад “өө тийм үү” гэж хэлсэн. Дахиад архи ууцгаасан гэтэл миний бие өвдөөд байсан учраас би хэвтээд өгсөн, ер нь дахиж архи уугаад би согтсон, тэр үед миний өмсөж байсан фудволкыг Н наадах чинь наалдаад байна гээд тайлж байсан. Маргааш босоод явна гэж О, Н хоёрт хэлсэн, тэгтэл унаа байхгүй байсан учраас явж чадаагүй, тэгтэл маргааш нь Б гэртээ ирээд хоносон, маргааш нь би явахгүй бол болохгүй гэр рүүгээ хүргүүлье гэж хэлээд Б-р гэртээ хүргүүлсэн. Би гэртээ ирээд маргааш нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэг дээр очиж үзүүлэхдээ эмч нар яасан юу болсон гэж асуухаар нь би шилэн дээр унасан гэж худлаа хэлсэн. Учир нь хамт архи уусан гэр оронд нь байсан юм чинь хүнийг асуудалд оруулаад яахав гэж бодоод би шилэн дээр унасан гэж хэлсэн юм. Би Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн өдрөө мэс засалд орсон. О бид хоёр согтуудаа бие биенийхээ дээр гарах гэж жаахан маргасан, тэгээд О-н гарт нь шил байсан үгүйг сайн санахгүй байгаа юм, ямар ч байсан хамар доор уруулын дээд талд шалбарчихсан юм, тэр шалбархай нь намайг эмнэлэг дээр ирэх үед бараг зүгээр болсон байсан, надад өөр гэмтэл бэртэл учруулаагүй. Би О-тай дахиж маргаж муудалцаагүй. Н нөхрийн аяганд хоол унд идэж уусан гээд над руу дайраад түүнээс болоод надтай маргаад хэрүүл хийгээд байсан, ер нь Н ааш зан ширүүн давилуун зантай, архи уухаараа агсам зантай хэл ам нь гүйцэгдэхгүй ер нь хүнд дийлдэхгүй гэж л үздэг хүүхэн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91/,

- Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “…Орой билүү шөнө болсон байсан. О хөндлөн хэвтэж байсан. Би ор луу очоогүй.  Н гарч орж байсан. Ганц шил архи өгчихөөч гэсэн. Харанхуй болсон байсан. О-т маргааш явах уу? Замын-Үүд рүү явах уу гэж ярьсан. Н-с архи нэхээд байх хэцүү юм. Нэхээд ашиг гарахгүй юм байна гээд. Тэгээд унтаж байсан чинь ард хүнд болоод л явсан. Хажууд О хэвтэж байсан. Эргээд хартал Н зогсож байсан. “Чи муу давраад байгаарай” гээд цээжэн дээр дэвссэн. Тийм  л юм болсон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг,

- Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г.Э нь манай ээж У-н төрсөн дүү нь байгаа юм… Хэргийн талаар нүдээр үзэж харсан зүйл байхгүй 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г.Э ах эмнэлэг дээр эмээ Л-тэй хамт явж байгаад би таарч эмээ бид хоёр Э ахыг эмнэлэгт үзүүлсэн. Тэр үед зовиурлаад ямар нэгэн юм ярьж чадахгүй байсан. Би эмээтэй хоёулаа Э ахыг эмнэлэгт үзүүлж рентген зургийг нь авхуулсан, тэр үед гэмтлийг нь харахад баруун талынхаа далны доод талд хавирганы хавьд нарийхан зүсэгдсэн 2 см хэртэй шарх харагдсан. Э ах ярихдаа эмчид үзүүлж байхдаа шилэн дээр унасан гээд байсан, эмч хараад энэ шил ороогүй, хутганы шарх юм бишүү гэж хэлсэн. Тэгээд шинжилгээ өгөөд тэр өдрөө Э ах мэс засалд орсон. Э хутгалуулсан гэдгээ мэдээгүй, хамт байсан Н нь “чи шилэн дээр унасан” гэж хэлсэн гэсэн, Э эмнэлэг дээр ирээд шилэн дээр унасан гэж хэлсэн. Тухайн үеэр нь би шархыг нь харсан тэгэхэд шилэнд урсан гэж хэлмээргүй, цэвэрхэн зүсэгдсэн шарх байсан. Нүүр нь уруул хавьдаа хамрых нь доод талд шалбарсан байсан. Замын-Үүд сумаас хойш 60 гаран км зайд Эрдэнэ сумын нутагт хөдөө Б гэдэг айлд очоод айлын эхнэр Н, О нартай хамт Э ах архи уугаад маргаж муудан, тэнд хэрэг болсон гэсэн. Э ахыг доошоо хараад хэвтэж байхад нь араас нь юмаар цохих шиг болсон тэгээд эргээд харахад нь Н зогсож байсан гэсэн. Э нь миний нагац ах байгаа юм. Зан аашын хувьд даруухан архи уувал олон таван үг байхгүй, унтаад өгдөг, согтуурхаад байхгүй, агсам зангүй. Дутагдалтай тал нь архи уудаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

- Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт 2012 оноос эхлэн их эмчээр ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш тус сумын нэгдсэн эмнэлэгт гэмтлийн эмчээр ажиллаж байгаа. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12:10 цагийн үед эрэгтэй Г овогтой Э гэдэг хүн ирж үзүүлсэн, би Э-н гэмтэл шархийг үзэхэд цээжээр тэмтэрхэд эмзэг, цээжний баруун ар талд сугны арын шугамаар 4,5 дугаар хавирга орчимд тав тогтоосон хуучин шархтай 3-4 хоног болсон бололтой харагдсан. Шархны байдлыг харахад тийм байсан. Г.Э-н гэмтэл нь гаднаас нь харахад зүсэгдсэн гэж хэлэхээргүй тав тогтсон шалбархай шарх байсан. Тэгээд рентгенд харахад тухайн шарх нь цээжний хөндий нэвтэрсэн шарх болох нь тогтоогдсон учраас тухайн өдрөө мэс засалд орсон. Тухайн үедээ Э надад хэлэхдээ “энэ юу ч бишээ ах нь өөрөө шилэн дээр унаад аль дээр шалбалчихсан шарх байгаа юм” гээд байсан ба тэр гэмтэл нь анх харахад тийм ч юм уу гэж харагдахаар байсан боловч шинжилгээ үзлэгийн явцад цээжний хөндий нэвтэрсэн шарх байсан учраас Г.Э-т учирсан гэмтэл нь шилэн дээр унаж гэмтсэн гэмтэл шарх биш байсан, тэгээд энэ шилэн дээр унасан гэмтэл биш байна та яаж гэмтсэн бэ? гэж Г.Э-с асуухад Замын-Үүдээс хойшоо 50 км гэлүү 70 км гэлүү газарт хөдөө айлд архи уусан зодуулсан тухай ярьж байсан. Г.Э-н өвчний түүхийн тэмдэглэлийг бичсэн. Г.Э надад ярихдаа хэвтэж байхад араас цохих шиг болсон гэж ярьсан гэхдээ хэн цохисон татсан талаараа надад хэлээгүй. Г.Э-т учирсан гэмтэл нь цээжний хөндий нэвтэрсэн боловч бага зэрэг нэвтэрч дотогшоо цус гоожиж цус бүлэгнэсэн, тэгээд гадна талдаа шарх нь тав тогтож цус тогтсон байсан. Энэ гэмтлийг авснаас хойш хүн хөдөлгөөн хийж явж хөдлөж чадна. Г.Э нь өөрөө давхар сүрье өвчтэй хүн байсан ба сүрье өвчин нь сэдэрсэн байсан. Г.Э мэс засалд орсоноос хойш 2-3 хоногийн дараа “ахыгаа уучлаарай ах нь хүн хэрэгт хийчихвий гэж бодоод хэлээгүй юм, ах нь шилэн дээр унаагүй гэж байсан. Хамт гэрт байсан хүн унтаж байхад араас татаж цохих шиг болсон, тэгээд эвгүй болчихсон, ах нь шилэн дээр унаагүй гэдгээ мэдэж байгаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,

- Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2016 оны 09 сарын сүүлээр байж байтал Х буюу Б надтай таарч “чи хөдөө очиж манайд мал харж өгөөч би нааш цаашаа явах ажил байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутагт Б-н гэрт нь очиж малыг нь харж өгсөн. Намайг Б-н гэрт очсоноос хойш хэд хоногийн дараа Б Э-г дагуулаад машинтай ирсэн, тэгэж ирэхдээ Э-н хүргэн дүү А гэсэн байхаа нэг залуу хамт ирээд буцсан, Б, А-тай хамт Э-г дагуулж ирэхдээ өглөө үүрээр гэгээ ороогүй байхад ирээд гэгээ оруулаад Б, А хоёр буцаад явсан. Би өглөө босоод чөдөртөй морио барьж ирэхээр явсан, намайг морио бариад ирэхэд Н цайгаа чанасан байсан, би хонио ус руу хөдөлгөж туучихаад гэрт орж ирээд хоёр шил архины нэгийг нь задлаж Э, Н хоёртой талыг нь хувааж уугаад би хонио услах гээд морьтой явсан. Намайг явах үед Э Б-н ногоон өнгийн богино ханцуйтай фудволкыг өмсчихсөн байсан. Би хонио услаад буцаад ирэхэд өдөр 15:00 цаг болж байсан ба намайг гэрт ирэхэд Н, Э хоёр үлдсэн архиа ууж дуусаад дахид нэг шил архи талд нь оруулсан байгаа харагдсан. Тэгтэл Н “энэ Э явна гээд цүнхтэй хувцасаа бариад гарч явах гээд байна. Тэгэхээр нь цүнхтэй хувцасыг нь хашаанд нуучихсан” гэж хэлсэн. Намайг хониноос ирээд гэрт ороход Э ногоон фудволкныхоо гадуур цагаан эрээн цамц өмсчихсөн гэрийн баруун талын орон дээр буруу хараад унтаж байсан, би гаднаас орж ирээд цай хоол идэж уугаад Э-г дуудаж сэрээсэн, Э босож ирээд цай ууж шөл уугаад орой болж унтах болоод би Э-тай хамт орон дээр унтах гэтэл Э чи зүгээр цаашаа өөр газар унт миний бие өвдөөд байна гэж хэлээд нилээд зовиуртай байгаад байсан. Намайг ер нь өдөр хонинд явахаас өмнө Н, Э хоёр маргалдаад байсан, юу гэж маргаад байсан гэхээр Н “чи манай нөхрийн аяганд хоол цай идэж уудаг юу вэ? хэн бэ” гээд байсан. Тэгээд хонинд яваад ирэхэд Э өмсөж байсан цамцныхаа гадуур өөр цамц давхарлаад өмссөн гэрийн баруун талын орон дээр буруу хараад хэвтчихсэн унтаж байсан. Би ирээд Э-г сэрээж хоол цай идэж байхад Э цээжээр өвдөөд байна гэж байсан, тэр үед л Э Н-т хутгалуулсан байсан юм байна лээ. Би яг тэр үед нь мэдээгүй, сүүлд нь мэдсэн. Маргааш нь өглөө Э Б-н гэрт байсан цэнхэр иштэй хутгыг харчихаад энэ их эвгүй хутга, их учиртай хутга гээд байсан. Би нарийн учрыг нь олохгүй байгаад байсан гэтэл намайг явсан хойно, Э-г Н хутгалсан байна лээ. Би Э-тай муудаж зодолдоогүй, оймс гуталнаас болоод жаахан маргасан байх түүнээс хоорондоо зодолдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

- Гэрч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт: “…1 шил архи уучихаад би хониндоо яваад ирсэн. Намайг гэрт орж ирэхэд Н-н хүүхэд уйлсан байсан. Юу болсон юм бэ гэсэн чинь. Ээжийн дээр гарсан гээд нэг тиймэрхүү юм ярьсан. Хүүхэд худлаа ярьж байна гэж бодоод би солиороод бай гэсэн. Би хараагүй. Хүүхэд л тэгж хэлсэн. Г.Э анх очихдоо шөнө алга болсон. Бид нар ээж рүү нь утасдаад ирж ав гэсэн. Нүцгэн гараад явсан. Н 2 шил архитай ирсэн. Маргааш нь бид гурав уусан. Г.Э бас нэг шил архитай ирсэн байсан. Нэг шил архи бид гурав уугаад би хониндоо явсан. Орой ирэхэд Н ууртай байсан. Яасан бэ гэсэн чинь хойшоо орж унтлаа гэсэн. Н хутгалсан гэдгийг би мэдээгүй. Энэ өвдөөд байна гэсэн. Яасан гэсэн чинь толгойгоо дохьсон, би ойлгоогүй… Хутга бариад энэ учиртай хутга гээд солиороод байсан. Шөнө галзуураад яваад байсан хүн солиорч байна гэж бодсон… нөхрийн аяганд хоол идлээ гэж маргалдсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.Л мөрдөн шалгах ажиллагаанд: “...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байж байтал Б буюу Х гэж дууддаг залуу мотоцикльтой манай хүү Г.Э-г гэрт хүргэж ирсэн. Ирэхдээ янз бүрийн юм яриагүй, Б гэрт хүргэж өгөөд яваад өгсөн, харин Э гэрт үлдсэн, Э хэлэхдээ бөөр өвдөөд татаад байна гэж байсан ба тухайн үедээ биедээ гэмтэл авсан талаараа надад огт яриагүй. Маргааш нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний ар тал руу шил орчихсон юм шиг байна гэж яриад байхаар нь эмнэлэг рүү очиж үзүүлсэн, тэгтэл эмч хараад энэ шил ороогүй, хутганы шарх юм бишүү гэж хэлсэн. Тэгээд шинжилгээ өгөөд тэр өдрөө мэс засалд орсон. Э хутгалуулсан гэдгээ мэдээгүй, хамт байсан Н нь “чи шилэн дээр унасан” гэж хэлсэн гэсэн, Э эмнэлэг дээр ирээд шилэн дээр унасан гэж хэлсэн. Мэс засалд орох үеэр нь би шархыг нь харсан тэгэхэд шилэнд урсан гэж хэлмээргүй, цэвэрхэн зүсэгдсэн шарх байсан, хэн ч харсан хутганы шарх гэж хэлмээр шарх гэмтэл байсан. Тэгээд Э-с юу болсон яасан ямар хэрэг болсон талаар асуухад би Б-н гэрт нь эхнэр Н, О хоёртой хамт архи уусан, тэгээд О-тай хэрэлдэж байгаад салсан, тэгтэл Н нуруу руу юмаар цохих шиг болсон тэр үед л араас хутгалсан байна гэж ярьж байсан, Э тэнд гэмтчихээд сум руу ирэлгүй 2-3 хонож байгаад ирсэн гэсэн. Б өөрөө сургуулийн ой болоод сумын төвд ирчихсэн байсан, харин гэрт нь эхнэр Н, О, Э гурав байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

- Шинжээч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би мөрдөн байцаагчийн томилсон тогтоолыг үндэслэн, шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн богино ханцуйтай цамцанд ямар нэгэн урагдалт цооролт байгаа эсэхийг тогтоохоор үзлэг хийж шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр үзлэг хийж үзэхэд уг богино ханцуйтай цамцны зүүн талын ар талд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэгт 2.4 см х 0.1 см хэмжээтэй ташуу хэлбэрийн урагдалт байсан. Уг урагдалтыг өсгөгч шил болон зургийг нь томруулан авч харахад уг урагдалтын зах ирмэг нь тэгш нэгэн жигд утасны тасралтууд нь суналтгүй сэмэрч хөврөөгүй, нэгэн жигд тасарсан байгааг харахад энэ урагдалт нь хурц үзүүр, иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь тогтоогдсон. Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай ногоон өнгийн фудволк нь сунамхай материалтай байсан, Ийм материалтай хувцасанд архи болон пивоны хагарсан шилэн дээр унах буюу шилээр цохих хатгах үед ноосон сунамхай материал дээр урагдалт цооролт нь өөр шинж тэмдэгээр илэрнэ. Ер нь хохирогч Г.Э-н биед учирсан гэмтэл болон хувцсанд үүссэн урагдалт цооролтыг үзэхэд шилээр үүсэх боломжгүй юм. Учир нь өнгөц хальт зүсэгдсэн биш хохирогчид учирсан гэмтэл нь цээжний хөндий нэвтэрсэн гэмтэлтэй наад талд хувцасанд үүссэн урагдалт цооролтоос үзэхэд шилээр үүсэх боломжгүй хутгаар үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, 

- Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн богино ханцуйтай цамцны ар хэсэгт баруун талын оёдлоос зүүн тийш 18,5 см, доод талын ирмэг хэсгээс дээш 31,5 см зайд 2,4х0,1 см хэмжээтэй ташуу хэлбэртэй урагдалтай байна.

2. Ногоон өнгийн богино ханцуйтай цамцанд үүссэн урагдалт нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна, хутгаар үүсгэгдсэн байх боломжтой боловч шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй.

3. Шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/,

- Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 381 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Э-н биед баруун талын цээжний хөндий болон хэвлий хөндий рүү нэвтэрч өрцийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

2. Дээрх гэмтэл нь“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна.

4. Г.Э-н биед учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр буюу хутгаар үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Ар нуруугаараа шилэн дээр унах үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй юм.

5. Учирсан гэмтэл нь эмнэлэгт ирсэн цагаас ойролцоогоор 72-96 цагийн өмнө үүссэн байна.

6. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 42/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13-15/,   

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, ногоон өнгийн подволк зэргийг үзүүлж таниулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багт байрлах шүүгдэгч Ц.Н-н гэрт хохирогч Г.Э, Л.О, шүүгдэгч Ц.Н нар архи ууцгаасан. Л.О хонинд яваад ирэхэд Г.Э хэвтэж байсан ба түүний биед баруун талын цээжний хөндий болон хэвлий хөндий рүү нэвтэрч өрцийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан гэмт хэрэг гарсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-г 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Э-н нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Улсын яллагч яллах дүгнэлтэндээ болон ялын шүүмж явуулахдаа “...Шүүгдэгч Ц.Н нь болгоомжгүйгээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх боловч гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тогтоогддоггүй. Харин нөхрийнх нь аяганд хоол идлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар нуруун тус газар нь хутгалсан нь тогтоогдож байна...” гэх боловч шүүгдэгч Ц.Н-н үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж болох гэмт хэрэг санаатай үйлдэхийн шууд, шууд бус санаатай үйлдсэн гэх шинжүүдийн аль аль нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…Л.О хониндоо явсан. Тэр хооронд Г.Э намайг оролдсон. Нөхрийн аяганд цай уулаа гэсэн чинь “яадаг юм бэ, нөхрийг чинь орлоно” гэсэн. Тэгээд би ноцолдсон. Хүүхэд хажууд уйлаад байсан. Орон дээр ноцолдож би түлхсэн тэгээд л салсан…” гэсэн, хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Н-с архи нэхсэн, нэхээд байх хэцүү юм, нэхээд ашиг гарахгүй юм байна гээд тэгээд унтаж байсан чинь ард хүнд болоод л явсан. Хажууд О хэвтэж байсан. Эргээд хартал Н зогсож байсан. “Чи муу давраад байгаарай” гээд цээжэн дээр дэвссэн. Тийм  л юм болсон...” гэсэн, гэрч Л.О-н “...1 шил архи уучихаад би хониндоо яваад ирсэн. Намайг гэрт орж ирэхэд Н-н хүүхэд уйлсан байсан. Юу болсон юм бэ гэсэн чинь. Ээжийн дээр гарсан гээд нэг тиймэрхүү юм ярьсан. Хүүхэд худлаа ярьж байна гэж бодоод би солиороод бай гэсэн. Би хараагүй. Хүүхэд л тэгж хэлсэн… ирэхэд Н ууртай байсан. Яасан бэ гэсэн чинь хойшоо орж унтлаа гэсэн…” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Н нь анхнаасаа хохирогчийн бие махбодид халдаж гэмтэл учруулах шууд ба шууд бус санаа зорилго байгаагүй, хохирогч нь түүний хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийхэд нь ноцолдож байх явцдаа хутгалж хүнд гэмтэл авсан нь шүүгдэгч Ц.Н-н хувьд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байдал нь гэмт хэрэг болгоомжгүй үйлдэхийн хайхрамжгүй хандсан гэх шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд Ц.Н-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Г.Э, гэрч Л.О нарын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 381 дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч Ц.Н нь Г.Э-н бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгч Ц.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдал болох нөхөр нь нас барсан, 4-17 насны насанд хүрээгүй гурван хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдардаг зэргийг харгалзан үзсэн болно.  

Шүүгдэгч Ц.Н-н цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн подволк 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, 200,000 төгрөгийг өгсөн” гэх боловч шүүхээс хэрэгт цугларсан хохирлын баримтуудын хүрээнд шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. Хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд байгаа 114,010 төгрөгний эм болон бензиний баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирогч авсан болон хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй учраас гаргуулах боломжгүй байна. Харин 78, 181-р хуудсанд авагдсан эмчилгээний төлбөр 300,000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр 200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй ба шүүгдэгчийн өгсөн 200,000 төгрөгийг хасаж 300,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Н-т Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар зүйлчилэн хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Ц.Н-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар шүүгдэгч Ц.Н-г 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь дээрх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-н цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ял нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн подволк 1 ширхэгийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.Н-с 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суудаг, Б овогт Г.Э-т олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Б.Н