| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2023/0277/Э |
| Дугаар | 0071 |
| Огноо | 2023-11-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 0071
Б.Бөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Бийн давж заалдах гомдлоор Б.Бөд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-н Б,
Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр аймгийн сумын багийн тоотод байрлах иргэн З.М-н гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч “Алтан тариа” гурил 10 кг, хонины гуя 1 ширхэг, хонины хаа 1 ширхэг, хөнгөн цагаан тогоо, шанага, сав зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлан 358.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэр тоотод оршин суух хохирогч Э.М-н гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бөд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийн цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч Б.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөөс нийт 616.000 төгрөг гаргуулж, хохирогч З.М-д 358.000 төгрөг, хохирогч Э.М-д 250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 8.000 төгрөгийг тус тус олгуулж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо:
... миний бие нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж үнэн зөв мэдүүлгээ өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Шүүгдэгч Б.Б миний бие нь хохирогч З.М-д учруулсан 358.000 төгрөгийн хохирол, мөн хохирогч З.М-д учирсан 250.000 төгрөгийн хохирол иргэний нэхэмжлэгч Б.Б-д төлөх 8.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан болно.
Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 3-т заасан тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулахаар заасан зүйл заалтыг хэрэглэж өгнө үү.
... миний бие эрүүл мэндийн хувьд маш хүнд байна. Даралт байнгын ихэсдэг өвчтэй 180-аас буухгүй, үүнээс болоод хөл явж болохгүй уначих гээд байна. Мөн толгой байнга өвдөж цагдан хорих байрны эмчийн хяналтад тогтмол байж даралтны эм, толгойны эм байнга авч ууж байгаа боловч даралт буухгүй байна. Иймд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр аймгийн сумын багийн тоотод байрлах хохирогч З.М-н гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч “Алтан тариа” гурил 10 кг, хонины гуя 1 ширхэг, хонины хаа 1 ширхэг, хөнгөн цагаан тогоо, шанага, сав зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлан 358.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэр тоотод оршин суух хохирогч Э.М-н гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх ёстой.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний гэм буруу, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б “... бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн ... гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн ... хорих ял эдлэхэд саад болох өвчтэй ... ” гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүгдэгчийн гаргасан ... хохирлоо нөхөн төлсөн, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад 616.000 төгрөгийн хохирол учруулсан байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт 1.329.600 төгрөгийн хохирол гэж хохирлын хэмжээг буруу бичсэн байгааг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА