Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 311/ШШ2025/00181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .........ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..........т холбогдох,

300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.......... /цахимаар/, хариуцагч М.........., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д....... хариуцагч М.Б........ 300,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 100,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Д....... нь хариуцагч М.Б........т 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 600,000 төгрөгийн үнэ бүхий альфарт автомашины ачаасаг, шат зэрэг зүйлсийг худалдсан бөгөөд талууд аман хэлбэрээр 600,000 төгрөгийн 50 хувь болох 300,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 300,00 төгрөгийг удаахгүй хийвэл үндсэн үнийг 500,000 төгрөгөөр тохирч болно. Үлдэгдэл төлбөрөө төлөхгүй удаавал үндсэн төлбөр 600,000 төгрөгийг авна гэх байдлаар тохиролцсон гэж нэхэмжилсэн байна.

3. Нэхэмжлэгч Б.Д......... нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025 оны 2 сарын 14-ний өдөр иргэн *******ын ******* гэх хүнд 600,000 төгрөгийн үнэ бүхий машины ачаа, шат худалдан борлуулсан болно. Тухайн үед төлбөрийн 50% болох 300,000 төгрөгийг дансаар хийсэн. Үлдэгдэл 300,000 төгрөгийг маргааш хийнэ гээд алга болсон.

Тухайн үед ярьж тохирохдоо хямдралтай үнээр буюу 500,000 төгрөгөөр тохирсон хугацаандаа төлбөрөө хийвэл хямдралтай үнээр тооцно. Хугацаа хэтрээд хийхгүй удвал үндсэн үнээр тооцно гэж хэлсэн байгаа. Ажил гүйцэтгэсэн төлбөрийн үлдэгдэл 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б......... хариу тайлбартаа: Миний бие Д...... гэх иргэнтэй аман гэрээ хийж альфард машины ачаасаг, шат гэх 2 зүйлийг 500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн наймаа ярьсан өдөр буюу 2025.02.14-ний өдөр бэлэн 300,000 төгрөг данс руу шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 200,000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд 2025өдөр 100,000 төгрөг хийсэн мөн 2025.04.09-ний өдөр үлдсэн 100,000 төгрөг шилжүүлсэн үнэн болно. Иймд *******а нь утсаар ярьж холбогдсон боловч үндсэн 600,000 төгрөг үлдэгдэл 200,000 байх ёстой гэж гүтгэх юм. Иймд худалдан авсан ачаасаг, шат 2-ын төлбөрийг бүрэн барагдуулсан тул банкны хуулга болон миний хүсэлтийг хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Б.До......, хариуцагч М.Б...... альфард автомашины ачаасаг, шат зэргийг зээлээр худалдан борлуулсан бөгөөд худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж гэрээний зүйлийн үнийн урьдчилгаа 300,000 төгрөгийг Б.Д...... дансанд шилжүүлсэн байна. Тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч Б.Д...... нь харилцан тохиролцсон хугацаанд биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч М.Б....... нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд М.Б..... үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Б.Д... худалдсан барааны үнийн үлдэгдэл 300,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч М.Б..... дээрх шаардлагаас 200,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж, 100,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн худалдсан барааны төлбөрийн үлдэгдэл 100,000 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь талуудын хооронд зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, уг гэрээний дагуу төлбөрийн 50 хувь болох 300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Үүнээс харахад талуудын хооронд барааны анхны үнийг 600,000 төгрөг гэж тохиролцсон гэж үзнэ.

Улмаар хариуцагч төлбөрийг төлөхгүй удаасны улмаас нэхэмжлэгч барааны үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандахад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 200,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Д...... нь М.Б........т 600,000 төгрөгийн үнэ бүхий альфард автомашины ачаасаг, шат зэргийг зээлээр худалдсан байх бөгөөд хариуцагч барааны төлбөрийн 50 хувь буюу 300,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 300,000 төгрөг үлдсэн ба хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200,000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Түүнчлэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг зөвшөөрч байгаа болно.

Харин хариуцагч анхнаасаа л 500,000 төгрөгөөр тохиролцсон. энэ талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй, амаар тохиролцсоны дагуу урьдчилгаа 300,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ байдал нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа өөрөө нотлох хэргийн оролцогчийн үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг заагаагүй тул уг гэрээг амаар байгуулж болно.

Иймд хариуцагч М.Б........с барааны төлбөрийн үлдэгдэл 100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д......д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Б......с 11,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д......д олгох нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б.......с 100,000 /нэг зуу мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.До.......д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ