Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Ж.Б өмгөөлөгч Г.Ганхуяг,

иргэний нэхэмжлэгч Б.М,

иргэний хариуцагч Ч.У,

шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т холбогдох эрүүгийн 1703 0000 10110 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэл үйлчилгээний менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын бүлгийн цагдаа ажилтай байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 4-245 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч.Т, /РД: /,    

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 00 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жуков Хаан банкны урд талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм жэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасныг зөрчин 2.14 хувийн согтолттой үедээ Ч.Уянгын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчсөний улмаас ИНЕГ-ын газрын тусгай үйлчилгээний албаны эзэмшлийн УАЗ фургон маркийн 54-89 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байсан жолооч Ж.Батчулууныг тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, УАЗ фургон маркийн 54-89 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 965.000 төгрөгийн шууд, 1.070.600 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Б ар гэрээс уучлалт гуйж байна. Өөрийн гэм бурууг ойлгож байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Уучлаарай гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч И.Т нь манай байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Манай байгууллагад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэв.

Иргэний хариуцагч Ч.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Батчулууны эмчилгээний төлбөрийг төлье. Хохирогчийн талаас 10.000.000 төгрөгийн байрны лизинг төлж өг гэсэн. Одоо нэг дор төлөх боломжгүй, цаашид бага багаар төлж барагдуулна гэв.

Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “ИНЕГ-ын баазын жолооч бөгөөд миний жолоодож байсан 54-89 УБК УАЗ фургон машин Жуковын урд зам дээр явж байгаад кардан эвдрээд 3-р эгнээнд зогссон. Би ослын гурвалжин тавиад аваарын гэрлээ асаагаад зогсож байсан. Машины доогуур орж карданаа шалгачихаад машины хойд багажны хаалгыг онгойлгоод багаж авах гээд зогсож байхад гэнэт тас хийгээд явчихсан. Юу ч болж байгааг мэдээгүй. 20-30 метр орчим 2 машины дунд хавчуулагдаад хэсэг явсан. Миний машин 1-р эгнээ рүү шидэгдээд явсан байсан. Тэр машин зогсоход би газар ойчсон. Хоёр хөлний дунд чөмөг хугарал, шилбэ бяцралттай, уушги /зүүн тал/ бяцралтай байна. Нарийн шинжилгээ хийгдээгүй байна. Миний биеийн байдал хүнд байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-28 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай байгууллагын 54-89 УБК улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэлд 1.070.600 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан болох нь Вендо үнэлгээний компаний хохирлын үнэлгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд буруутай этгээдээс 1.070.600 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хэргийн 85-86 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Ч.У мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний эзэмшлийн 70-67 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 2 сая орчим төгрөг болно. Гэхдээ би өөрийн төрсөн дүү Ч.Т миний эзэмшлийн машинд учруулсан хохирлыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 109-110 дугаар хуудас/,

Гэрч А.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 01 цагийн орчимд болов уу, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Жуковын Хаан банкны урд талын төв замд явж байхад явган хүний гарцны яг цаад талд 3-р эгнээнд улаан өнгийн Приус 20 маркийн автомашин, УАЗ фургон маркийн автомашины араас мөргөсөн байдалтай, уг машины урд талд нэг хүн газарт хэвтэж байсан. Харин 1-р эгнээний дагуу байдаг машины зогсоолын орчимд 10-15 метрийн зайтай фургон маркийн автомашин ард тал нь эвдрэлтэй зогсож байсан. Фургон маркийн автомашины хойд гупер, кирло хонхойгоод орсон байдалтай байсан. Харин Приус маркийн автомашины урд талын хамар хэсгээрээ нилээн эвдрэлтэй хойшоо чихэгдэж орсон байдалтай байсан. Урд талд нь хэвтэж байсан хүн хөдөлж чадахгүй, хөлнөөс нь цус гарсан байдалтай байсан. Би ослыг хараад 102 болон 103-т өөрийн 80021019 дугаарын утаснаас дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 96 дугаар хуудас/,

Гэрч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагт манай бүлгийнхэн ажил дээрээ цуглаад Ван Эвэнт Холлд хуримын үйл ажиллагаа болох байсан тул явсан. Өөрсдөө машинтайгаа явцгаасан. Тэгэхэд Тулга улаан өнгийн Приус 20 маркийн автомашинтайгаа явсан. Тулга гарч орж явж байхдаа уусан юм шиг байна лээ, нилээн халчихсан байсан. Ширээн дээр 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи, нэг шил виски байсан санагдаж байна. Би өөрөө уугаагүй болохоор сайн анзаараагүй. Хуримын үйл ажилллагаа 23 цагт дуусаж, өөр бүлгийнхэнтэй нийлээд 13 хүн талбайн урд талд байрлах Лакс нэртэй шөнийн клуб руу явцгаасан. Тэр үедээ би архи уугаагүй учраас Тулгын машиныг жолоодож явсан. Тэнд 1 цаг орчим болсон болов уу, бөөнөөрөө суугаад зарим хэсэг нь бүжиглэж байсан. Шөнийн клубээс гарах болоход Тулга байгаагүй бөгөөд би хааччихав гээд утас руу нь залгахад Тулгын утас нь холбогдохгүй, Тулгын гадаа тавьсан машин нь байхгүй байсан. Тэрнээс хойш гэртээ харьчихаад байж байхад 01 цаг өнгөрч байхад манай бүлгийн дарга Баттүшиг над руу залгаад Тулга согтуу машин барьж байгаад хүн мөргөсөн гэж байна, та нар хэзээ салсан гэж асууж байсан. Би хуримнаас гарахдаа машиныхаа түлхүүрийг өг гэхэд смарт түлхүүртэй байсан болохоор өөрөө машинд суухад шууд асааж болно гээд надад түлхүүрээ өгөөгүй юм. Би согтуу машин барихгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 97 дугаар хуудас/,

Гэрч М.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн манай бүлгийн ажилтан Дугарын хурим болсон. Хуриманд манай газраас хамт ажилладаг хүмүүсээ урьсан байсан. Минт баарны хойд талын хаалгаар ордог Ван Эвэнт хол танхимд хуримын үйл ажиллагаа 19 цагийн үед эхэлсэн санагдаж байна. Миний ширээний нөгөө ширээнд Тулга, Батмөнх, Өлзий-Орших, Болдбат гэх мэт хүмүүс сууж байсан. 1 ширээн дээр 2 шил архи, 1 шил виски байсан санагдаж байна. Бүгдээрээ архи ууцгааж байсан бөгөөд хуримын үйл ажиллагаа 23 цагийн үед тарсан. Тараад манай ажлынхан талбайн урд талд байрлах Лакс нэртэй шөнийн клуб руу явцгаасан. Тийшээ очихдоо миний хувьд нилээн согтсон байсан тул таксинд унтаад явсан. Клубээс шөнийн 02 цагийн үед гарсан санагдаж байна. Маргааш өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө Тулга зам тээврийн осолд холбогдсон талаар ажилчдаасаа сонссон...” гэх мэдүүлэг. /хэргийн 98 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 19ий өдрийн шинжээчийн ¹11570 дүгнэлтэд “Ж.Б биед 2 дунд чөмөг яс, 2 хөлийн шилбэ ясны далд хугарал, аарцаг ясны хугарал, зүүн 6-р хавирганы хугарал, баруун тахимны хууларсан шарх, 2 гуяны зулгаралт, баруун гуяны цус хуралт, зүүн шагайн дотор талын шарх, аарцаг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ /хэргийн 31-32 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹9037, 9038, 5020, 4880 дүгнэлтүүд /хэргийн 35-36, 48-58, 70-77 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31ий өдрийн шинжээчийн ¹549 дүгнэлтэд “54-89 УБК улсын дугаартай УАЗ Фургон маркийн автомашины жолооч Ж.Б нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй, 70-67 УБУ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины жолооч Ч.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй, тухайн осол нь замын барилга байгууламж бусад хүчин зүйлээс нөлөөлсөн гэх үндэслэлгүй, ослын схем зураг шинжээчийн тайлбаруудыг шинжилж үзэхэд тоормосны мөр илрээгүй байгаа учраас зогсох арга хэмжээ аваагүй байна, 2-р хариултанд тусгагдсан замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ /хэргийн 81-82 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-10 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд Ч.Т шалгахад 2.14 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/,

Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хэргийн 121-124 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 138-155 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 157-176 дугаар хуудас/,

Тээврийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 32 дугаар тогтоол /хэргийн 198-199 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 135 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 129 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 00 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жуков Хаан банкны урд талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм жэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасныг зөрчин 2.14 хувийн согтолттой үедээ Ч.Уянгын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчсөний улмаас ИНЕГ-ын газрын тусгай үйлчилгээний албаны эзэмшлийн УАЗ фургон маркийн 54-89 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байсан жолооч Ж.Батчулууныг тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, УАЗ фургон маркийн 54-89 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 965.000 төгрөгийн шууд, 1.070.600 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ч.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт болох хэргийн 157 дугаар хуудас дахь өвчний түүхийн эмчилгээний зардал хэсэг дэх 3.867.879, 173 дугаар хуудас дахь өвчний түүхийн эмчилгээний зардал 201.462 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагаас тухайн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлдэг зардал байх тул шүүгдэгчээс дээрхи зардлыг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ. Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтуудыг үндэслэн иргэний хариуцагчаас 914.823 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэгчид учруулсан 1.070.600 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Ж.Б 1.800.000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг шүүхэд гаргасан бөгөөд тухайн ял нь одоогоор хэрэгжих боломжгүй тул уг саналыг хүлээн аваагүй бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна. /Согтуурал 2.14 байсан байна/

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ч.Т 664945 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, 01533361 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож,

энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ч.Т дундын өмчлөлд бүртгэлтэй Ү-2204000769 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 байр 245 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, уг орон сууцыг битүүмжилсэн Тээврийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 32 дугаар тогтоолыг хүчингүй болгож,

            Иргэний хуульд зааснаар иргэний хариуцагч Ч.Уянгаас 914.823 төгрөг гаргуулж хохирогч Ж.Б олгож,

иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жичдээ нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг,

хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.