Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/1078

 

   

 

 

 

 

    2023           11             09                                        2023/ДШМ/1078

 

С.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор С.Алтай,

            шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,  

            нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.От холбогдох 2210023940573 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн С.О, 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Кашмер холдинг” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Шүүгдэгч С.О нь 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “АПУ” ХХК-ийн баруун талын зам засах, хоолой угсрах ажлыг гүйцэтгэж байсан “MAZ” ХХК-ийн ажилтан Т.Ттай эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа хохирогчийн нүүр, толгой руу гараараа цохисны улмаас Т.Т биед тархи доргилт, баруун завжинд язарсан шарх, зүүн хөмсөг, зүүн бугалгад зулгаралт, баруун завж, хүзүү, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.От мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь хохирогч Т.Т эмчилгээний зардалд 700.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж,  шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн асуудал дээр маргадаггүй, шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч С.От оногдуулах ял шийтгэлийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувьд тодорхой эрхэлсэн ажилтай, ажил мэргэжилтэй холбоотойгоор уг хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага буюу ялаас чөлөөлж өгнө үү гэж анхан шатны шүүхэд өмгөөллийн дүгнэлт байр суурийг илэрхийлсэн боловч анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн гаргасан “...ялаас чөлөөлөх...” саналыг хүлээж аваагүй байдаг. Үүнийг тайлбарлахдаа шийтгэх тогтоолд дурдсанаар “...С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, тогтоолыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр С.От танилцуулсан байна. Шүүгдэгч С.О нь мөрдөн байцаалтын явцад гэм буруугийн талаар маргаж 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2210023940573 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй талаарх мэдүүлэг тайлбараа гаргажээ. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргахгүй гэж мэдүүлснээр түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх нь учир дутагдалтай байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч С.Оыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгчийн хувьд хэдийд ч аль ч үе шатанд өөрийн үйлдсэн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд үүнийг шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна, иймд шүүхийн шатанд гэм буруугаа хүлээж байгаа нь учир дутагдалтай гэм буруугаа сайн дураар хүлээсэн гэж үзэхгүй гэж үзсэн анхан шатны дүгнэлт нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..." гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа мөрдөн байцаалтын шат, прокурор, шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн бол ялаас чөлөөлнө гэж хуульчлаагүй бөгөөд Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хэдийд ч аль ч үе шатанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд үүнийг түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх ёстой билээ. Түүнчлэн миний үйлчлүүлэгч С.Оын хувьд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт хохирогчийг цохисонтой бол маргадаггүй бөгөөд миний хоолойг боогоод заамдаад цохиод байсан учраас болиулах гэж цохисон гэж мэдүүлдэг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан. Энэ тохиолдолд гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн миний үйлчлүүлэгчийг хэл амаар доромжилж цамцнаас нь заамдаж, хоолойг нь боох, цохих үйлдэл хийсэн байдаг. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12418 дугаартай С.Оын биед хийсэн шинжээчийн дүгнэлтээр “...С.Оын биед эрүү, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт болон тухайн үед хамт байсан гэрч Батбаяр, Мөнхтуяа нарын мэдүүлгээр давхар нотлогддог. С.Оын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг бага хохирогч баримтаар нэхэмжилсэн төлбөр байхгүй боловч шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч 700,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байдаг.

С.Оын хувьд 29 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй “Кашмер Холдинг” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг, тодорхой эрхэлсэн ажилтай, тодорхой оршин суух хаягтай нийгэмд өөрийн гэсэн байр суурийг олж ажиллаж хөдөлмөрлөж байгаа өсөн дэвших ирээдүйтэй залуу хүн юм. С.Оын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн үндэслэл тогтоогдсон байдаг. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” мөн зүйлийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 1.4-т заасан “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн эхэнд “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болно...” гэж тунхагласан бөгөөд энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч С.Оын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учруулсан хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар С.Оыг “...ялаас чөлөөлж...” шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

 

            Шүүгдэгч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг ялаас чөлөөлөх байр суурьтай оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, “болно” гэж заасан нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн хүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанарыг харгалзан хэрэглэж болно гэж заасан заалт юм. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр С.От эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахад хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргасан. Ерөнхий прокурор гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгөхөд Нийслэлийн прокурорын газар гомдол гаргасан. Нийслэлийн ерөнхий прокурор гомдлыг хүлээн авахаас татгалзахад Улсын ерөнхий прокурорт 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан. Бүх шатны прокурорын газар гомдол гаргаж гомдлыг хүлээн авахаас татгалзахад хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.От оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна . ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Шүүгдэгч С.О нь 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “АПУ” ХХК-ийн баруун талын зам засах, хоолой угсрах ажлыг гүйцэтгэж байсан “MAZ” ХХК-ийн ажилтан Т.Ттай эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа хохирогчийн нүүр, толгой руу гараараа цохисны улмаас Т.Т биед тархи доргилт, баруун завжинд язарсан шарх, зүүн хөмсөг, зүүн бугалгад зулгаралт, баруун завж, хүзүү, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч Т.Т “...Тухайн үед бид нар замын хуулалтын ажил хийж, замаа тэгшилж байсан. Тэгсэн чинь хүмүүс нь явуулахгүй байхаар бид бөөгнүүлсэн хогоо “Хово” маркийн машин дээр ачиж байхад намайг цохисон С.О гэх залуу хоёр даргатайгаа хүрч ирээд хог ачуулахгүй “Хово” маркийн машины доор зогсчихоод байсан. Тухайн хүмүүс дээр хог уначих нь “наанаасаа холд” гэж би хэлж шаардлага тавьсан. Тэгсэн чинь тухайн хүмүүс над руу ирээд С.О гэх залуу “чи юу гээд байгаа юм бэ” гэхээр нь би “дээрээс чинь юм унчихна” гэсэн  чинь тэр залуу “чи дуугүй байгаарай” гээд миний толгойн баруун тал руу гараараа цохих үед миний малгай газар унасан. Тэгэхээр нь би малгайгаа аваад өндийхөд тухайн залуу миний өөдөөс ирэхээр нь  би гараараа тэр залууг түлхсэн. Тэгсэн тэр залуу миний дээрээс дараад нуруу, толгой руу цохиод байсан. Тэгээд хүмүүс ирээд салгах үед С.О гэх залуу гараараа миний зүүн хөмсөг хэсэгт цохисон. Тэгсэн миний зүүн хөмсөг язарч цус гарсан. С.О нь гартаа хаалганы нэлээн олон түлхүүр барьсан байсан. Уг зүйлээр цохих шиг болсон. ...” /хх 28-29/,

            гэрч О.Бгийн “...Тухайн үед Т.Т миний жолоодож байсан экскаваторын дохиочин хийж ойр байгаа хүмүүсийг холдуулж байсан. Тэгээд хогоо ачих гэхэд миний экскаваторын өмнө хүмүүс ирээд ажил хийлгэхгүй гээд байсан. Т.Т тухайн хүмүүст тайлбарлаад “танай хашаанд бид нар ойртохгүй, зам дээр байгаа бетоноос холдуулж байна, та нар холдож бай” гээд холдуулж байсан чинь өндөр шар залуу захирал бололтой залуугийн хамт ирээд миний экскавотарын шанаганы өмнө ирээд ачуулахгүй гээд өөдөөс хараад экскаваторын шанага налаад зогсчихсон. Тулга тухайн хүмүүсийг “та нар холдчих танай хашаанд ойртоогүй, ажлаа хиймээр байна” гэсэн чинь өндөр шар залуу нь Т.Тулгыг түлхээд малгайг нь унагаасан. Тулга доошоо тонгойж малгайгаа аваад босоод ирэхэд тухайн өндөр залуу шууд Тулгын хөмсөг хэсгийг цохисон. Тэгсэн Т.Т тухайн залууг заамдаж аваад “чи яаж байгаа юм гэсэн чинь тэр залуу дахиад Тулгын толгой хэсэгт 2-3 удаа цохисон. Тулга өөрийгөө хамгаалах гээд тэр залууг цохих гэсэн боловч оноогүй. Тухайн залуу өндөр байсан учир тулгыг заамдчихаад гараараа тулаад байсан. Тэгээд би экскаватораа зогсоож инженерээ дуудсан. Тэгээд тэнд байсан хүмүүс Т.Т болон нөгөө залуу хоёрыг салгасан. Тэгээд хэрүүл маргаан болоод бужигнаад байсан. Т.Тулгыг цохисон өндөр залуу цаашаа яваад өгсөн. Өндөр шар залуу Т.Т зүүн хөмсөгт гараараа цохиж язалсан. Тухайн залуу гарынхаа алганд юм барьчихсан байсан. Мөн гараараа толгой хэсэгт 2-3 удаа цохиж байсан. Тулгын хөмсөг рүү тэр залуу цохиод цус гарахаар нь би инженер залууг дуудсан. ...” /хх 35-36/,

гэрч Б.Нгийн “...замын зүүн талд байдаг Эвсэг үйлдвэрийн баруун талын нийтийн эзэмшлийн газрыг ухаж борооны ус зайлуулах шугам суурилуулах гэсэн чинь тухайн үйлдвэрийн ажилчид гарч ирээд ажил хийлгэхгүй 2-3 хоног болсон. Би тухайн үед цайны газар луу ороод цай уугаад сууж байхдаа цонхоор харсан чинь бөөн орилоон, чарлаан болоод байхаар нь гараад очсон чинь зүүн хөмсөгнөөс нь цус гараад шанаа нь цус болчихсон байхаар нь Т.Тас юу болсон талаар асуухад “өндөр шар залуу түлхүүр атгаж байгаад цохичихлоо” гэсэн. Тэгээд бид нар тэр шар залууг “чи яагаад хүн цохиж байгаа юм” гээд дайрч давшилсан. Гэхдээ тэр залууд гар хүрээгүй, тухайн байгууллагын ажилчид дундуур ороод хашгираад байсан. Бид нар тав, зургуулаа байсан. Тэгээд тэр залуу зугтаагаад оффис руугаа орчихсон. Үүний дараа удаагүй цагдаа ирсэн. ... /хх 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12368 дугаар “... Т.Т биед тархи доргилт, баруун завжинд язарсан шарх, зүүн хөмсөг, зүүн бугалгад зулгаралт, баруун завж, хүзүү, баруун бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ, хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” х 57-61/ гэсэн дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-21/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч О.Баярбаясгалан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар С.Оыг “...ялаас чөлөөлж...” шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.

Шүүгдэгч С.Оын үйлдлээс хохирогч Т.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс С.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал байдлыг зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сонгон шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас учирсан хохирол, хор уршигт болон гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон төдийгүй хэрэгт тогтоогдсон этгээдийн хувийн байдалд нь тохирсон байна.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх…” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүгдэгч С.Оын хувьд уг хуулийн зохицуулалтыг заавал хэрэглэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалагийн “...ялаас чөлөөлж...” шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

                ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

                ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ