| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0567/З |
| Дугаар | 128/ШШ2025/0183 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И******* *******” ХХК /РД:607*******/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И******* *******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаалаар “И******* *******” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан Уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 0.44 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/******* тоот тушаалаар газар ашиглах эрхийг “И******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг Богдхан Уулын дархан цаазат газар Зайсангийн аманд байрлах 0.44 га газрыг “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй” байх гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр дуусгавар болгожээ.
4. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Интернешнл *******" ХХК нь 2009 оноос хойш МУ-д аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ салбарын үйл ажиллагаar хөгжүүлж, хувь нэмэр оруулах, аялал жуулчлалын салбарыг нэг стандарт төвтэй болгох зорилгоор 2016 оноос БОАЖЯ-тай хамтран ажилласан.
Ийнхүү Аялал жуулчлалын хөгжлийн төв барих төслөө тус яаманд танилцуулж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн А/87 тоот тушаалаар Улаанбаатар хот, Хан Уул дүүрэгт орших Богдхан
уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд 0,44 га газар ашиглах зөвшөөрлийг БОАЖЯ-наас авч, газар ашиглах 016******* дугаар гэрчилгээний дагуу тухайн газрыг ашиглах эрхтэй болсон.
Энэхүү төсөлд бид нийт 1,319,751,000 төгрөг зарцуулсан ба энэ нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 0******* тоот хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.
Гэвч харамсалтай нь газар ашиглах эрх олгосон БОАЖЯ-наас удаа дараа бидний газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2018 оноос хойш шүүхийн маргаан тасралтгүй үргэлжилж 3 шатны шүүхээр хэд хэдэн маргаан шийдвэрлэгдэн газар ашиглах эрхээ сэргээлгэсэн.
Хамгийн сүүлд сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дугаар тушаалтай маргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 0289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалаар газар ашиглах эрхийг маань сэргээсэн. Уг шийдвэрт үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн газраас шүүхийн маргаантай байсан хугацааг нөхөн олгож, газар ашиглах эрхийн хугацааг 2024 оны 08 сарын 14-ний өдөр хүртэл болгож энэ тухай газар ашиглах гэрчилгээний ард цохон тэмдэглэсэн байдаг.
Гэтэл дахиад БОАЖС нь 2024 оны 02 сарын 29-ний өдрийн А/******* тоот тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон бөгөөд энэ талаараа 3 сарын дараа, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны 2024 оны 05 сарын 24-ний едрийн 01/802 тоот албан бичгээр мэдэгдэж, тушаалын хуулбарыг бидэнд ирүүлсэн болно.
Дээрх сайдын А/******* тоот тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд ийнхүү хандаж байгаа бөгөөд БОАЖС нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй тул шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.
Хоёр. А/******* тоот тушаал үндэслэлгүй талаар: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн А/******* дугаар тушаалдаа “Интернешнл *******” ХХК-д 0.44 га газрыг олгохдоо "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй" байх гэснийг зөрчсөн гэж үзэж зөвшөөрлийн хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгчид анх энэ газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн А/87 тоот тушаалаар олгохдоо тушаалын 1 дэх заалтаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан Уулын ДЦГ-ын Зайсангийн аманд байрлах Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн газраасаа 0.14 га газрын эрхээ хүчингүй болгож, тушаалын 2 дахь заалтаар манай компанид 0.44 га газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг.
Нэхэмжлэгчийн газар нь хэний ч газартай давхцаагүй, давхцаагүй тул 2017 онд газар ашиглах эрх олгосон бөгөөд хүсэлтээ гаргаад, эрх олгогдоод, холбогдох зөвшөөрөл зургаа батлуулаад бүтэн 7 жил өнгөрч байхад "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй" гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй.
Түүнчлэн тушаалын хууль зүйн үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг дурджээ.
Гэвч газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7-т заасан нөхцөл байдал нэхэмжлэгчид огт хамааралгүй үндэслэл байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн А/******* дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, ЗЕХ-т тусгагдсан хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр БОАЖЯ-наас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2018 оноос хойш удаа дараа, янз бүрийн үндэслэлээр хүчингүй болгож шүүхээр явуулж байгаа нь нэхэмжлэгчийг маш их залхааж байна. Бид газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжийг төрийн байгууллага огт олгосонгүй, олгохыг ч хүсэхгүй байгаа гэдэг нь өнгөрсөн 7 жилийн дүр зургаас илт харагдаж байна.
Энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх, захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагаа, шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг утгаар нь алдагдуулж байгаад туйлын гомдолтой байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн А/******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 тоот тушаалаар Зайсангийн аманд 0,44 га газар ашиглах зөвшөөрлийг авсан. Тушаалын нэг дэх заалтаар Байгаль орчин аялал жуулчлалын яам өөрийн газраасаа 0,14 га газраа хүчингүй болгож хоёр дахь заалтаар нэхэмжлэгч компанид 0,44 га газрыг олгосон тушаал анх гарч байсан. Энэ үеэс хойш газар ашиглах эрхийг өнөөдрийг хүртэл ашиглаж чадаагүй. Бодит шалтгаан нь 2018 оноос хойш хариуцагч байгууллагатай шүүхийн маргаантай байсан. Жил болгон ямар нэг үндэслэлээр тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг хүчингүй болгодог. Нэхэмжлэгч тухайн тушаалтай маргаж 3 шатын шүүхээр эцэслэгдэж явсаар 2018 оноос хойш 7 дахь жилдээ шүүхээр маргаж байна. Хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарсан А/******* тоот тушаалтай шүүхээр маргасны дараа 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаагаар манай газар ашиглах эрхийг шүүхийн маргаантай байсан цаг хугацааг нөхөж тухайн цаг хугацаагаар газар ашиглах эрх маань сунгагдаж байсан. Ийнхүү газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх гэхээр дахин маргаан бүхий акт гарч ирсэн. Тэр нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дүгээр тушаал байгаа. Уг тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 болон 44 дүгээр зүйлийн 44.1 гэсэн заалтуудыг удирдлага болгосон. “И******* *******” ХХК-д А/87 тоот тушаалаар олгосон 0,44 га газар Байгаль орчин аялал жуулчлалын яамны газартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн. Иймээс газар ашиглах эрхийг дуусгавар болгох нь зүйтэй гэдэг маргаан бүхий акт гарсан. 02 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаа бидэнд 3 сарын дараа буюу 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/802 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгдсэн. Тухайн сонсох ажиллагаанд нэхэмжлэгч компанийн зүгээс 2018 оноос хойш газар ашиглах эрхийг удаа дараа хүчингүй болголоо үнэхээр бидэнд газар ашиглуулах сонирхолгүй байгаа бол 0,44 га газартай дүйцэх хэмжээний өөр газар олгооч эсвэл 2020 оны 05 дугаар сард гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэрбум гаруй төгрөгийн зардал, техникийн нөхцөл, архитек******* төлөвлөлтийн даалгавар гэх зэргийг батлуулахад гарсан зардлыг нөхөн олговол энэ маргаанаа дуусгавар болгоё гэдэг саналыг нэхэмжлэгч компаниас гаргасан. Хариуцагчийн зүгээс ингэх боломжгүй, танай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэсэн сонсох ажиллагааны үр дүнд гарсан. Маргаан бүхий актын үндэслэл болоод байгаа бусдын газартай буюу Байгаль орчин аялал жуулчлалын яам өөрийнхөө газартай давхцалтай гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж харж байгаа. Яагаад гэхээр 2017 онд бүтэн 7 жилийн дараа энэ газар Байгаль орчин аялал жуулчлалын яамны газартай давхцалтай байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгоод байгаа. Дээрээс нь А/87 тоот тушаалаар манайд анх газар олгохдоо тушаалын нэг дэх заалтаар Байгаль орчин аялал жуулчлалын яам өөрийнхөө газраас 0,14 га газрын эрхийг хүчингүй болгож нэхэмжлэгч компанид газар олгосон харилцаа явж байгаа. Холбогдох хууль тогтоомжийг авч үзэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалтад зааснаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээр тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож хүчингүй болгоно гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7-д заасан аль нөхцөл байдалд хамаараад, аль үндэслэлээр нь дахиад газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон гэдэг нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Тэгэхээр хариуцагч байгууллагын А/******* дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн учраас нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, Г.Э******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/87 дугаар тушаалаар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд “И******* *******” ХХК-д 0.44 га газар ашиглах зөвшөөрөл олгосон.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/******* дүгээр тушаалаар “И******* *******” ХХК-д олгосон газрыг хүчингүй болгосон.
Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." гэж заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч “И******* *******” ХХК-ийн эзэмшлийн газар нь Газрын тухай хуульд заасны дагуу тус компанийн 0.44 га газрыг олгохдоо "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх гэснийг зөрчсөн болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/64 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/******* дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Байгаль орчин, аялал жуулчлалын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/87 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Зайсангийн аманд байрлах Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны газрын 0,14 га газрын эрхийг хүчингүй болгож тус газарт “И******* *******” ХХК-д 0,44 га газрыг олгосон байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн маргаан бүхий акт болох А/******* дүгээр тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг удирдлага болгон “И******* *******” ХХК-ийн эзэмшиж байгаа 0,44 га газар нь 2016 онд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд захирамжаар олгогдсон газартай давхцалтай байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцалсан байгаа. Эдгээр нь хуульд заасны дагуу явагдсан. 2016 оны маргаан бүхий актыг мөн хавсаргаж ирүүлсэн байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгэр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар “И******* *******” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэжээ.
Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дугаар тушаалаар “И******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалжээ.
2. Нэхэмжлэгчээс уг захиргааны актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/650 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг сэргээж, шүүхийн маргаантай байсан 2 жил 4 сарын хугацааг нөхөн олгож, газар ашиглах эрхийн хугацааг 2024 оны 08 дугаар сарын 14 өдөр хүртэл сунгаж, “И******* *******” ХХК-д гэрчилгээг олгожээ.
3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
4. Нэхэмжлэгчээс “газар давхацсан зүйлгүй, удаа дараа хууль бусаар цуцалж байна” гэж, хариуцагчаас “ тус яамны хүрээлэнгийн газартай давхацсан, тушаал хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
5. Гэтэл маргаан бүхий газрыг анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/ 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалын 1 дэх заалтаар тус яамны /өөрийн/ газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн байх бөгөөд уг тушаал хүчин төгөлдөр хэвээр байна.
Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд хүчингүй болгосон газарт давхцал үүсэх үндэслэлгүй.
6. Хэдийгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2/1721 тоот албан бичгийн хавсралтаар мэдээллийн санд давхцал байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
7. Нөгөөтэйгүүр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно” гээд 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” гэж заасан бөгөөд тухайн үндэслэлд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан заалт хамаарахгүй, тухайн заалт нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахаас өмнө тавигдах шаардлага болохоос бус газар ашиглах эрхийг хүчингүй болох үндэслэлд хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан “И******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ