Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г холбогдох эрүүгийн 1706 0165 60262 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хөдөө орон нутгийн 6 дугаар клиникт туслах сувилагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 09 дүгээр хороо, Шархадны 60-831 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Т.Г, /РД: /,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны эмнэлгийн хашаан дотор архи ууж согтуурсан үедээ бага насны Б.Е, насанд хүрээгүй М.А нарыг чулуу шидсэн хүүхдүүдтэй андуурч зодон бага насны Б.Е эрүүл мэндэд хөнгөн хохирол , насанд хүрээгүй М.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр нилээн согтуу байсан. Би өдөр 3 цагаас ажлаа тараад явах гэж байхад цуг ажилладаг Жаргалбаатар гэдэг залуу архи уусан орж ирсэн. Чи бууж байгаа юм чинь хоёулаа ганц юм ууя гээд бид хоёр гараад миний машин дотор 0.5 литрийн архи 1, 0.75 литрийн архи хувааж уучихаад машинаа орхиод харих гээд дэлгүүрийн тийшээ алхаж байгаад хэдэн хүүхдүүд тамхи татаад зогсож байхаар нь би очоод миний хүүхэд шиг хүүхдүүд байна, юунд тамхи татаад байгаа юм гээд маргалдаад зогсож байхад Жаргалбаатар гарч ирээд бид хоёрыг хөгшин бандиар дуудаад чулуугаар нүүлгэхэд бид хоёр зугтаасан. Тэгээд нөгөө хүүхдүүд бас зугтаасан. Нэг хүүхдийн цүнхийг нь очоод Жаргалбаатар авсан. Тухайн үед иймэрхүү юм болсон. Би сайн санахгүй байна. Нилээн согтсон байсан. Ингээд хуулийн тасгийн цагдаа намайг барьж аваад цагдаад өгөхөд миний бие их шалбархаатай байсан. Бага насны хүүхэд цохиж гэмтээсэндээ харамсаж байна гэв.

Өсвөр насны хохирогч М.А мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орой 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эмнэлгийн хашаан дотуур гэр рүүгээ ахын хүүхэд Ерасалын хамтаар явж байтал 2 эрэгтэй согтуу хүн таарсанаа бид хоёрыг ална шүү, нааш ир гээд чулуу шидэхээр нь яасан агаа гэхэд бид хоёрыг хөөсөн. Бид зугтахад дүү Ерасал нь арай эрүүл хүнд нь баригдсан. Тэр хүн нь хамт явсан, нөгөө согтуу эрэгтэй хүндээ өгсөн чинь тэр ах Ерасалыг барьж авсанаа шууд л нүүр рүү нь гараараа хэд хэд цохиж, газарт унахад дээрээс нь гэдэс, нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би салгах гээд согтуу ахыг холдуулах гэхэд миний зүүн гарын сарвууны эсрэг тал руу нэг удаа өшиглөсөн. Нөгөө барьж авсан залуу согтуу ах хажууд хараад зогсоод байсан. Манай дүүг дахин зодоод хоолойг нь бооход тэнд  байсан эмнэлгийн цагдаа болиулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-25 дугаар хуудас/,

Өсвөр насны хохирогч Б.Е мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Ахжарканы хамтаар 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эмнэлгийн хашаан дотуур гэр рүүгээ явж байтал хашаан дотор хоёр ах байснаа бид хоёрыг харангуутаа хөөе ална шүү гэснээ чулуу газраас аваад бид хоёрыг хөөгөөд бид эмнэлгийн хашааны дээшээ зугтсан. Би мухарт ороод баригдсан. Нөгөө согтуу хүн нь ирснээ миний хувцасаар хоолой боосноо гараараа зүүн талын эрүү рүү цохисон. Тэгээд эмнэлгийн дээшээ чирсэн. Тэр үед эмнэлгээс нэг цагдаа гарч ирсэн чинь цагдаа хараад намайг газарт унагааснаа миний дух руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-10 дугаар хуудас/,

Өсвөр насны хохирогч М.А хууль ёсны төлөөлөгч А.М  мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хичээлээ тараад гэр рүүгээ явж байхад нь миний хүү 14 настай Ахжаркыныг гудамжинд байсан согтуу хүн зодож гар руу нь өшиглөж савхан ясыг нь хугалж гэмтэл учруулсан байсан. Энэ хэрэг болсны дараа хүү Ахжеркыны гарны зургийг компьютероор авахуулсан 30.500 төгрөгийн баримтаар нэхэмжилж байна. Түүнээс гадна хүүхэд эрүүл мэндээрээ хохирч одоо гар нь өвдөж юм өргөж ч чадахгүй байна. Баримтгүй гарсан нэхэмжлэлийг тусад нь нэхэмжилнэ гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/,

Өсвөр насны хохирогч Б.Е хууль ёсны төлөөлөгч З.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хичээлээ тараад гэр рүүгээ явж байхад нь миний хүү 12 настай Ерасалыг гудамжинд байсан согтуу хүн зодож хоолой болон нүүрэнд нь гэмтэл учруулсан байсан. Энэ хэрэг болсны дараа Ерасалын толгойг компьютер томографикт 120.000 төгрөгөөр зургийг нь авахуулсан, 20.000 төгрөгөөр машинд бензин хийж, хүүхдээ эмнэлгээр авч явсан. Одоо баримтаар нийт 140.000 төгрөг нэхэмжилнэ. Баримтгүй гарсан зардлууд байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/,

Гэрч Ю.Ж мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагт ажлаасаа буугаад хамт ажилладаг Г ийн машинд түүнтэй хамт 0.5 литрийн архи 1 шил, 2.5 литрийн пиво хувааж уусан. Ууж дуусчихаад Г т машиныг нь бариулахгүй алхаад гэрт нь очиход хүн байгаагүй учир машиндаа орж унтана гэхээр нь буцаад явж байгаад дэлгүүр орж тамхи аваад гарч ирэхэд хэдэн хүүхэд гадаа сууж байсан ба тэд намайг хөгшин баньд минь тамхилаач гэхэд нь би жоохон хүүхэдтэй тамхилахгүй гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхдүүд над руу чулуугаар шидэхээр нь Г  аваад эмнэлгийн хашаанд орсон. Тэр хүүхдийн нэгийг нь хөөж гүйгээд барьж авч СЭМҮСТ-ийн хуулийн цагдаа дээр авчирч өгсөн. Би тухайн үед согтуу хүүхэд хөөж байснаа, цагдаа орилж дуудсаныг санаж байна. Бусад зүйлийг тодорхой сайн санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Х мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникийн эмнэлгийн шүүхийн тасгийн цагдаагаар 16 цагаас ээлжиндээ гараад байтал 17 цагийн орчимд эмнэлгийн гадаа зодоон болоод гэж эмчийг хэлэхээр нь гадагшаа гарсан. Зүс таних Г , Жаргалбаатар нар нь хоёр сургуулийн насны хүүхэдтэй хамт байсан ба Жаргалбаатар нь нэг хүүхдийнх нь хар өнгийн цүнх барьсан, Г  нь зогсож байсан. Намайг харж байхад нөгөө хажууд нь байсан хоёр хүүхэд нөгөө хоёроос зугтааж байна уу гэмээр тойроод байсан, Г  нь хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Г  нь нэг хүүхдийг нь барьж авч газарт унагаагаад дээрээс нь нүүр рүү нь нэг цохиод хоёр дахиа цохих гэхэд нь амжиж гүйж очоод Г  арагш нь татаж газарт унагасан. Тэр хүүхэд босож ирэхэд дух нь улайсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 45-46 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹11276 дүгнэлтэд “Б.Е биед дух ясны гадна ялтаст зөрүүтэй хугарал, тархи доргилт, дух, зүүн хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хацар, эрүүнд цус хуралт, хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, дээд уруул дотор салстын язрал, баруун шуу, зүүн сарвууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 49 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹11275 дүгнэлтэд “М.А биед зүүн сарвуу алганы 3,4-р ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 54 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 17, 22, дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 56 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.Г  нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны эмнэлгийн хашаан дотор архи ууж согтуурсан үедээ бага насны Б.Ерасал, насанд хүрээгүй М.А нарыг зодон бага насны Б.Е эрүүл мэндэд хөнгөн хохирол, насанд хүрээгүй М.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Г т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Т.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, харин хохирогч нарын биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Т.Г  нь өсвөр насны хохирогч М.А хууль ёсны төлөөлөгч А.Мерекед 38.500 төгрөг, өсвөр насны хохирогч Б.Е хууль ёсны төлөөлөгч З.Бекболатад 148.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн болох нь бичгийн баримтаар нотлогдож байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.