Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/1089

 

 

 

 

 

 

  2023           11             15                                       2023/ДШМ/1089

 

 

А.Т, Б.Д нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Батзориг,

            шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

            шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

  нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Түвшинтөгс, шүүгч Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 2023/ШЦТ/764 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор А.Т, Б.Д нарт холбогдох 2202 0058 30109 дүгээр эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Боржигон овгийн А.Т, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Мөрдөн байцаах албанд мөрдөгчөөр ажиллаж байсан, одоо “Тайгын булаг кредит” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.............................../;

  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1069 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

  2. Олхонууд овгийн Б.Д, 1970 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Дээжин кореа” ХХК-ийн Аялал жуулчлалын “Бэлла тур” баазын захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

  Шүүгдэгч А.Т нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийн хохирогч Б.Дгийн хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болон хэрэгжүүлэхийн тулд өөрийн Хаан банкны 5675435029 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50.000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөг шилжүүлэн авч хахууль авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Д нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Тд албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь өөрийн ашиг сонирхол буюу хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн Хаан банкны 5022582011 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50.000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөгийг мөрдөгч А.Тгийн Хаан банкны 5675435029 тоот данс руу шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай.ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Нийслэлийн прокурорын газраас: А.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Тг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Дг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дд нийтийн албанд томилогдох эрхийг /хоёр/ жилээр хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Тгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаас хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын 3 жил 2 сар 17 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилээр хасаж, 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд, Б.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Тгийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Шүүгдэгч А.Т, Б.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Галхүү нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.6-д зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй /шүүгдэгч нарын авлигал өгөх зорилгоор мөнгө шилжүүлсэн эсэхийг баримтаар тогтоогдоогүй./ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуул, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрвөл түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчиж гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүхээс гэм буруутай гэж үзсэн дүгнэлт нь нотлох баримтаар нотлогдоогүй 39.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй /хууль сануулсан гэрчүүдийн мэдүүлэг/ шүүгдэгч нарыг гэм буруутай гэж баримттай зөрүүтэй байхад гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “намайг данснаасаа 50.000, 60.000 төгрөгийг “ок, амжилт” гэсэн утгаар шилжүүлсэн” гэж дүгнээд гэм буруутайд тооцсон. Миний хувьд яагаад 50.000, 60.000 төгрөг шилжүүлсэн гэхээр, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр миний эхийн төрсөн өдөр байсан бөгөөд эх маань нас бараад 1 жил болж байсан. Би эхийнхээ ажлын газрын хүмүүсийг дуудсан байсан. Уг өдөр би А.Тгээс юу ч бодолгүй хоёр шил виски авсан. А.Т поркер тоглодог юм билээ. Над руу залгаад “та нөгөө вискинийхээ мөнгийг одоо хийчих” гэхээр нь “ок” гээд л хийсэн. Дараа нь дахиад “та үлдэгдэл мөнгөө хийчих үү” гэхээр нь “амжилт” гээд хийсэн. А.Т надад хандаж “та намайг покер тоглодог гэж битгий яриад бай” гэж байсан. Миний хохирогчоор тогтоогдсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал маргааш болно. Хажыгал гэх залуу миний дансны хуулгыг хууль бусаар банкнаас аваад намайг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Авлигатай тэмцэх газарт би мэдүүлэг өгөхдөө “хууль бусаар миний хувийн мэдээллийг олж авсан байна. Мөн намайг болон миний найз нөхдийг дарамталдаг” гэж хэлсэн. Прокуророос намайг 2022 оны 10 дугаар сард нэг удаа дуудсан. Би нэг удаа л мэдүүлэг өгсөн. Дараа нь 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр Ууганбаяр гэх прокурор дуудсан. Ууганбаяр прокурор намайг очиход “үүнийг хэрэг гэж үзэхгүй байгаа” гэж хэлж байсан. Тэгсэн атлаа 2023 оны 3 дугаар  сарын 24-ний өдөр дуудаад яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаад гарын үсэг зур гэсэн. Би “хэргийг надад ашигтайгаар шийдвэрлээд өг” гэж хэлж мөнгийг өгөөгүй. Би виски худалдаж авсан. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д болон А.Тгийн эх Золзаяа гэх хүний хооронд архи худалдаалсан үйл баримт байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Золзаяа, Оюунцэцэг нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Дгийн “ок, амжилт” гэх утгатай гүйлгээ нь архи худалдаж авч байна гэдэг нөхцөл байдалтай харагдахгүй байна гэдэг байдлаар дүгнэсэн. Сая Б.Дгийн ярьж байгаагаар бол А.Т тухайн үед покер тоглодог байсан байна. А.Тгээс “Эгчээ би тоглох гээд байна” гэхээр нь түүнд нь хандаж “ок, амжилт” гэх утгатай гүйлгээ хийсэн болохоо анхнаасаа мэдүүлсэн. Энэ үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. А.Тгийн хамгийн анх өгсөн мэдүүлэгт “би покер тоглодог байсан” гэсэн байдаг. Үүгээр гүйлгээний утга няцаагдах бүрэн боломжтой. Шүүх яллах болон цагаатгах талын аль аль нотлох баримт байхад цагаатгах баримтыг хэрхэн няцаасан үндэслэлээ дурдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Тгийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Т бид хоёрын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Гэхдээ өмгөөлөгч Б.Галхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хахууль авах гэмт хэргийг Улсын Дээд шүүхээс шийдвэрлэх явцдаа тайлбарласан тайлбар маш их байдаг юм билээ. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаартай тогтоолыг харахад хахууль өгөгч, авагч хоёр талууд өөр өөрсддөө ашиг олох, давуу байдал бий болгох зорилгоор уулзаад хахууль авагч этгээд амласан байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтад уг хоёр хүн хэзээ, хаана уулзаад, нэг нэгэндээ юу амласан талаар нарийвчлан тогтоосон баримт байдаггүй. Ганцхан гүйлгээний утгыг үндэслээд буруутгасан. Мөн Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 451 дүгээр тогтоолд “авах, өгөх хоёр тал асуудлаа шийдвэрлэсэн байна” гэж байдаг. Тэгэхээр А.Т 3 сар хэргийг шалгаж байхдаа хэргийг шийдвэрлэсэн юм уу. Ямар нэгэн ахиц үр дүн гаргасан байдаг юм уу. Прокурорын даалгаварт дурдагдсан нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа, хохирол төлүүлэх ажиллагаануудыг хийгээгүй байдаг. Гэтэл Улсын Дээд Шүүхийн тайлбарт “асуудлыг шийдвэрлүүлсэн байна” гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйл буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, юу амласан, гэмт хэрэг хэзээ хаана яаж үйлдэгдсэн, хэн хэндээ ямар амлалт өгсөн болохыг тогтоогоогүй. Зөвхөн дансны хуулгыг үндэслэж таамаглаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар хэлсэн боловч няцаалт хийгээгүй. ...” гэв.

            Шүүгдэгч А.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

            Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Т нь мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн шалгаж байгаа хэргийн хохирогч Дгийн ашиг сонирхлын үүднээс хоёр удаагийн үйлдлээр буюу 50.000 төгрөгийг “ок” гэх утгаар, 60.000 төгрөгийг “амжилт” гэх утгатайгаар шилжүүлэн авч хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч А.Тгийн хамаарал бүхий этгээдүүд ямар ч төрлийн бизнес эрхэлж болно. Гэхдээ А.Т өөрөө тангараг өргөсөн төрийн тусгай субъект ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ ойлгож ухамсарлах бүрэн боломжтой хүн. Архи худалдаж авсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Дгаас “миний мэдээллийг хууль бусаар олж авсан” гэж ярьж байна. Хажыгал гээд мөрдөгч А.Тгийн шалгаж байсан хэргийн сэжигтэн АТГ-т мэдээлэл гаргасан байдаг. Тухайн мэдээллийг үндэслээд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.Д болон А.Т нарын банкны дансны хуулгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан журмын дагуу авсан. Мөн журмын дагуу тэмдэглэл үйлдсэн байгаа. Шүүгдэгч Б.Дгийн зүгээс “архи худалдаж авсан” гэж байгаа боловч дансны гүйлгээний утгыг хэрхэн яаж бичих ёстой болохыг бизнес эрхэлдэг хүн мэдэж байсан. Өмгөөлөгч О.Анхбаяраас “амласан зүйл байх ёстой. Ямар зүйл амласан болохыг тогтоогоогүй” гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг дээр амласан, хөнгөлөлт үзүүлсэн гээд тус тусдаа шинжтэйгээр тусгаад өгсөн. Тэгэхээр Дгийн үйлдэл нь хахуулийг өгсөн үйлдэл байдаг. Амласан нөхцөл байдал нь тусдаа гэмт хэргийн шинж байхаар хуульд заагаад өгсөн тул хаана, хэзээ, юу амласан болох талаарх баримт хавтас хэрэгт байхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэдэг нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

  Шүүгдэгч А.Т нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийн хохирогч Б.Дгийн хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болон хэрэгжүүлэхийн тулд өөрийн Хаан банкны 5675435029 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50.000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60.000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөг шилжүүлэн авч хахууль авах гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Д нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Тд албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь өөрийн ашиг сонирхол буюу хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн Хаан банкны 5022582011 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50.000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөгийг мөрдөгч А.Тгийн Хаан банкны 5675435029 тоот данс руу шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Х.Х“...Би 2019-2022 он хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэгдэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн хэрэгт холбогдон шалгагдсан. Миний бие шалгагдаж байх хугацаанд тус хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлсэн. Ингээд би Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч А.Т гэх мөрдөгч дээр шалгагдсан юм. Шалгагдаж байх хугацаанд хохирогч талаас буюу Б.Д гэх хүнээс А.Тд түүний Хаан банкны 5675435029 дугаарын данс руу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөг амжилт гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байсан. Б.Дгийн Хаан банкны 5022582011 дугаарын данснаас шилжүүлсэн байсан хамгийн гол нь А.Тий данс руу орсон мөнгө нь амжил~ гэсэн утгаар орсон байгаа. Мөрдөгч Тий дансны дэлгэрэнгүй мэдээллинг авах юм бол өөр мөнгөний асуудал ч байгаа Б.Дгийн дансны мэдээллийг   найз нь авсан. Миний шалгагдаж байгаа хэрэг дээр дансны мэдээлэл нь байсан. Би хэргийн материалыг танилцаж байхдаа түүний дансны хуулга дээр сэжиг бүхий гүйлгээ байсан болохоор нь сүүлд Б.Дгийн Хаан банкны 5022582011 тоот дансны код мэддэг байсан учраас орж шалгахад баталгаажсан. ...”  /1хх 14/

гэрч Б.А“...Би хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын сүүлээр хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад 2020 оны 3 дугаар сард Мөрдөн байцаах албанаас ачаалал ихтэй дүүрэг болох Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт дэмжлэг үзүүлэх зорилгоор мөрдөгч нар ажилласан. Тухайн үед Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Тд 2020 оны 3 дугаар сард хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийг хүлээлгэн өгсөн. Тухайн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Тгийн дэмжлэг үзүүлэх хугацаа дуусаж хэргийг буцаан хүлээн авсан ахлах мөрдөгч А.Т нь хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэрэгт 2020 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. ...” /2хх 172/,

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А.Тий 5675435029 тоот дансны хуулганд үзлэг хийсэн “Б.Дгийн Хаан банкны 5022582011 тоот данснаас А.Тий 5675435029 тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөг “ок” гэсэн, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн гэх тэмдэглэл /1хх 88-89/ зэргээр давхар нотлогджээ.

Хахууль авах, өгөх гэмт хэргүүд нь нэг талаас хахууль авагч нь албан тушаалаа ашиглан хялбар аргаар ашиг олох, нөгөө талаас хахууль өгөгч нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох үүднээс албан тушаалтны шунахай зорилгыг гүйцэлдүүлэх зэргээр хоёр талын ашиг сонирхлын нэгдлийг агуулдаг.

Өөрөөр хэлбэл, хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар гэмт хэрэг төгсдөг.

А.Т нь нийтийн албан тушаалтан буюу мөрдөн байцаах албанд залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж түүнээс 110.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, харин Б.Д нь А.Тг албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүний Хаан банкны данс руу 110.000 төгрөг шилжүүлсэн нь тэдний хоорондын ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлжээ.  

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч А.Т, Б.Даарийимаа нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоосон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Тг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Дг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь  холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Дгийн хувьд А.Тгийн зарсан архинаас авсан төлбөр болох мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч албаны чиг үүргээ хэрэгжүүлж байгаа мөрдөгч нь архи худалдаалах үндсэн үүрэггүй, мөн түүгээр шалгуулж байгаа этгээд архи худалдан авсан гэх баримт хэрэгт байхгүй байна.

Шүүхээс А.Т, Б.Д нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан А.Тд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Б.Дд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэлээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Б.Д, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 2023/ШЦТ/764 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Б.Д, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР

 

                ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

                ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ