| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00116/И |
| Дугаар | 311/ШШ2025/00169 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 311/ШШ2025/00169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ........ тоотод оршин суух хаягтай, .........нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М........, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д........ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1980 онд Эрдэнэхайрхан сумын дунд сургууль төгсөж 1980 онд Ховд аймгийн ХАА-н техникумд суралцаж, 1983 онд агротехникч мэргэжлээр төгссөн. Улмаар Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Борхын буланд агротехникчээр 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад, 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймаг дахь Нийтийн аж ахуй үйлчилгээг Удирдах газрын орон сууц, нийтийн аж ахуйн хэлтэст халаалтын зуухны машинистаар ажилласан юм. Мөн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн архивын тасагт архивчаар тус тус ажиллаж байсан. Энэ талаар зарим тушаалууд олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан юм. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д..... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.Д...... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч М.Д...... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Борхын буланд агротехникчээр,
-1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Завхан аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газарт халаалтын зуухны машинистаар,
-1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт туслах аж ахуйд гахайчнаар,
-1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт ногоочноор,
-1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт манаачаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Алдархаан сумын Алтан гадас одонт Партизан Чойбалсан нэгдлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн даргын 1986 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймаг Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймаг Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 189 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн даргын 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал, түүний 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 026358 дугаартай хөдөлмөрийг дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Д........ нь 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн архивт архивчаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн боловч тэрээр дээрх хугацаанд нийгмийн даатгалын нөхөн даатгалд хамрагдсан байх тул уг ажиллаж байсан хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Ахуй үйлчилгээний удирдах газарт-Агротехникч, 1987 он гэх баримт,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч М..........н өгсөн мэдүүлгийн: ...М.Д......... бид нар 1987 оноос эхлэн нийтийн аж ахуйд хамт ажилладаг байсан. .......... манаач, гачегар, туслах аж ахуйг хариуцан үхэр мал, гахай хариуцаж ажилладаг байсан. ...1994 он хүртэл ажилласан... гэх хэсэг,
гэрч Д...........ын өгсөн мэдүүлгийн: ...Би .........г нийтийн аж ахуй болон архивт ажиллаж байсныг мэднэ. Манай хадам аав .........гэдэг хүн архивын дарга хийдэг байхад .......... архивын туслах ажилтан хийж байсан... гэх хэсэг,
гэрч Д.Ц......... өгсөн мэдүүлгийн: ...Би аймгийн АДХГЗ-ны хуулийн хэлтэст мэргэжилтэн хийдэг байсан. М.Д....... нь архивын тасагт туслах ажилтнаар ажиллаж байсан. ...он, сар, өдрийг нарийн санахгүй байна... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч М............н дээрх ажиллаж байсан талаар ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Д......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ............. 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Борхын буланд агротехникчээр,
-1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Завхан аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газарт халаалтын зуухны машинистаар,
-1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт туслах аж ахуйд гахайчнаар,
-1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт ногоочноор,
-1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,
түүний нэхэмжлэлээс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн архивт архивчаар ажиллаж байсан тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Д.......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ