Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 311/ШШ2025/00180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт оршин суух......овогт А........н С.........н нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.С......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ......... нэгдлийн ..... ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.С...... нь цэрэгт явахаасаа өмнө 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ........ нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Мөн цэргээс ирээд ажиллаж байгаад нөхөн даатгалд хамрагдсан. Одоо өндөр насны тэтгэвэр гаргах гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх баримт үгүй болоод шүүхээр ажилласан жилээ тогтоолгохоор хандсан юм. Иймд А.С........ыг 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ......... нэгдэлд ногоочноор ажиллаж байсан өгнө үү гэв.

3. А.С........ нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн архивын тасгийн лавлагаа, 1985 оны 08-р сарын 01-ний өдрийн 46 тоот нэгдлийн даргын тушаал хавсралт, батлан хамгаалах төвийн архивын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, итгэмжлэл зэргийг ирүүлсэн,

4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.П......, А.Б........ нарыг гэрчээр асууж, өөрийн санаачилгаар Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР 1-р маягт, ХААТР 15-р маягт, төрөгсдийн бүртгэл анкет, төрсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг иргэний бүртгэлийн газраас, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан эсэх лавлагаа зэргийг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч А.С...... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Тэрээр өөрийгөө 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ..... нэгдэлд ногоочноор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох Завхан аймгийн Алдархаан сумын Алтан гадас одонт ...... нэгдлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар Ажилд томилох тухай тушаалын Борхын булангийн ажилчдын нэрс гэсэн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт А.С....... ногоочин гэх бичилт хийгдсэн тушаалын хуулбар,

Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/440 дугаартай лавлагаагаар А.С........ нь 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн ..... дугаар ангид албан хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 сарын 16-ны өдөр ...... дугаарын цэргийн батлахтай халагдсан байсан.

4.Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хүсэлт гаргагч А.С......... нь Завхан аймгийн Алдархаан сумын ...... нэгдэлд 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

5. Гэрч Ч.П.........ийн ...А.С....... нь 1985-1988 он хүртэл Алдархаан сумын ....... нэгдлийн ногоон тасагт ногоочноор ажиллаж байсан. Би тухайн үед хамт ажиллаж нярав, бороожуулагч хийдэг байсан

6. Гэрч А.Б.........ын ...манай дүү байгаа юм манай аав ээж хоёр нэгдэлд ажилладаг байсан. Манайх бүгдээрээ л нэгдэлд ажилладаг. С........ нэгдэлд ажиллаж байгаад цэрэгт явсан гэх мэдүүлэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

7. Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР21(А) маягтуудад түүнийг хоршоолсон ард, малчин гэх зэргээр бичигдэж байсан байна.

8. Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ногоочин байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

9. Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.С.......н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ....... овогт А..........н С........г 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ...........нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.С...........н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ