Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0208

 

 

 

    2025         03           24                                    128/ШШ2025/0208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: “Т э с” /РД:/ Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага

            Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А /РД:/

            Хариуцагч: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын Салбарын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч Т.Э

Гуравдагч этгээд: “Ү с а х” /РД:/ ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б /РД:/ нарын хоорондын бусдын эзэмшил газарт барилга барьсан эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдлын шаардлага: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

            Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

            1.1 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Б.Н нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0022107 дугаар шийтгэлийн хуудсаар “Т э с” ТББ-г 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 250,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

            1.2. Уг шийтгэлийн хуудсыг холбогдогч “Т э с” ХХК-д Монгол шуудан ХК-иар хүргүүлснийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гардан авч шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргажээ.

            1.3. Шүүхээс гомдлын бүрдүүлбэр хангуулсны үндсэн дээр 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2024/5060 дугаар шүүгчийн захирамжаар “Т э с” ТББ-аас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Б.Н холбогдуулан гаргасан “Улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагаар 128/2024/05353/з индекстэй хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

            1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Б.Н нь тус газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/131 дугаар тушаалаар өөр ажилд шилжиж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн учир 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Хариуцагчийг эрх залгамжлагчаар солих тухай” 128/ШЗ2025/1677 дугаар шүүгчийн захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг хариуцагчийн эрх залгамжлагчаар тогтоосон.

            Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Гомдол гаргагч хуулийн этгээдээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т э с” ТББ нь өөрийн эзэмшлийн газарт унадаг дугуйны саравч барьж, нийтийн аятай тухтай байдлыг ханган ажилласны төлөө улсын ахлах байцаагчаас шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаар шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавар нь манай байгууллагыг бусдын эзэмшил газар барилга, байгууламж барьсан мэтээр үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь бусдын эзэмшил газарт барьсан барилга, байгууламж гэх тухайн объектыг манайх бариагүй, хэн барьсан болохыг зөрчил

шалган шийдвэрлэж байгаа эрх бүхий албан тушаалтан олж тогтоосны үндсэн дээр

шийтгэл оногдуулах ёстой байсан. Гэтэл манай байгууллагын барьсан гэж үзэн хийсвэр дүгнэж шийтгэж оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийг оролцуулаагүй алдаатай явагдсан тул улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2.2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.2.1. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30на6/1259 дугаар албан бичгээр харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн “Ү с а х” ХХК-аас “Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байршилтай газарт дур мэдэн нэвтэрч, хашааг нурааж, өмчид халдан, эзэмшил газарт барилга байгууламж барьж эхлээд байна” гэх бүртгэлийн 0001524 дугаартай зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авч шалгаад зөрчлийн шинж агуулж байх тул Зөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240******* дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад газар дээрх нөхцөл байдал болон хохирогчоос авсан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гомдолд хавсаргасан кадастрын зураг, фото зураг, Egazar.gov.mn цахим системээс, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн газрын кадастрын мэдээллийн сангаас авсан кадастрын зургуудыг агаар сансрын зурагтай давхцуулах зэрэг нотлох баримтаар Т э с ТББ нь Ү с а х ХХК-ийн эзэмшиж буй газар руу дур мэдэн нэвтэрч ногоон хучлагаар бүтээсэн төмөр карказан барилга, /суурийг нь цутгахаар бэлдсэн/ байгууламж барьсан нь тогтоогдож, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Т э с” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Н Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Т э с” ТББ-г 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийтгэлийн хуудсыг гардуулахаар дуудсан боловч ирж аваагүй тул Монгол шуудан ХК-аар хүргүүлсэн.

2.2.2. Т э с ТББ-аас өөрийн эзэмшил газарт унадаг дугуйн саравч барьсан гэх үндэслэлийн тухайд: Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийн газрын кадастрын мэдээллийн системээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1209 дугаар захирамжаар Ү с а х ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын  дугаартай 212113м.кв газар, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/101 дугаар захирамжаар “Т э с” ТББ-ын эзэмшиж буй нэгж талбарын дугаартай 681 м.кв газрын кадастрын зургуудыг агаар сансрын зурагтай давхцуулж давхцалыг тодорхойлоход Т э с ТББ нь Ү с а  х ХХК-ийн эзэмшиж буй барилга байгууламж барьсан нь харагдаж байна. Мөн гомдол гаргагч Ү с а х ХХК-ийн өмгөөлөгч Н.Б, М Т ХХК-ийн менежер MN -ийн ашиглалт хариуцагч Ц.х нарыг байлцуулан хэргийн газарт үзлэг хийсэн. Т э с ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Н зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан удаа дараа дуудсан боловч ирээгүй. Тус үйлдэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасныг зөрчиж Ү С а х ХХК-ийн эзэмшлийн газарт ногоог хучлагаар бүтээсэн төмөр карказан барилга, /суурийг нь цутгахаар бэлдсэн/ байгууламж/  барьсан нь зөрчлийн шинжийг агуулж байх тул  Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар торгох шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны хугацаатай даалгавар хүргүүлсэн. Иймд шийтгэлийн хуудас, албан даалгаврыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалсан газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

3. Энэхүү зөрчлийн хэргийн тухайд бусдын эзэмшил газар дээр хашаа барих, барилга барих зэргээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн эсэх тухай асуудалд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

4. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг” гэж, үг зүйн утгаар барилга гэж газрын хөрстэй холбож хүний байгуулсан барилгын хийцийг ойлгох бөгөөд Т э с ТББ-ыг бий болгосон гэж үзэж торгууль оногдуулах шийдвэр гаргах нөхцөл болсон дугуйн зогсоолоор ашиглах зориулалттай объектыг барилга байгууламж гэж үзнэ.

5. Гомдол гаргагч “Т э с” ТББ-д Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/101 дүгээр захирамжаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, -р хороо тоот хаягт байрлах нэгж талбарын  дугаар бүхий 681 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, цогцолбор төвийн зориулалтаар эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн 2203******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Харин Ү с а х ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1209 тоот захирамжаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо нэгж талбарын .... дугаар бүхий 212113 м.кв газрыг иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. Газрын эрхийн тухайд давхцал болон бусад ямар нэгэн маргаангүй, зэргэлдээ байрлах газрууд байна.

6. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Эрх бүхий албан тушаалтны хийсэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд авагдсанаар төмөр карказан барилгыг Ү с а х ХХК-ийн хашаан дотор барьж, ногоон хучлагаар бүтээсэн, тус барилга нь хоёр хуулийн этгээдийн газрыг хамарсан давхцал тогтоогдож байна.

7. Гомдол гаргагч “Т э с” ТББ нь “...барилгыг манай байгууллага бариагүй, хэн барьсан талаар мэдэхгүй. Зөрчил үйлдсэн этгээдийг зөв олж тогтоох нь эрх бүхий албан тушаалтны үүрэг...” гэж маргах ч тус барилга нь “Т э с” ТББ-ын үндсэн барилгын залгаа баригдсан, шилэн хаалгаар холбогдсон болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон бөгөөд өөрийн эзэмшлийн газарт нь, хөрш залгаа эзэмшлийн газрыг нь дамнан нүдэнд харагдахуйц том хэмжээний барилга байгууламж барьсан байхад хэн барьсныг огт мэдэхгүй байх үндэслэлгүй юм.

8. Өөрийн эзэмшил газраа бусдад гэрээний болон бусад үндэслэлээр ашиглуулсан тухай үйл баримт тогтоогдоогүй, гомдлын шаардлагадаа өөрийн эзэмшлийн газарт унадаг дугуйны саравч барьсан гэж дурдсан байна. Ү с а  х ХХК-ийн эзэмшил газар дээр барьсан барилга нь гомдол гаргагчийн гомдолд дурдсан унадаг дугуйны саравч байх тул “Т э  с” ТББ г тухайн барилгыг бариагүй, мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй.

9. Холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа эрх бүхий албан тушаалтны зүгээс хуульд заасан арга ажиллагааг хийсэн болох нь “Т э с” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Н  дугаарын утас руу удаа дараа залгасан тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий албан тушаалтны дуудах хуудсаар дуудсан, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3 удаа залгахад утсаа аваагүй, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зурвас илгээсэн, viber ашиглаж дуудсан зэрэг тэмдэглэл нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул “Т э с” ТББ-ын гүйцэтгэх захирал нь Н.Н нь мэдсээр байж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэж үзэхээргүй байна.

10. Эрх бүхий албан тушаалтын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 240******* дугаар зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор гомдол, мэдээлэл гаргагчаар Ү с а х ХХК-г, М т ХХК, Т э с НҮТББ-г тус тус холбогдогчоор татаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Ажиллагааны явцад М т ХХК-ийн менежерийг оролцуулан хэргийн газарт хийсэн үзлэг, газрын давхцалын зураг зэргээс тухайн барилга, барилгын доорх газар нь  М т ХХК-д хамааралгүй болох нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан “Т э с” НҮТББ-аас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан гомдол гаргагч “Т э с" ТББ-аас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар

зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ОДМАА