| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/00350/И |
| Дугаар | 307/ШШ2025/00519 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 307/ШШ2025/00519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00350/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-т холбогдох,
“Эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч П.*******,
Хариуцагч З.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан “Эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...2016 онд З.*******тай танилцаж, үерхэж нөхөрлөн тухайн жилдээ ярилцаж хүүхэдтэй болох шийдвэрийг хамтдаа гаргасан. 2016 оны 06 дугаар сард жирэмсэн болсон. Түүнээс хойш 2 талдаа ирж очин байдаг болж бид 2016 оны 8 сард тухайн хүний үнэнч биш байдлаас болж 2 тийш болсон. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Ингээд 2016 оны 08 дугаар сард жирэмсэн 3 сартай үлдсэн. Охин Х. нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Гэрлэлтийн баталгаа байхгүй байсан тул охин Х. нь надаар овоглосон. Энэ цагаас хойш холбоо тогтоогоогүй. Охин Х. нь миний асрамжид өссөн. Охин Х.гийн эцэг З.******* мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
2.Хариуцагч З.******* хариу тайлбартаа:
“... овогтой ******* миний бие өөрийн охин болох Х.д тэтгэмж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Ээж П.*******ын асаргаанд үлдээнэ” гэв.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Х.гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 81 дугаартай оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт (хх 2-8 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч П.*******ын хариуцагч З.*******д холбогдуулан гаргасан эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч П.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Би З.*******тай 2016 онд танилцаж, тухайн жилдээ ярилцаад хүүхэдтэй болсон. Энэ хүний үнэнч биш байдлаас болж хоёр тийшээ болсон. Жирэмсэн 3 сартай байхад салсан. Жирэмсэн болон төрөх хугацаанд энэ хүнтэй нэг ч холбоо бариагүй. 2 жилийн өмнө би холбогдохдоо З.*******д “Заавал шүүхээр явмааргүй байна. Чи заавал тэд гэхгүйгээр боломж бололцоогоороо хүүхдэдээ анхаарал тавиараа” гэж гуйсан боловч миний үгийг хүлээж аваагүй. Би нэг жилийн өмнө хоёулаа хуулиар явахаас өөр сонголтгүй боллоо гээд энэ шийдвэрийг гаргасан. Хүүхдэдээ тэтгэлэг гаргуулж, эцэг мөн болохыг тогтоолгоно” гэж тайлбарласан.
3.Хариуцагч З.******* нь шүүх хуралдаанд “...Охин Х. миний охин мөн. Хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаас болоод хоёр тийшээ болсон. Хүүхдийн тэтгэлэг төлнө” гэж тайлбарласан ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
4.Талууд 2016 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин Х. төрсөн болох нь зохигчийн тайлбар, Х.гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
5.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасан.
6.Хэрэгт авагдсан охин Х.гийн төрсний бүртгэлийн гэрчилгээ дээр эцгийн нэр, мэдээлэл байхгүй, Х. нь эх П.*******ын овгийг авчээ.
7.Хариуцагч З.******* нь шүүх хуралдаанд охин Х.г өөрийн охин мөн гэж тайлбарлаж байх тул охин Х.гийн төрсөн эцэг нь хариуцагч З.******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
8.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
9.Хариуцагч З.******* нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд насанд хүрээгүй охин Х.г нэхэмжлэгч П.*******ын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба зохигчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцсон гэж үзнэ.
Иймд охин Х.г эх П.*******ын асрамжид үлдээж, эцэг З.*******гаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
10.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 61,318 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ******* овогт *******ын (РД:МЮ17221425)-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Х.г эх П.*******ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Х.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг З.******* (РД:*******)-аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч П.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 61,318 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН