| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/00433/И |
| Дугаар | 307/ШШ2025/00522 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 307/ШШ2025/00522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00433/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын хүсэлттэй,
“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие 1994 оноос 1996 онд Өргөө ББХК-ийн үйлдвэрийн гарсан тушаал олдоогүй. Аймгийн архиваас АОСС ХК-ийн 2000-2004 орсон дэвтэрт дээр тушаалын тамгагүй тул тэтгэврийн жилд тооцох боломжгүй. Дархан Ган-Болор ХХК 2009-2010 онд ажлаас гарсан тушаал нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй тул тэтгэврийн жилд тооцох боломжгүй тул ажилласан жилийг минь нөхөн олгож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарны 19-ний өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, 121336 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, гэрэл зураг, 0022860 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. (хх 2-7, 34-38 хуудас)
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай лавлагаа, мөн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Т.Уранчимэгээс гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 15-21, 29-30 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.******* нь Өргөө ББХК оёдлын үйлдвэрт 1994 оноос 1996 он хүртэл, “АОСС” ХХК-д 2000 оноос 2004 он хүртэл, “Дархан ган болор” ХХК-д 2009 оноос 2010 он хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хүсэлт гаргагчийн Өргөө ББХК оёдлын үйлдвэрт 1994 оноос 1996 он хүртэл, “АОСС” ХХК-д 2000 оноос 2004 он хүртэл, “Дархан ган болор” ХХК-д 2009 оноос 2010 он хүртэл тус тус ажиллаж байсан үеийн ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан жилийг тооцоогүй учир шүүхэд ханджээ.
5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, 121336 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт “...Өргөө ББХК-оёдолчин ажилд орсон он, сар өдөр: 1994.10.20, АОСС ХХК-оёдолчин ажилд орсон он, сар, өдөр: 2000.11.06, ажлаас гарсан он, сар өдөр: 2004.05.11” гэх хуулбар, гэрэл зураг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай “...Өргөө ББХК нь 1994 онд цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сангаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсныг тодорхойлов” гэх лавлагаа, 2001.01-2004.04, 2009.10-2010.07 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх цахим тодорхойлолт, 0022860 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч Ц.******* нь 1994 оноос 1996 он хүртэл Өргөө ББХК-д оёдолчноор, 2001 оны 01 дүгээр сараас 2004 оны 04 дүгээр сар хүртэл “АОСС” ХХК-д оёдолчноор, 2009 оны 10 дугаар сараас 2010 оны 07 дугаар сар хүртэл “Дархан ган болор” ХХК-д бууз чимхэгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-ыг 1994 оноос 1996 он хүртэл Өргөө ББХК-д оёдолчноор, 2001 оны 01 дүгээр сараас 2004 оны 04 дүгээр сар хүртэл “АОСС” ХХК-д оёдолчноор, 2009 оны 10 дугаар сараас 2010 оны 07 дугаар сар хүртэл “Дархан ган болор” ХХК-д бууз чимхэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН