Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2025/00204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Ж*******гийн Г*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2025/00224/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.

Хүсэлт гаргагч Ж.Г******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ж.Г******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Хэнтий аймгийн Хурх тосгоны Хүн эмнэлэгт 1985 оноос 1993 он хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул цалингийн цэс бүрдүүлсэн.

Иймд 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хурх тосгоны Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/47 дугаар тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

-Хэнтий аймгийн Гурванбаян тосгоны Захирагчийн ажлын албаны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2/04 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-1988 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Х.Амарсолонгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 17-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Хэнтий аймгийн Хурх тосгоны Хүн эмнэлэгт 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй бөгөөд ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй байх тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Ж.Г******* нь Хэнтий аймгийн Хурх тосгоны Хүн эмнэлэгт 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь цалингийн цэсийн түүвэр болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

3.2.Хүсэлт гаргагч 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Х.Амарсолонгийг төрүүлж, 1988 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралттай байсан нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

4.Иймд хүсэлт гаргагч Ж.Г*******ийг Хэнтий аймгийн Хурх тосгоны Хүн эмнэлэгт 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж*******гийн Г*******ийг Хэнтий аймгийн Хурх тосгоны Хүн эмнэлэгт 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА