Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

улсын яллагч Ц.Мөнхжаргал,

хохирогч Л.Л, түүний өмгөөлөгч М.Ц,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З холбогдох эрүүгийн 2017 2400 0372 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.З, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.З нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 09 цаг 27 минутын орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн автобусны буудлын замд Б.Т эзэмшлийн Яамаха Роял стар маркийн 34-34 УБ улсын дугаартай /мотоцикль/ авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Л мөргөж эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учруулаад, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр оршин суудаг хаяг дээрээ очоод, буцах замдаа Эрдэнэтолгойн автобусны буудал дээр энэ хүнийг мөргөж, зугтаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө энэ мотоциклийг барьж явсан гэв.

Хохирогч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлэгт үзүүлэх гээд өглөө 09 цагийн үед явж байгаад мөргүүлсэн. Би гарцаар гараад дуусахын даваан дээр мөргүүлсэн. Мөргүүлээд ухаан ороход түргэний эмч ирчихсэн, тариа хийгээд намайг ухаан оруулаад аваад явсан. Дайраад зугтаасан гэдгийг мэдэхгүй. Тэнд байсан гэрчүүд таныг мөргөчихөөд зугтаасан гэсэн. Тэрнээс хойш би уулзалдаагүй. Тухайн хэрэг гараад 8 сар болоход анх удаа энэ хүний царайг харж байна. Миний хүсэх зүйл эмнэлэгт хэвтсэн эмнэлгийн төлбөрийг төлж, хохирлыг барагдуулж өгвөл өөр гомдол саналгүй. Би өөрөө хэвтэрт байсан болохоор манай эхнэр Замын цагдаагаар явж хөөцөлдөж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр баруун гарын шуу хугараагүй гэсэн боловч 3 сарын дараа очоод үзүүлэхэд гар хөдөлгөж болохгүй дуугараад байсан. Тэгээд эмчдээ хэлэхэд зөөлөн эдийн гэмтэл удахгүй зүгээр болчихно гэсэн. Ахиад зургаа авахуулахад таны гар хугараад, эдгэсэн байна гэсэн. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн дүнэлтэнд тусгагдаагүй. Би 9 сард гэртээ байж байгаад цус алдсан. Яг хаанаас гараад байгаа онош нь тогтоогдоогүй. Хэвлийгээр өвдөөд байхаар нь цэргийн эмнэлэгт 12 сард хэвтсэн. Би эмчилгээний төлбөр 2.500.000 төгрөг, өмгөөлөгчийн мөнгө гээд нийт 4.500.000 төгрөг нэхэмжилж байна. Надад бэлнээр 100.000 төгрөг өгснийг хасаж тооцуулна.  Миний бодлоор мотоцикл засуулах гэж өгсөн хүн яагаад түлхүүрээ үлдээсэн юм, засна гээд авсан хүн яагаад түлхүүрээ шилжүүлсэн юм. Намайг мөргөсөн гол шалтгаан нь засуулах гэж өгсөн хүн, засах гэж авсан хүн 2, энэ хүнийг мотоцикл унах нөхцөл байдлаар хангаж өгсөн. Энэ 2 хүн ч гэсэн миний нэхэмжилж байгаа мөнгөнөөс төлөлцөх нь зүйтэй гэж үзэж байна. Зам гараад дуусах гэж байхад 1 юм ороод ирэхээр нь харахад мотоцикль барьж явсан хүний нүүр царай нүдэнд харагдаж байсан. Тэгэхэд каскан малгайтай, хувцсыг нь сайн харж амжаагүй, махлаг шардуу царайтай хүний дүр миний нүдэнд үлдсэн. Би дүүг нь харах юм бол танина гэж бодож байна. Тухайн хэрэг болдог үед дэлгүүрийн хүн болсон явдлыг харсан гэсэн. Би гэрчтэй уулзаад намайг мөргөсөн хүний царайг харсан уу? гэхэд 25 насны залуу хүн байсан гэж ярьдаг. Мөрдөн байцаагчаас намайг мөргөсөн хүн мөн гэдгийг яаж мэдэж байгаа вэ? гэж асуухад өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч ирсэн гэсэн тайлбар надад хэлсэн гэв.

Шүүгдэгч Б.З мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 24-ний орой миний төрсөн дүү Б.Зулхүүгийн авто засварын газарт намайг байх үед эхнэр, нөхөр хоёр болох хүмүүс ирээд Тоёота Алфард маркийн тээврийн хэрэгсэл болон Чойпер маркийн мотоциклийг будганд оруулах гээд авчирч өгсөн. Хэдэн цаг болж байсныг санахгүй байна, харанхуй болчихсон байсан. Тэгтэл уг өдөр Б.Зулхүү нь эхнэрийнхээ хамаатаны эгчийнд очиж хононо гээд явсан ба би авто засварын газарт ганцаараа үлдсэн. Маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд тэр мотоциклийг сонирхож унах зорилгоор замаараа гэрээ очиж эргээд ирье гэж бодоод асаагаад гэртээ очиж гэрээ эргэчихээд Баянзүрх дүүргийн нутаг Эрдэнэтолгойн автобусны буудлын замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/ц-ийн хурдтай явж байтал явган хүний гарцаар урдаасаа хойшоогоо чиглэлтэй нэг эрэгтэй хүн гарч ирэхэд нь дуут дохиогоо өгөх гэсэн боловч дуут дохио нь ажиллахгүй болохоор нь орилсон боловч амжилгүй тэр хүнийг мөргөөд хэсэг яваад зогсож эргэж харангуутаа яваад өгсөн. Ингээд би авто засварын газарт мотоциклоо байрлуулж тавьсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 149-150, 201-203 дугаар хуудас/,

Хохирогч Л.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 25-ны өглөө би Баянзүрх дүүргийн 1 дүгээр амбулторид  элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээ өгөх гээд гэрээсээ гараад Сансар орох санаатай Баянзүрх дүүргийн нутаг Эрдэнэтолгойн автобусны буудлын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зам хөндлөн гарч явахад замын баруунаас зүүн тийшээ явах чиглэл хоосон байсан, тэгээд зүүн баруун тийш явах чиглэлийг харахад замын нэгдүгээр эгнээнд мотоцикл, 2 дугаар эгнээнд жижиг автомашин ирж явааг 70 гаран метрийн зайнаас харсан. Тэгээд бараг зам хөндлөн гараад дууслаа гэж бодтол баруун гар талаас тас хийгээд явчихсан. Хүмүүс орилолдох шиг болсон, нэг сэрэхэд түргэний машин ирчихсэн байсан. Миний баруун хөлний шилбэ 3 хугарч, 1 цуурсан баруун гарын шууны мах тасарч баруун талын шаант яс цуурсан, тархи толгой хавагнаж цус хурсан, баруун талын гуя, зүүн талын булчин хэсгүүдэд хөхөрч хавдсан мөн шээхэд их зовиуртай. Одоо болтол хэвтрийн хүнд байдалтай байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 63-66 дугаар хуудас/,

Хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Ямаха Роял Стар маркийн 34-34 УБ улсын дугаартай мотоцикл нь Жи Эс Би Капитал банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байдаг. Гэхдээ би өөрөө үндсэн зээлдэгчээр байдаг. Б.Зориг гэдэг хүнийг танихгүй, би түүнд машин барих зөвшөөрөл өгөөгүй. Миний мотоциклын зүүн талын нэмэлт гэрэл огт байхгүй болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 104-108 дугаар хуудас/,

Гэрч Н.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд би Эрдэнэтолгойн автобусны буудлын хойд талд байрлах Гурван булаг хүнсний дэлгүүрт кассан дээр суугаад цонхоор хараад байж байтал явган хүний гарцаар нэг эрэгтэй хүн зам хөндлөн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гараад дуусах үед ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй ирж явсан 1 дүгээр эгнээний мотоцикль нь мөргөчихсөн. Тэгээд мотоциклийн жолооч нь буух гэснээ болиод шууд баруун зүг рүү зугтаагаад яваад өгсөн. Би 102, 103 дугаар руу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 114-115 дугаар хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн үед би авто засварын газар дээр хоночихоод босоод ирэхэд миний хажуугийн гражид орсон мотоцикль нь байхгүй алга болчихсон гээд яриа гараад байсан. Тэгсэн удаагүй гаднаас Зоригт нь уг мотоциклийг жолоодон унаж орж ирсэн. 2 хоногийн дараа замын цагдаагаас мотоциклийг асууж ирсэн. Тэгсэн Зоригт мотоциклийг унаж яваад хүн мөргөсөн гэж сонссон...” гэх мэдүүлэг. /хэргийн 117-118 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹7073 дүгнэлтэд “Л.Л биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны хоёрлосон хугарал, баруун хацар ясны хугарал, зулай хэсгийн тархины эд дэх цус хуралт, баруун шуунд шарх, эрүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 130 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹3266 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан мөнгөлөг өнгийн дугуй хэлбэртэй нэмэлт гэрэл нь харьцуулах шинжилгээнд хүргүүлж байгаа 34-34 УБ дугаартай Ямаха Роял Стар маркийн мотоциклийн их гэрлийн доор байрлах нэмэлт гэрэлтэй таарч байна. Хэргийн газраас хураан авсан мөнгөлөг өнгийн нэмэлт гэрэл болон харьцуулах шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг өнгийн нэмэлт гэрэлтэй хэлбэр хэмжээ, өнгө адил, их гэрлийн доор байрлах бэхэлгээ суурийн нүхний тойргийн гаднах ором хэмжээ нь шинжилгээнд ирүүлсэн цөгц хэлбэрийн тавагны диаметртэй адил байна. Мөнгөлөг өнгийн нэмэлт гэрлийн суурийн нүхний амсар 1,4х1, 1,6 см хэмжээтэй болж тэрвийж боолтны толгойн диаметртэй адил хэмжээтэй болсон байгаа нь бат бөхийн хязгаар давсан хүчээр хөндлөн чиглэлд харилцан үйлчлэхэд үүссэн байх үндэслэлтэй. 34-34 УБ дугаартай Ямаха Роял Стар маркийн мотоциклийн их гэрлийн доор байрлах нэмэлт гэрэл байна” гэжээ /хэргийн 135-136 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ¹571 дүгнэлт /хэргийн 145 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 8-9 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-12 дугаар хуудас/,

Явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаанд Л.Л согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогджээ /хэргийн 22 дугаар хуудас/,

Жолоочийн лавлагаа мэдээлэл /хэргийн 30 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 54 дүгээр хуудас/,

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 156 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 68-80 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 83-91 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 178 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 162 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.З нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 09 цаг 27 минутын орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн автобусны буудлын замд Б.Тэмүүжингийн эзэмшлийн Яамаха Роял стар маркийн 34-34 УБ улсын дугаартай /мотоцикль/ авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Лхагвасүрэнг мөргөж эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учруулаад, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Б.З мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгэргийн 149-150, 201-203 дугаар хуудас/,

Хохирогч Л.Л мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 63-66 дугаар хуудас/,

Хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 104-108 дугаар хуудас/,

Гэрч Н.Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 114-115 дугаар хуудас/,

Гэрч Д.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 117-118 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹7073 дүгнэлт /хэргийн 130 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹3266 дүгнэлт /хэргийн 135-136 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ¹571 дүгнэлт /хэргийн 145 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 8-9 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-12 дугаар хуудас/,

Явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хэргийн 22 дугаар хуудас/,

Жолоочийн лавлагаа мэдээлэл /хэргийн 30 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 54 дүгээр хуудас/,

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 156 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 68-80 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 83-91 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.З прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөлөг өнгийн нэмэлт дугуй хэлбэртэй гэрэл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, цагаан өнгийн СиДи 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,

            шүүгдэгч Б.З цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуульд зааснаар Б.З 3.804.050 төгрөг гаргуулж, хохирогч Л.Лхагвасүрэнд олгож,

хохирогч Л.Л нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.З оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдэлсэн ялыг тооцсон болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.