Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 307/ШШ2025/00482

 

 

 

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/01977/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** хороо, ******** гудамж, өөрийн байранд байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** хороолол, ******* байр, ******** тоотод оршин суух,******* овогт ******* ******* /утас: ********/,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* хороолол, ******** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *********/ нарт холбогдох,

 

45,963,844.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч П.*******гийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Иргэн П.******* нь *******тай 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 02 сарын 29-ний өдөр зээлдэгчийн ******* дахь дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8,333,333.28 төгрөг, зээлийн хүүнд 4,571,821.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,542.4 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 95 хоног хугацаа хэтрүүлээд байна.

******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 41,666,666.72 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаарх хүү 2,387,298.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,130,86, нийт 44,075,095.70 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 45,963,844.12 төгрөг, (үндсэн төлбөр 41,666,666.72 төгрөг, хүү 4,229,615.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,561.64 төгрөг)-ийг хариуцагч нараас гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

 

2. Хариуцагч П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие овогтой ******* нь Хас банк нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие нөхөр ******* салсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй.

... Анх Хас банк ХХК-с П.*******, Б.******* бид хоёрт холбогдуулан 2024 оны 11 сарын 21-ний өдөр 44,075,095.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингэхдээ зээлийн гэрээг цуцалж нийт 44,075,095.70 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж ойлгосон. Гэтэл нэхэмжлэгч нь анхнаасаа гэрээг цуцалж нийт зээлийн төлбөр 44,075,095.70 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргачихаад дахин нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байх тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч П.*******гийн өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч талын хувьд анхнаасаа өөрсдөө нэг талын санаачилгаар гэрээг цуцалчихаад дахин нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээг цуцлах асуудлаар тухайн зээлийг нэхэмжилж байгаа бол нэгдүгээрт, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тушаах ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлөөгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэгч тал өөрсдийн санаачилгаар гэрээг цуцалсан байж анх 44,075,095.70 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Тийм учир манай талаас ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага болох 45,963,844.12 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна. Энэ байдлаараа тухайн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд болоод байгаа юм бол Шүүхийн шийдвэр гарсны дараа ч мөн адил ихэсгэсэн шаардлагаа нэхэмжлээд байх нь хууль бус зүйл байж болохгүй. Иймд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анх нэхэмжилсэн 44,075,095.70 төгрөгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 сарын 29-ний өдрийн Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн барьцааны гэрээ, дансны хуулга, мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч П.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүрэг 45,963,844.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь анх хариуцагч П.*******, Б.******* нарт холбогдуулан 44,075,095.70 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХК нь хариуцагч нараас 45,963,844.12 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

 

Хариуцагч Б.******* нь хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй ба хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч шүүх хуралдааны явцад хариуцагч П.*******гийн өмгөөлөгч Ө.Ганзориг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлыг зөвшөөрөхгүй, анх нэхэмжилсэн 44,075,095.70 төгрөгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлан маргаж байна.

 

3. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч, зээлдэгч П.*******, хамтран зээлдэгч Б.******* нартай 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр № тоот Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулж, хариуцагч талд 50,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

4. Талуудын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний 2.1-т Зээлийн 50,000,000 төгрөг, 2.2-т Зээлийг нийт 36 сарын хугацаатайгаар олгох ба, эргэн төлөлтийн хуваарь /хавсралт 1/-ийн дагуу хэсэгчлэн төлнө, 2.3-т Хүү жилийн 365 хоногт тогтмол 21,6 хувь, /сарын 1,80 хувь/ байна, 2.4-т нэмэгдүүлсэн хүү: зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хүү /үндсэн болон хэтэрсэн хугацааны/-гийн 20% байна гэж гэрээнд тусгажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний 8.2.1-т заасан Зээлдэгч энэхүү гэрээ болон 2.9-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 8.2.4-т заасан Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх үндэслэлээр банкны санаачлагаар гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон 44,072,095.70 гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 45,963,844.12 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр ...Нэхэмжлэгч талын хувьд анхнаасаа өөрсдөө нэг талын санаачилгаар гэрээг цуцалчихаад дахин нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 45,963,844.12 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анх нэхэмжилсэн 44,075,095.70 төгрөгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү ... гэж тайлбарлаж маргасан болно.

 

5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалснаас хойших хугацаанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагч Б.*******д нэхэмжлэлийн хувийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус тус гардуулж, хуульд заасан ажиллагааг хийсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан зохицуулалтыг хариуцагчид тодорхой тайлбарлаж өгсөн болно.

Хариуцагч Б.*******тэй тохирч шүүх хуралдааны товыг товлосон боловч хариуцагч Б.******* нь хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иймд нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч П.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүрэг болох нийт 45,963,844.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэлийн шаардлага болох 45,963,844.12 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 387,769 төгрөг бөгөөд нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 423,494 төгрөг буюу илүү 35,725 төгрөг төлсөн байх тул төрийн сангийн орлогоос буцаан 35,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 387,769 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. гэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.2-т заасныг баримтлан хариуцагч П.*******, Б.******* нараас зээлийн төлбөр 45,963,844.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан 45,963,844.12 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 387,769 төгрөг бөгөөд нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 423,494 төгрөг буюу илүү 35,725 төгрөг төлсөн байх тул төрийн сангийн орлогоос буцаан 35,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 387,769 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид ******* ХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ТУНГАЛАГМАА