| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2017/0954/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | Б.Батжаргал, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Б.Батжаргал,
гэрч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Нармандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 1702 0000 00035 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н.Б, /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б худалдаалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 сарын 28 өдөр Х Аппартментийн гадаа Б 400.000 төгрөг авч мөс авах зорилгоор Баяртогтоход өгсөн. Бид 2 Б мөнгөө өгчихөөд мөсөө авч чадаагүй. Баяртогтохын гэрийн гадаа 1 цаг хүлээсэн боловч сүүлдээ утсаа салгасан. Мөнгө өгөөч гэхэд чадахгүй гэсэн. Сүүлдээ Бат-Эрдэнэ бид 2 маргалдаж гэрийнх нь гадаанаас салсан. Мөнгө болон мөсийг авч өгч чадаагүй гэв.
Гэрч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 5 дугаар сарын 28-нд гэр рүүгээ харьж явтал Бүжмаа залгасан. Надад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх мөс байна, сонирхох уу гэхэд нь би үзье гэсэн. Тэгээд уулзаад 400.000 төгрөг хүнээс авч өгөөд мөс авсан гэв.
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “Б.Бат-Эрдэнэ нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байрны урд талын орцонд эмээ нь байдаг байсан бөгөөд 2000 оны эхээр байна уу, Бат-Эрдэнэ нь эмээгийндээ ирдэг байсан учир танина. 2017 оны 4 дүгээр сарын эхээр Тэгшбаяр гэж эгчид би 2.000.000 төгрөгний өртэй байсан. Тэгтэл гэнэт учиргүй мөнгөө өг гээд байсан. Тэр үед нь би нөхрөөрөө хүнээс мөнгө зээлдүүлж 2.000.000 төгрөг аваад Тэгшбаяр эгчийн Хаан банкны данс руу нь өөрийнхөө картнаас шилжүүлсэн. Тэгтэл Улсын мөрдөн байцаах газраас гэрчийн мэдүүлэг өг гээд дуудахаар нь очиж мэдүүлэг өгөхөд Тэгшбаяр хар тамхи буюу мансууруулах бодис Хятадаас оруулж ирж байгаад баригдсан гэж байсан. Мансууруулах бодис болох мөсийг БНХАУ-д сурч амьдарч байхдаа нэг хэсэг хэрэглэж байсан. Монголд ирээд 2017 оноос Тэгшбаяр гэх найзтайгаа мөс гэх мансууруулах бодис хэрэглэх үү гэхээр нь хамт хэрэглэж байсан. Өөр Оюунбат гэдэг эмэгтэйгээс мөс авч хэрэглэж байсан. Би гэхдээ хүнээс худалдан авч хэрэглэж байгаагүй. Оюунбат нь 1 дүгээр хорооллын хойд талд дэнж дээр байдаг байсан бөгөөд мөс гэдэг бодисыг худалдаж байгаад баригдсан, одоо шүүх хурал нь болох гэж байгаа гэж сонссон. Тэгшбаяр гэх эмэгтэй мөн цагдаад баригдаад шүүх рүү хэрэг нь шилжсэн байгаа гэсэн.Би Тэгшбаяртай Гонконгид байхдаа танилцсан. Оюунбаттай Малайзад байхдаа танилцсан. Би Малайз, Хонконг, Бээжинд биеэ үнэлдэг байсан. Тэгшбаяр, Оюунбат нар нь мөн биеэ үнэлдэг байсан. 2017 оны 05 сарын 28-ны өдөр шиг санагдаж байна. Нүд Баагий над руу залгаад хүнээс мөнгө аваатхая, жаахан мөс олоод өг гэсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн тэр орчимд уулзахаар тохироод би танил дүүгээр хүргүүлж очсон. Тэгэхэд Бат-Эрдэнийн найз Билгээгийн /орос гэж хочилдог/ хамт таксигаар ирээд Бат-Эрдэнэ хүнээс мөнгө авна гээд нэг газар орчихоод ирье гэсэн. Тэр хооронд Билгээ би, намайг хүргэж өгсөн дүүгийн хамт Солонгос хоолны газарт хоол идээд хүлээсэн. Тэр үед намайг хүргэж өгсөн дүү яваад өгсөн. Бат-Эрдэнийг гарч ирсэний дараа Билгээ, Бат-Эрдэнэ бид 3 хамт Офицерүүдийн ордны тийшээ Тэнгэр плаза руу Базук гэдэг хочтой хүнээс мөс авахаар явсан. Тэр хүний нэрийг бүтнээр нь мэдэхгүй, Базук гэж хочилдог, одоо утсыг нь санахгүй байна. Тэнгэр плаза дээр оччихоод хүлээгээд байтал Базук гарч ирэхгүй, хүн дагуулж ирвэл уулзахгүй гэсэн. Тэнгэр плаза орчихоод Билгээ, Бат-Эрдэнэ бид 3 таксинаасаа буугаад 1 цаг орчим хүлээсэн. Билгээ тэгээд тэндээсээ яваад өгсөн. Баагий байрныхаа гадаа хүлээе гэсэн. Би Базук руу холбогдоод “ирсэн байнаа” гэхэд 13-т Натурын замын тэнд хүрч ирээд мөнгөө өг гэсэн. Би такси барьж дуудсан газарт нь очоод мөнгөө өгчих гэхээр нь Бат-Эрдэнэ 2 грамм мөс авна гээд 800.000 төгрөг өгснийг аваад Базук гэх хүнд өгсөн. Би Натур төвийн зам дагуу байх Кола кебабт намайг хүлээж бай гэчихээд Базук явсан. Тэгээд Базук над руу 30-аад минутын дараа залгаад утсаар зам заагаад алхаад бай гэхээр нь алхаад яваад байтал Сандэй плазагийн замын эсрэг талын автомашины зогсоол дээр ир гэсэн. Утсаар яриад яваад байсан бөгөөд уг зогсоол дээр очиход машины марк хэлээд тэр машин дээр нь яваад очиход доогуур нь хар гэсэн. Доор нь хог хаясан бөгөөд тамхины хайрцаг байгаа,тэрнийг ав гэхээр нь автал 2 ширхэг уутанд тус тусад нь хийсэн, гадуур нь нойлын цаасаар ороогоод тамхины хайрцаганд мөс хийчихсэн байсан. Базук надаас өөрөө ирж мөнгө авсан бөгөөд надад мөс өгөхдөө зам зааж өгөөд байснаас өөрөө ирээгүй. Би мөсийг авчихаад Бат-Эрдэнийн гэр рүү Офицерийн тойргийн цаад талд очоод мөсийг нь өгчихөөд яваад өгсөн. Би уг нь Х апартментын хойд талаас аптекаар дамжиж байр руу нь орсон. Гэтэл Базук нь урагшаагаа орцоор нь гараад Натурын замын тэнд хүрээд ир гэсэн юм. Базукын гэр нь Х Апартментийн F жигүүрийн 11 давхарт лифтнээс буугаад баруун талын хаалга шиг санагдаж байна. Өмнө нь би мөс хэрэглэх гээд Базукаас мөс гуйхад би зардаггүй гэж байснаа жаахныг байрных нь 12 давхарт очиж авч байсан юм. Тэр үед Бат-Эрдэнэ 800.000 төгрөгөөр мөс худалдаж авна гээд өгөхөөр нь би Базукад 700.000 төгрөгийг нь өгөөд 100.000 төгрөгийг нь өөртөө авчихсан юм. Гэтэл Бат-Эрдэнэ нь 2 грамм мөс авна гэж байсан бөгөөд би Базукад 700.000 төгрөг өгчихсөн чинь 1 грамм мөсийг 2 хуваагаад өгчихсөн юм шиг байна лээ. Мөсийг нь өгчихөөд явсаны дараа Бат-Эрдэнэ над руу утасдаад 800.000 төгрөг өгсөн байхад 1 грамм мөс өглөө гээд над руу уурлаад байхаар нь Базук руу утасдаад чи 1 грамм мөс өгчихсөн юм бишүү гэж хэлэхэд битгий хүн айлгаад бай гэснээ утсаа салгачихсан. Бат-Эрдэнэ мөнгөө нэхээд байхаар нь би зөрүү гаргаад авчихсан байсан 100.000 төгрөгийг нь мөн өөрөөсөө 300.000 төгрөг нэмээд 400.000 төгрөгийг нь Бат-Эрдэнэд буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 54-55 хуудас/,
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би Билэгсайхан гэх залууг огт танихгүй, нүүр царайг нь огт харж байгаагүй. Харин Бат-Эрдэнэ бид хоёр багаасаа буюу 15-16 настай байх үеэсээ эхлэн бие биенээ таньж мэддэг болсон. 2017 оны 05 дугаар сарын дунд үеэр санагдаж байна, Бат-Эрдэнэ Юнителийн дугаараас залгаад хүнсний 4 дэлгүүрийн ойролцоо Солонгос хоолны газарт уулзаж хамт хоол идчихээд дараа нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Бат-Эрдэнэ залгаж уулзаад надаас мөс олдох сураг байна уу, сураг тавиад өгөөч гэж хэлэхээр нь би хүнээс асуугаад үзье, олдох байх гэж хэлээд 1 грамм мөс олж өгөхөөр түүнээс 400.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд Бат-Эрдэнийг дагуулаад оффицерийн ойролцоо машинтай очиж Базук хочтой нэрийг нь мэдэхгүй залуутай утсаар холбогдож түүнээс 1 грамм мөс гэх мансууруулах бодис авахаар Бат-Эрдэнээс авсан 400.000 төгрөгөө бэлнээр уулзаж байгаад өгсөн. Базукад мөнгөө өгөхөд Базук намайг гараад хүлээж бай, би нэг газар мөсийг чинь тавьчихаад хэлье гэж хэлсэн. Ингээд Бат-Эрдэнэтэй хамт Базукыг хүлээгээд утас руу нь залгахад утсаа авахгүй, гэрт нь очиход хаалгаа тайлахгүй байсан. Бат-Эрдэнэ надаас мөнгөө буцааж авахаар нэхээд байсан тул хэрэлдээд хоёр тийшээ салсан...” гэх мэдүүлэг /хэргийн 57-59, 101-102 дугаар хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017.05.28-ны орой 20 цагийн үед Бүжмаа миний дугаар руу залгаад мөс сонирхох уу гэхээр нь тэгье гэсэн. Манай гэр Офицерийн тойргийн хойд талд байдаг, Тэнгэр худалдааны төвийн хашаанд байдаг, чи хүрээд ир гэхээр нь очоод уулзсан. Бүжмаа нь хар өнгийн Соната 6 маркийн автомашинтай явж нэг залуу машиныг нь жолоодож, Бүжмаа ард талд нь суучихсан явсан. Би машинд суугаад 400.000 төгрөг өгсөн. Тэгтэл хойд талын Х Апартмент гээд байрнаас хүнээс авч өгнө гээд Соната 6 машинтай нь байрны ард талд нь очоод ертөнцийн зүгээр хойд талаасаа ордог дэлгүүрийн хаалгаар орсон. Дэлгүүрээр дамжиж орц руу нь ордог юм. Ингэж Х Апартмент байр руу Бүжмаа ороод 10 орчим минут болоод 1 грамм байгаа гээд зип лок түгжээтэй уутны 3/2 хэмжээтэй мөс гэх мансууруулах бодис гаргаж ирж надад өгсөн. Маргааш өдөр нь гадуур ажилтай явж байхад Билэгсайхан залгаад чи мөстэй болсон уу гэж асуухаар нь жоохон юмтай болсон, байж байгаад залгая гээд утсаа тасалсан. 2017.05.29-ний өдрийн 18 цагийн орчим Билэгсайхан залгаад Олимп хотхоны дунд уулзая гээд би дүүгийн 69-76 УБЦ маркийн автомашиныг нь барьж явж байгаад уулзсан. Билэгсайханы машинд нь орж суугаад Олимп хотхоны дунд машин дотор нь надад байсан грамм мөсөө гаргаж ирээд уут байна уу гэхэд зип лок түгжээтэй уут гаргаж ирэхээр нь соруулаар өөрт байсан мөснөөсөө хоёр удаа хутгаж хийгээд өгсөн. Би мөсийг далд хийнгүүтэй Билэгсайханд өгсөн мөснөөсөө хамт татсан. Би Билэгсайханы гаргаж ирсэн уутанд хийсэн мөсөө үлдээчихээд явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 46-48 дугаар хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын сүүлээр Бүжмаа гэх эмэгтэйтэй найз нараар нь дамжуулан танилцаж байсан. Тэр үед Бүжмаа над руу залгаж чи надад мөс олж өгч чадах уу гэж хэлэхээр нь тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан тул мөс олж өгч чадна гэж худал хэлээд Сүнжингранд зочид буудлын өмнө 400.000 төгрөг буюу 1 грамм мөсний мөнгө аваад хүрээд ир гэж хэлтэл удалгүй шар өнгийн такси бариад ирчихлээ гэхээр нь би тухайн үед нохойгоо салхилуулсан явж байсан тул уулзаж мөнгийг нь аваад утсаа унтраагаад дахин холбоогүй. Мөн мөсийг нь ч олж өгч чадаагүй тэр үед угаасаа олж өгч чадахааргүй байсан юм. Би Бүжмаад мөс гэх мансууруулах бодис зарж борлуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 77-78 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹5668 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, ногоон өнгийн гуурс мэт зүйл, “Хаалга” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл нь 0,3175 грамм, “Саравч” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл нь 0,2482 грамм, “С.Билэгсайхан 2017.05.29” гэж хаягласан хуванцар савтай шээс нь 100 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг гялгар уутанд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй, “Хаалга” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, “Саравч” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, ногоон өнгийн гуурс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “С.Билэгсайхан 2017.05.29” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэжээ /хэргийн 20-24 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹5556 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн шээсний хүрэлцхүйц хэмжээтэй болон бусад зүйлс битүүмжлэлтэй тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. Цайван өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь байхгүй тарианы байж болох шил, цагаан өнгийн 13,5 см урттай гуурс, 2 талдаа хөвөн мэт зүйлтэй 7,5 см урт хуванцар зүйл тус бүрээс метамфетамин /МАМР/ агууламж илрэв. Бат-Эрдэнэ гэж хаяглаж авсан шээсний дээжинд метамфетамин /МАМР/-ы болон тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж тус тус илрэв. Метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС tetrahydrocannabinol/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг” гэжээ /хэргийн 27-31 дүгээр хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹999 дүгнэлтэд “Н.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй, сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан, одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй, мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэжээ /хэргийн 84-86 дугаар хуудас/,
Биед үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-5, 8-9 дүгээр хуудас/,
Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хэргийн 6, 10 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 15-17 дугаар хуудас/,
Зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 50-51, 74-76 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 112 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 135 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Бат-Эрдэнэд худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Н.Б 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан хууль сануулан гарын үсгийг зуруулан мэдүүлэг авчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д “гэрч нь өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” бөгөөд түүнийг яллагдагчаар татахаас өмнө гэрчээр мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Мөн 2017 оны 11 сарын 21-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгчийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэм буруутай үйлдэл нь гэрч Б.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “5 дугаар сарын 28-нд гэр рүүгээ харьж явтал Бүжмаа залгасан. Надад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх мөс байна, сонирхох уу гэхэд нь би үзье гэсэн. Тэгээд уулзаад 400.000 төгрөг хүнээс авч өгөөд мөс авсан “гэх мэдүүлэг, зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 50-51, 74-76 дугаар хуудас/, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Бат-Эрдэнэ нь ял эдэлж байгаа ялтан тул түүнийг гэрч гэж үзэхгүй байна” гэх дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд ял эдэлж байгаа этгээдийг гэрч биш гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Бат-Эрдэнэтэй хамт мөс мөн эсэхийг шалгахаар орцонд татаж үзээд хүн их явж байсан тул сандараад больчихсон” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн 84 дүгээр хуудас шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд болсон хэргийн талаар өөрийн үгээр “2017 оны 5 дугаар сарын 27-нд надаас Бат-Эрдэнэ бид хоёр 0.4 гр мөс хүнээс дам дамаа дамжуулж 600.000 төгрөгөөр авсан. Бат-Эрдэнэ бид 2 эртний танилууд.Бат-Эрдэнэ бид 2 тэр өдөр байрны орцонд новокайны цэвэрлэсэн шилэнд хийж доороос нь асаагуураар шатаагаад ундааны соруулаар утааг нь сорсон. Би нэг удаа сороод, би шатааж байгаад соруулыг нь шатаачихсан. Тэгээд хүн амьтан яваад бид 2 “больё, больё” гээд 2 тийшээ сандараад явсан. Баагий тэр өдөр намайг хоёрын хооронд дутуу хагас юм авч өглөө гээд хэрүүл хийж мессеж бичээд байсан. Тэгээд би тоохгүй хаячихсан. Дараа нь хүнээс сонссон чинь Бат-Эрдэнийг баригдсан гэж байсан” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх хэдий ч энэ эрхээ эдлэх, хэрэгжүүлэх хязгаар нь илтэд худал мэдүүлэг өгөх үйлдэл биш юм.
Шүүгдэгч нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2002 оны Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. Н.Бүжмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд оногдуулах ялын доод хэмжээ нь 5 жил,дээд хэмжээ нь 8 жил байна. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 2 жил, дээд хэмжээ нь 8 жил байна. Тухайлбал хорих ял оногдуулж болох ялын доод хэмжээ багассан байна. Иймд шүүгдэгч Н.Бүжмаад холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт 2-3 сартай жирэмсэн гэх боловч Эрүүгийн хуульд “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн эмэгтэйд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар” заажээ. Н.Бүжмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байх бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын нийгэмд үзүүлж буй аюул, хор уршиг, үр дагаврыг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг СиДиг уг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.