Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 50

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “А.Д” ХХК*******нд холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17*******ны өдрийн 142/ШШ2021/00291 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А.Д” ХХК*******нд холбогдох

 

 “2.850.000  төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Эгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 22*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Э миний бие 2005 оноос 2020 оны 10 дугаар сарыг хүртэл нийт 16 жилийн хугацаанд Е*******Э худалдааны төвийн Б*******8 дугаартай хэсгийг түрээслэн ажиллуулсан болно. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлэн ажилласан болно. Одоо 2020 оны 10 дугаар сарын 01*******ний өдрөөс өөрийн эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагааг зогсоож лангуугаа албан ёсоор хүлээлгэн өгсөн. Иймд Е*******Э худалдааны төвөөс

*******барьцааны мөнгө болох 150.000 төгрөг,

*******Под станц байрлуулахаар түр хураан авсан 1.000.000 нэг сая төгрөг

*******2020 оны 06 дугаар сард түрээс нэмнэ гэж түрээсийн гэрээ зөрчиж нэмэгдлээр 340.000 төгрөгийг илүү төлөлт болгон нийт 5 сарын хугацаанд 1.700.000 төгрөг хураан авсан нь 4 иргэнээс авч байсан ба бусад түрээслэгчдээс аваагүй байна.  Ингээд нийт 2.850.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Э миний бие 2005 оноос 2020 оны 10 дугаар сарыг хүртэл нийт 16 жилийн хугацаанд Е*******Э худалдааны төвийн Б*******8 дугаартай павильоныг түрээслэн ажиллуулсан. Түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй мөртлөө шахалт дарамж үзүүлж 360.000 төгрөг нэмсэн. Энэ нь гэрээнд заагаагүй мөнгө тул хууль бус гэж нотлогдсон. Капитрон банканд 2018 оны 05 сарын 31*******ний өдөр 1.154.000 төгрөг тушаасан. Павильоны төлбөр бол 666.000 төгрөг байдаг. Би энэ үед 2 контейнертой байсан. Нэг контейнер нь 77.000 төгрөг байдаг юм. Хоёр контейнерын нийлээд 154 000 төгрөг болно. 666.000 төгрөг дээр 340.000 төгрөгийг шууд нэмээд 1.000.000 төгрөг болгосон. Энэ дээр хоёр контейнероо нэмээд би 1.154.000 төгрөгийг төлсөн. Энэ нь Капитрон банкны 2018 оны 05 сарын 31*******ний өдрийн хуулгаар нотлогдож байгааг нотлох баримтаар өгсөн. Мөн 6, 7 саруудад 1.154.000 төгрөг төлсөн баримтууд байна. 9 сарын 1*******ний өдөр 1.077.000 төгрөг төлсөн. Би нэг контейнероо буцааж татаж авсан учраас павильоны 1.000.000 төгрөг нэг контейнерын мөнгө 77.000 төгрөг болсон. 09 сарын 28*******ны өдөр 1.077.000 төгрөг тушаасан байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай “А.Д” ХХК нь 2000 онд Орхон аймгийн Засаг захиргааны шийдвэрийн дагуу зарласан “Хүнсний бөөний худалдааны төв зах байгуулах” төсөл сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, одоогийн энэхүү “Е*******Э” худалдааны төвөө өөрийн 100 хувийн хөрөнгө, хүчээр барьж байгуулсан билээ. Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлдээ маш олон зүйлийг буруу, худал бичжээ. Энэ хүн 2005 онд биш 2007 онд анх Б заалны 8*******р павильонд орсон ба тухайн үед барьцааны мөнгө гэх 150.000 төгрөг огт өгөөгүй. Б заал нь 2005 оны өвөл ашиглалтад орсон бөгөөд шинэ павильоны түлхүүр өгсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтад Б.Эгийн нэр байхгүй. Анх Б заалны 8*******р павильонд “Сүү” ХХК*******ний бүтээгдэхүүн борлуулна гэж Орхон аймгийн ХАҮТ*******ын дарга Мөнхцэцэг ирж гэрээ байгуулан, ажиллуулсан билээ. 20 тонны хөлдөөгчтэй контейнер тавьсан. Түүнээс нь түрээсийн мөнгө авахгүй байлгаж байсан. Цахилгааны резерв нөөц эх үүсвэртэй болох зорилгоор 250 кВА*******гийн трансформаторын иж бүрэн подстанц, цахилгаан дамжуулах 6000 вольтын агаарын шугам, 380 вольтын газар доорх далд шугам кабель тус тус худалдан авч угсралт монтажийн ажлыг бид 2016 оны 8, 9*******р саруудад хийсэн. “Е*******Э” худалдааны төвийн цахилгаан нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх ТП*******254*******өөс хангагддаг байсан. Сүүлийн үед энэ под станцын ойролцоо олон байгууллага аж ахуйн нэгж барилга барьж, цахилгаан авч манай болон бусдын газар доорх кабель шугамыг тасалж гэмтээх явдал ихээр гарч, олон цаг, хоногоор цахилгаангүй байдаг байв. Түрээслэгчид цахилгааны нэмэлт эх үүсвэртэй болох хүсэлтээ удаа дараа илэрхийлж, хандив мөнгө өгье гэх болсон. Бид хөөцөлдөж, захын урд талд байдаг 6000 вольтын шугамаас тэжээл авах зөвшөөрөл авсны дагуу шинэ ТП*******250 кВА, дамжуулах шугамын хамт угсарсан болно. Тухайн үед нэхэмжлэлд дурдсан шиг түр мөнгө хураан авсан зүйл байхгүй бөгөөд зарим түрээслэгчдээс хандивын мөнгө өгсөн ба энэ нь нийт зардлын 20 хувь орчим болсон. Түрээслэгчдийн хандивт Б.Э нь 1.000.000 төгрөгний хандив өгсөн гэдэг нь тодорхой бус мөн дээр нь 2016 оноос эхлэн гэрээг цуцлах хүртэл 4 жил тухайн подстанцын ашиг шимийг нь хүртэж аж амьдралаа залгуулж байсан мөртлөө одоо буцааж авна гэдэг нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Б.Эгийн өгсөн гэж тайлбарлаж буй нэг сая төгрөг нь хандивын мөнгө буюу өөрийн болон хамт олны төлөө сайн дураараа өгсөн буян бөгөөд би хувьдаа авч, ашиглаагүй, түүний үр шимийг хандив өгсөн бүх түрээслэгчид хүртсэн байхад 5 жилийн дараа энэхүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 2020 оны 06 сард түрээс нэмэх талаар огт дурдаагүй бөгөөд тухайн хугацаанаас хойш 5 сарын хугацаанд 1.700.000 төгрөг авсан нь үндэслэлгүй болох нь миний харилцах дансны хуулгаас тодорхой харагдана. /хавсралтаар хавсаргав/ Иймд Б.Эгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяа шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Батчимэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байх хугацаандаа хариу тайлбар гаргаж өгсөн. Энэ хүн анх түрээсийн гэрээг 2005 он биш 2007 оноос байгуулсан юм бол 2005 онд энэ 8*******р павильоныг өөр хүн түрээсэлж байсан юм. Тэгээд үүнийг батлах нотлох баримтыг сая өгсөн. 2005 оны түрээслэгч нар дунд Б.Э гэж байдаггүй. Харин 2007 оны 8*******р павильон дээр Б.Э гэж байгаа. Барьцааны мөнгө аваагүй гэдэг гарын үсэгтэй нотлох баримтыг гаргаж өгч байгаа. 150.000 төгрөгийн барьцаа өгсөн тухайд 2005 онд ч биш 2007 оноос түрээсийн гэрээ байгуулан бид нартай хамтарч ажилласан. Түрээсийн гэрээний барьцаа гэж150.000 төгрөг аваагүй гэсэн тайлбар гаргасан байна. Под станц байрлуулахаар түр хураан авсан 1.000.000 төгрөг гэж хүмүүсээс аваагүй юм.

Энэ нь болохоор цахилгаан нь маш их тасалдаад, гэмтээд байсан учраас түрээслэгч нар санал болгоод компани под станцыг өөрийн хөрөнгөөрөө байгуулсан. Үүнд түрээслэгч нар өөрсдөө сайн дураараа хандив өгсөн. Тэр хандивыг нь компани өөрөө зохион байгуулаагүй. Тухайн үедээ түрээслэгч нар өөрсдөө зохион байгуулаад өгсөн. Хэн хэдэн төгрөг өгснийг нь бид нар мэдэхгүй гэсэн. Тэгээд хандивын 20 хувь нь л тухайн түрээслэгч нарын цуглуулж өгсөн мөнгө нь болсон. Тухайн 4 жилийн хугацаанд уг под станцынхаа үр шимийг хүртсэн. Нэхэмжлэлдээ 2020 оны 06 сараас түрээс нэмсэн гэж бичсэн учир Хаан банкны тодорхойлолт гаргаж өгсөн байсан. Сүүлд итгэмжлэл аваад хэргийн материалтай танилцаад 2018 оны 06 сар гэж түрээсийн нийт төлбөр гэж нэхэмжилсэн юм байна. Энэ хүн павильон түрээслэхээс гадна хоёр контейнер нэмж түрээсэлж байсан юм. Тэр хоёр контейнерынх нь нэмэлт төлбөр бол түрээсэндээ нэмэгдээд төлөгдөж байсан.

Тухайн үедээ хэдэн төгрөгөөр контейнерыг түрээслүүлж байсныг харах боломжгүй байна. 2018 оны түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргаад өгөөч гэсэн боловч Е*******Э худалдааны төв нь 2018 оноос хойших гэрээгээ үлдээгээд түүнээс өмнөх гэрээгээ устгалд оруулсан гэсэн. Шинэ өргөтгөл бариад шинэ газар орохдоо бичиг баримтуудаа цэгцлээд гэрээгээ устгачихсан гэсэн. Тийм учраас манайд баримт байхгүй, харин түрээслэгчид нэг хувь нь байх ёстой. Тэр гэрээ нь байвал хараад асуудлыг шийдэж өгөөч гэсэн байгаа. Нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээг нь үзэхэд 666. 000 төгрөгөөр 1 павильоныг түрээсэлж байсан гэсэн юм байхгүй. Манайх павильоны түрээсийн төлбөрөө үндэслэлгүйгээр нэмээгүй. 914.000 төгрөг гэж гэрээндээ заасан. Павильоных нь хэмжээнээс хамаараад 50.000*******60.000 төгрөгийн зөрүү гараад үүнийгээ гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр нэмж авсан. Тэрнээс биш тухайн үед 300.000 гаруй төгрөгөөр үндэслэлгүйгээр нэмж түрээс авсан асуудал байхгүй. Харин 2 контейнер нэмж түрээсэлж байсан тэр мөнгө нь л нэмж орсон. Контейнер дээрээ тусгайлан гэрээ байгуулахгүйгээр павильоны төлбөр дээрээ нэмээд түрээслэгч нар тухайн үед тушаачихдаг байсан гэв.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17*******ны өдрийн 142/ШШ2021/00291 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1*******д заасныг баримтлан хариуцагч “А.Д” ХХК*******аас 276.000 /хоёр зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.574.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч  Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 /тавин есөн мянга долоон зуун тавь / төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “А.Д” ХХК*******аас 8.930 /найман мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Гомдол гаргаж буй шүүхийн шийдвэр; Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2021/00291 тоот шийдвэр Иргэн Б.Эгийн нэхэмжлэлтэй “А.Д" ХХК*******д холбогдох иргэний хэргийг хянан 2021 оны 03 дугаар сарын 12*******ны өдөр Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 142/ШШ2021/00291 тоот шийдвэр гарган нэхэмжилсэн 2850000 төгрөгөөс 276000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Уг шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу илүү төлөгдсөн түрээсийн төлбөрт төлсөн төлбөр болох 1700000 төгрөгийн нэхэмжлэлээс 276000 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг буюу 1424000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, түүнчлэн под станцтай холбогдуулан гаргасан 1000000 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах шатны журмаар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байна. Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлтэй уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд бий болсон гэрээний харилцааг хангалттай үнэлж тогтоогоогүй байна.

Шүүхийн шийдвэрийн 3 дугаар хуудас, “Үндэслэх" хэсгийн эхэнд “Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч А.Д ХХК*******ийн хооронд байгуулсан Орхон аймгийн бөөний худалдааны Е*******Э төвд худалдаа, үйлчилгээ эрхлэх 2018 оны 10 дугаар сарын 15*******ны өдрийн 8 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “А.Д” ХХК*******ийн Е*******Э худалдааны төвийн Б танхимын 8 дугаарын павильоныг нэг сарын 914000 төгрөгөөр түрээслэхээр      тохиролцож, түрээсийн 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 19*******нд сунгасан байна." гэж дурджээ. Уг хэсэгтэй холбогдуулан анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг үнэлэхдээ, талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 15*******ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь сарын 914000 төгрөгөөр Б*******8 тоот павильоны, түүнчлэн нэмэлтээр нэг ширхэг контейнер байрлуулсны төлбөрт сарын 77000 төгрөгөөр тус тус түрээслэхээр харилцан тохиролцсон байна гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлтэд үндэслэн талуудын хооронд үүссэн түрээсийн төлбөрийн илүү төлөлттэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга нь талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 15*******ны өдөр байгуулагдсан 8 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн буюу 2018 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд илүү төлөгдсөн түрээсийн төлбөртэй холбоотой байсан болно.

Нэхэмжлэгчийн 2018 оны 5*******10 дугаар сарын хугацаанд түрээсийн харилцааг зохицуулж байсан түрээсийн гэрээг гаргаж өгөх боломжгүй байсан тул өөрийн боломжит хэмжээнд буюу тухайн үед хэдий хэмжээний төлбөр төлсөн болохыг нотлох төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн. Мөн хариуцагч талаас 2018 оны 10 дугаар сараас өмнө надтай байгуулсан түрээсийн гэрээний хуулбарыг гаргуулж өгөхийг хүссэн боловч хариуцагчийн зүгээс тухайн гэрээг устгасан гэдгээс өөр тайлбар, баримт гаргаж өгөөгүй болно.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сард байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд сарын түрээсийн төлбөр нь 914.000 төгрөг байсан ба үүн дээр худалдааны төвийн талбайд контейнер байрлуулсны төлбөрт сард 77.000 төгрөгийг нэмж сард нийт 991.000 төгрөг, үүн дээр нэмэлтээр дахин нэг контейнерыг сарын 77.000 төгрөгөөр байршуулсны төлбөрийг нэмэгдүүлэхэд сарын нийт төлбөр нь 1.068.000 төгрөг болохоор байсан болно.

Гэтэл уг түрээсийн гэрээ байгуулагдахаас өмнө нэхэмжлэгчийн төлсөн түрээс болон контейнер байршуулсны төлбөрийн хэмжээг авч үзвэл сард 1.077.000 төгрөг, нэмэлтээр нэг контейнер нэмж байршуулсан үед 1.154.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдох боломжтой байна. Энэхүү үйл баримтаас үзэхэд сүүлд шинээр байгуулсан гэрээний дагуу сар бүр төлж байгаа түрээсийн төлбөрийн хэмжээ нь өмнөх гэрээний хүрээнд сар бүр төлж байсан түрээсийн төлбөрөөс 86.000 төгрөгөөр хямд байна.

Шинээр гэрээ байгуулахаас өмнө яагаад ийм өндөр төлбөр авч байсан болох үндэслэл, тайлбар болон холбогдох нотлох баримтыг Хариуцагч талаас огт гаргаж өгч чадаагүй ба зохих түрээсийн гэрээг устгасан гэдгээс өөр тайлбар өгөөгүй болно. Гэтэл анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг тодруулалгүйгээр сүүлд байгуулагдсан гэрээгээр талуудын харилцааг тодорхойлох гэж оролдсон нь үндэслэлгүй байна. Бодит нөхцөл байдлыг авч үзвэл хариуцагч А.Д ХХК нь 2018 оны 5 дугаар сараас эхлэн гэрээгээр харилцан тохиролцсон нэг сарын 66.0000 төгрөг байсан түрээсийн төлбөрийг 3.400.00 төгрөгөөр нэмэгдүүлж, 1.000.000 болгож өөрчилж, уг нөхцөлийг зөвшөөрөхгүй бол түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцлахыг шаардсан болно. Түүнчлэн, шүүхээс сар бүрийн түрээсийн төлбөртэй холбоотой үнийн дүнгийн тооцооллыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн байх боловч уг тооцооллыг хийхдээ хүртэл хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр, алдаатай тооцсон байна. Тодруулбал Түрээсийн  хугацаа           Түрээсийн зүйлс     Шүүхээс сар бүр төлбөл зохих гэж заасан дүн сар бүр бодитоор төлсөн дүн

1.2018*******5 сар Б*******8 павильон, 2 контейнер байршуулах газар 1.068.000 /шүүхээс сар бүр төлбөл зохих дүн/, 1.154.000 /бодитоор төлсөн дүн/,

2. 2018*******6 сар Б*******8 павильон, 2 контейнер байршуулах газар 1.068.000 /шүүхээс сар бүр төлбөл зохих дүн/, 1.154.000 /бодитоор төлсөн дүн/,

3. 2018*******7 сар Б*******8 павильон,  2 контейнер байршуулах газар 1.068.000 /шүүхээс сар бүр төлбөл зохих дүн/, 1.154.000 /бодитоор төлсөн дүн/,

4. 2018*******8 сар Б*******8 павильон,  2 контейнер байршуулах газар 1.068.000  /шүүхээс сар бүр төлбөл зохих дүн/ 1.077.000 /бодитоор төлсөн дүн/,

5. 2018*******9 сар Б*******8 павильон,  2 контейнер байршуулах газар 1.068.000 /шүүхээс сар бүр төлбөл зохих дүн/ 1.077.000 /бодитоор төлсөн дүн/.

Нэхэмжлэгч нь 2018 оны 8, 9 дүгээр сард худалдааны төвийн талбайд байршуулж байсан 2 контейнероос нэгийг нь авч газрыг чөлөөлж өгсөн ба үүний дагуу нэг сарын түрээс гэж хууль бусаар нэхэмжилсэн 1000000 төгрөг болон 1 контейнер байршуулсны нэмэлт төлбөр болох 77000 төгрөгийн хамт төлсөн болно. Гэтэл анхан шатны шүүх нэг контейнерын газрыг чөлөөлж өгсөн тухай сард нэмэгдэж тооцогдсон төлбөр байхгүй болохыг бүрэн тодорхойлохгүйгээр алдаатай тооцоолол хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийн зөрүүгээс гадна под станц байрлуулах зорилгоор нэмэлтээр авсан 1000000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагчийн зүгээс түрээслэгч нараас тухайн под станцтай холбогдуулан нэмэлт төлбөр авсан болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгснийг үл харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймд, иргэн Б.Эгийн нэхэмжлэлтэй “А.Д” ХХК*******д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны журмаар дахин хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Хэрэгт авагдсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай биш байсан гэж үзэх үндэслэлтэй болохыг мөн харгалзан үзэж, хэргийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт  хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “А.Д” ХХК*******нд холбогдуулан 2.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч Б.Батчимэг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

            Нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 15*******ны өдөр Орхон аймгийн бөөний худалдааны “Е*******Э” төвд хүнсний худалдааны “Б” танхимын 8 дугаар павильоныг сарын 914.000 төгрөгийн төлбөр төлж түрээслэхээр тохиролцон худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан байна.

            Хариуцагч “А.Д” ХХК*******ийн захирал Б.Батчимэг нь “А.Д” ХХК*******ийг 2000 онд Орхон аймгийн Засаг захиргааны шийдвэрийн дагуу зарласан “Хүнсний бөөний худалдааны төв зах байгуулах” төсөл сонгон шалгаруулалтанд оролцон шалгарч “Е*******Э” худалдааны төвөө өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулсан, нэхэмжлэгч Б.Э анх 2007 онд “Б” заалны 8 дугаар павильонд орсон. Тухайн үед барьцааны 150.000 төгрөг өгөөгүй, түрээслэгчид цахилгааны нэмэлт эх үүсвэртэй болох хүсэлтээ удаа дараа илэрхийлэн хандив мөнгө өгч туслах талаар санал тавьж байсан. Ингээд хөөцөлдөж захын урд талд байдаг 6000 вольтын шугамаас тэжээл авах зөвшөөрөл авсны дагуу шинэ ТП*******250 ква дамжуулах шугамын хамт угсарсан. Үүнд мөнгө төгрөг авсан асуудал байхгүй, нийт зардлын 20 хувьд түрээслэгчид хандив өгч байсан. Б.Э 1 сая төгрөг хандивласан нь тодорхойгүй, 2016 оноос хойш тухайн подстанцын ашиг шимийг хүртэж амьдралаа залгуулж байсан атлаа одоо 1 сая төгрөгөө буцаан авна гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Б.Э нь барьцаанд өгсөн 150.000 төгрөг, подстанц барихад өгсөн гэх 1 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой тайлбар үндэслэлээ нотолж чадаагүй байна.

            Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр 8 дугаар павильоныг сарын 914.000 төгрөг төлж түрээслэхээр тохирсон байхад нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, 2 контейнер тус бүрийг сарын 77.000 төгрөгөөр түрээслэн төлбөрийг төлж байсан гэсэн зохигчдын тайлбарт үндэслэн нийтдээ түрээсэнд 1.068.000 төгрөг төлж байсан гэсэн дүгнэлт хийж зөрүү 276.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.    

Хэрэгт авагдсан худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээнд зааснаар сарын 914.000 төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцсон байдлыг үндэслэн баримтаар нотлогдсон 2018 оны 07 дугаар сараас 09 сар хүртэл хугацаанд илүү төлсөн /1.154.000, 1.077.000/ төгрөгийн зөрүүг тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17*******ны өдрийн 142/ШШ2021/00291 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1*******д заасныг баримтлан хариуцагч “А.Д” ХХК*******иас 276.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.574.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.*******д зааснаар “А.Д” ХХК*******иас 1.046.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.804.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч  Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “А.Д” ХХК*******аас 8.930 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч  Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “А.Д” ХХК*******иас 29.654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай...” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53.735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ