| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0061/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч Ч.Алтансүх,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох эрүүгийн 1706 0233 70251 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 02 дугаар сарын -ний өдөр аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, хоёр дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Г.Г, /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Сансар хотхон Оргилын 1-6 тоотод оршин суух иргэн Ц.Г монгол гэрийн ханын шийрийг хугалан Самсунг брендийн 36 инчийн өнгөт зурагт хулгайлан авч 256.000 төгрөгийн хохирол, иргэн М.Б байшингийн цонхоор нэвтрэн орж зургийн аппарат болон бусад үнэ бүхий зүйлүүдийг хулгайлан авч 221.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах,цэргийн хотхонд байдаг, хашаандаа хоёр байшинтай, нэг монгол гэртэй айл руу орж хулгай хисэн. Би эхлээд монгол гэр рүү нь хананых нь шийрийг хугалж доогуур нь орж 36 инчийн Самсунг брэндийн ЛСД зурагт, тэгээд хажуугийн улаан тоосгон байшингийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгож орж хоёр хаалгатай модон шүүгээнээс нь мөнгөн гинж ээмэгнүүд авсан ба Сони брэндийн саарал өнгийн зургийн аппарат авсан. Тэгээд зурагтаа өргөж явж чадахгүй болохоороо нэг гудамж уруудаад айлд оруулж үлдээсэн. Би төв зам руу алхаад гандан руу очоод гандангийн хойд талын автобусны буудлын хажууд байдаг ломбард руу орж, танайд зурагт тавина шүү, хаах болоогүй биз дээ гэж хэлээд гараад такси бариад зурагтаа авахаар нөгөө айл руу очоод цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 45-49 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн үед гарч яваад орой 16 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн чинь манай гэрийн баруун талын хаяаг сөхөөд хулгай орсон байсан. Мөн хашаанд байх манай ахын байшингийн цонхоор бас хулгай орчихсон байсан. Аавтайгаа ойр хавийн айлуудаас хулгай хийж байгаа хүнийг харсан эсэхийг тодруулаад явж байсан чинь манай гэрээс баруун тийшээ 200 метрийн зайнд байх хашаандаа байшин барьж буй айлын хүмүүсээс асуусан чинь манай гэрт нэг хүн зурагт үлдээгээд явсан гэхээр нь орж үзсэн чинь манай гэрийн зурагт мөн байсан. Би юун хүн юм бэ, ямар учиртай хүн юм бэ гэж асуусан чинь тэр айлын хүн нэг танихгүй хүн хүрч ирээд манай ахын зурагт байгаа юм, манай ахын гэр хажууханд байдаг, засуулаад ирсэн чинь ахын гэр цоожтой байна, танайд түр үлдээчихье, эргэж ирээд авна гэж хэлсэн байсан. Удалгүй 18 цагийн үед өөрсдөө хүрч ирээд нөгөө хүн чинь ирчихлээ гэж хэлсэн. Ингээд яваад очсон чинь манай гэрээс хулгай хийсэн хүн зурагтыг минь авах гээд байж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-16 дугаар хуудас/,
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг болох гэж байхад манай ээж над руу залгаад танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Намайг ирэхэд байшингийн цонх онгорхой, байшингийн хаалга цоожтой байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-21 дүгээр хуудас/,
Гэрч И.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчим Гандангийн арын автобусны буудлын тэнд явж байсан чинь нэг залуу гар өргөхөөр нь аваад хаашаа явах вэ гэсэн чинь Шар хад гэсэн. Явж байсан чинь замдаа ШУТИС-н 6 дугаар байр гэсэн. Тэгснээ сүүлдээ мэдэхээ байгаад 805 руу гэрлэн дохиогоор эргээд тэгснээ биш юм байна, Цэргийн хотхон, Сансар Од хотхон ч гэлүү тийм л юм яриад байсан. Тэгснээ өөрөө замаа заагаад гэр хорооллын нэг уул руу өгсөөд явсан юм. Тэгэхээр нь би “чи хулгай хийх гэж байгаа юм уу, хэрвээ чи хулгай хийх гэж байгаа бол цагдаа чамайг шууд барина шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь “үгүй ээ, би айлаас зурагт авна, миний таньдаг айл гэж байсан. Тэгэхээр нь би тэнд чинь хүн байгаа юм уу гэсэн чинь байгаа байгаа гэсэн. Тэгээд дээшээ өгсөөд машин гарахаа больсон. Тэгсэн нөгөө залуу би яваад ирэх үү гэхээр нь би тэр залууг зугтчихаж магадгүй гээд машинаа доор тавиад дагаад явсан. Өгсөөд нэг айлд очсоноо гэр рүү нь яваад орсон. Би хашааных нь гадаа үлдсэн юм. Тэгсэн чинь ороод чанга чанга ярьцгаагаад байхаар нь би гэр бүл хэрүүл маргаан болж байгаан байх гэж бодоод хүлээгээд байж байсан чинь гэнэт цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...10 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед байх цэцэрлэгийн хүүхэд аваад иртэл Бямбадуламын буюу манай хүү Хүрэлшагайн өвлийн сууцны вакум цонх нь онгорхой байсан. Мөн Ганшагайн гэрийн хаяа онгорхой байхаар нь хулгайч орж гэж бодсон. Ингээд хүүхдүүдээ утсаар ярьж дуудчихаад цагдаа дуудахад цагдаагаас битгий гэрт ороорой үзлэг хийнэ гэсэн. Би Ганшагайн онгорхой гэрийн хаяагаар шагайгаад хартал хойморт нь байдаг Самсунг нэртэй хар өнгийн 32 инчийн ЛЕД загвартын зурагт байхгүй байсан. Манайхаас 100 орчим метрийн зайд байдаг зүс үзэж байсан залуугаас манайд хулгайч орсон байна, зурагт энэ тэр барьж яваа хүн харсан уу гэхэд саяхан нэг залуу ахынхаа зурагтыг аваад явж байна, гэрт оруулах гэсэн чинь хүнгүй байна явчихаад эргээд такси бариад ирнэ гээд манайд нэг залуу зурагт үлдээсэн гэхээр нь ороод хартал манай хүү Ганшагайн зурагт мөн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/,
Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...16-17 цагийн үед л байх би хүүхэдтэйгээ хамт гэртээ байж байхад нэг залуу манайд зурагт тэвэрчихсэн орж ирээд би ахынхаа зурагтыг засуулсан чинь ахынх гэртээ байдаггүй, энэ зурагтыг түр танайд тавьчихья, эргэж ирээд удахгүй авна гэхээр нь тэг тэг гээд үлдээсэн. Тэгээд манай хүүхдээс нэг хүн манайд хулгайч орсон байна. Зурагт алдагдсан байна, сэжигтэй хүн харагдсан уу гэхээр нь сая нэг залуу зурагт үлдээгээд явсан юм гэж хэлсэн байсан. Тэгээд тэр хүн орж ирээд үзсэн чинь мөн байна гэсэн юм. Зурагт тавьсан хүнийг ирвэл хэлээрэй гэхээр нь за гэж хэлээд үлдсэн юм. Удалгүй нөгөө залууг ирэхээр нь зурагтаа асуусан хүнд утсаар ярьж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-9 дүгээр хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 33-34, 37-38 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 52 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Сансар хотхон Оргилын 1-6 тоотод оршин суух иргэн Ц.Г монгол гэрийн ханын шийрийг хугалан Самсунг брендийн 36 инчийн өнгөт зурагт хулгайлан авч 256.000 төгрөгийн хохирол, иргэн М.Б байшингийн цонхоор нэвтрэн орж зургийн аппарат болон бусад үнэ бүхий зүйлүүдийг хулгайлан авч 173.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Г 36 инчийн зурагтыг буцаан олгосон, хохирогч М.Бямбадуламд эд зүйлсийг нь буцаан олгосон болох нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байна.
Хохирогч М.Б мэдүүлэгээр “ягаан өнгийн дан, эмэгтэй хүний дээл алдсан” гэх боловч хохирогч Ц.Г мэдүүлэгт “ягаан өнгийн торгоор хийсэн, хурган дотортой” дээл байсан гэх тухайн эд зүйлийн шинж байдлыг өөр өөрөөр мэдүүлсэн байх бөгөөд хохирогч нь мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй байх тул дээлний үнэ 48000 төгрөгийг гаргуулах үнздэслэлгүй гэж дүгнэлээ. Харин Ц.Г гэрийн ханыг шүүгдэгч нь хугалж эд зүйлийг нь хулгайлсан байх тул гэрийн ханын үнийг Дамно ХХК-ны үнэлгээгээр 65.000 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгчээс ханын үнэ 65.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г олгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүхээс шүүх хуралдааныг хуульд зааснаар завсарлуулсан боловч хохирлыг нөхөн төлөөгүй болно.
Шүүх шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Г.Г холбогдох хэрэг тус шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирсэн бөгөөд шүүгдэгч нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн цагдан хоригдож байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа боловч энэ хэрэгт цагдан хоригдоогүй байх тул түүнийг түүний энэ цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцоогүй болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.