| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 128/2024/0962/З |
| Дугаар | 128/ШШ2025/0215 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2025/0215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э.Б*******,
Хариуцагч: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б*******, түүний өмгөөлөгч Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, Т.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2020 онд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын Б/75 тоот тушаалаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан 2022 оны 11-р сарын 23-нд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд тусгай шалгалтыг өгч тэнцэн 2023 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэр өөрчлөгдөж, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10-р сарын 11-ний өдрийн 378 дугаар тогтоолын дагуу бүтэц, орон тоог өөрчлөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2024 оны 04-р сарын 24-ний өдрийн А/89 тоот тушаалаар бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Гэтэл Газрын дарга Ө.Г******* нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг дотооддоо зохион байгуулалт хийж байгаа нэрээр 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тушаал танилцуулан төрийн албанаас түр чөлөөлсөн.
Иймд миний бие Төрийн албаны зөвлөлд 2024.05.03-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын “...2024 оны Б/66 тоот тушаалыг х,чингүй болгуулах...” тухай өргөдөл өгсөн. 2024 оны 07 сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн 04/******* тоот хариу ирсэн боловч 286 тоот тогтоол нь утгын алдаатай байсан тул дахин өргөдөл өгсөн.
2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Г******* ирж уулз гэсэн тул очиж уулзахад “....ажилдаа орж болно, одоогоор түр томилсон тушаал гаргаж, 09 дүгээр сарын дундаас жинхэлнэ ....ТАЗ-д өгсөн өргөдлөө буцааж ав...” гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Миний бие түр томилсон албан тушаалд ажиллахгүй, үндсэн ажилтнаар ажиллана гэсэн тул газрын дарга Ө.Г******* зөвшөөрсөн.
Гэтэл одоог хүртэл ярилцаж тохиролцсоноороо намайг ажилд томилоогүй бөгөөд Төрийн албаны зөвлөлд “.... ажилд нь буцааж авсан...” гэж мэдэгдсэн байна. Мөн миний данс руу ажлаас халагдсаны тэтгэмж шилжүүлсэн, учир байдлыг хэлээд буцаагаад шилжүүлсэн. Энэ мэт зориуд санаатайгаар хохироож байгаа үйлдлийг нь миний бие ялгаварлан гадуурхалт, доромжлол гэж үзэж байна.
Ийм учраас 2024 оны 05 дугаар сараас хойших ажиллаагүй хугацааны цалин, зэрэг дэвийн нэмэгдэл хөлс, хагас жилийн урамшуулал нөхөж авах, 2024 оны 05 дугаар сараас хойших нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилуулах хүсэлтэй тул нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б******* миний бие Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллаж байхад 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр бүтцийн өөрчлөлт гараад ажил үүрэг тань хасагдсан тул ажлаас халж байна гэсэн тушаал өгсөн. Тушаал өгөхийн өмнөх өдөр надтай уулзаж Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөдөлмөр хамгааллын хэлтэст мэргэжилтнээр ажиллах санал ирсэн. Тухайн саналыг би хүлээж аваагүй. Тушаал авсны дараа Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс тушаалыг хүчингүйд тооцож, цуцлаад буцааж ажлын байрандаа томилуулах ёстой байсан боловч Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас буцаагаад Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөдөлмөр хамгааллын хэлтэст томилсон байсан. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөөгүй Төрийн албаны зөвлөлд дахин хандсан. Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн хариу ирүүлээгүй...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Э.Б*******ийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрийн албанаас түр чөлөөлөх тушаал гарсан. Энэ тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.7-д заасан тушаал шийдвэр бодит байдалд нийцсэн байх ёстой гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн. Тийм учраас Төрийн албаны зөвлөлд удаа дараа гомдол гаргахад ажилд нь эргүүлж авч, буцааж томил гэсэн чиглэл өгдөг. Нийслэл гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын хэлтэс үүнийг хүлээж аваагүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.1.4-д зааснаар Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас халж болохгүй. Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 15 дугаар тогтоол, 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 33 дугаар тогтоолыг үндэслэвэл тухайн орон тоо огт байхгүй байсан тохиолдолд ажлын байр сонгох тодорхой зохицуулалттай. Гэтэл энэ орон тоо өнөөдөр хүртэл байгаа. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний мэргэжилтэн гэсэн нэр томьёоны хувьд өөрчлөгдсөн боловч энэ орон тоо хамгаалах шаардлагатай хүүхдэд чиглэсэн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн гэсэн нэр дээр явж байна. Ажлын байрны тодорхойлолт хэрэв байсан бол гаргаад харьцуулаад энэ Э.Б*******ийн гүйцэтгэж байсан албан тушаал, тодорхойлолтын дагуу эрхлэх ажлын байрны тодорхойлолтод дүйцэх байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Тийм учраас Э.Б*******ийг өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь эргүүлэн томилж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөөч...” гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04/1607 дугаар албан бичигт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны “Тушаал хүчингүй болгох тухай” 286 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах буюу Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд томилох, Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.4 дэх заалтад заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангахыг чиглэл болгосон.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны “Тушаал хүчингүй болгох тухай” 286 дугаар тогтоолын манай байгууллагад үүрэг болгосон 2 дахь заалтад нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны “Э.Б*******ийг төрийн албанаас түр чөлөөлөх тухай” 5/66 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай, 3 дахь заалтад Э.Б*******ийг Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд томилох талаар тусгагдсан.
Тогтоолыг биелүүлэх хүрээнд нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны "Төрийн албаны төв байгууллагын шийдвэр, чиглэлийг биелүүлэх зарим арга хэмжээний тухай" 5/98 дугаар тушаалын 1 дэх заалтаар 2024 оны 5/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Э.Б*******ийг төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж, харьяа хэлтэс буюу Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд томилсон. 3 дахь заалтаар Э.Б*******ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-8 зэрэглэлийг нэмэгдүүлж Т3-7 зэрэглэлээр тогтоосон. Манай байгууллагын хувьд дүүрэг дэх харьяа хэлтсүүдэд л Хүүхдийн эрхийн улсын байцаагч гэсэн жинхэнэ орон тоо байдаг бөгөөд Э.Б*******ийг урьд ажиллаж байсан Баянзүрх дүүрэг дэх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шилжүүлэн томилсон болно.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2024 оны Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/90 дүгээр тушаалаар манай Нийслэлийн хүүхэд эрүүл мэндийн хамгааллын газрын бүтцийг баталсан байгаа. Бүтцийг батлахдаа өмнө нь 4 хэлтэстэй байсныг Залуучууд хөгжлийн хэлтсийг нь хасаад хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийг нэмээд адилхан 4 хэлтэстэй. Гэхдээ 36 орон тоотой байснаас 30 орон тоотой болгож бууруулсан байгаа. Тэгэхлээр орон тоо буураад хэлтсүүдийн тоо хэвээрээ шинэ чиг үүргийн хэлтэс гарч ирсэн учраас бид нар дотроо зохион байгуулалт хийх шаардлагатай болсон. Э.Б*******ийн ажиллаж байсан зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо яагаад хасагдсан бэ гэхээр түр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээнүүд манай дүүргийн Хүүхэд гэр бүл хамгааллын хэлтсийн дэргэд ажилладаг. 108 үйлчилгээний төв нь манай ерөнхий газрын газрын дэргэд томилгоотой ажилладаг. Тэгэхээр эд нартай холбоотой шууд зохицуулалт хийх боломж байхгүй. Харин тоон мэдээллүүдийг нь нэгтгэх боломжтой гэдэг үүднээс Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэст тоон мэдээлэл хариуцсан хүнд нь 108 утасны тоон мэдээллийг хариуцуулсан. Түр хамгаалахтай холбоотой, санхүүжилт хяналттай холбоотой ажлыг Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дотоод аудит хариуцсан мэргэжилтэнд одоогоор хариуцуулаад ажиллаж байгаа. Энэ орон тоо байхгүй болсон. Гэхдээ Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаад өөр ажил албан тушаал олж өгөх ёстой. Хүүхдийн эрхийн улсын байцаагч гэдэг албан тушаалд томилох ёстой гэдэг шийдвэр гарсан учраас бид түүнийг нь биелүүлсэн. Манайд бол Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо байхгүй. Сул орон тоо байсан Баянзүрх дүүргийн Хүүхдийн гэр бүл хамгааллын хэлтэст шилжүүлэн томилсон. Өөр албан тушаал руу өгсөн. Манай дээр яагаад боломжгүй байсан гэхээр Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь энгийн мэргэжилтнээс нэг зэрэглэлээр давуу буюу цалин хөлсний хувьд бид төсвийн бололцоогүй болсон. Мөн Засгийн газраас Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн квот батална. Уг нь бүх мэргэжилтнээ Хүүхдийн эрхийн улсын байцаагч гэсэн хаалтад тодотгол хийсэн байсан боловч танайх квот гартал Хүүхдийн эрхийн улсын байцаагч томилох боломжгүй, сургалтад танайхыг хамруулах боломжгүй байсан учраас танай байгууллага дээр Хүүхдийн эрхийн улсын байцаагч гэж байхгүй. 2026 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс Засгийн газрын тогтоолоор нийслэлийн хэмжээнд 35 хүүхдийн эрхийн улсын байцаагч дүүргүүдэд ажиллаад явахаар шийдвэр гарсан. Баянзүрх дүүрэг рүү манайх томилсон Баянзүрх дүүргийн хэлтсийн даргын тушаал мөн гарсан. Хавтаст хэрэгт авагдсан байсан. Э.Б******* өөрөө очиж уулзаад танайд ажиллахгүй гэсэн уулзалтын тэмдэглэл мөн байна. Түүнтэй холбогдуулж Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс гарсан тушаал нь байсан. Түүнээс хойших зүйлийг нь мэдэхгүй. Баянзүрх дүүрэг рүү томилоод тэндээсээ хүсэлтээ өгөөд гарсан гэж ойлгосон. 05 дугаар сарын 01-ны өдрийн Э.Б*******ийг төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал хүчингүй болчихсон. Хүчингүй болоод төрийн албаны шийдвэрийг биелүүлж Баянзүрх дүүргийн Хүүхдийн эрхийн улсын байцаагчаар томилсон. Тэндээсээ өөрөө гарсан. 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай байгууллага дотооддоо бага зэргийн бүтцийн өөрчлөлт оруулсан. Түрүүн хэлсэнчлэн Засгийн газраас квот тогтоож өгөөд явах ёстой учраас улсын байцаагч ажиллах боломжгүй. Зарим Хүүхэд гэр бүлийн өөрчлөлт, урьдчилан сэргийлэх хэлтэст байгаа асрамж халамж болон хүүхэд харах үйлчилгээний чиг үүргүүд нь хамгааллын хэлтэстээ байх ёстой гээд өөрчлөлт оруулаад шинээр тушаал баталчихсан явж байгаа.
Манай зүгээс Төрийн албаны бүтэц зохион байгуулалтын хувьд шинжлэн судлаад албан тушаал чиг үүрэг нь шаардлагагүй гэж үзээд хассан. Төрийн албаны зөвлөлөөс өөр албан тушаал нэмэгдэл баталгааны дагуу олж өгөх ёстой гэсэн учраас бид нар шийдвэрийг нь биелүүлээд өөр албан тушаалд томилсон. Тэр тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлжээ.
2. Нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 286 дугаар тогтоолоор маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг үүрэг болгожээ.
3. Улмаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/98 дугаар тушаалаар маргаан бүхий тушаалаа хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд буюу Баянзүрх дүүрэг дэх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд шилжүүлэн томилжээ.
4. Баянзүрх дүүрэг дэх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд томилж, мөн даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
5. Нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүрэг дэх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст томилогдох хүсэлт гаргаагүй” гэж, хариуцагчаас “бүтцийн өөрчлөлт орсон, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлсэн” гэж тус тус маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ
албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө” гээд түр чөлөөлөх үндэслэлүүдийг, мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана” гээд *******.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, *******.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заажээ.
6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/90 дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын бүтэц, орон тооны хязгаарыг баталж, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дугаар тушаалаар албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталжээ.
7. Ингэхдээ нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хасагдсан гэж тайлбарлаж буй боловч энэ нь нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл болохгүй.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д түр чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан зохицуулсан, тухайн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд хуульд заасан баталгааг зайлшгүй эдлүүлэх шаардлагатай бөгөөд дээрх баталгаанаас алийг нь ч эдлүүлэхгүйгээр түүнийг түр чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.
8. Хэдийгээр хариуцагчаас төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж Баянзүрх дүүрэг дэх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шилжүүлсэн, тус хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд томилсон гэж тайлбарлаж буй боловч мөн л хуульд нийцүүлээгүй байна.
Тодруулбал: Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид мэдэгдэлгүй, түүнтэй тохиролцохгүйгээр шилжүүлсэн нь мөн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс анхнаасаа түүнийг түр чөлөөлсөн тушаалтай холбогдуулж, урьд ажиллаж байсан байгууллагадаа томилуулахаар маргасан, Төрийн албаны зөвлөлөөс ч тухайн байгууллагад зохих албан тушаалд томилуулахаар шийдвэрлэсэн байхад түүний хүсэл зоригоос гадуур шилжүүлж, томилсон нь хуульд нийцээгүй байна.
9. Хэдийгээр Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 286 дугаар тогтоол, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/98 дугаар тушаалаар маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосон талаар дурьдсан боловч эрх зүйн үйлчлэл нь хэвээр, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээхгүй байх тул тус шүүх хууль зүйн дүгнэлт хийж, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Мөн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын
2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар тухайн байгууллагын албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан, нэхэмжлэгчээс урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай нь ойролцоо буюу Хүүхэд, гэр бүлийн хамгааллын хэлтсийн хамгаалал шаардлагатай хүүхдэд чиглэсэн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтнээр томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, уг албан тушаал нь сул байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн тул нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
11. Ингэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх учиртай.
12. Харин ажилгүй байсан хугацааны цалингийн тухайд авбал зохих цалин, нэмэгдлийн хамтаар тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар тооцоолол хийлгэж, мөн дүнгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг үндэслэн,
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.1, мөн хуулийн ******* дугаар *******.1.1, *******.1.4-д заасныг тус тус баримтлан Э.Б*******ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь ойролцоо буюу тус газрын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын хэлтсийн Хамгаалал шаардлагатай хүүхдэд чиглэсэн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгон мөн дүнгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ