Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00256

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00256

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын * дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,963,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,963,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* банк нь 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ******* ******* 1290097*** дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 18,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний 1.7-д эээл эргэн төлөх эх үүсвэр нь зээлдэгчийн цалин өрхийн орлого, аж ахуйн үйл ажиллагааны болон адилтгах бусад орлого болно гэж заасан бөгөөд зээлдэгч тухайн орлогоор зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргүүлэн төлөх чадвартай болохыг түүний өр, орлогын харьцааг тооцож, шалгадаг. Мөн тус гэрээний 4.1-т "Энэхүү гэрээ нь ******* банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэгт тооцогдох бөгөөд энэхүү гэрээгээр тухайлан тохиролцоогүй асуудлаар ******* банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээний нөхцөлийг баримтална" гэж, ******* банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээний 9.2 дахь заалтад "Дараах нөхцөлд зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдана, банк санаачлан хугацаанаас өмнө зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана", 9.2.8 дахь хэсэгт "Зээлийн гэрээний харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон, банк шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд" гэж тус тус заасан. ******* банкнаас зээлийг олгохдоо өр, орлогын харьцаа 55 хувь байх шаардлагыг зээлдэгчид тавьдаг бөгөөд зээлдэгчийн өр, орлогын харьцаа 55 хувь байсан. Гэтэл зээлийг олгосноос хойш тухайн хувь 130% болж өөрчлөгдсөнөөр зээлдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 93 хоногт хугацаа хэтрүүлж байна. ******* банкны зүгээс зээлдэгчийн өр, орлогын харьцаа ийнхүү өөрчлөгдсөнөөр зээлийн гэрээний харилцааг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсонд тооцон, гэрээнээс татгалзан зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардаж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 1290097485 дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 16,920,000 төгрөг, зээлийн хүү 1,026,474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,682 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг нийт 17,963,655 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,963,655 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:

- 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг,

- 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг,

- 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг,

- 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2,963,655 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Э.******* гэжээ.

4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,963,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь 17,963,655 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2,963,655 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 123,893 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******оос улсын тэмдэгтийн хураамж 123,893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ