Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Н.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 1706 0233 10243 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Н.Б, /РД: /,     

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 127 дугаар байрны 2 орцны 30 тоотод оршин суух хохирогч Ц.Шүрэнцэцэгийн гэрээс хохирогч Ц.Ш Панасоник маркийн 42 инчийн, 32 инчийн 2 ширхэг зурагт, хохирогч Б.Б цахилгаан дрилл, плита зүсэгч зэргийг хулгайлж бусдад 718.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Бат-Эрдэнэ гэх хүнтэй уулзаж тохиролцоод барилгын засварын ажил хийхээр болж, тухайн засвар хийх байранд ямар ажил хийхийг очиж үзчихээд, цалин хөлсөө тохироод явсан. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө ажлаа хийхээр гэрээс гараад ажил дээрээ оччихоод “эмнэлэг орж эмчтэй уулзчихаад ирье” гэж хэлээд Багшийн дээд дээр очиход уулзах хүнд ажил гараад амжихгүй болсон. Тэгээд эргээд ажил руу явж байтал Нарантуул захын хойно 2 хүн надаас тамхи асуусан. Би тэр 2 хүнтэй тамхилахад тэр 2 ууж байгаа архинаасаа надад аягалж өгөхөөр нь би уусан. Тэр хоёрын нэгтэй нь би дахиж нэг шил архи хуваахад тэр залуу надаас “чи ямар ажил хийдэг юм бэ” гэхээр нь би “барилгын дотоод засал чимэглэлийн ажил хийдэг” гэж хэлэхэд “чиний ажлыг очиж үзье” гээд гуйгаад байхаар нь би эхлээд дургүйцсэн. Тэгээд сүүлдээ ууж байсан архиныхаа үлдэгдлийг аваад “за за миний засвар хийж байгаа байранд очиж ууя, тэгээд харвал хар” гээд дагуулаад явсан. Намайг бие засчихаад гараад иртэл балкон дээр зогсож байснаа “энд үнэ цэнэ хүрэх зүйл байна” гэж хэлэхээр нь би энд ажил хийж байгаа, болохгүй гэхэд “хаалгыг нь онгорхой орхичих, хэн ч чамайг гэдгийг мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр зурагтыг аваад ломбарданд тавьсан. Олон хүний итгэлийг алдсандаа маш их харамсаж гэртээ очихгүй бүүр цаашаа явсан нь миний буруу байсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэв.

Шүүгдэгч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Ц.Шүрэнцэцэгийн гэрээс том, жижиг хоёр ширхэг зурагт, цохилттой дрилл, плита зүсэгч зэргийг хулгайлан авч гарсан. Тухайн өдөр хамт байсан хүнтэй би 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нарантуул захын арын барилга баригдаж байсан хашаанд тамхи асууж танилцсан. 30 гаран насны цэнхэр жинсэн цамц, цэнхэр жинсэн өмд, хар саравчтай малгай, хар ботинк өмссөн байсан. Бор царайтай шигүү сахалтай, өтгөн хар хөмсөгтэй залуу байсан. Одоо тэр хүнийг харвал танина. Түүнтэй хамт байсан өвгөн нь буурал сахалтай, 50 орчим насны, саарал куртка, цагаан канттай бэлтгэлийн өмдтэй хөл муутай зүүн шанаа хэсэгтээ тод сорвитой хүн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 65-68 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Бат-Эрдэнэ гэх хүнтэй гэртээ засвар хийлгэх гэрээ байгуулсан. Бат-Эрдэнэ манай баг ажиллана гэж хэлснээ Батнасан, Даваасүрэн нарын гурван хүнийг манай гэрт засвар хийлгэсэн. Засвар эхлэхийн өмнө гэртээ байгаа эд зүйлсийг танилцуулж Бат-Эрдэнэ болон дээрх гурван хүнд хүлээлгэн өгч алга болгочихвоо гэж анхааруулаад гэрийнхээ нэг ширхэг түлхүүрийг хүлээлгэн өгөөд явсан. Гэтэл тэр шөнө Даваасүрэн гэх залуу над руу залгаад танай эд зүйлс чинь бүрэн байна уу, би шалгачихмаар байна, Батнасан ахын эхнэр нь залгаад байна, Батнасан ах нэг зурагт ломбарданд тавих гээд яваад байна гэж хэлсэн. Би өөрөө очиж үзэхэд 2010 оны 1.450.000 төгрөгөөр авч байсан Панасоник брэндийн 42 инчийн зурагт мөн 2014 оны 700.000 төгрөгөөр авч байсан Панасоник брэндийн 32 инчийн ЛСД зурагтууд алдагдсан байсан. Өөр эд зүйлс алдагдаагүй. Алдагдсан зурагтууд хэвийн ажиллагаатай байсан тул авсан үнээр нь үнэлүүлмээр байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-10, 12-13, 17-19 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Шүрэнцэцэг гэх эмэгтэйн Баянзүрх дүүргийн 13 хороонд байрлах Сүнжин Гранд зочид буудлын хажуугийн 127-2-30 тоот дотор засварын ажил гүйцэтгэхээр гэрээ хийж өөрийн ажилчидаа оруулсан ба засварын ажлаа 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байхад миний хөлслөн ажиллуулж байсан Н.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус айлд байсан 2 ширхэг зурагт, 1 ширхэг плита зүсэгч багаж, миний шинээр авсан цохилттой дрилл  зэргийг хулгайлан авч зугтааснаас болж 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр засварын ажлаа дуусгахад байрны эзэн Шүрэнцэцэг танай ажилчид хулгай хийж манайд хохирол хүлээлгэсэн учир хохирлоо чамаар төлүүлнэ гээд ажлын хөлснөөс 1 сая төгрөг суутгаж авснаар би Батнасаны бусдад учруулсан хохирлыг барагдуулах болсон. Тиймд би 1 сая төгрөгийн хохиролтой байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 11, 14-16 дугаар хуудас/,

Гэрч Г.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Сүнжин Гранд зочид буудлын арын байрны хамгийн хойд талын орцны 29 тоот айлд засвар хийж байгаа юм. Гэтэл Батнасан ах ажлаа хийж байгаад өдрийн 12 цагийн орчим эмчтэйгээ уулзчихаад ирье гэж явчихаад, ярихад ах нь архи уучихсан байна өнөөдөр харьж амар гэхээр нь Тэмүүжингийн хамт орхиж явсан. Би Батнасан ахаас түлхүүр нь хаана байгаа юм бэ гэж асуухад хаалгыг нь гаднаас нь хаагаад явчих гэсэн. 23 цаг өнгөрч байхад Батнасан ахын эхнэр Нарангарав над руу залгаж Батнасан ах чинь зурагт ломбарданд тавина гээд явж байна гэсэн. Ингээд би засвар хийж байгаа айлдаа ирэхэд анх засвар хийж байхад хүлээлгэж өгөөд болкон дээрээ хураасан нэг ширхэг жижиг зурагт бас арай том зурагт нийт хоёр ширхэг ЛСД зурагт байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Т.Нарангаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 21 цаг өнгөрч байхад над руу үл таних хүн залгаж ломбарднаас ярьж байна, танай нөхөр хоёр зурагт барьж явж байна, танай зурагт мөн үү гэж ярьсан. Би Батнасанг айлаас юм авсан байна гэж бодоод хамт ажил хийж байсан дүү Чулуунхүү рүү залгаж танай ажил хийж байсан айлд зурагт байсан уу гэж лавлаж асуусан...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Н.Төрболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би тооцоогоо бодоод байж байх үед хар өнгийн хувцастай, 30 гарсан намхан жижиг биетэй залуу том, жижиг хоёр Панасоник маркийн зурагт авчирсан. Манайд орж ирэхдээ ганцаараа орж ирээд зурагт авах уу гэж асуусан. Би үзэж байж болно гэхэд нэг нэгээр нь гаднаас зөөж оруулж ирээд надад үзүүлсэн. Би үзэж хараад авахгүй гэдгээ хэлэхэд дахин нэг нэгээр нь зөөж авч гарсан. Тухайн хүн бичиг баримтгүй байхаар нь авахгүй гэтэл намайг эхнэр гэх нэг эмэгтэйтэй яриулахад битгий ав гэсэн. Би хулгайн зурагт гэж бодоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 73-74 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Тав Тух нэртэй миний ажиллуулдаг буудалд 35 орчим насны эрэгтэй хүн ирж өрөө авч үйлчлүүлсэн. Тэр хүн манай буудлын 7 тоот өрөөнд нэг хоноод маргааш нь 1 тоот өрөөнд байсан 2 залуу, 2 эмэгтэйтэй цугтаа гарч яваад 2-3 хоногийн дараа дахин ирж нэг хоночихоод гарсан. Духан дээрээ оёоны сорвитой, цайвар царай том нүдтэй, намхан нуруутай жижиг халимаг үстэй, хар өнгийн хавар намрын гадуур хувцас өмссөн, гартаа улаан өнгийн дөрвөлжин хуванцар цүнх, хар өнгийн үүргэвч үүрсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 75-76 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 78-79 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 127 дугаар байрны 2 орцны 30 тоотод оршин суух хохирогч Ц.Шүрэнцэцэгийн гэрээс хохирогч Ц.Шүрэнцэцэгийн Панасоник маркийн 42 инчийн, 32 инчийн 2 ширхэг зурагт, хохирогч Б.Бат-Эрдэнийн цахилгаан дрилл, плита зүсэгч зэргийг хулгайлж бусдад 718.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Н.Батнасан нь гэмт хэргийг үйлдэхдээ өөр хэн нэгэнтэй хамт хулгай хийсэн талаар мэдүүлж байгаа боловч гэрч нарын мэдүүлэгээр энэ байдал нь тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч  Н.Б гийн цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуульд зааснаар Н.Б гаас 532.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэлээ.

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ны үнэлгээний тайлангаар 42 инчийн зурагтыг 340.000 төгрөгөөр, 32 инчийн зурагтыг 192.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд Кен маркын цохилттой дрилл болон плита зүсэгчийг хохирогч нь буцаан авсан байна. Хохирогч Б.Б нь хохирогч Б.Ш алдагдсан зурагтын хохиролд засварын ажлын хөлснөөс төлсөн байх тул зурагтын үнийг гаргуулж хохирогч Б.Б олгохоор шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.