| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2002 00537 0003 |
| Дугаар | 2023/ДШМ/1105 |
| Огноо | 2023-11-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2023/ДШМ/1105
Д.О, Т.У, Х.Ж, Ж.Б
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ууганбаяр,
шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа,
шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Д дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/957 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.О, Т.У, Х.Ж, Ж.Б нарт холбогдох 2002 00537 0003 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д.О ....тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;
2. Т.У ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;
3. Х.Ж .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;
4. Ж.Б .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Д.О нь Нийслэлийн Д дүүргийн ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр тус сургуульд багшаар ажилд орсон М.С-ийг шинээр ажилд орсон багш нар хувиараа сургуульд самбар авдаг гэж хуурч 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн танил Д.Э-ийн арилжааны Хаан банкны 0000000000 тоот дансаар дамжуулан 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр бэлнээр 500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,
мөн нийтийн албан тушаалтан буюу ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сард Т.У-ыг ажилд авсны хариуд 800.000 төгрөг, Ж.Б-ыг ажилд авсны хариуд 2020 оны 10 дугаар сард “Б” гэх брэндийн гарын бугуйвч, Х.Ж-ыг ажилд авсны хариуд 2020 оны 12 дугаар сард бэлнээр 400.000 төгрөгийн хахууль тус тус авсан,
шүүгдэгч Т.У нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Д дүүргийн ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн захирал Д.Оад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний албан өрөөнд бэлнээр 500.000 төгрөг, мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг буюу нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн,
шүүгдэгч Х.Ж нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Д дүүргийн ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирал Д.О-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр түүний албан өрөөнд бэлнээр 400.000 төгрөгийн хахууль өгсөн,
шүүгдэгч Ж.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Д дүүргийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн захирал Д.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сард түүний албан өрөөнд 295,200 төгрөгийн үнэ бүхий Б брэндийн гарын бугуйвч буюу эд зүйлийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нарын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Д дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Д.О-г албан тушаалын байдлаа ашиглаж залилах, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,200,000 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгож,
шүүгдэгч Т.У-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг анхааруулж,
шүүгдэгч Х.Ж-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг анхааруулж,
шүүгдэгч Ж.Б-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг анхааруулж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б брэндийн нэг ширхэг бугуйвчийг улсын орлого болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, М.Сээс гаргаж өгсөн тэмдэглэлийн нэг ширхэг дэвтрийг устгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ш.Базаррагчаа гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.О нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруутай эсэх талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн, хохирлыг төлж барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг заасан торгох ялыг доод хэмжээгээр ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/957 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч С.Мөнхтулга гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “Д.О нь багш нарыг хясан боогдуулсан учраас ялаас чөлөөлөх үндэслэлтэй” гэж маргадаг боловч Д.Оын хувьд багш нарыг хясан боогдуулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй, ...авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулж эхэлсний дараа ирж мэдүүлцгээсэн бөгөөд энэ байдал нь тэдний хувьд тухайн холбогдсон гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.” гэж дүгнэн Т.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрэгт шүүгдэгч Д.О нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хясан боогдуулж, багш ажилчдаас мөнгө нэхэж авдаг байсан талаар шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нар мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлэг үнэн зөв болох нь хохирогч М.С, гэрч Ц.Б, К.Б, Ц.М, С.Онарын өгч буй мэдүүлгээр болоод Боловсролын яамнаас гаргасан дүгнэлтээр хангалттай тогтоогддог. Өмнө болсон анхан шатны шүүх хуралданаар уг нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч буюу хясан боогдуулсан нөхцөл байдал Д.Оын зүгээс гаргасны улмаас аргагүй байдалд орж шүүгдэгч Т.У нар нь хахууль өгсөн гэж дүгнэн төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлсөн атлаа 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолд уг нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий эргэлзээг бий болгож байна.
Түүнчлэн шүүгдэгч Т.У нь авлигатай тэмцэх газарт хандахад хэргийг шалгаж буй мөрдөгч нь гомдлыг хүлээн авахгүйгээр урьд нэр бүхий хүмүүсийн өгсөн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан хэрэгт ямар хэргээр ирж мэдүүлэг өгч буй талаар шууд асууж тодруулан гэрчийн мэдүүлэг авсан нь тэмдэглэлээс харагддаг. Өөрөөр хэлбэл Д.Оад холбогдох нэг утга агуулга бүхий гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж буй гэдэг агуулгын хүрээнд мэдүүлэг авсан байдаг ба тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж эхлээгүй үе байсан байдаг. Иймд Т.Уд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/957 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Т.Уд холбогдох хэсэгт өөрчлөлтийг оруулж, Т.Уын авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Т.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би боловсролын салбарт 29 жил ажиллаад тус сургуульд ирсэн. Тухайн үед 15 ажилтан шинээр ажилд орсон. Бид анх 3 сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээ сунгуулах гэхээр биднийг ямар нэгэн байдлаар дарамтад оруулж мөнгө нэхдэг байсан. Тухайн үед Д.О “менежер болсон хүн 2.000.000 төгрөг өгдөг” гэж хэлээд надаас нэхэх үед би мөнгө өгөөгүй. Тэгсэн сүүлд нь багш нарын баярыг танайх зохион байгуулах гэж байгаа. Чи ядаж өөрөөсөө 500.000 төгрөг гарга гэж хэлсэн. Би сургуулийн нярав дээр очоод уг мөнгийг өгөх гэхэд Д.О багш өөрөө мөнгийг авна гэсэн гэж хэлсэн. Тухайн үед би 500.000 төгрөгийг багш нарын баярт зарцуулах гэж өгсөн бөгөөд энэ талаар Д.О багш мэдүүлсэн нь хэрэгт авагдсан. Дараа нь 2020 оны 12 дугаар сард бид нарын ажиллах гэрээ дуусаж байхад мөн адил сунгаагүй. Тэгээд Д.О захирал ковидын үед дуудаад “чи мөнгө өгч чадахгүй юм бол ядаж “Amway”-н бүтээгдэхүүнээс ав” гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө “Amway”-д бүртгэлтэй байсан учраас “би бүтээгдэхүүн авч чадахгүй. Гэхдээ надад захиалга өгсөн хүмүүсээсээ би танд өгье” гэж хэлсэн. Д.О гэдэг хүн намайг 2 удаа хясан боогдуулж мөнгө авсан. Биднийг хясан боогдуулж байсан талаар манай сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга н.Батбаатар гэдэг хүн анх шүүх хуралдаанд оролцохдоо хангалттай гэрчилж мэдүүлэг өгсөн. Мөн шинээр ирсэн 15 хүн энэ хүний дарамтад ороод бүгд ажлаасаа халагдсан бөгөөд намайг ч бас дарамталж ажлаас халсныг Иргэний шүүхээс хүчингүй болгож, ажилд минь буцаан томилсон. Иймд миний үйлдлийн хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.У-ын өмгөөлөгчөөс хэлж буй “хясан боогдуулсан” гэсэн үйл баримт нь тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, Т.У хахууль өгөх, хууль бус шаардлагаас татгалзах эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй. Мөн шүүгдэгч Т.Уаас “мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг илчилж гэрчээр мэдүүлэг өгсөн учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэж байгаа боловч энэ байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Мөн өмгөөлөгч Ш.Базаррагчаагаас “шүүгдэгч Д.Оад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэж байна. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал хэлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Оад ял оногдуулах санал гаргасныг анхан шатны шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.О, Т.У, Х.Ж, Ж.Б нарт холбогдох 2002 00537 0003 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.О, Т.У, Х.Ж, Ж.Б нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
1. Шүүгдэгч Д.О нь Нийслэлийн Д дүүргийн ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр тус сургуульд химийн багшаар ажилд орсон М.С-ийг шинээр ажилд орсон багш нар хувиараа сургуульд самбар авдаг гэж хуурч 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн танил Д.Э-ийн арилжааны Хаан банкны 0000000000 тоот дансаар дамжуулан 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр бэлнээр 500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь:
М.Сийн гэрчээр мэдүүлсэн: “...Намайг химийн багшаар ажилд орох үед тус сургуулийн сургалтын менежер Д.О нь “шинэ орж ирсэн багш болгон бүтээлийн сантай байдаг юм гэж хэлээд нэг гар утасны дугаар өгсөн ба тэр утсаар яриад хэдэн төгрөг, ямар дансанд явуулах талаар асуугаарай гэсэн. Би тэр өгсөн дугаар руу нь залгахад эрэгтэй хүн байсан ба надад Хаан банкны дансны дугаар өгөөд 1 сая төгрөг байдаг, мөнгийг нь хувааж өгч болох эсэх талаар асуухад болно гэхээр нь өөрийн нөхөр Б-ын данснаас 500,000 төгрөгийг тэр данс руу нь шилжүүлж, дараа нь үлдсэн 500,000 төгрөгийг Д.Оад өөрийнх нь өрөөнд бэлнээр өгсөн. Сургалтын менежер Д.Оын хувьд багш ажилчдад ажлын байрны дарамт байнга үзүүлж загнаж дарамталдаг. Надад ч мөн адил тийм дарамт үзүүлж мөнгө нэхээд байсан учраас аргагүй эрхэнд 1 сая төгрөгийг өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн юм. Би тухайн үед ажилгүй болчихвол хэцүүдэх байх гэж бодоод Оын хэлсэн мөнгийг өгсөн...” /2-р хх-ийн 115-116/,
гэрч Ц.Бын: “...М.С багш тухайн мөнгийг нь 2 хувааж өгсөн ба эхний 500.000 төгрөгийг дансаар, үлдсэн 500.000 төгрөгийг бэлнээр Д.Оад өгсөн талаар мөн бичгээр өргөдөл гаргаж миний гаргасан өргөдөл гомдолд хавсаргасан...” /2-р хх-ийн 113-114/,
гэрч К.Бын: “...Хаан банкны 0000000000 тоот данс миний эзэмшлийн харилцах данс мөн байна. 2018 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс эхнэр С нь Нийслэлийн Д дүүргийн ... дүгээр сургуульд хими биологийн багшаар ажилд орсон юм. Гэтэл тус сургуулийн сургалтын менежер нь шинээр ажилд орсон багш нар хувиасаа сургуульд самбар авдаг юм гэсэн гээд мөнгө нэхсэн байсан. Манай эхнэр тухайн үед шинээр ажилд орсон цалин мөнгөгүй байсан болохоор надаас мөнгө асуухаар нь би өөрт байсан 500.000 төгрөгийг эхнэрийн өгсөн данс руу нь шилжүүлж өгсөн юм. Би бодохдоо ... дүгээр сургууль нь шинээр ажилд орсон багшаас хувиас нь зохих хэмжээний эд материал авхуулж байгаа юм байна гэж бодоод өөрт байсан мөнгөө өгсөн. ...” /2-р хх-ийн 131/,
гэрч Д.Эгийн: “...Д.О руу утсаар яриад надад өгөх ёстой 50,000 төгрөгөө одоо өгөх боломж байна уу гэж асуухад Д.О нь “одоо би хуралтай утсаар ярих боломжгүй байна. Би чам руу нэг хүн яриулчихъя тэр хүн чам руу мөнгө шилжүүлнэ, чи тэр мөнгөнөөс нь өөрийнхөө надаас авах ёстой 50.000 төгрөгийг аваад үлдсэн мөнгийг нь над руу миний данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд удалгүй эрэгтэй эмэгтэйг нь одоо сайн санахгүй байна ямар ч байсан нэг хүн миний гар утас руу яриад “Д.О намайг яриуллаа мөнгө явуулах гэсэн юм” гээд миний дансыг асууж аваад 0000000000 тоот Хаан банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөнөөс нь би Д.Оаас өөрийн авах ёстой байсан 50,000 төгрөгийг дансандаа үлдээгээд бусад 450,000 төгрөгийг Д.Оын 0000000000 тоот Хаан банкны данс руу мобайл банк ашиглан шилжүүлж өгсөн...” /2-р хх-ийн 129-130/,
Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Д.Э надаас авах ёстой байсан 50,000 төгрөгөө аваад үлдсэн 450,000 төгрөгийг миний 0000000000 тоот Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. Би багшаар ажиллаж байсан М.С багшийг .... дүгээр сургуульд багшаар анх ажилд ороход нь захирлын зөвлөлийн хурал дээр дэмжсэн санал өгч байсан болохоор багш нарын амралт зугаалгын үйл ажиллагаанд зарцуулахаар 500,000 төгрөг авсан юм. ...наурызын баяр болсон гээд М.С багш манай өрөөнд орж ирээд казах мөнгөний түрийвч, түлхүүрийн оосор өгч байсан санагдаж байна. Тухайн үед би тэр эд зүйлсийг нь бас хүнд дамжуулаад бэлэглэчихсэн...” /2-р хх-ийн 128/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Д.О нь ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сард Т.Уыг тус сургуулийн сургалтын менежерээр ажилд авсны хариуд 800.000 төгрөг, Ж.Б-ыг сэтгэл зүйчээр ажилд ажилд авсны хариуд 2020 оны 10 дугаар сард “Б” гэх брэндийн гарын бугуйвч, Х.Ж-ыг бага ангийн багшаар ажилд авсны хариуд 2020 оны 12 дугаар сард бэлнээр 400.000 төгрөгийн хахууль тус тус авсан,
шүүгдэгч Т.У нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн ажиллаж буй сургуулийн захирал Д.Оад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний албан өрөөнд бэлнээр 500.000 төгрөг, мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг буюу нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн,
шүүгдэгч Х.Ж нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн ажиллаж буй сургуулийн захирал Д.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр түүний албан өрөөнд бэлнээр 400.000 төгрөгийн хахууль өгсөн,
шүүгдэгч Ж.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн ажиллаж буй сургуулийн захирал Д.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сард түүний албан өрөөнд 295,200 төгрөгийн үнэ бүхий Ббрэндийн гарын бугуйвч буюу эд зүйлийг хахуульд өгсөн болох нь:
Д.Оын хахууль авсан үйлдлийг гэрчилсэн Т.Уын гэрчээр мэдүүлсэн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд ажилд орсон юм. Гэтэл манай сургуулийн захирал Д.О нь надаас “чамайг би ажилд авсан учраас надад 2 сая төгрөг өг” гэж шаардаж удаа дараа мөнгө нэхсэн. Миний хувьд тухайн нэхсэн мөнгийг нь шууд өгөх боломжгүй байсан учраас өгч чадаагүй. Тэгтэл Д.О захирал 2020 оны 9 дүгээр сарын сүүл цалин буусан өдөр манай өрөөнд орж ирээд “чиний цалин чинь буусан уу” гэж асуугаад тусгай сургуулийн нэмэгдлийн 20%, мөн дотоод хяналтын ажилтны ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 40% нэмэгдэж орсон юм чинь цалин чинь сайн орсон байгаа биз дээ” гэж хэлээд манай өрөөнөөс гарч явсан. ...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тухайн цалингийн данснаасаа 1,200,000 төгрөг АТМ-с аваад 500,000 төгрөгийг бэлнээр Д.О захирлын албан өрөөнд нь оруулж өгсөн. ...би өөрөөсөө 300,000 төгрөг гаргаад О захиралд өрөөнд нь оруулж өгсөн, ...нийт 800,000 төгрөгийг захирал Оад ажилд орсныхоо хариу болгож өгсөн....Би сургуулийн захирал Д.Оыг мөнгө нэхэхээр нь өгөхгүй бол ажлаасаа халагдчих болов уу гэж айгаад мөнгө өгдөг байсан юм. ...” /2-р хх-ийн 132-134/, Ж.Б-ын гэрчээр мэдүүлсэн: “...Д.О захирал нь надад хандаж “шинээр ажилд орсон хүмүүс надад бонус өгдөг юм...” гэж хэлсэн. Тухайн үед би тэр бонус гэдгийг нь сайн ойлгоогүй. ...Захирал Д.О нь надаас ямар нэг шалтаг хайгаад үг яриа, үзүүлж байгаа үйлдлээрээ дарамт шахалт үзүүлж байгаа мэт санагдаад байсан. Тэгэхлээр нь би намайг ажилд ороход яриад байсан бонус гэдэг юмыг нь өгөөгүй болохоор ингээд байна гэж бодсон. ...Тэгээд арга буюу захирал Д.Оын гаргаад байгаа үйлдлээс болж нөхрийнхөө БНХАУ-ын Шанхай хот руу яваад ирэхдээ надад бэлэг болгон авч ирж өгсөн “Б” брэндийн гарын бугуйвчийг 2020 оны 10 дугаар сарын эхний долоо хоногт багш нарын баярын өдрийг тохиолдуулан ажлынх нь өрөөнд оруулж өгсөн. ...” /2-р хх-ийн 135-139/, Х.Жы гэрчээр мэдүүлсэн: “...Би сургууль дээр очиж захирал Д.Отай уулзахад таны хөдөлмөрийн гэрээг яах вэ 1 жилээр сунгая, та баярлалаа гээд надтай нэг удаа уулзчихгүй юм аа гэж хэлсэн. Тэгээд би хөдөлмөрийн гэрээгээ сунгах үед гэрээн дээр ямар нэг он, сар тавихгүйгээр надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед би та яагаад он, сар, өдрийг нь бичихгүй байгаа талаар асуухад би тушаал гаргахдаа өөрөө тавина гэж хэлж байсан. Ер нь захирал Д.О нь надтай их ёс зүйгүй, хэцүү харилцаж байсан. Тэгээд би сургуулийн сургалтын менежер Т.Утай уулзаад анх ажилд ороход 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг юм уу гэж асуухад Т.У нь “үгүй ээ хэдэн хүний гэрээг 3 сараар хийсэн байна лээ, Д.О захирал нь хахууль авч байж хөдөлмөрийн гэрээг сунгадаг юм шиг байна, хахууль өгөхгүй хүмүүсийн гэрээг сунгахгүй дарамт шахалт үзүүлдэг юм байна лээ гэж надад хэлсэн. Тэгээд би арга буюу 2020 оны 12 дугаар сарын цалин буусны дараа 400,000 төгрөг бичгийн цаасанд боогоод захирал Д.Оын албан өрөөнд оруулж өгсөн. Гэтэл захирал Д.О нь сайхан ааш зантай болоод инээж хөхрөөд байсан ба тэр асуудлаас хойш дахиж ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлэхээ больсон. ...” /1-р хх-ийн 144-148/,
гэрч Ц.Мы: “...Нийслэлийн ерөнхий боловсролын .... дүгээр сургуульд сэтгэл зүйч Ж.Б бол миний эхнэр байгаа юм. БНХАУ-ын Шанхай хотоос өөрийн эхнэр Ж.Б-д бэлэг болгон ямар брэндийнх гэдгийг нь сайн мэдэхгүй шаргал өнгийн металл гоёлын гарын бугуйвчийг авч байсан. Манай эхнэр Ж.Б миний бэлгэлсэн гарын бугуйвчийг хүнд өгсөн талаар хэлж байсан. ...сургуулийн удирдлага нь ажилд шинээр орсон хүмүүсээс бонус нэрээр мөнгө эд зүйл авдаг байж болзошгүй талаар яриандаа дурдаж байсан санагдаж байна...” /2-р хх-ийн 221-222/,
гэрч Е.Н-ийн: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр багш нарын баярын үйл ажиллагаа эхлэхийн өмнө манай сургуулийн сургалтын менежер Т.У нь намайг дуудаад “надад бэлэн мөнгө хэрэг болоод байна, чамаас бэлэн 200,000 төгрөг аваад данс руу чинь бэлэн бусаар шилжүүлчихье” гэж хэлсэн. Тэгээд би У багшид 200,000 төгрөг бэлнээр өгөөд өөрийн Хаан банкны 0000000000 тоот данс руугаа 200,000 төгрөг шилжүүлж авсан....” /2-р хх 225-226/,
гэрч С.О-ын: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сургуулийн сургалтын менежер Т.У надруу утсаар яриад “багш нарын баяртаа орж амжих уу, амжихгүй бол багш нарын баярын үйл ажиллагааны зарцуулах мөнгө хандивлах боломжтой байна уу, сургуулийн захирал Д.Отай уулзаж баярын арга хэмжээний төсөв зардлын мөнгийг шинээр ажилд орсон багш нараасаа аваад зохицуулаач гэнээ, чиний хувьд хэдэн төгрөг өгч чадах вэ” гэсэн. Тэгэхлээр нь би эмнэлэгт хагалгаанд орсон мөнгө төгрөгийн боломж муу байгаа учраас 200,000 төгрөг хандивлах боломжтой байгаа талаараа хэлсэн. Тэгээд Уын Хас банкны данс руу өөрийн Хас банкны цалингийн данснаасаа интернэт банк ашиглаж 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 200,000 төгрөг интернэт банкаар У багшийн данс руу шилжүүлсэн гэдгээ утсаар ярьж хэлсэн. Тэр үед У багш “мөнгө чинь миний данс руу шилжиж орсон, би бэлэн мөнгө болгоод захиралд өгчихлөө гэж хэлж байсан. Тэгэхлээр нь би Т.Уд хандаж “та нар мөнгөө багш нарын баяртаа зарцуулаагүй юм уу” гэж асуухад “мэдэхгүй ээ захирал О авсан, яг юунд зарцуулсныг мэдэхгүй” гэж байсан. ...” /2-р хх-ийн 227-231/ гэх мэдүүлгүүд,
Д.Оын 0000000000 тоот дансны хуулга 2-р хх-ийн 32-58/,
М.Сээс гаргаж өгсөн К.Бын эзэмшлийн Хаан банкны 0000000000 тоот дансны 2018 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 241-248/,
М.Сээс гаргаж өгсөн тэмдэглэл бүхий дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл: “...дэвтрийн 11 дүгээр нүүрний зүүн дээд булангийн хэсэгт XII/7-д О-д 500,0 өгөв гэсэн бичиглэл байх тул тухайн дэвтрийн нүүр /хавтас/ болон 11-р хуудасны арын нүүрний хэсгийг хуулбарлан авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргав...” /2-р хх-ийн 108-111/,
Д.Э-ийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 тоот дансны 2018 оны 9 сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 249-250/,
Д.Оыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс Нийслэлийн ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлаар ажилд томилогдсон тушаал, албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 197-240/,
Д.Оад Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлийг танилцуулах үед хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох Бгэх брэндийн гарын бугуйвчийг хавтаст хэрэгт тусгуулахаар өөрөө сайн дураараа гаргаж өгснийг хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 212/,
Т.Уын Хаан банкны 0000000000 тоот дансны 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, Хас банкны 00000000000 тоот дансны 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 234-238/,
С.Одмандахын гаргаж өгсөн түүний эзэмшлийн Хас банкны 0000000000 тоот дансны 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 249-250/, 0000000000 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 01/,
Х.Жы Хаан банкны 00000000000 тоот дансны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга/2-р хх-ийн 243-244/, 00000000000 тоот дансны хуулга /2-р хх-ийн 245/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №В22-08 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “Б брэндийн бугуйвч зах зээлийн үнэ 295,200 төгрөг..” /3-р хх-ийн 2-16/,
Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн багш ажилчдаас мөнгө, эд зүйл авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин миний хувьд багш ажилчдад дарамт шахалт үзүүлж мөнгө, эд зүйл өгөхийг шаардсан асуудал байхгүй. ...” /2-р хх-ийн 201-207/,
Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын сүүлээр сургуулийн захирал Д.О намайг “...багш нарын баярт зарцуулах 500,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж баярын үйл ажиллагааг зохицуул...” гэсэн болохоор би өөрийнхөө цалингаас 500,000 төгрөгийг бэлнээр захиралд албан өрөөнд оруулж өгсөн. Би Д.О захиралд өгсөн 500,000 төгрөгийг багш нарын баярын үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж ойлгосон боловч Д.О нь тэр мөнгийг өөртөө авсан гэдгийг сургуулийн нярваас сүүлд олж мэдсэн. Анх ажилд орохдоо захирал Д.О-д мөнгө, эд зүйл өгөхөөр тохиролцсон асуудал байхгүй. Харин намайг ажилд орсноос хойш Д.О захирал намайг үг яриа, зан харилцаагаараа ямар нэг байдлаар өө хайгаад дарамтлаад байдаг байсан. Мөн надад яриан дундаа “сургалтын менежерээр ажилд ороход 2 сая төгрөг байдаг ш дээ гэх зэргээр мөнгө нэхээд байгаа байдал үзүүлдэг байсан. Миний хувьд ажлын байрны дарамт шахалтын улмаас аргагүй байдалд орсны улмаас Д.О-д мөнгө өгсөн...” /3-р хх-ийн 40-43/,
Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Сургуулийн захирал Д.О ямар нэг шалтгаангүйгээр өөрийн нарийн бичгээр дамжуулж “надтай нэг уулзаарай” гэж хэд хэдэн удаа дуудуулсан. ...Би урьд өмнө Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 8 сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлж байсан...” /3-р хх-ийн 65-72/,
Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... ... дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Оын надад болон бусад багш, ажилчдад үзүүлж байсан дарамт шахалтын улмаас өөрт байсан “Б” гарын бугуйвчийг өгсөн. Би урьд өмнө Авлигатай тэмцэх газрын 2021 оны 8 сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлын талаар үнэн зөв тодорхой мэдүүлсэн байгаа учраас одоо дахиж өмнөх мэдүүлгээ давтах шаардлага байхгүй...” /3-р хх-ийн 48-56/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Оын Нийслэлийн Д дүүргийн ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа “...шинээр ажилд орсон багш нар хувиараа сургуульд самбар авдаг...” гэж М.С-ийг хуурч 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дансаар 500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр бэлнээр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “...Хуурч …бусдыг төөрөгдөлд оруулж, ...өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж...” гэсэн шинжийг,
Д.Оын нийтийн албан тушаалтан буюу ерөнхий боловсролын ..... дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сард Т.Уыг тус сургуулийн сургалтын менежерээр ажилд авсны хариуд түүнээс 800,000 төгрөг, Ж.Б-ыг сэтгэл зүйчээр ажилд авсны хариуд түүнээс 2020 оны 10 дугаар сард “Б” гэх брэндийн гарын бугуйвч, Х.Ж-ыг бага ангийн багшаар ажилд авсны хариуд түүнээс 2020 оны 12 дугаар сард бэлнээр 400,000 төгрөгийг тус тус авсан үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, ...хахууль өгөхийг шаардсан, авсан...” гэсэн шинжийг,
шүүгдэгч Т.Уын өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн сургалтын менежирээр ажиллаж буй Д дүүргийн ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн захирал Д.Оад захирал гэсэн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800,000 төгрөгийг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн...” гэсэн шинжийг,
шүүгдэгч Х.Ж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн бага ангийн багшаар ажиллаж буй Д дүүргийн ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн захирал Д.О-ад захирал гэсэн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400,000 төгрөгийг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн...” гэсэн шинжийг
шүүгдэгч Ж.Б-ын өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн сэтгэл зүйчээр ажиллаж буй Д дүүргийн ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн захирал Д.Оад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Б” брэндийн бугуйвч өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн...” гэсэн шинжийг тус тус агуулсан байна.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Х.Жд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ж.Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдний үйлдсэн авлигын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нийгмийн ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, тус гэмт хэргээс учирсан хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.
Сонгон оногдуулсан торгох ял, торгох ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэжрт тохирсон байна. ...” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохрлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан “...Д.О нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруутай эсэх талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн, хохирлыг төлж барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан “Т.Уд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний өөрийн хахууль өгсөн үйлдлээ сайн дураараа мэдүүлж гэрчээр мэдүүлэг өгсөн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул Т.Уыг ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Түүнчлэн, шүүгдэгч Т.У нь өөрийн ажиллаж буй сургуулийн захирал Д.Оад хахууль өгөх үедээ сургалтын менежирээр ажиллаж байсан байх ба түүнийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж 2 удаагийн үйлдлээр нийт 800,000 төгрөгийг өгсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/957 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ