Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар   128/ШШ2025/0207

 

 

 

     2025         03             24                                         128/ШШ2025/0207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “А э o” /РД:/ гадаадын хөрөнгө оруулалттай ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С

            Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.О нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн МV- дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан 528 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах

            Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 528 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр А э о ХХК-ийн эзэмшдэг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цэнхэрмандал 1 нэртэй талбайд 406.06 га талбайд 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр анх олгосон МV- дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

            2. А э о ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/27 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлт гаргахад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/5396 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариу хүргүүлсэн.

            3. А э о ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад тусгай зөвшөөрлийг сэргээж, хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргахад 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5478 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариу хүргүүлсэн.

            4. А э о ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн МV- дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан 528 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2025/1266 дугаар шүүгчийн захирамжаар 128/2025/0168/з индекстэй захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн МV дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан 528 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагаа өөрчилсөн зүйлгүй, тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.1. Манай компани нь 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум, Цэнхэрмандал -1 нэртэй газарт 426.31 гектар талбай бүхий уурхайн талбайд 2041 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуусах хүртэл хугацаагаар MV- дугаартай Ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ба өмнө жилүүдэд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь хариуцлагатайгаар  төлсөөр ирсэн. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирал Ж.Б солигдож одоогийн захирал Z X нь БНХАУ-ын Бээжин хот руу буцсан. Тухайн цаг хугацаанд Ж.Б захирал гэнэтийн байдлаар нас барж, манай тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дууссан байсныг захирал мэдээгүйгээс төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй сүүлд мэдсэн даруйдаа төлбөрийг алдангийн хамт төлж барагдуулсан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 528 дугаар шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Иймд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй хугацаа хэтрүүлсэн байх тул  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 528 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  манай MV- дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэжээ.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр өгсөн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Цэнхэрмандал-1 нэртэй газарт орших 426.31 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 960 тоот  шийдвэрээр А э о ХХК-д MV- дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2041 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон. Улмаар Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 175 тоот шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийн дагуу “А э о” ХХК-ийн эзэмшилд байгаа MV- тоот малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн 20.25 га талбайг хэсэгчлэн буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 406.60 га талбайг MV- тоот тусгай зөвшөөрлийн хавсралтад дурдсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг”, 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж хуульд заасан хугацаанд “А э о” ХХК нь 2024 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 528 дугаар шийдвэрээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV- дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах мэдэгдлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10/4577 дугаар албан бичгээр болон  дугаартай утсаар тус компанид урьдчилан мэдэгдсэн, мөн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/4941 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн зэргээр захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-д “үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах” чиг үүрэгтэй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө ээлжит 14 дахь жилийн төлбөрөө төлөөгүй, 34.6-д “хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилийн төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги ногдуулна” 34.7-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл буюу алдангийн хамт төлөх боломжит хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлөөгүй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалахын тулд мөн хуулийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан ба А******* э******* о ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн ээлжит 14 дахь жилийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээс чөлөөлөх хугацаа хойшлуулах үндэслэл болохгүй. Учир нь дээр дурдсан хуулийн заалтаар тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг хадгалахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийн банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байлаа ч хуульд заасан хугацаандаа төлж, баримтаа ирүүлэх бүрэн боломжтой байсан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд цуцална” гэж заасны дагуу хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 528 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч А э о ХХК нь  2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 960 тоот шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын MV- дугаар тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20.-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг”, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар 14 дэх жилийн тусгай зөвшөөрлийг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлөх ёстой байсныг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийн хамт нийт 9,639,550 төгрөгийг төлжээ.

4. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс А э о ХХК-г MV- дугаар тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөрт багтаан төлөөгүй учраас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасныг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 528 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс цуглуулсан нотлох баримтууд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны гишүүнчлэлийн мэдээлэлд авагдсанаар А э о ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Z X нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн, Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2-3в/1011 дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор Z X нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр орох, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарах чиглэлд бүртгэгдсэн, Хятадын цагаачлалын удирдлагын газрын хилээр орж гарсан бүртгэлийн лавлагаанд 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хятад улсын хилээр гарсан, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хилээр орсон гэснээс тус тус дүгнэвэл компанийн гүйцэтгэх захирал Z X нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан, гарсны дараа гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн, эдгээр үйл баримттай талууд маргаагүй.

6. А э о ХХК-ийн гүйцэтгэх захирал Z X-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгэх тухай” 01/08 дугаар тушаалаар Ж.Б нь компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой болон бусад бүх ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гүйцэтгэхийг хариуцуулж гүйцэтгэх захирлын эрх, үүргийг түр орлон гүйцэтгэх бүрэн эрхийг олгосон гэх баримтыг ирүүлсэн бөгөөд энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 9/3584 дугаар албан бичгээр ирүүлсэн нас барсны бүртгэлийн лавлагаагаар Ж. Б нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсныг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн байна.

7. Нэхэмжлэгч А э н о ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн  2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 12 сар буюу 365 хоногийн аль ч хугацаанд төлөх, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд ч алдангийн хамт төлөх боломжтой байсан учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

8. Өөрөөр хэлбэл А э о ХХК-ийн гүйцэтгэх захирал 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хятад улс руу явсан, орлон гүйцэтгэгч нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсан хугацааг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх байсан хугацаатай давхацсан гэж үзэх боломжгүй, энэхүү шүүхийн шийдвэрийн 7-д дурдсанаар бүтэн жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх боломжгүй.

9. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна” гэж зааснаар  А э о ХХК нь дээрх хугацаанд нь 3-5 ажи*******тай үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын тайлангуудаар тогтоогдох бөгөөд зөвхөн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвчтэй байсан нь хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй, хуулийн дээрх заалтууд ч энэ агуулгаар тайлбарлагдан хэрэглэгдэхээр байна.

10. Иймд гүйцэтгэх захирал Z X нь өвчний улмаас Хятад улсад эмчилгээ хийлгэж байсан гэх нөхцөлийг Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж, 6.1.41.a-д “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэж зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна. Учир нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Бээжин хотын Чао Ян дүүргийн Жинсун 2-р хорооны эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн оношилгооны бичгээр цусны эргэлтийг идэвхжүүлж, хавдрыг буулгах, хөдөлгөөн хориглож сайтар хэвтэж амрах гэж зөвлөснийг, Хятадын уламжлалт анагаахын шинжлэх ухааны академийн Ванжин эмнэлгийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн оношилгооны тодорхойлолт, хөдөлгөөнгүй хоёр долоо хоног хэвтэж амрах гэж зөвлөснийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж үзэхгүй.

11. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг А э о ХХК-д  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10/4577 дугаар албан бичгээр  дугаарын утсаар тус компанид урьдчилан мэдэгдсэн, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/4941 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдсэн байна.

12. Үүнийг нэхэмжлэгч талаас “...2 дугаар эзэмшигч нь манай компанийн ажи******* биш, манай компанид ажилладаггүй, албан бичгийг хүлээн аваагүй тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүлээн аваагүй учир захиргааны байгууллагаас мэдэгдсэн гэж үзэх үзэхгүй, цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авсан бол тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх байсан захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй...”  гэж тус тус тайлбарлан маргадаг.

13. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10/1209 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь хариуцагчид “Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 10-25 тоот, утас , захирал Z X” гэж 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгүүлжээ. Үүнээс хойш компанийн хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд тухайн мэдээллийг хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж зааснаар захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

14. Монгол шуудан ХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/117 дугаар тодорхойлолтоор Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А******* э******* о ХХК-д, 10-25, 4-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот утас хаягаар илгээсэн RD185800276MN бүртгэлийн дугаартай илгээмжийг хаягийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардуулсан, Монгол шуудан ХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны 18/118 дугаар тодорхойлолтоор Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А э орд ХХК-д, -р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот утас  хаягаар илгээсэн RD185170204MN бүртгэлийн дугаартай илгээмжийг “Заасан хаяг дээр ийм хүн байхгүй” шалтгааны улмаас буцаан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11:13 цагт ажи*******д гардуулсан байна.

15. А э о ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болон 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхдөө  гэх утасны дугаарыг бичсэн, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх бүрт компанийн албан ёсны бүртгэлтэй биш, тухайн үед банкаар үйлчлүүлж байгаа иргэний дугаарыг бичдэг нь нийтэд ойлгомжтой, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” үүргээ биелүүлж, хаяг, холбоо барих дугаараа бүртгүүлээгүй байхад 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдэл нь хаягтаа байхгүй шалтгаанаар буцаагдсан тул хариуцагчийг хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...цуцлах болон цуцалсан мэдэгдлүүдийг хоёр өөр хаягаар хүргүүлснийг цуцлах тухай мэдэгдлийг хуулийн этгээдийн бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн, цуцалсан тухай мэдэгдлийг компаниас манайд ирүүлсэн албан бичиг дээрх хаяг, эсхүл хэн нэгэнтэй ажи*******тай нь холбогдсоноор хэлсэн хаягаар нь хүргүүлдэг. Хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа нь дуусаж, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэж байгаа хуульд тодорхой заасан зохицуулалттай учир мэдэгдсэнээр төлбөр төлөх үүрэг үүсэхгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай нэхэмжлэгчээс бүртгүүлсэн хаяг руу хүргүүлсэн, үүнийг гардан авсан болох нь шуудангийн бүртгэлээр тогтоогдсон, А******* э******* о ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдээд маргаан бүхий шийдвэр гарснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Ашигт малтмал газрын тосны газарт тус тус гомдол гаргасан байна.

17. Дээрх мэдэгдлийг нэгэнт компанийн мэдэгдэл хүлээн авах албан ёсны хаягаар хүргүүлснийг уг хаягт байсан хүн хүлээн авсан байхад мэдэгдлийг хүлээн авсан хүний утасны дугаарыг шүүлгэж гэрчээр асуулгах нь хэрэгт ач холбогдолгүй гэж шүүх үзсэн болно.

18. Хавтаст хэрэгт цугларсан зөрүүтэй нотлох баримтын тухайд:

- нэхэмжлэлд хавсаргасан Үндэсний Цагаачлалын удирдах алба улсын хилээр орж гарах бүртгэлийн асуулгын үр дүн гэх баримтын 3 дугаар мөрөнд Z X хилээр орсон 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, Хятад хэл дээрх хувийн 3 дугаар мөрөнд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэх зөрүүтэй байдлыг шүүхээс Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооны гишүүн орчуулагчаар орчуулга хийлгүүлж Монгол хэл рүү хөрвүүлэгдсэн хувийн 3 дугаар мөрөнд хилээр орсон огноо 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэжээ.

- нэхэмжлэлд хавсаргасан компанийн гүйцэтгэх захирлын ажлыг орлон гүйцэтгэж байсан Ж.Б нас барсны гэрчилгээний хуулбарт нас барсан 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, нас барсныг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн, хариуцагч талаас ирүүлсэн нас барсны гэрчилгээний хуулбарт нас барсан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, нас барсныг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн гэх зөрүүтэй байдлыг шүүхээс тодруулахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 9/3584 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсныг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн гэжээ.

- тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг гардуулсан тухай баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй тул шүүхээс Монгол шуудан ХК-аас шаардсанаар Монгол шуудан ХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18/118 дугаар тодорхойлолтоор “заасан хаяг дээр ийм хүн байхгүй” шалтгааны улмаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буцаасан байх хэдий ч зөвхөн маргаан бүхий актыг гардуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

19. Шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2019/0167, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/0067 дугаар тогтоолуудыг харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

20. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс өөр үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”А э о” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн MV- дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан 528 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А э о ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ОДМАА