Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01337

 

     Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 183/ШШ2016/00277 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 1587 дугаар магадлалтай,

“Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Болормаа, Д.Төмөрбаатар нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123.597.135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номингийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус банк нь Б.Болормаа, Д.Төмөрбаатар нарт орон сууц авахад нь зориулан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100.000.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээл олгосон. Зээлдэгч нар зээл ашиглах хугацаанд удаа дараа зөрчил гаргасан тул банкны зүгээс 7-8 удаа мэдэгдэл шаардлагыг хүргүүлж байсан ч үр дүн гараагүй тул 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээ үргэлжилж байгаа учраас зээлийн төлбөрийг төлөх шаардлагыг 2 удаа бичгээр хүргүүлж, амаар удаа дараа мэдэгдсэн. Гэтэл хариуцагч нар зээлийн төлбөрийг төлдөггүй бөгөөд шүүхэд ханд гэсэн учир 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан. Энэ үед зээлийн гэрээний үүргийн зөрчил 36 хувь байсан. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 94.697.397 төгрөг, хүү 28.584.038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315.700 төгрөг нийт 123.597.135 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Болормаа, Д.Төмөрбаатар нар нь Улаанбаатар хотын банктай 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай 19,2 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 39.600.000 төгрөгийг төлсөн болно. Нэхэмжилж байгаа 123.597.135 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй байна. Гэрээг 120 сар буюу 10 жилээр байгуулсан бөгөөд гэрээнд заасан үүргээ хариуцагч Б.Болормаа нь хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийн хямрал хариуцагчид нөлөөлж зээлийн гэрээний төлөлтөө төлж чадахгүй байдалд хүрсэн. Улаанбаатар хотын банк өмнө нь төлөлтөө хоцроож байгаагүй зэрэг байдлыг нь харгалзаж үзэлгүй гэрээг цуцлах санал гаргаж байгааг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн төлбөрийн барьцаа хөрөнгө нь зах зээлийн хамгийн хямд ханшаар тооцоход 198.000.000 төгрөг болж байгаа. Бидний зүгээс Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдсан 2 давхар барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлбэл түрээслэхэд сард 8.000.000 төгрөг олох бүрэн боломжтой тул хариуцагчид зээл, хүүгээ төлөх тодорхой хугацаа олгож өгнө үү.

Эдийн засгийн байдал сайжирсан үеэс төлбөл зохих төлбөр болох 123.597.135 төгрөг болон зээлийн эргэн төлөлтөө цаг тухайд нь төлж байхыг үүгээр мэдэгдэж байна. Өмнө нь Улаанбаатар хотын банк гэрээг цуцалсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээг цуцлаагүй гэсэн шийдвэрийг Улсын дээд шүүх гаргасан. Зээлийн төлбөрийн 36 хувийг ялимгүй зөрчил гэж үзэж байгаа. Хэрвээ шүүх гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрвөл хариуцагчийн амьдарч байгаа орон сууцыг хурааж авах бөгөөд хариуцагч нарт маш их хэмжээний хохирол учирна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.6-д зааснаар гэрээнээс татгалзахыг хэрэгсэхгүй болгож, гэрээг цуцлахгүй байж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 183/ШШ2016/00277 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123 597 135 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 775936 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нараас 775936 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 1587 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 16- ны өдрийн 1587 дугаар магадлалдаа талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээг цуцалж, хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Шүүх гэрээг цуцлах талаар дүгнэлт өгөхдөө Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэж тайлбарласан нь зохих хуулийн зүйл, заалтуудыг харгалзан үзэж хэргийн нөхцөл байдал, хуулийн зүйл заалтуудад үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр шийдвэрлэх шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн төлбөрийн барьцаа хөрөнгө нь зах зээлийн хамгийн хямд ханшаар тооцоход 198.000.000 төгрөг болж байгаа. Барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэвэл нэхэмжилж байгаа хөрөнгийн зөрүү мөн өмнө хийгдсэн төлөлтийн талаар шүүх тайлбар хийгээгүй нь давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий хуулийн зүйл заалтуудыг хэрэглэлгүй шийдвэр гаргасан нь шүүх хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нар нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 сарыг хүртэл нийт 39.600.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкид төлж энэ хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад хариуцагч гэрээг цуцлахыг эс зөвшөөрч үлдсэн гэрээний төлбөрийг хугацаа олговол бүрэн барагдуулж дуусгахаа “Улаанбаатар хотын банк”-нд мэдэгддэг байсан.

Түүнчлэн хариуцагч гэрээг цаашид үргэлжлүүлж орон сууцныхаа зээлийг хугацаандаа буюу 120 сардаа багтаан төлөх тухайгаа ч нэхэмжлэгч болон шүүхэд мэдэгдсэн байдаг. Мөн хариуцагчид нь санаатайгаар төлбөрөө хоцроож байгаа биш эдийн засгийн хямралд түр хугацаанд орсон байгаа тул ийм байдалд хүрсэн болно.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээг хэвээр үлдээх боломжгүй гэж үзэж өмнө төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүүтэй дүйцэхүйц төлөлтийг огт харгалзаж үзээгүй нэг талыг бариж байгаа нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж байна. Иймд хүү болон нэмэгдүүлсэн хүү болох 28.899.738 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч, Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.2 дах заалтыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд банкны зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нь хариуцагч Б.Болормаа, Д.Төмөрбаатар нарт холбогдуулан  үндсэн зээл 94.697.397 төгрөг, хүү 28.584.038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315.700 төгрөг нийт 123.597.135 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар гэрээ цуцалсныг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нар нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс 100.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 19.20 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. /хавтаст хэргийн 3-8 дугаар тал/.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 7.2.2-т зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг  хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагч нар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаанд төлбөрийг төлөөгүй  болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч   гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-г зөрчөөгүй байна.

Шүүх, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлт, гэрээ цуцлах үндэслэл нөхцөл зэрэг асуудлыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т нийцжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 183/ШШ2016/00277 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 1587 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номингийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 302.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ