Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 023

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, шүүгчид С.Оюунгэрэл, С.Еркеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Х.Бахытгүлийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох;

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Бахытгүл, түүний өмгөөлөгч Х.Бакен, А.Серикжан,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах, иргэдийн төлөөлөгч Д.Дария, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Х.Бахытгүл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1993 онд Иваново хотын цахилгааны сургуулийг цахилгааны техникч мэргэжлээр, 2000 онд Англи хэлний институтын англи хэлний дамжааг, 2004 онд Удирдлагын академийг төрийн захиргааны удирдлага мэргэжлээр, 2005 онд Жонон эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж, 2009 онд Хүмүүнлэгийн их сургуульд эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.Би 1993-1996 онд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад багш, 2004-2007 онд иргэдийн өргөдөл, санал, гомдол хариуцсан мэргэжилтэн, Засаг даргын Тамгын газрын даргын туслах, 2007-2008 онд гадаад харилцаа, иргэдийн өргөдөл, санал, гомдол хариуцсан мэргэжилтэн, 2008-2012 онд гадаад, харилцаа, Засаг даргын Тамгын газрын даргын туслах, 2012-2013 онд гадаад харилцаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засагдарга, шуурхай зөвлөгөөний шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, 2013 оны 7 дугаар сараас эхэлж гадаад харилцаанд Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцах ажлыг нэмсэн болохоор 2015 оны 08 дугаар сарын 17-ныг хүртэл гадаад харилцаа, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, улсад 16 дахь жилдээ ажиллаж байсан.Гэвч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн "Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 52 тоот тушаалыг гаргахдаа Монгол улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоол, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоол, 2014 оны 147 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 153 тоот тушаалыг хүчингүй болгосон бөгөөд 2015 оны эхэнд цалин мөнгө нь батлагдсан миний орон тоог хууль бусаар хасаж, Хөгжлийн бодлогын хэлтэст /зам, тээврийн асуудал хариуцсан мэргэжилтэн/ нэг, Цэргийн штабт /сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн/ нэг орон тоог тус тус шинээр нэмж баталсан нь Засгийн газрын 147 дугаар тогтоолын 3.3-т "Шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн. Мөн тогтоолын 1.3-т "Бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх, цомхтгох" гэж тодорхой заасан байхад гадаад харилцаа, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн миний орон тоог цомхтгож хууль зөрчиж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 52 тоот тушаалыг хууль бус гэж үзэж байна. Учир нь уг тушаалд Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолыг үндэслэл болгосон бөгөөд уг тогтоолд тус аймгийн Тамгын газрын бүтэц, орон тоо 41-ээс хэтрэхгүй байх ёстой гэж заасан. Гэхдээ 52 дугаар тушаалаар үүнийг зөрчиж,Тамгын газрын орон тоог хэтрүүлэн 43 орон тоо болгож баталсан байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 52 тоот тушаалыг баталж, гадаад харилцаа, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн миний ажлын байрыг цомхтгож, 2015 оны 07 дугаар сарын 06-наас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа эдэлж, ажилд орсны дараа Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 112 тоот тушаалаар намайг гэнэт үүрэгт ажлаас минь чөлөөллөө.

Ажилласан хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, аймгийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ, Казахстан улсын муж, хот, аймгуудтай харилцаа тогтоох, гадаад харилцааг өргөжүүлэх ажлыг нэр төртэй биелүүлж, аймагт хөрөнгө оруулалт хийх үйлсэд өөрийнхөө хувь нэмрийг оруулж ажилласан. 2013 оноос дээд газрын холбогдох эрх зүйн актын аймагт холбогдолтой заалтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, өнгөрсөн оноос эхэлж тайлан, мэдээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газарт онлайн "smart программаар шууд нийлүүлж, цаг хугацаанд хүргэх ажлыг хэвшил болгосон.Гэтэл миний хариуцаж байгаа гадаад харилцаа, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан орон тоо өнөөдөр Монгол улсын нийслэл, 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд байгаа, түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 113 тоот захирамжаар баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын 2013-2016 он хүртэлх үйл ажиллагааны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" 67 дугаар тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 орон тоо бүхий зохион байгуулалтын бүтэцтэй байхаар, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд гадаад харилцааны болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт 2 орон тоогоор багтаж байгаа ба Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2016 он хүртэл хүчин төгөлдөр байна.

Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих чиг үүрэгтэйг үл харгалзан уг орон тоог Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот тушаалаар цомхтгож хууль зөрчиж байна. Засаг даргын Тамгын газрын шинэ бүтэц, орон тооноос Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс тус бүрээс нэг ажилтны орон тоог хассан боловч орон тооны цомхтголд орсон Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилуулж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнийг хуучин орон тоонд хэвээр үлдээж зөвхөн намайг л ажлаас гаргасан. Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110 тоот тушаалаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн байсан чинь өнгөрсөн жил мэргэжилтэн болгож, одоо бүр ажлаас гаргасан зэрэг үйлдлүүд нь Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкей хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, давуу байдал тогтоож, төрд тангараг өргөсөн төрийн албан хаагч улс төрөөс ангид байна гэдгээ үл тоомсорлон Засаг даргын Тамгын газрын 2015 оны төсөвт багтаж байсан миний орон тоог хууль бусаар хасаж, төрийн албанд ажиллах эрхийг минь зөрчиж байна.

Гадаад харилцаа болон тогтоол шийдвэрийн биелэлтийн ажилд ажлын ачаалал бага бөгөөд өдрийн 8 цагт хариуцан ажиллах ажил байдаггүй гэсэн хариуцагчийн тайлбар арай өрөөсгөл байна. Олон жилийн турш бүхэл бүтэн хоёр хүний хийж ирсэн ажил яагаад гэв гэнэтхэн ажлын ачаалалгүй болсныг хариуцагч яаж нотолж хэлж байгааг миний бие огт ойлгохгүй байна. Надад Засгийн газрын тогтоол, шийдвэрийг нэмж өгснөөр миний ажлын ачаалал харин ч эсрэгээр нэмэгдэж ажлын 8 цаг байтугай илүү цагаар ажиллаж байсныг минь миний цагийн бүртгэлээр нотолж болно. Би ажилдаа цагаасаа хоцролгүй ирж, ажлын ачаалалтай үед гэртээ оройтож харьдаг байсан. Би хэдий ажлын ачаалалтай ажилладаг боловч дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлж ирсэн.

Засгийн газрын 55 дугаар тогтоолд Тээвэр, авто замын газрыг татан буулгасантай холбогдуулан нэг ажилтныг Тамгын газрын батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг Засаг даргад даалгасан. Цалин хөлс хүрэлцээтэй байсан энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Миний орон тоо 2015 оны төсөв мөнгөнд багтаж байсан. Миний ажиллаж байсан Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст Аж ахуйн тасагт ажиллаж байсан 2 албан хаагчийг бүтэц, орон тоонд багтааж шилжүүлсэн,мөн гэрээт ажилтнуудыг нэмж ажиллуулсан. Иймд Тамгын газрын даргын дээрх хийсэн бүх үйлдэл нь хууль бус байсан учраас 52 дугаар тушаал хууль бус гарсан гэж үзэж байна. 52 дугаар тушаалд хавсралтаар 43 орон тоо баталсан боловч миний орон тоо хассан тушаалд тодорхой үндэслэл болгосон хуулийн зүйл заалт заагдаагүй. Миний хариуцаж байсан Засгийн газрын тогтоол, шийдвэр болон гадаад харилцааны мэргэжилтний чиг үүргийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга болон Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэн хоёрт чиг үүргийг хувааж хариуцуулж байгаа боловч энэ талаар 52 дугаар тушаалд тодорхой заагаагүй. Миний ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь Тамгын газарт байгаа мөртлөө уг орон тоог хассан нь хууль бус гэж үзсэн. Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 , 2015 оны 112 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Бахытгүлийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй. 2008 оны Засгийн газрын 67 дугаар тогтоолоор Тамгын газрын орон тоог 41 байхаар баталж өгсөн боловч үүнийг 43, 44 болгож хэтрүүлэн ажиллуулж байгаа нь Х.Бахытгүлийн буруутай ажиллагаа биш юм. Энэ нь тухайн үед Тамгын газрыг удирдаж байсан эрх бүхий албан тушаалтнуудын буруутай ажиллагаа юм. Ө.Тиянах, Х.Нурханат, Х.Мантай нарын өгсөн тайлбар, мэдүүлгүүдээс харахад Х.Бахытгүлийн ажлын ачаалал бага байсан учраас түүнийг ажлаас чөлөөлсөн гэж ярьж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс баталсан ажлын байрны тодорхойлолт боловсруулах, ажлын байрны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх гэсэн журмууд байдаг. Үүнд зааснаар ямар нэгэн байгууллага бүтэц ,орон тооны шинэчлэл хийх, орон тоо батлахаас өмнө хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ёстой. Ямар орон тоо байгаа, байгууллагад ямар орон тоо шаардлагатай байгаа гэдгийг судалсны үндсэнд дүгнэлт хийж, уг дүгнэлтийг үндэслээд эхлээд ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ёстой. Дараа нь бүтэц,орон тооны асуудал шийдвэрлэгдэх ёстой. Засаг даргын Тамгын газрын 52 дугаар тушаалаар эхлээд бүтэц орон тоо баталж, дараа нь ажлын байрны тодорхойлолт боловсруулахыг даалгасан тухай зохицуулалт тушаалын 2 дахь заалтад байгаа. Нэхэмжлэгчийн ажлын ачаалал бага гэж үзэж түүний гүйцэтгэж байсан чиг үүргийг хоёр хүнд хуваасан асуудал байгаа. Эхлээд ажлын байрны тодорхойлолт хийж байж Х.Бахытгүлийг ажлаас чөлөөлөх ёстой байхад Х.Бахытгүлийг ажлаас чөлөөлсний дараа 2015 оны 08 дугаар сарын 27 ны өдөр 122 дугаар Тамгын газрын даргын тушаал гарч, Х.Бахытгүлийн ажил үүргийг хуваарилсан байдаг. Үүнээс үзэхэд хууль бус хийгдсэн ажиллагаа гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тамгын газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тушаалаар гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн гэж нэг орон тоо, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэж нэг орон тоо тус тусдаа байсан. Үүнийг ажлын ачаалал бага гэдэг үндэслэлээр 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаар тушаалаар нэгтгэж хоёрхүний ажлыг нэг болгосон байгаа. Ийм байхад буцаагаад энэ орон тоог цомхтгож байгаа нь хууль бус юм. Тамгын газрын Аж ахуйн тасгийн бүтцэд байсан 3 орон тоог Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст тус хэлтсийн даргын саналыг үндэслээд оруулсан гэж тайлбарлаж байна. Ямар нэгэн хүний хэлснээр орон тоог нэмсэн учраас Тамгын газрын орон тоо 43 болсон байна. Төсвийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоол байгаа. Үүнд ямар чиг үүргийг гүйцэтгүүлэх вэ гэдгийг тодорхой заасан. Харин дээрх 3 албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ байгуулж, Аж ахуйн тасагт багтаж ажиллаж байсан хүмүүс юм. Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст шилжүүлснээр тухайн хүмүүсийн ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт нь ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа. Төрийн үйлчилгээний ангилал,шатлалаар цалинжиж явж байгаа.Хариуцагчийн төлөөлөгчөөс 52 дугаар тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг тайлбар ярьж байна. Уг тушаалыг Х.Бахытгүлд албан ёсоор танилцуулсан, гардуулсан асуудал байхгүй. Бүртгэлийн ажилтны бүртгэлийн тэмдэглэлд Х.Бахытгүлийн гарын үсэг байхгүй байгаа. Аппаратын хуралд асуудлыг ингэж шийдвэрлэх гэж байгаа гэдэг утгаар танилцуулсан болохоос албан ёсоор эрх зүйн акт гарсныг танилцуулаагүй. Ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардаж авсны дараа эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж гомдол гаргасан. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй юм. 52 дугаар тушаалыг яагаад хууль бус гэж байгаа талаар тайлбарлах нь зүйтэй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр гэж тодорхой заасан байгаа. Засаг даргатай зөвшилцсөн гэж үзэх баримт байхгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.Бахытгүлийг ажилд эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Бахытгүлийг ажлаас чөлөөлсөн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар тушаал, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар тушаалууд анхнаасаа хууль бус гарсан. Х.Бахытгүл ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авсан гэж байгаа. Уг тушаалд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол, 2008 оны 67 дугаар тогтоол, 2014 оны 147 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 52 дугаар тушаалуудыг тус тус үндэслэл болгосон байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулийн зүйл заалтууд нь Тамгын газрын даргын бүрэн эрхтэй холбоотой заалтууд байна. Хуулийн зүйл, заалтаас үзэхэд Тамгын газрын даргад Засгийн газраас баталсан бүтэц, орон тооноос хэтрүүлж орон тоо батлах бүрэн эрх олгогдоогүй байдаг. Засгийн газрын 67 дугаар тогтоолд манай аймгийн Тамгын газрын бүтэц, орон тоо 41 хүртэл байхаар тогтоосон байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Тамгын газар нь 2009 онд 42, 2012 онд 41, 2013 онд 41 гэсэн орон тоотой байжээ 2009, 2012, 2013 онуудад шинэчлэн баталсан байна. Хариуцагч талаас ирүүлсэн тайлбарт Тамгын газрын бүтэц,орон тоо нь 45 байсныг бид хууль тогтоомжийг биелүүлэхийн тулд 41 болгож ажилласан гэж байна. 2015 оны бүтэц,орон тоо шинэчлэн баталсан 52 дугаар тушаалаас үзэхэд 43 орон тоо хэвээрээ байгаа ба Тамгын газрын бүтэц, орон тоо одоо хүртэл хэтрэлттэй байгаа. Засгийн газрын 55 дугаар тогтоол нь Тээврийн газрыг татан буулгасантай холбогдуулан нэг ажилтанг Тамгын газрын бүтэц, орон тоонд багтааж ажиллуулахыг үүрэг болгосон утгатай тогтоол байгаа. Зохицуулалт хийх замаар гэж даалгасан нь өмнө нь ажиллаж байсан нэг хүний орон тоог хасаж, оронд нь шинээр хүн авч ажиллуул гэсэн утгатай үг биш юм. Засгийн газрын 147 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд бүрэн үндэслэсэн байдаг. Аль нэг зүйл, заалтыг нь тодорхой заагаагүй. Уг тогтоолын 3 дахь заалтад бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлаг, газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх, цомхтгох талаар ерөнхийдөө орон тоо хасах тухай заалт байгаа. Уг тогтоолд ямар нэгэн мэргэжилтний орон тоо цомхтгох, цөөлөх тухай зохицуулалт байхгүй. 52 дугаар тушаалаар батлагдсан орон тооноос үзэхэд Х.Бахытгүлийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан боловч чиг үүрэг нь хэвээрээ үлдсэн байдаг. Хариуцагч тал нэхэмжлэгчийн ажлын байрыг хассан үндэслэлийг ажлын ачаалал бага, бараг өдрийн 8 цагт хийх ажил байхгүй гэж тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгчийн ажлын байрыг хасахад хэлтсийн дарга Х.Мантайгийн санал гол үндэслэл болсон байна. Ажлын ачаалал бага гэдгийг хэрхэн, яаж тодорхойлсон нь ойлгомжгүй байгаа. Хавтаст хэрэгт хариуцагч талаас ирүүлсэн тайлбарт 10 гаруй албан бичиг боловсруулсан гэсэн байна. Үүнийг үндэслээд ажлын ачаалал бага гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Хариуцагч талаас ажлын ачаалал бага гэдгийг төрийн албан хаагчийн ажлын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ зэргийг үндэслэж тайлбарлах ёстой байсан. Төрийн жинхэнэ албан хаагч жилийн эхээр бүтэн нэг жилийн төлөвлөгөөг гаргаж менежерээр батлуулдаг, мөн жилийн эхэнд үр дүнгийн гэрээг менежертэй байгуулж, хагас жил болон бүтэн жилээр төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлдэг байгаа. 2014 оны ажил дүгнүүлсэн байдлаас нь харахад ажлын ачаалал бага, ажил үүргээ муу хийж гүйцэтгэж байсан зэрэг зүйл огт тогтоогдоогүй. 52 дугаар тушаалын хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Нэхэмжлэгч анх шүүхэд 2015 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт нь 52 дугаар тушаал хууль бус тушаал байсан гэдгийг дурдаад явсан. Өмнөх шүүх хуралдаанд ч гэсэн 52 дугаар тушаал хууль бус гарсан тушаал гэдгийг тайлбарлаж өгсөн. Шүүгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй явсанд нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй. 52 дугаар тушаал нь алдаатай гарсан тушаал байсан гэж үзэж байгаа. Хэдийгээр бүтэц, орон тоог хавсралтаар баталсан боловч гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог хассан тухай байхгүй байгаа. Мөн авто тээвэр, Цэргийн штаб, Санхүү, төрийн сангийн хэлтсийн орон тоотой холбоотой нэмэх, хасах, цөөлөх тухай нэг ч асуудал байхгүй байгаа.Орон тооны асуудлыг шийдвэрлэхгүй байж энэхүү тушаал гарсан байгаа. Эхлээд орон тооны асуудлыг шийдвэрлээд дараа нь бүтцээ батлах ёстой. Тийм учраас уг тушаал хүчингүй болох ёстой гэж үзэж байгаа. Цэргийн штаб болон Санхүү, төрийн сангийн хэлтэст бий болсон орон тоо нь өмнө нь байсан бөгөөд шүүхээс эгүүлэн томилогдож буцаан ороод ирсэн хүмүүсийн орон тоо байсан. Шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдож орж ирсэн гэдэг нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Шүүхээс эгүүлэн томилогдсон хүмүүсийг багтааж авахын тулд өмнө ажиллаж байсан ажилтанг цомхтгох асуудал байх ёсгүй юм. 3 орон тоо цомхтгосон гэж ярьж байгаа мөртлөө өнөөдрийн байдлаар зөвхөн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтанг одоо хүртэл ажлаас чөлөөлөөгүй байгаа ба Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажилтанг Хөдөлмөрийн хэлтэст шилжүүлэн ажиллуулсан байгаа. Энэ бүхнээс үзэхэд зөвхөн нэхэмжлэгч ажилгүй үлдсэн байгаа нь харагдаж байна. Хэлтсийн даргын саналыг үндэслэсэн гэж байгаа. Хэлтсийн дарга Х.Мантайг шүүхээс гэрчээр асууж мэдүүлэг авсан. Х.Мантай нь ...танаас өөр хүнийг ажлаас гаргах боломжгүй байгаа ,учир нь бусад эмэгтэй хүмүүс жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй байгаа. Зөвхөн та ажлаас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж хэлсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хувийн байдалд хэт халдсан, хувийн асуудлыг нь хөндсөн, жендерээр нь ялгаварлан гадуурхсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэдэг нь харагдаж байгаа юм. Үнэхээр өдрийн 8 цагт хийх ажилгүй байсан бол үүнийг хариуцагч тал үр дүнгийн гэрээ болон бусад нотлох баримтуудаар нотлох ёстой байсан. Тушаал гаргахдаа орон тооны асуудлыг шийдвэрлэж зохицуулалт хийх ёстой байсан.Эдгээр асуудлыг шийдвэрлэхгүйгээр 52 дугаар, 112 дугаар тушаалыг гаргасан нь Тамгын газрын дарга хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна гэдгийг хэлмээр байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус аймгийн Засаг даргын Тамгын газар 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан юм. Шинэчлэн батлах эрх хэмжээг нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т ...Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө... заасан. Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т ...батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох заасан. Төсвийн шууд захирагч гэдгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гэж ойлгох ёстой. Үүний дагуу Тамгын газрын дарга бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Бүтэц, орон тоог шинэчлэн батлах дараах шалтгаанууд байсан.

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаар нь 41 байхаар тусгасан юм. Гэтэл тус аймгийн Засаг даргын Тамгын газар 2011 оноос хойш орон тооны хэтрэлттэй ажиллаж ирсэн бөгөөд тооны хязгаарт багтах ёстой төрийн албан хаагчдын тоо 45 болж нэмэгдсэн. Хэтрэлттэй ажиллаж байгаа учраас цалингийн сан хүрэлцэхгүй асуудал үүсэх нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор 41 орон тоонд багтаах үүднээс аймгийн Тамгын газрын бүтэц,орон тоог 2013 онд шинэчлэн баталсан. 2013 онд 153 дугаар тушаалаар бүтэц, орон тоог батлан мөрдүүлсэн боловч цомхтголд орсон нэг ажилтан /Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн/ шүүхийн журмаар жирэмсэн эхийн баталгааг эдлэн буцаан томилогдсон.2015 онд бүтэц,орон тоог шинэчлэн батлахад хэтрэлттэй байдал нөлөөлсөн. Урьд нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь дарга, мэргэжилтэн гэсэн хоёр орон тоотой ажилладаг байсан. Цэргийн штабт Батлан хамгаалах яам нэг мэргэжилтэн нэмж томилсон. Нэгэнт томилсон учраас Тамгын газраас уг ажилтанг цалинжуулахаас өөр арга байхгүй. Ингээд орон тоо нэмэгдээд байсан. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг "Авто тээврийн төв-д нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны нэг ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газарт багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгасан шийдвэр гарсан.

Иймд Засгийн газрын тогтоолоор баталсан орон тооны хязгаарыг зөрчин удаан хугацаагаар ажиллах боломжгүй тул бүтэц, орон тоог дахин шинэчлэн гаргах зайлшгүй шаардлага бий болсон. Үүнтэй холбоотойгоор Засаг даргын Тамгын газрын даргын зөвлөл хуралдаж ямар албан тушаалыг цомхтголд оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Орон тоог цомхтгохдоо аль болох ажлын ачаалал бага ажлын байруудын чиг үүргийг бусдад хавсруулан гүйцэтгүүлж, шилжүүлье гэсэн бодлоготойгоор хэд хэдэн орон тоог хасаж, шинээр бүтэц, орон тоог мөрдүүлэн ажиллаж байна. Тус бүтэц, орон тоогоор Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нэг орон тоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн нэг орон тоог хасаж чиг үүргийг нь бусад ажилтан, албан хаагч нарт хуваарилсан.Мөн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн гадаад харилцаа, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний орон тоог цомхтголд оруулахаар шийдвэрлэсэн. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний ажлыг тус хэлтсийн дарга болон Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэнд тус тус шилжүүлсэн болно. Гадаад харилцаа болон тогтоол, шийдвэрийн биелэлтийн ажилд ажлын ачаалал бага бөгөөд өдрийн 8 цагт хариуцан ажиллах ажил байдаггүй юм. Тодруулбал, гадаад харилцаатай холбоотой ажил нь байнгын бус бөгөөд тогтмол хариуцах ажил байдаггүй. Иймд хэлтсийн дарга нь хариуцан ажиллах боломжтой гэж үзсэн. Өнгөрсөн онд Х.Бахытгүлийн хариуцаж буй ажил нь бага байсан тул тогтоол шийдвэрийн асуудлыг хариуцуулан ажиллуулсан юм. Тогтоол, шийдвэрийн биелэлтийг хагас, бүтэн жилээр холбогдох хэлтэс, агентлагуудаас авч нэгтгэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт жилд хоёр удаа хүргүүлдэг юм. Иймд энэ утгаараа эдгээр ажлуудыг бусад мэргэжилтэн нарт хариуцуулан хийлгэж болохоор байсан тул бүтэц, орон тоогоор хасагдсан болно.

Нэхэмжлэгч сая орон тоо хассан мөртлөө Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст Аж ахуйн тасгийн хоёр ажилтанг шилжүүлсэн гэсэн тайлбар хэллээ. Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу Тамгын газрын сүлжээ хариуцсан ажилтан болон бичиг хэрэг хариуцсан ажилтанг тухайн үед гэрээгээр ажиллуулсан байдаг. Тамгын газрын бичиг хэрэг, сүлжээг хариуцсан ажилтан нууцтай холбоотой асуудлыг хариуцан ажилладаг учраас уг чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх нь буруу гэж үзсэн. Тамгын газар нь хүний нөөцтэй холбоотой цогц арга хэмжээ авахгүй юм бол замбараагүй байдал үүссэн байсан. Үүний дагуу гэрээт ажилтнаар ажиллаж байсан 2 ажилтанг бүтэц,орон тоонд багтаан Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст шилжүүлсэн. Тухайн 2 ажилтны ажлын байр урьд нь байсан орон тоо. Бүтэц,орон тооны хувьд урьд нь Аж ахуйн тасагт байсан орон тоог Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор цалинд нь өөрчлөлт ороогүй.

Энэ хэрэг урьд нь анхан шатны журмаар шийдвэрлэгдэж давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан байгаа. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд 52 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 52 дугаар тушаал 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Үүний дагуу бичиг хэргийн ажилтан нэхэмжлэгч Х.Бахытгүлд 05 дугаар сарын 01-ний өдөр уг тушаалыг танилцуулсан байгаа. Х.Бахытгүл уг тушаалтай танилцсан боловч танилцуулсан баримтад гарын үсэг зурахаас татгалзсан байгаа. Үүнийг нотлох гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Аливаа иргэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөнөөс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргах ёстой. Гэхдээ Х.Бахытгүл 52 дугаар тушаалын тухай ямар нэгэн гомдол гаргаагүй. Х.Бахытгүлийн хувьд 2015 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авсны дараа гомдол гаргасан. Тийм учраас 52 дугаар тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа энэ асуудлыг шүүх анхаарч үзэх ёстой гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Дария шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Захиргааны байгууллага ажилтанг хууль бус ажлаас чөлөөлсөн байна. Тийм учраас Х.Бахытгүлийг ажилд томилох ёстой гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Х.Бахытгүл нь тус шүүхэд 2015 оны 09 дүгээр сарын 21ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст харъяалагдах гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтий орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг Засаг даргын Тамгын газрын даргад даалгах,мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 29ний өдөр тус шүүхэд Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарирүүлсэн, гэтэл хариуцагч тал Х.Бахытгүл нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар тушаалын талаар нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх,түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Х.Бахытгүл анх өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн акт болох гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлсөн 112 дугаар тушаалын талаар маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг 112 дугаар тушаалыг гаргах үндэслэл болсон дээрх орон тоог хассан 52 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй болно.Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1,79.7д тус тус зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхэд 2015 оны 09 дүгээр сарын 21ний өдөр тогтоосон журмын дагуу нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, улмаар хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 52, 112 тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 5 хэлтэс, 1 тасаг, Цэргийн штаб гэсэн бүтэцтэй байхаар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл орон тоотой байхаар тогтоожээ.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо,цалингийн санг тогтоож,ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй бөгөөд дээрх тогтоол гарснаас хойш тус аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 2009 онд 42,2012 онд 41, 2013 онд 41, 2015 онд 43 байхаар шинэчлэн баталсан байх ба харин энэ хугацаанд бүтцийн хувьд өөрчлөлт ороогүй байна.

Үүнээс гадна төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх харилцааг зохицуулсан Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн тасагт 2009 онд 21, 2012 онд 25, 2013 онд 24, 2015 онд 20 орон тоонд гэрээт ажилтан ажиллуулахаар тус тус шийдвэрлэж байжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 52 дугаар тушаалаар шинэчлэн тогтоосон бүтэц,орон тоогоор Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний орон тоог хасаж, Засаг даргын зөвлөх бөгөөд Засаг даргын Тамгын газрын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн орон тоог Аж ахуйн тасагт, Аж ахуйн тасгаас мэдээлэл технологи хариуцсан ажилтан болон бичээчийн 2 орон тоог тус хэлтэст шилжүүлсэн, Нийгмийн хөгжлийн хэлтсээс мэргэжилтний 1 орон тоог хассан, харин Санхүү,төрийн сангийн хэлтсээс мэргэжилтний 1 орон тоог хассан гэх боловч 2009 оноос хойш тус хэлтэс нь 8 орон тоотой ажиллаж ирсэн, шинэ бүтцээр мөн 8 орон тоотой байхаар тогтоосон,гэхдээ одоогоор 9 ажилтан ажилладаг болох нь тогтоогдож байна.

Дээр дурдсанаар 2015 оны 52 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа өмнөх бүтцэд байсан гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний орон тоог хасаж, улмаар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар тушаалаар уг орон тоонд ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Бахытгүлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Эдгээр шийдвэрийн үндэслэлийн талаар хариуцагчаас тус Тамгын газрын орон тоо нь 2011 оноос хэтрэлттэй байгаа, зарим албан хаагчид шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон,мөн Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор шинэ орон тоо бий болгосноор орон тоо нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болсон, иймээс Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаах шаардлагын улмаас Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, 3 орон тоог хассан бөгөөд маргаан бүхий орон тооны хувьд ажлын ачаалал бага тул хасагдсан гэж тайлбарлажээ.

Уг тушаалуудад Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаас гадна Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67, 2014 оны 147, 2015 оны 55 дугаар тогтоолуудыг тус тус баримталсан байна.

Маргаан бүхий захиргааны актууд болох аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 52, 112 дугаар тушаалуудыг дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус акт байна гэж үзлээ.

1.Хариуцагч тал Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаах шаардлагын улмаас аймгийн Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, 3 орон тоог хассан гэх боловч Засгийн газраас тус аймгийн Тамгын газрыг 41 хүртэл орон тоотой байхаар баталсан байхад 43 орон тоотойгоор шинэчлэн тогтоосон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 52 дугаар тушаал нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг болон Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолыг зөрчсөн, зорилгодоо нийцээгүй акт байна.

Тус Тамгын газрын орон тоо нь 2011 оноос хэтрэлттэй байгаа, шүүхийн шийдвэрээр ажилтан эгүүлэн томилогдсноор орон тооны хэтрэлт бий болсон гэх үндэслэлийн хувьд албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн ажилтныг эгүүлэн тогтоосныг Тамгын газрын бүтэц, орон тоонд шүүхийн шийдвэрээр орон тоо нэмэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаараас хэтрүүлж ажилтан авч ажиллуулсан захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас орон тооны хэтрэлт бий болсон байх тул энэ нь 2009 оноос хойш аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд /41/ багтаж байсан маргаан бүхий орон тоог хасах, уг орон тоонд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

2.Монгол улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын 9 дэх заалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг Авто тээврийн үндэсний төвд нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны 1 ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсөвт нь багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын дээрх 2015 оны 52 дугаар тушаалаар Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний 1 орон тоог нэмсэн байна.

Гэтэл Засгийн газрын дээрх тогтоол нь Тамгын газрын бүтцэд байгаа орон тоог хассанаар авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох биш, харин энэхүү асуудлыг хариуцсан орон тооны нэг ажилтныг Тамгын газрын батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг даалгасан агуулгатай гэж үзэхээр байгаа, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөв 2015 онд өмнөх оноос нэмэгдсэн, цалингийн зардал хүрэлцээтэй байсан,түүнчлэн тухайн орон тоонд одоог хүртэл хүн томилж ажиллуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Иймд авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан мэргэжилтнийг Тамгын газрын төсөвт багтаанзохицуулалт хийж ажиллуулах боломжтой байсан, мөн энэ орон тоонд томилгоо хийхгүй сул байлгаж байгаа зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор шинэ орон тоо бий болгосноор орон тооны хэтрэлт бий болж,цалингийн зардал хүрэлцэхгүй болсон, үүний улмаас маргаан бүхий орон тоог хассан гэх хариуцагчийн тайлбар нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

3. Мөн Тамгын газрын даргын 2015 оны 52 дугаар тушаалд Монгол улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг баримталсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар шүүх хуралдааны үед ...уг тогтоолын ажлын байрны ачааллыг нягтруулж, орон тоог бууруулах талаарх заалтыг үндэслэсэн гэж тодруулж тайлбарласан.

Засгийн 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын 3 дугаар зүйлийн 3-т ... шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх,ажлын байрны ачааллыг нягтруулж,орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх гэж заасан байна. Гэхдээ энэ тогтоолын 3 дугаар зүйл нь Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдолтой,өөрөөр хэлбэл тухайн төсвийн жил буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс 2014 оны 12 дугаар сарын 31-нийг дуусгавар болох хүртэлх хугацаанд үйлчлэх хуулийг хэрэгжүүлэхэд хамааралтай байна. Иймээс 2014 оны 147 дугаар тогтоолын дээрх заалтыг үндэслэл болгож 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа маргаан бүхий орон тоог хассан нь хууль бус байна.

4. 2015 оны 52 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтсээс тус бүр 1 , нийт 3 мэргэжилтний орон тоог хассан,нэхэмжлэгч Х.Бахытгүлийн ажиллаж байсан Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний орон тооны хувьд ажлын ачаалал бага гэдэг үндэслэлээр хассан гэж хариуцагч тал тайлбарласан.

Маргаан бүхий орон тоог хасахдаа зөвхөн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зөвлөлийн хуралд гаргасан уг ажлын байрны ачаалал бага гэсэн саналыг үндэслэсэн, хариуцагчаас маргаан бүхий ажлын байранд хяналт шинжилгээ,судалгаа, үнэлгээ хийгээгүй болох нь зөвлөлийн хурлын тэмдэглэл ,гэрч Х.Мантай, Х.Нурханат, А.Болатхан нарын мэдүүлэг , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч талаас маргаан бүхий ажлын байрны ачаалал бага болох нь нэхэмжлэгч Х.Бахытгүлийн 2015 оны 01-08 дугаар сарын хугацаанд гадаад харилцааны ажилтай холбогдуулан явуулсан бичгийн судалгаагаар тогтоогдож байна гэж судалгааг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн боловч уг судалгаа нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс хойш хийгдсэн болох нь гэрч С.Еркежаны мэдүүлгээр нотлогдсон болно.

Маргаан бүхий орон тоо болох аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн гадаад харилцаа, тогтоол,шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тусгаснаар 15 төрлийн гол үйл ажиллагаа, 4 төрлийн бусад үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байх ба зөвхөн явуулсан бичгийн судалгаагаар уг мэргэжилтний ажлын ачааллыг үнэлэх нь учир дутагдалтай гэж үзлээ.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Ажлын байрны тодорхойлолт боловсруулах заавар-ын Гурав.Ажлын байрны тодорхойлолтыг хэрэглэх чиглэл-ийн 5-д зааснаар ажлын байрны тодорхойлолт нь түүнд шинжилгээ, үнэлгээ хийхэд нэн чухал анхдагч материал болдог бөгөөд энэ утгаараа тухайн байгууллага, нэгжийн бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг боловсронгуй болгох,цалин хөлсийг шударгаар тогтоох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Иймээс маргаан бүхий ажлын байрны ачаалал бага гэдэг нь тодорхой судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээнд тулгуурлаагүй,бодитой нотлох баримтад үндэслээгүй бөгөөд ажлын байрны ачаалал бага болохыг орон тоо хасаж, ажлаас чөлөөлөхөөс өмнө тогтоогоогүй мөртлөө зөвхөн хэлтсийн даргын саналаар тухайн ажлын байрны ачаалал бага гэж үзэж орон тоог хассан нь үндэслэлгүй байна.

Үүнээс гадна 2015 онд Тамгын газрын бүтэц,орон тоог шинэчлэн батлахад Санхүү, төрийн сангийн хэлтсээс 1 мэргэжилтний орон тоог, нийтдээ 3 орон тоог хассан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч 2009 оноос тус хэлтэс нь 8 орон тоогоор ажиллаж ирсэн, 2015 онд мөн 8 орон тоотой байхаар тогтоосноос үзэхэд тус хэлтсээс орон тоо хассан гэж үндэслэлгүй,мөн одоогоор 9 ажилтан ажиллаж байгаа буюу батлагдаагүй орон тоонд хүн ажиллуулж байгаа зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь эрх бүхий этгээдийн хувьд тус байгууллагын орон тоог тогтоох, ажилтныг томилж,чөлөөлөх эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ...шударга ёс,тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмуудыг зөрчжээ гэж дүгнэлээ.

5. Нэхэмжлэгч Х.Бахытгүлийг гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 112 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг, мөн бүтэц, орон тоо баталж, маргаан бүхий орон тоог хассан дээрх 2015 оны 52 дугаар тушаалыг үндэслэл болгосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан,эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн тохиолдолд орон тоог хасах, цөөрүүлэх үйл ажиллагаа хэрэгжихээр зохицуулсан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан гэх тохиолдол нь тухайн ажлын байр нь чиг үүргийн хамт байхгүй болохыг ойлгоно.

Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрчлөн байгуулагдаагүй, мөн зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдөөгүй, тодруулбал 2009, 2012, 2013, 2015 онуудад бүтэц, орон тоог шинэчлэн батлахад Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор тогтоосон бүтэц болох 5 хэлтэс, 1 тасаг, Цэргийн штаб гэсэн бүтэцтэйгээр хэвээр ажиллаж байгаа, түүнчлэн маргаан бүхий гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймээс аймгийн Засаг даргын Тамгын газар нь нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх зэргээр өөрчлөн байгуулагдаагүй, мөн зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдөөгүй байхад албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн орон тоог Тамгын газрын даргын 2015 оны 52 дугаар тушаалаар хасаж, уг орон тоонд ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Бахытгүлийг ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх залтуудтай нийцээгүй, хууль бус байна гэж дүгнэлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан эрх хэмжээгээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой байтал дээрх байдлаар хууль болон төрийн албаны үндсэн зарчмуудыг зөрчиж, үндэслэлгүйгээр маргаан бүхий орон тоог хасаж, улмаар нэхэмжлэгч Х.Бахытгүлийг албан тушаалаас чөлөөлсөн нь түүний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, цалин хөлс авах эрхийг тус тус зөрчсөн байх тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 52, 112 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 52 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа нэхэмжлэгчийн маргаж буй гадаад харилцаа, тогтоол,шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний орон тоог хассан буюу шинэ бүтцэд оруулаагүй байх тул тушаалыг бүхэлд нь хүчингүй болгохгүйгээр нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх боломжгүй гэж үзээд тухайн тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий орон тоог Тамгын газрын бүтцээс хууль бусаар хасаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөнтэй холбогдуулж Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан 2015 оны 52 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон нь уг тушаалаар батлагдсан орон тоонд ажиллаж байгаа бусад иргэдийн эрхийг хөндөж байгаа шийдвэр биш бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн Тамгын газрын бүтэц, орон тоог дахин баталж шийдвэр гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Тамгын газрын гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний орон тоог хасаж, нэхэмжлэгч Х.Бахытгүлийг энэ албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан түүний ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн шаардлагыг хангаж, ажилгүй байсан 2015 оны 08 дугаар сарын 17-оос эхлэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг оруулж,нийт 11 сар 11 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 8531985 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1

дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Бахытгүлийг урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн гадаад харилцаа, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 8531985 /найман сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуун наян тав/ төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.                                                                       

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.Гүлбарша

      ШҮҮГЧИД                                      С.Оюунгэрэл,

                                                   С.Еркеш