Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00201

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00201

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын * дугаар гудамжны * тоотод оршин суух, Боржигин овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 42,378,804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлэн ирүүлсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.*******, Б.******* нар /цахимаар/,

Хариуцагч: Я.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Я.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 42,378,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. О.******* нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* банктай ЗГ3405110167 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. О.*******, Я.******* нар нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* банктай ЗГ340511** А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 6,370,000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн хугацааг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. О.*******, Я.******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* банктай ЗГ340511** Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийг хэмжээг 6,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хугацааг 2023 оны 11 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. О.******* нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Я.******* нь ЗГ340511** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж төлөөгүй 853 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 23,193,948 төгрөг, үндсэн хүүний төлбөр 19,162,707 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,149 төгрөг нийт 42,378,804 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул ******* банк нэхэмжлэл гаргаж байна. Иймд Я.*******аас ******* банктай байгуулсан ЗГ3405110167** тоот зээлийн гэрээний үүрэгт 42,378,804 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч Я.*******ай байгуулсан ЗГ340511** Б тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасны дагуу банктай байгуулсан үндсэн зээлийн үлдэгдэл болох 23,193,947.94 төгрөг үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 19,162,707.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22,148.72 төгрөг, нийт 43,378,803.74 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Банк бол зээлийн гэрээ хийхдээ 2 талаас харилцан тохиролцож гэрээ байгуулсан учраас банк ямар нэгэн байдлаар хүчээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй, Я.******* гэдэг хүн юун дээр гарын үсэг зурсан, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд учраас банк өөрөө шийдвэр гаргаад, Я.******* нь тэтгэврийн орлоготой, үүрэг хүлээх чадвартай байсан учраас хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсан. Энэ хүн тодорхой хэмжээнд орлоготой, ажил төрөл хийгээд орлого олох боломжтой байсан учраас хамтран зээлдэгчээр авахгүй гэх үндэслэл байгаагүй, банк хамтран зээлдэгчээр оруулахдаа үндсэн зээлдэгчийн садан төрлийн нэг номерын хамаарал бүхий этгээдийг хамтран зээлдэгчээр авахыг эрмэлзэж ажилладаг, Я.******* нь талийгаач овогтой *******ын төрсөн ээж нь байсан учраас манай банкны дотоод журмын дагуу хамтран зээлдэгчээр авах боломжтой этгээд гэж үнэлж, зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан байдаг гэв.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч тал сүүлийн гэрээ буюу 2018 оны 11 дүгээ сарын 23-ны өдөр хийсэн 6,200,000 төгрөгийн нэмэлт өөрчлөлтийн гэрээн дээрээ гарын үсэг зурснаараа зөвхөн 6,200,000 төгрөгт хариуцлага хүлээнэ гэсэн үг биш, зээлийн нийт үлдэгдэл 24,814,460 төгрөгт хамтран хариуцагчаар гарын үсэг зурж байгаа юм. Хариуцагч өөрөө зээлийн эргэн төлөлтийн графиктай танилцаад гарын үсэг зурсан байгаа, тэр графикт нийт зээл 24,814,460 төгрөг гэсэн байгаа, энэ зээлийн төлөлтийг хамтран хариуцах үүрэг хүлээсэн байна гэдгийг хэлмээр байна гэв.

4.Хариуцагч Я.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би энэ ******* банкны нэхэмжлэлийг хүлээн авч уншиж танилцсан, миний хүү О.******* нь Төмөр замын өртөөнд 2003 оноос хойш ажиллаж байгаад 2019 онд нас барсан. Нас барахдаа цалингаа барьцаалж 14,000,000 төгрөгийн зээл авсан байсан, тэгээд надад Ээжээ би нэмж зээл авах гэсэн юм, та хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэхээр нь би ээж нь тэтгэврийн хүн, хамтран зээлдэгчээр орж болох юм уу гэсэн чинь болно гэсэн гэхээр нь би дагаад банк очсон. Тэгээд эдийн засагчтай уулзсан чинь намайг та хүлээж байгаарай гэсэн, би өдөржин хүлээж байгаад, үдийн дараа уулзсан. Тэгээд намайг эхлээд 2 хувь гэрээн дээр гарын үсэг зуруулаад дараа нь намайг байж байгаарай гээд дахиад гэрээнд гарын үсэг зуруулсан, нийтдээ би 6 хувь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, тэгээд би эдийн засагчаас яагаад ийм олон гэрээ байгаа юм бэ, ийм олон хувь гардаг юм уу гэсэн чинь та зүгээр тайван сууж бай, гээд байсан. Би бас ажил хийж, зээл авч байсан болохоор ингэж олон хувь гардаггүй гэж мэдээд байсан юм, тэгээд би эдийн засагчид би сүүлийн 6,200,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурмаар байна гэсэн чинь та энд бас адилхан зурах ёстой гээд гарын үсэг зуруулсан, тэгээд надад 1 хувийг нь өгөх үү гэсэн чинь танд хамаагүй гээд өгөөгүй. Тэгээд эдийн засагч намайг харж байхад өөртөө нэг байсан хувийг ураад хогийн саванд хийж байсан. Би хүүхэд маань Орос явах гэж байсан болохоор туслах санаатай очсон юм, ингээд удаагүй хүү маань нас барсан, би 49 хоног нь дуусаагүй байхад банкин дээр очиход намайг зээл авсан салбартаа очиж эдийн засагчтай уулзаарай гэхээр нь би явж очоод гараар энэ зээлийг төлөх боломжгүй гэсэн өргөдөл өгсөн. Тэгээд түүнээс хойш 1 жилийн хугацаанд надтай банкнаас нэг ч хүн уулзаагүй, яриагүй, би эхний гэрээнд гарын үсэг зураагүй, сүүлд нэмж авсан 6,200,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учраас 6,200,000 төгрөгийг хүүгийн хамт төлнө гэж бодож байна, өмнөх гэрээг танд хамаагүй, та гарын үсэг зур гэж зуруулсан учраас би тэр зээлийн мэдэхгүй байна гэв.

5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ЗГ340511** дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, ЗГ340511** А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график, ЗГ340511** Б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, О.*******ын нас барсны гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар, хариуцагчаас хариу тайлбар, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Я.*******ийн тэтгэврийн зээл гэх дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг тус тус ирүүлсэн.

Шүүх хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилж дүгнэлтүүд гаргуулсан.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: Үндсэн зээлдэгч О.******* нас барсан тул хамтран зээлдэгч Я.*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 42,378,804 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон,

2.Хариуцагч Я.******* нь Зээлийн гэрээг надад хамаагүй гээд танилцуулаагүй, би өмнө нь хүүгээ хэдэн төгрөгийн зээлтэй байсныг мэдэхгүй, надаар өмнө нь авсан зээлийн гэрээг нөхөж гарын үсэг зуруулсан, би хүүгийнхээ надад хэлж нэмж авсан зээл болох 6,200,000 төгрөгийг хүүгийн хамт төлнө, бусад зээлийг мэдэхгүй учраас төлөхгүй гэж маргаж байна.

3.******* банк нь зээлдэгч О.*******тай 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ЗГ3405110167 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийн зээл олгосон ба Я.******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ340511** А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж энэ зээлийн үлдэгдэл дээр нэмж 6,370,000 төгрөгийг зээлснээр 19,277,673 төгрөг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ340511** Б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 6,200,000 төгрөгийг нэмж зээлснээр нийт 24,814,461 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ340511** Б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна.  /хх-ийн 7-14 хуудас/      

4.Зээлдэгч О.******* нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 6,973,820 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар мөн зээлдэгч О.******* нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 15, 37 хуудас/

5.Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

5.1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэг нь гэрээ байгуулагдсан хийгээд гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд л үүснэ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үздэг. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан боловч хариуцагч Я.******* хамтран зээлдэгчээр гэрээ байгуулах санаа зорилго, хүсэл зориг байсан нь хангалттай тогтоогдсонгүй.

6.Нэхэмжлэгч ******* банк ХК нь үндсэн зээлдэгч О.******* нас барсан, хамтран зээлдэгчээр Я.******* нь гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч Я.*******аас шаардаж байна.

Хариуцагч Я.******* шүүх хуралдаанд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулахдаа миний гарын үсгийг өмнөх зээлийн гэрээнд нөхөж зуруулсан, би банкин дээр нэг л удаа очсон, надад өмнөх зээлийн гэрээ хэдэн төгрөг байсан гэдгийг танилцуулаагүй, эрх үүрэг тайлбарлаагүй, танд хамаагүй гээд 6 ширхэг гэрээнд гарын үсэг зуруулж, хуучин гэрээгээ миний хажууд урж хаясан мөн хүү 2019 онд нас барсан, нас барсны дараа ******* банкинд хүүгээ нас барсан талаар мэдэгдэж, хүсэлт гаргасан ба 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, харин 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээгээр 6,200,000 төгрөгийн зээлийг, хүүгийн хамт төлнө, бусад зээл болох 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 14,000,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 6,370,000 төгрөгийн зээлийн төлбөрийг би мэдээгүй учраас төлөхгүй гэж маргаж, тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь манай банкны буруу байсан учраас зээлийн төлбөрөөс 5,752,240.87 төгрөгийн хасаж, 36,625,561,87 төгрөг болгож багасгах боломж байгаа, зээлийн гэрээг нөхөж гарын үсэг зуруулах боломжгүй, эрх үүрэг танилцуулаагүй гэж бодохгүй байна. Энэхүү үндэслэл нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хамааралгүй тул хариуцагч Я.*******аас 42,378,803 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан болно.

7.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 23 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх зээлийн хувийн хэрэгт зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа, зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл зэргийг заавал бүрдүүлэхээр хуульчилжээ.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д зааснаар зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй гэж заасан.

8.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1, 4.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК зээл олгохдоо зээлдэгч О.*******ын 3405107602 тоот харилцах дансны картын болон бусад дансны орлогыг барьцаалсан ба зээл, зээлийн хүүг зээлийн барьцаа болон бусад данснаас зээлийг үл маргах журмаар шууд суутган төлүүлэхээр тохиролцсон, харин хамтран зээлдэгч Я.*******ийн цалин бусад хөрөнгө барьцаалагдаагүй бөгөөд Я.******* нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурж байгаа тохиолдолд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж, мөн дээрх хуульд заасан шаардлагуудыг хангах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч ******* банк ХК нь хамтран зээлдэгч Я.*******аар гэрээнд гарын үсэг зуруулахдаа хувийн хэрэг хөтөлсөн эсэх, улмаар зээлдэгч Я.*******ийн орлогын талаарх мэдээлэл, баримтыг хувийн хэрэгт бүрдүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр зээл олгоход хамтран зээлдэгчийн төлбөрийн чадварын талаар ямар нэгэн шалгуур байхгүй, орлоготой байх эсэх нь хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь дээрх хуульд заасантай нийцэхгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн ******* банк ХК нь зээл олгохдоо зээлдэгч Я.*******ийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

9.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т: энэхүү гэрээний хавсралт №-1-д заасан зээл, түүний хүүг эргүүлэн төлөх хугацаа болмогц банк зээлийн барьцаа болон бусад данснаас зээлийг үл маргах журмаар шууд суутган төлүүлнэ гэж заасан бөгөөд гэрээний 4.1-т О.*******ын цалингийн орлого болон 340510** дугаартай дансны картын ба бусад дансны орлогыг барьцаанд тавьжээ. Энэхүү дансны дугаар нь О.*******ын эзэмшлийн данс байсан байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгахаар заасан.

Талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зөвхөн зээлдэгч О.*******ын цалин, дансны орлогыг барьцаалсан байгаа бөгөөд хариуцагч Я.******* энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар гэрээнд тусгаагүй байгаа нь дээрх хуульд заасныг зөрчсөн байна.

Банкны иргэнтэй байгуулсан зээлийн гэрээ нь хэрэглэгчийн гэрээ учраас зээлдэгчийн хүлээх үүрэг, гэрээний нөхцөл, эрсдэлийг тодорхой илэрхийлээгүй нөхцөлд хэрэглэгчийн ашиг сонирхлын үүднээс гэрээг тайлбарлах бөгөөд хамтран зээлдэгч ямар хариуцлага хүлээх, үүргийг хамтран хүлээх хүсэл зориг байгаа эсэх, үүнийгээ ухамсарлан ойлгосон эсэх, үр дагаврыг тайлбарлан өгсөн эсэх асуудал ач холбогдолтой байхад банк хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж, баримтаар нотолж чадаагүй байна.

Хамтран үүрэг гүйцэтгэх этгээд нь хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой, үүргийг хамтран хариуцах хүсэл зориг бүхий этгээд байдаг бөгөөд хариуцагч Я.******* зээл авах, хамтран хариуцах хүсэл зориг байсан тухай баримт хэрэгт байхгүй байна.

Хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зээлийн хэмжээг 6,370,000 төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн хэмжээг 6,200,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэрээнүүдэд гарын үсэг зурсан нь хүсэл зоригийн илэрхийлэл мөн боловч хариуцагч Я.******* нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулахдаа миний гарын үсгийг нөхөж зуруулсан, би банкин дээр нэг л удаа очсон, надад өмнөх зээлийн гэрээ хэдэн төгрөг байсан гэдгийг танилцуулаагүй, эрх үүрэг тайлбарлаагүй, танд хамаагүй гэж 6 ширхэг гэрээнд гарын үсэг зуруулж, хуучин гэрээгээ миний хажууд урж хаясан гэх үйлдэл тус гэрээнүүдэд гарын үсэг зурах хүсэл зориг байсан гэж үзэх боломжгүйг илэрхийлж байна. Хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн оролцогчийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хэлцлийн субьектив шинж болох хүсэл зориг байхгүй тохиолдолд гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй. Гэвч хариуцагч Я.******* хамтран зээлдэгчээр 6,200,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учраас хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч тайлбар гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр зээл, зээлийн хүүг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

10.Иймд хариуцагч Я.*******аас үндсэн зээлд 6,200,000 төгрөгийг, зээлийн хүүнд зээлийн хугацаа хэтэрсэн хоног буюу 2019.6.15-ны өдрөөс эхлэн зээл төлж дуусах хугацаа буюу 2023.11.15-ны өдрөөр тооцвол 6.448.000 төгрөг болж байх ба нийт 12,648,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,730,803 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагчаас 12,648,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 217,318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* банкны нэхэмжлэлтэй, Боржигин овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 42,378,804 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Я.*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,648,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,730,803 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагчаас 12,648,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 217,318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ